Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 84

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

шүүгдэгч Э.Энх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Энхсүрэнгийн Энх-Оргилд холбогдох эрүүгийн 2016 0108 0471 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын Хуй Жу хотын багшийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, ээж дүүгийн хамтаар Налайх дүүрэг 2 дугаар хороо 37 дугаар байр, 13 тоотод оршин суух, регистрийн УД97050519 дугаартай Буурал овогт Энхсүрэнгийн Энх-Оргил.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Э.Энх-Оргил нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгийн бүрд” зах дотор Б.Энхсайханыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Энх-Оргил нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгийн бүрд” зах дотор хохирогч Б.Энхсайханыг зодож түүний эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энх-Оргилын өгсөн: “Хохирогч манай ээжийг архи ууя гэж уруу татдаг. Мөн дарамталдаг байсан. Би ээж дүүгийн хамт амьдардаг. Манай гэрт ирж архи ууж намайг шаардлага тавихаар удаа дараа агсам тавьж байсан. Тухайн өдөр хохирогч ээжтэй хамт архи уухаар нь би “гэртээ харь” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл намайг хэл амаар доромжилсон. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхсайханы өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр найз Ганпүрэвтэй цуг тэдний 2 найзтай нэрийг нь мэдэхгүй байна хөгшин хүмүүс байсан, бид нар “Тайхар” баарны буланд 1 ширхэг 0,75 литрийн Сайхан нэртэй архи хувааж уучихаад би түрүүлж яваад зах руу ороод тэгээд Ганпүрэв алга болчихсон байхаар нь би Ганпүрэвийг хайгаад зах дээр мах зардаг хэсэг рүү ортол хальт танидаг залуу байхаар нь мэндлээд гарах гэтэл Улаанаа эгч мэндлээд, Улаанаа эгчтэй мэндлээд зогсож байтал хажуунаас нэг залуу миний зүүн талын хөмсөг рүү гараараа цохичихсон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэтэл тэр залуу “чи манай ээжтэй архи уусан байна” гэж уурласан. Тэгэхээр нь “би дөнгөж сая орж ирээд зогсож байна” гэтэл миний зүүн шанаа руу дахин нэг удаа цохиод зүүн шанаа руу нэг удаа мөргөсөн. Тэгээд зах дээр зогсдог нэг залуу голоор орж салгаад хамарнаас гарсан цусаа цэвэрлэчихээд би гараад явсан. Тэгээд гэртээ очоод хэд хоног гэртээ хэвтэж нөгөө залууг ирж уучлалт гуйх болов уу гэхэд гуйхгүй болохоор нь би эмнэлэгт үзүүлээд цагдаад өргөдөл өгсөн. ...Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Би хохирлын мөнгө болох 3,000,000 төгрөг авсан болно...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7-8 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч П.Болормаагийн өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би 16 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 2 дугаар хороо Баянгийн бүрд захын хүнсний зах руу ажил руугаа яваад ортол Энхсүрэн эгчийн мах зардаг лангууны урд талд Энхсайхан гэдэг жижиг шар залууг Энхсүрэнгийн хүү Энх-Оргил заамдаж аваад зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би “больцгоо” гээд өнгөрсөн ба манай ажлын Ёндон тэр 2-ыг залгаад Энх-Оргил гараад явсан ба Энхсайханыг гар гэж хөөсөн. Энхсайханы хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд захаас Энхсайхан гараад явсан өөр юу болсныг мэдэхгүй байна. Энхсайхан тухайн үед согтуу байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.Энх-Амгалангийн өгсөн “...Энх-Оргил нь миний ууган хүүхэд байгаа юм. 1997 онд Налайхад төрөхөд төрсөн. Энх-Оргил нь 2004 оны Налайхын “Голомт” цогцолбор сургуульд суралцаж байгаад 24 дүгээр сургуульд 2005 оноос суралцаж эхэлсэн. 24 дүгээр сургуульд сурч байгаад 2007 оны БНХАУ-ын Үй Цайгийн дунд сургуульд суралцаж байгаад Монголд 2010 онд ирээд 24 дүгээр сургуульд 1 жил сураад “Алтланта” хятад хэлний сургуульд 2012 онд орж 2014 онд төгссөн. 2014 оны намраас “Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”-ийн хэлний орчуулагчийн ангид орж суралцаж байгаад сая 2016 оны 10 дугаар сарын сүүлээр БНХАУ руу Ханжаугийн Олон Улсын хэлний сургуульд суралцахаар явсан. ...Энх-Оргил над руу 2016 оны 10 дугаар сарын эхээр залгаад “аав би асуудалд холбогдсон” гэж хэлсэн ба гэмт хэрэгт холбогдсон гэж огт хэлээгүй. Гэмт хэрэгт холбогдсон гэдгийг ээж нь 2016 оны 11 дүгээр сарын эхээр Энх-Оргилыг БНХАУ явсны дараа хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ёндонгийн өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ сууж байтал манай ажлын Энхсүрэн гэх эмэгтэйн лангуун дээр зүс танидаг архи уугаад яваад байдаг залуу согтуу ирсэн тэгээд Энхсүрэн эгчтэй уулзаад байж байтал Энхсүрэнгийн хүү Энх-Оргил зах дотор орж ирсэн. Тэгээд тэр залуу уурлаад “чи 2, 3 дахь удаагаа согтуу таарч байна, ээжийг дарамтлаад байгаа юм уу?” гээд маргалдаад байсан. Тэгтэл Энх-Оргил, Энхсайханыг “яв” гээд түлхэхэд Энхсайхан гарнаас нь өөр рүүгээ Энх-Оргилыг татсан. Тэгтэл Энх-Оргил тэр залуугийн нүүр рүү 2 удаа цохиод малгайныхаа саравчаар нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би “боль” гээд тэр 2-ыг салгасан ба тэр 2 хоёр тийшээ салаад явсан. Өөр ямар нэгэн асуудал гараагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №08 шэ/520 дугаар:

  1. “Энхсайханы биед эрүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 14 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 18 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 19 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 21 дүгээр тал/

Эвлэрлийн гэрээ,

/хх-ийн 89 дүгээр тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тогтоол /хх-ийн 90 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Энх-Оргилыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Энх-Оргил нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Энхсайхан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрэлийн гэрээ байгуулсан /хх-89/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Энх-Оргилыг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт Э.Энх-Оргил нь цагдан хоригдсон хугацаагүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Буурал овогт Энхсүрэнгийн Энх-Оргилыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.Энх-Оргилыг ялаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Энх-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энх-Оргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ