Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/745

 

      2021             8               12                                    2021/ДШМ/745                                 

 

     Г.Ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Золжаргал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909031490376 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

 

          Шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар сувд” нэртэй ресторан дотор харилцан маргалдсаны улмаас Г.Бы нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Довчин овгийн Ганбатын Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Аээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” заасан нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субъектив шинж бүрэн хангагдаагүй байна. Дээрх гэмт хэргийн субъектив шинж нь санаатайгаар үйлдэгддэг буюу өөрийн үйлдлийг санаатайгаар хүсч үйлдсэн байхыг ойлгоно. Гэтэл Г.А миний бие хохирогч Г.Быг санаатайгаар түлхэж гэмтээгээгүй юм. Харин тухайн газар хүнд зодуулж байсан эхнэр, дүүгээ салгаж авах үед санамсар болгоомжгүйгээр Г.Быг түлхсэн. Гэрч Н.Уын “... тэр үед манай дүү нүүрээ дараад доошоо суухад нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд намайг үсдэж доош нь унагаад цохисон бөгөөд тэр үед хамгаалагч нар болон манай нөхөр ирж салгасан” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд Г.А миний бие тухайн зодооныг салгахаар очсон бөгөөд хэн нэгэнтэй муудаж зодоон хийх санаагүй байсан нь нотлогдож байна. Хохирогч Г.Бы “... бужигнаан дунд миний цээжин хэсэг рүү түлхсэн. Яг хэн түлхсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогчийг хэн нэгэн санаатайгаар гэмтээсэн гэж тогтоогдохгүй байна. Харин миний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гэмтсэн байна. Дээрх гэрч хохирогчийг мэдүүлгүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй буюу субъектив шинжгүй санаатайгаар үйлдэгдээгүй байна. Харин болгоомжгүйгээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь ойлгомжтой байхад намайг гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие хохирогчийг санаатайгаар түлхэж гэмтээх бодолгүй эхнэр, дүүгээ хамгаалж тухайн зодооныг салгах зорилготойгоор хохирогчийн биед хүрсэн гэдгийг дахин тодруулж хэлмээр байна.

Шүүгдэгч Г.А миний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой байна. Тухайн гэмт хэрэг болсон газар миний эхнэр, дүү хоёрыг үсдэж, зодож байсан тул тухайн үйлдлийг зогсоох явцад ыий болсон гэмт хэрэг мөн тул энэхүү гэмт хэрэг нь аргагүй хамгаалалт гэж үзэж цагаатгах боломжтой юм.

Г.А миний хохирогч Г.Бы биед хохирол учруулсан үйлдэл болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн гэдгийг дээр тайлбарласан. Иймд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид зохицуулагдсан гэмт хэрэг биш байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу гэмт хэрэг биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

             Шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч Н.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдын биед санаатайгаар хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан шүүгдэгч болон түүний эхнэр Уа, дүү Биндэръя, хохирогч Б нарын мэдүүлгээс харахад тухайн гэмт хэргийг таслан зогсоосон үйлдэл нь санаатайгаар үйлдэгдээгүй. Шүүгдэгч нь тухайн үйлдлийг хүсч үйлдээгүй, хор уршгийг зориуд бий болгоогүй. Маргааныг зогсоох үүднээс түлхсэн гэдгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг хангаж байгаа учраас гэмт хэрэгт тооцох ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

             Прокурор С.Болорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь хүний халдашгүй байдал байдаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирогчийн биед хөнгөн гэмт хэрэг учруулсан учраас уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Аргагүй хамгаалалтын шинж чанар тухайн үйл явдалд байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үеэр хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн учруулсан хор уршиг, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар сувд” нэртэй ресторан дотор харилцан маргалдсаны улмаас Г.Бы нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Бы “... 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар сувд” гэх нэртэй ресторанд өөрийн эмэгтэй найз Ариунгэрэлийн хамт тоглолт үзэж байсан. Тэгээд бид хоёр хальт зүс таних Баасаа гэх найзтайгаа тааралдахад Баасаа 2 эмэгтэй үсдээд дээрээс нь дарчихсан байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэсэн чинь нэг эрэгтэй хажуугаас орж ирээд намайг боож аваад миний зүүн хацар хэсэг рүү цохисон. Тухайн үед Баасаа ногоон үстэй байсан. Тэгээд маргалдаж байхад намайг боож байсан залуутай хамт явж байсан 2 эмэгтэй бужигнаан дунд миний цээжин хэсэг рүү түлхсэн. Яг хэн түлхсэнийг нь сайн мэдэхгүй байна. ...” /хх 15-19, 101-102/,

 

гэрч Н.Уын “... дүү бид хоёр тайзны урагшаа очиж тоглолт үзэх гээд хүмүүс дундуур явж байтал нэг ногоон үстэй өндөр биетэй махлаг охин манай дүүг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд өөдөөс нь манай дүү юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхийн завдалгүй пивоны шилээр нүүр хэсэг рүү нь цохисон. Тэр үед манай дүү нүүрээ дараад доошоо суухад нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд намайг үсдэж доош нь унагаад үсдэж цохисон бөгөөд тэр үед хамгаалагч нар болон манай нөхөр ирж салгасан ...” /хх 93/,

 

шинжээч эмч Т.Сэлэнгийн “... Г.Бы биед учирсан зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. ...” /хх 29-30/,

 

            Г.Агийн яллагдагчаар өгсөн “... би ариун цэврийн өрөө орчихоод гараад тоглолт болж байсан тайзны урд хэсэгт эхнэр болон эхнэрийн дүү Биндэръяа нар дээр очиход хүмүүс бужигналдаад манай эхнэр дүү нарыг газар унагачихсан зодож байсан бөгөөд манай эхнэрийн хувцас нь урагдчихсан байсан. ... тэгэхээр нь би гүйж очоод гомдол гаргасан гэх Б гэх эмэгтэйгийн нүүр хэсэг рүү нь баруун гараараа түлхсэн чинь тухайн эмэгтэй цаашаа газар унаад өгсөн. Тэгээд хамгаалалтад ажиллаж байсан хүмүүстэй би цуг салгасан. ...” /хх 37-38/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9986 дугаартай “Г.Бы биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 24/ дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Г.Агийн хохирогч Г.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж түүний биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод мөчинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Ад холбогдох эрүүгийн 1909031490376 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан нь Г.Агийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.   

Түүнчлэн, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэсэн зохицуулалт хэрэгжиж байсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн байх бөгөөд шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Г.Бтай маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1909031490376 дугаартай тогтоолоор Г.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Агийн гаргасан “... Г.Бы эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулаагүй, зодооныг салгах явцад болгоомжгүйгээр түүнийг түлхсэн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж, 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаатай байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж , түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ. Шууд бус санааны үед гэмт этгээд гагцхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учрах нь зайлшгүйг бус өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай хор уршгийг учруулах боломжтойг урьдаас мэдсэн байх явдал юм.

 

Гэмт хэргийн сэдэлт нь тухайн этгээдийн хэрэгцээ, сонирхлоор нөхцөлдөн гэмт хэрэг үйлдэх шийдмэг байдлыг өдөөж буй, өөрөөр хэлбэл, хүнийг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийхэд, идэвхитэй үйл ажиллагаанд өдөөн түлхэгч сэтгэл зүйн хүчин зүйл юм. Болгоомжгүй гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, болгоомжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.Бы “... хажуунаас нэг эрэгтэй хүн намайг боож аваад миний зүүн хацар хэсэг рүү цохисон ...” /хх 16/ гэх, Г.Агийн яллагдагчаар өгсөн “... тухайн эмэгтэйгийн нүүр хэсэг рүү баруун гарын алга хэсгээрээ нэг удаа түлхсэн ба надад түлхүүлснээс болж газар унасан ...” /хх 37-38/ гэх мэдүүлгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, нэр бүхий гэрчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Г.А нь хохирогч Г.Бы нүүрэн тус газарт нь баруун гараараа түлхэж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч Г.Быг түлхвэл гэмтээх боломжтой, хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж байсан, уг хор уршгийг хүсээгүй хэдий ч түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байх тул шүүгдэгч Г.Агийн “... болгоомжгүйгээр Г.Бд хөнгөн гэмтэл учруулсан ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Г.Ад холбогдох хэргийг хянан үзэхэд шүүгдэгч Г.А нь хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ад шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ