| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/00014/и |
| Дугаар | 184/ШШ2023/00765 |
| Огноо | 2023-02-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2023/00765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 26 дугаар гудамж 03 тоотод оршин суух, Луугар овогт Хишигсүрэнгийн Мягмарцэцэг /РД:НЩ81022466/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Мягмарцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 421 тоот шийдвэрээр Х.Мягмарцэцэг, Э.Мангаалам нараас 57,532,881 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Э.Мангаалам, А.Лхагвацэрэн нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уулын 26 дугаар гудамж 3 тоот хаягт байршилтай 50 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийгдсэн. Мөн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. Х.Мягмарцэцэг миний зүгээс үнийн санал өгөөгүй. Гэтэл шинжээч томилж, дүгнэлт гаргуулж байгаа талаар огт мэдэгдээгүй. Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаж, үнэлгээний тайлантай танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Мөн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. Х.Мягмарцэцэг миний зүгээс үнийн санал өгөөгүй. Гэтэл шинжээч томилж, дүгнэлт гаргуулж байгаа талаар огт мэдэгдээгүй.Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаж, үнэлгээний тайлантай танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Мөн эд хөрөнгийг дуудлага худалдаанд удахгүй оруулна гэж хэлсэн. Үнэлгээг надад хуулбарлаж өгөөгүй, зөвхөн мэдэгдэлийн зургийг ав гэсэн. Шинжээчийн дүгнэлтээс харахад шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 40,097,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хуулиас гадна шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой.
Гэтэл нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн жишиг үнийн орлогыг аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байдаг. Гэтэл эд хөрөнгийг үнэлсэн гэх тайлангаас харвал хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас 57,532,881 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг өөрийн чадах чинээгээр 41,314,900 төгрөгийг төлж, 16,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэтэл хууль зөрчиж, эд хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэж үзэж байгаа бол төлбөр төлөгч нарт мэдэгдэж эд хөрөнгөө худалдан борлуулах хугацаа олгох үүрэгтэй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага уг эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг Х.Мягмарцэцэг надад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав.
Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 421 тоот захирамжаар шийдвэрлэсэн.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 26 дугаар гудамж 3 тоот хаягт байршилтай 50 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40,097,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00421 дүгээр захирамжаар Х.Мягмарцэцэг, Э.Мангаалам нараас 57,532,881 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010670, Г-2201010751 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 26 дугаар гудамж 3 тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууц 419 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Мангаалам, Х.Мягмарцэцэг нарыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг 2022 оны 22390030/01-136, 22390031/02-136 дугаар мэдэгдэлээр мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй.
Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 26 дугаар гудамж 3 тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууц, 419 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хаягаар очиж төлбөр төлөгч Х.Мангааламжын ээж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч А.Лхагвацэрэнг байлцуулан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22390030/03-136 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22390030/07-136 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хурааж, тогтоолын 1 хувийг төлбөр төлөгч Э.Мангааламд гардуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.4-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулан гэрчийн овог нэр, регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41.8-д заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан.
Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Э.Мангаалам, Х.Мягмарцэцэг, хамтран өмчлөгч А.Лхагвацэрэн нар нь 150,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Хас банк ХХК нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр төлөгчтэй харилцан тохиролцохгүй тул шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 40,097,900 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-136/20997, 4-136/20998 дугаар мэдэгдэлээр хөрөнгийн үнэлгээ болон үнэлгээний тайланг төлбөр төлөгч Х.Мягмарцэцэг, хамтран өмчлөгч А.Лхагвацэрэн нарт биечлэн мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Мөн төлбөр төлөгч Э.Мангаалам нь зарлан дуудсан өдөр ирээгүй бөгөөд 88027110 дугаарын утас руу холбогдож, тодруулж асуухад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадад том тээврийн жолооч хийхээр ирсэн. Одоо хотод очих боломжгүй байна үнэлгээний мэдэгдэл тайлантай танилцлаа гэх тайлбар өгсөн тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг утсаар мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 1 cap 10 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс Х.Мягмарцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2021/00421 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай №4-136/20997 дугаар албан бичиг, улсын бүртгэлийн Ү-2201010670 дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.
Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 184/ГХ2021/01219 дүгээр гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2021/00421 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн №4-136/15104 дүгээр албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай №22390030/01 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирүүлсэн №182 тоот албан бичиг, улсын бүртгэлийн Г-2201010751 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2201010670 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай №22390030/03-136 дугаар тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай №22390030/07-136 дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Э.Мангаалам, А.Лхагвацэрэн, Х.Мягмарцэцэг нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтүүд, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хас банк ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай №10/340 дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 35/Ш тоот тайланг хүлээлцсэн баримт, Мөнх-Оргил трейд ХХК-ийн №35/Ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай №4-136/20997 дугаар албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл зэрэг баримтыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Мягмарцэцэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Мягмарцэцэг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж үнэлгээ гаргах тухай мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00421 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Мягмарцэцэг, Э.Мангаалам нарт холбогдох иргэний хэргийг 1.хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 57,275,617 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл 6-н сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2021 оны 09 сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл 5-н сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 9,000,000 төгрөгөөр, 2022 оны 02 сарын 25-ны өдөр 9,275,617 төгрөгийг тус тус төлж, хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мангаалам, Х.Мягмарцэцэг нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 1580015840-01 тоот Барьцааны гэрээ болон 1580015840-03 тоот Фидуцийн гэрээ-ний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 26 дугаар гудамж, 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010670 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, 18637315271961 нэгж талбарын дугаартай, 419 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010751 дугаарт бүртгэлтэй газар, 34-89 УБИ улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаар: KNGGBK1V2DK000863, Kia GranBird маркийн автобус зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай. гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7-9-р хуудас/
Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2021/12026 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 184/ГХ2021/01219 дугаар гүйцэтгэх хуудасыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.
Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид буюу төлбөр төлөгч нарт мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан дээрх ажиллагааны талаар маргаагүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаст дурдагдсан төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан тогтоол, уг тогтоолын талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан дээрх эд хөрөнгө хураах болон битүүмжлэх тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүйн улмаас барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 26 дугаар гудамж, 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010670 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, 18637315271961 нэгж талбарын дугаартай, 419 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010751 дугаарт бүртгэлтэй газрыг тус тус 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22390030/03-136 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22390030/07-136 дугаартай тогтоолоор хураан авч, холбогдох мэдэгдлүүдийг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Талууд дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хөрөнгийг үнэлэх хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар маргадаггүй.
Харин нэхэмжлэгч Х.Мягмарцэцэг нь хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ажиллагааг эс зөвшөөрсөн гомдлыг гаргажээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4-136/19519 тоот мэдэгдлээр үнийн саналаа өгөхийг мэдэгдсэнийг шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдлийг төлбөр төлөгч А.Лхагвацэрэн, Э.Мангаалам, Х.Мягмарцэцэг нарын оршин суух Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян Уулын 26-р гудамж, 3 тоот хаягаар хүргүүлснийг мөн өдөр төлбөр төлөгч Э.Мангаалам гардан авсан байна. Улмаар төлбөр төлөгч А.Лхагвацэрэн, Э.Мангаалам, Х.Мягмарцэцэг нар нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн саналаа тус тус 150,000,000 төгрөг гэж ирүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 4-136/19519 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг танилцуулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч нарын өөрсдийн бичгээр гаргасан үнийн санал хүргүүлсэн хүсэлтүүдийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Х.Мягмарцэцэгийн үнийн санал авах талаар мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч Хас банк ХХК зөвшөөрөөгүй, улмаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.
Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/340 тоот тогтоолоор Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинээчээр томилогдсон Б.Эрдэнэбаатарын үнэлгээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 26 дугаар гудамж, 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010670 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, 18637315271961 нэгж талбарын дугаартай, 419 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201010751 дугаарт бүртгэлтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үнэлж нийт үнэлгээг 40,097,900 төгрөг болохыг тодорхойлсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээч томилох тухай 10/340 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдла байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шинжилгээний тухай хуулийг тогтоосон журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч үнэлгээчин үнэлгээг гаргахдаа өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан боловч бусад аргыг хэрэглээгүй учир эд хөрөнгийн үнэлгээг бодитоор тогтоож чадаагүй гэж нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа боловч үнэлгээг гаргахдаа шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад ямар хууль журмыг зөрчсөн талаарх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/340 тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК-ийн захирал, үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь Сангийн яамнаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах-аар заажээ.
Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийсэн талаар өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, мөн үнэлгээ хийх болсон талаар мэдэгдэж, танилцуулаагүй, эд хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах хугацаа олгоогүй, үнэлгээ хийсэн тухай мэдэгдэлийг 2022 оны 12-р сарын 08-ны өдөр мэдэгдсэн, үнэлгээг хуулбарлаж өгөөгүй гэж нэхэмжлэлд дурдсан байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тайланг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч А.Лхагвацэрэн, Э.Мангаалам, Х.Мягмарцэцэг нарт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-136/20997 тоот хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулан, мэдэгдэж улмаар 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг тайлбарлан бие даан худалдан борлуулах саналаа ажлын 3 хоногт багтаан бичгээр гарган ирүүлэхийг тус тус мэдэгдсэн болох нь тус мэдэгдэл дээрх нэхэмжлэгч Х.Мягмарцэцэг, төлбөр төлөгч А.Лхагвацэрэн нарын гарын үсэг зурагдсан баримт болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд төлбөр төлөгчийн дээрх тайлбар няцаагдаж байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Карьер ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН