| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/0940/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/856 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/856
2025 10 06 856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч Б.Амармөрөн,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “11” дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2509 02946 1259 дүгээр хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, одоо .. тоотод оршин суух, Г.Б (РД:...).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шарга морьтын гүүр өнгөрөөд Хандгайд эргэх чиглэлд төв замын дагуу машинд хамт зорчиж явсан Ш-тай маргалдаж муудалцах явцад нь тэднийг салгах гэж очсон хохирогч М.М-ыг эсэргүүцэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдсаны улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхи, хамарт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь хуудас), мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-ын өгсөн “2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би найзынхаа хуримын зураг авалтанд гэрчээр оролцсон зураг авалтнаас бид буцсан ба зэрэгцээд 2 ширхэг машин явж байсан. Тэгээд урд талын машинд явж байсан Ш Г.Б нар нь харилцан зодолдож машинаасаа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга Морьтын гүүр өнгөрөөд Хандгайт эргэх чиглэлд төв зам дээр зогссон ба Ш машинаасаа түрүүлж гарч ирсэн ба дуудлагын жолооч гарч ирээд энэ 2 хүн зодолдоод байна гэж хэлсэн, тухайн үед Ш нь Г.Быг зодно гээд машиныг нь тойроод байж байсан. Тэгээд манай машинаас буюу арын машинаас Г болон Пүрэвдаш нар нь буугаад Шыг тайвшруулах гээд очсон. Тэгээд Г Г.Бын сууж байсан машины хойд талын хаалгыг онгойлгосон ба Г орилоод газар дээр доошоо хараад унасан байдалтай байсан. Тэгээд би машинаасаа буугаад Г.Бт хандаж яаж байгаа юм бэ? гэсэн чинь Г.Б миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд би нүд харанхуйлаад доошоо хэсэг сууж байгаад замын хажуу тал руу гарсан ба тухайн үед миний хамарнаас цус гарч, зовхи сэтэрсэн байдалтай байсан.” гэх (хавтаст хэргийн 6 дахь хуудас), гэрч Ц.Ж-ын өгсөн “Би амралтын өдөр Юбикаб таксины үйлчилгээнд явдаг юм, тэгсэн чинь 2025 оны 07 дугаар 05-ны 23 цаг 35 минутад ... дугаараас Шарга морьт зуслангийн гүүр өнгөрөөд Хандгайт явдаг чиглэл Яргайт орчимд зуслангийн газар дуудлагын 3 жолооч хэрэгтэй байна гэж дуудлага ирсний дагуу бид нар очоод ... маркийн тээврийн хэрэгслийг би 2 эрэгтэй 1 эмэгтэйн хамт жолоодоод явж байх үед миний урд явж байсан цагаан өнгийн ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан, манай дуудлагын жолооч Буянбатыг цуг явсан хүн нь араас нь цохиод агсам тавиад байхаар нь манай жолооч зогсчихоор нь би дагаад бас зогссон чинь дотроос нь манай жолооч Буянбат буугаад ирэхээр нь “яасан” гээд асуусан чинь “Машинд явж байгаа хоёр хүн хоорондоо зодолдоод хүн цохиж аваад явуулахгүй байна” гэсэн чинь манай машинд явж байсан эрэгтэй эмэгтэй хоёр салгах гээд бууж очоод манай машинаас буусан эмэгтэй нь тэр ...-д зодолдоод байсан 2 эрэгтэйгийн нэгэнд нь нүүрэн тус газарлуугаа цохиулаад тэгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 10-11 дэх хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/9026 дугаар “1. М.М-ын биед баруун нүдний зовхи, хамарт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч М.Мын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст “Миний бие М нь 2025 оны 07 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө зүс таних хүнд цохиулсан шалтгаанаар дуудлага өгсөн ба цаашид тухайн хүнд гомдол санал байхгүй тул цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй болно.” гэх /хх34/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт “Миний бие М нь 2025 оны 07 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Г.Бт нүүрэндээ 2 удаа цохиулсан ба хөнгөн хэлбэрийн гэмтэл авч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ХААН банкны /..../ тоот дансанд 12,5 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан болно. Одоо гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтүүд /хх67/ болон хохирогчид 12,500,000 төгрөг төлсөн /хх68/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Быг 500,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Мад 12,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 245,000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ