Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/867

 

 

 

 

 

 

 

 

  2025         10          07                                     867                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч М.Билгүүтэй,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “12” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Шт холбогдох эрүүгийн 2503 00687 0913 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны инженер, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .. тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1064 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Б.Ш, регистрийн ... дугаартай.

 

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Б.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн шинэ гүүрэн дээр “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Арван хоёр дахь хэсгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Ц.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зам тээврийн осол дээрх тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дахь хуудас),         согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт (хавтаст хэргийн 13 дахь хуудас),

              мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С-ын өгсөнБи тэр өдөр 16 цаг 45 минутад ... тоотод оршин суух гэрээсээ унадаг дугуйгаа унаж 25 дугаар эмийн сан орохоор Яармагийн шинэ гүүрний ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр баруун тал руу нь замаа шахаад явж байсан. Яг гүүрэн дээр гараад явж байхад зам цэвэрлэдэг хүн зам цэвэрлээд зогсож байсан, түүний хажуугаар, миний өөдөөс унадаг дугуйтай хүн ирж байсан, би тэр дугуйтай яг зөрөх гээд баруун мөрөн дээгүүрээ хойшоо харахад цагаан өнгийн машин маш хурдтай ирээд чанх араас мөргөсөн. Тухайн үед би цагдаад мэдэгдэх, машины жолооч эмнэлэг дуудсан удалгүй 103-ын эмч ирээд намайг ГССҮТ эмнэлэгт хүргэсэн, тэндээ анхан шатны тусламж аваад гэртээ харьсан. 2 хоногийн дараа 2 дугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт 7 хоног эмчилгээ хийлгээд гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/7912 дугаар “1. Ц.С-ын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, баруун тохой, нуруу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гуяны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь хуудас), мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0225/953 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн материалыг ашиглан зам тээврийн ослын хэргийн газарт үүссэн тоормосны мөрөөр “Toyota Aqua” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой. 2. “Toyota Aqua” маркийн ... улсын тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход 80, 1 км/цаг гарч байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь хуудас), мөн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1173 дугаар магадлагаа (хавтаст хэргийн 55 дахь хуудас), иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл (хавтаст хэргийн 72 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             

              Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             

              Шүүгдэгч Б.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Солонго хохирол барагдуулах тухай “С миний бие 2025.06.06-нд Toyota Aqua ... дугаартай машины жолооч Б.Шт мөргүүлсэн. 2025.07.07-ны өдөр миний хохирол болох Elves брэндийн уулын дугуй, эмчилгээний зардал, 2 сарын орлого болох нийт 20,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул цаашид гомдол санал байхгүй. 2025.06.21-нд миний ХААН банкны ... дансанд 3,000,000 шилжүүлэн авсан. 2025.07.04-нд... дансанд 8,000,000 төгрөг шилжүүлэн авсан. 2025.07.07-нд ... дугаартай  Toyota Aqua машинаа 9,000,000 төгрөгөнд бодож машинаа өгсөн. Би хүлээн авсан. Иймд цаашид эрүүл мэндийн асуудал гарвал би өөрөө бүрэн хариуцна. Гомдол санал байхгүй.” гэх баримт /хх73/-ыг, мөн шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 218,755 төгрөг төлсөн баримтыг тус тус гарган өгсөн бөгөөд хохирогчид учирсан гэм хорын хохиролд нийт 20 сая төгрөг төлөхөөр тохиролцож, 11 сая төгрөгийг шилжүүлсэн, 9 сая төгрөгт тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн болох нь тус тус тогтоогдсон, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас Ц.С-д 463,570 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн (хх89)-ийг шүүгдэгч 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 463,570 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн (хх86) байна.

              Хохирогч Ц.С нь 9 сая төгрөгийн тээврийн хэрэгслийг хүлээн авсан байх боловч өөрийн нэр дээр шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул уг тээврийн хэрэгслийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Б.Ш-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Шүүх шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэв.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.          

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

              Шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            

             

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Онги овогт Борын Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

              3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Ш эрүүл мэндийн даатгалын санд 463,570  төгрөг төлсөн, хохирогч Ц.С-д 11 сая төгрөгийг төлж, 9 сая төгрөгт тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч Ц.С нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд Б.Ш-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

              4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

              5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ