| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/0979/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/893 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/893
2025 10 14 893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “12” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 2508 00000 1416 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... оршин суух бүртгэлтэй, Н.М, регистрийн ... дугаартай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө ... тоот хашаанд байрлуулсан барилгын багаж хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 474,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ... тоот хохирогч Ч.О-гийн амьдардаг монгол гэрийн үүдний амбаарын хаалга болон гэрийн хаалгыг төмөр сүхээр эвдэлж, хууль бусаар нэвтэрч нийт 569,500 төгрөгийн үнэ бүхий үхрийн мах 19 кг, цахилгаан дрилл багаж 1 ширхэг, эрээн цүнх 1 ширхэг, малгай 1 ширхэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 , 128 дахь хуудас),
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 4-10, 130 дахь хуудас),
эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх хуудас),
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дахь хуудас),
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (дүгээр 1 хавтаст хэргийн 141-142 дахь хуудас),
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.О-гийн өгсөн “Би 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад гэртээ 16 цаг 50 минутад ирсэн чинь манай гэрийн хаалгa онгорхой, цоожийг сүхээр цохиод эвдэлчихсэн байсан. Цохисон сүх нь үүдний амбаар дотор байсан. Гэрийн дотор хаалганы цоожийг модоор нь эвдлээд орчихсон байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ орсон чинь гэрийн бүх юмыг гаргачихсан, цүнхтэй хувцсыг гаргаад шидчихсэн байсан. Тэгээд гэрээс юу алдагдсан эсэхийг мэдэхгүй байж байгаад хөлдөөгчөө онгойлгоод үзсэн чинь өвөл авч байсан үхрийн 1 ширхэг гуя алга болчихсон байсан. ...цагдаагийн байгууллагад хандсан. Дуудлагаар ирсэн хоёр цагдаад би хэлэхдээ “намайг ажлаас ирж байхад манай ахынхтай адилхан үүргэвч үүрчихсэн хүн явж байсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёр цагдаа яваад “Эрчим төв” орчим явж байсан гэх согтуу ахыг авчирсан. Үүргэвчийг шалгаад үзсэн чинь манай хөлдөөгчид байсан үхрийн гуя гараад ирсэн.” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 17-22 дахь хуудас),
хохирогч Р.Д-гийн өгсөн “Би 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ... тоот хашаанд байшин барих ажил хийж байсан юм. Би хувиараа барилгын бригад байгуулаад 7-8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эрхэлдэг юм. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр барилгын материал ачуулж авчруулдаг байсан Г гэх ахтай хамт туслахаар ажиллаж явдаг Н.М гэх залуу надтай уулзаад танай бригадад би ажиллаж болох уу? гэхээр нь би зөвшөөрөөд 1 өдрийн 40.000 төгрөгөөр цалинжуулаад ажиллуулна гээд хоорондоо тохиролцоод ажиллуулахаар болсон юм. Тэгээд бид нар байшин барьж байгаа хашаандаа өдрийн цагаар ажлаа эрхлээд байцгаагаад шөнийн цагаар ээлжээр байрлаж байсан ба барилгын ажилд хэрэглэдэг тоног төхөөрөмжөө уг хашаандаа үлдээгээд өдрийн цагаар ажиллаж байгаа тухайн цаг үедээ хариуцаад шөнийн цагаар ээлжинд хариуцан хонож ажиллах хүн хариуцдаг байсан юм. Н.Мыг ажилд авахдаа хашаанд байгаа барилгын ажилд эрхэлж байгаа тоног төхөөрөмжүүдийг ажилчид хариуцан ажиллах талаар хэлж танилцуулсан байсан. Түүнээс хойш Н.М 2 хоног уг хашаанд байрлаад хоноод ажиллаж байсан юм. Тэгж байгаад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би ажилчдын хамт тарсан юм. Тэр үед Н.М ажил дээр хононо гээд ганцаараа үлдсэн, ажилд орсноос хойш ганцаараа шөнийн цагаар хоноод үлдэж байсан ба би Н.М “барилгын эд зүйлээ хараараа, хулгайд алдав” гээд захиж үлдээгээд явдаг байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөө амраад 06 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд Н.М байхгүй, манай ажилд эрхэлж байсан барилгын багажнуудаас “Кен” маркийн цахилгаан түрдэг хөрөө 2 ширхэг /макида/, “Кен” маркийн цахилгаан жижиг молдок 1 ширхэг, маркийг санахгүй байна, цахилгаан том молдок 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Тэгэхээр нь Н.Мыг эрж хайж байгаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Толгойтын тэндээс /хаягийг сайн мэдэхгүй байна/ Н.Мыг олж аваад уг багажнуудаа авсан эсэх талаар асуухад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Кен” маркийн цахилгаан жижиг молдок 1 ширхэгийг дэлгүүрт 20,000 төгрөгөөр зарсан гэсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Кен” маркийн цахилгаан түрдэг хөрөө 2 ширхэг /макида/ болон цахилгаан том молдок 1 ширхэг зэргийг аваад явсан гэсэн ба “Кен” маркийн цахилгаан түрдэг 2 ширхэг хөрөөг таксины 20,000 төгрөгөнд өгсөн гэсэн ба цахилгаан том молдок 1 ширхэгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх 21-р хорооллын автобусны буудал дээр байх дэлгүүрт зарчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 2 дэлгүүр лүү Н.Мыг дагуулаад очиж уулзахад дэлгүүрийн худалдагч нар уг эд зүйлсийг худалдаж аваагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр дагуулаад ирсэн юм.” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дахь хуудас) мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр (1хх12-14) хохирогч Ч.О нь эд зүйлээ буцаан авсан, мөн хохирогч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гаргасан “Миний бие нь орон гэрийн хулгайн гэмт хэрэгт сэтгэл санаа болон эд зүйлийн ямар нэгэн нөхөн төлбөр болон сэтгэл санааны хохиролгүй тул тус хэргийн яллагдагчид өөрт тохирох хөнгөн ял шийтгэлийг оноож өгнө үү.” гэх (2хх44), мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст гаргасан “Миний бие нь хохирлын мөнгө болох 600,000 төгрөгийг бэлнээр бүрэн хүлээж авлаа. Иймд манай гэрээс хулгай хийсэн хүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тооцуулахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Тухайн хүнд холбогдох хэргийг хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэх хүсэлтийг (2хх75) гаргасан, хохирогч Р.Д тус шүүхэд гаргасан “2021 онд Н.М нь манай компанид ажиллаж байх хугацаандаа байгууллагын багаж хулгайлж 500,000 төгрөг хохирол учруулсан. Миний бие нь хохирлын 500,000 төгрөг бэлнээр бүрэн авсан. Иймд тухайн хүнд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бие сэтгэл санааны хохирол тооцоолохгүй нэхэмжлэхгүй, миний бие Завхан аймаг Улиастай хотод ажиллаж байгаа учир цагдаагийн байгууллагад биечлэн очих боломжгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, тухайн иргэнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэх хүсэлт (2хх74) ирүүлсэн, шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Мын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Н.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мад 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ