| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/0981/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/895 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Батбилэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/895
2025 10 14 895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч О.Батбилэг,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “12” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, Д.С, регистрийн ... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ... тоот хаягт байрлах “...” ХХК-ийн түрээсийн хашаанд байсан цагаан өнгийн контейнерын цоожийг эвдэн орж дотор нь байсан Франц улсад үйлдвэрлэсэн GYSMI маркийн цагаан шаргал өнгийн гагнуурын аппарат, БНХАУ-д үйлдвэрлэсэн Камел брэндийн 225 амперын аккумлятор, KEN брэндийн ногоон өнгийн тасдагч 1 ширхэг, KEN брэндийн ногоон өнгийн дрилл 1 ширхэг, KEN брэндийн хар өнгөтэй баттерейтай импакт 1 ширхэг, KEN брэндийн 3500 ваттын хүчин чадалтай 12 вольтоос 220 вольтын машины тогны өсгөгч, Япон улсад үйлдвэрлэсэн Акума брэндийн хар өнгөтэй 250 ампертай аккумлятор 2 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,037,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь хуудас),
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 103-108 дахь хуудас),
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-ын өгсөн “... тоот хашаан дотор миний “...” ХХК-ийн эзэмшлийн агуулах, контейнер байдаг бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн үед манай ажилчид уг хашаанаас бүгдээрээ яваад 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед манай ажилчид компаний хашаанд очиход манай контейнер дотор байсан 2024 оны 10 дугаар сард шинээр худалдан авч байсан Франц улсад үйлдвэрлэсэн 2,000,000 төгрөгийн үнэтэй GYSMI маркийн цагаан шаргал өнгийн гагнуурын аппарат 1 ширхэг, 2024 оны 11 дүгээр сард худалдан авч байсан БНХАУ- д үйлдвэрлэсэн 780,000 төгрөгийн үнэтэй Камел брэндийн 225 амперын аккумлятор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн 150,000 төгрөгийн үнэтэй КЕН брэндийн ногоон өнгийн тасдагч 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн 150,000 төгрөгийн үнэтэй ногоон өнгийн дрилл 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн КЕН брэндийн 400,000 төгрөгийн үнэтэй хар өнгийн баттерейтей импакт 1 ширхэг, Япон улсад үйлдвэрлэсэн Акума брэндийн хар өнгийн 250 ампертай аккумлятор 2 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн КЕН брэндийн 3500 ваттын хүчин чадалтай 12 вольтоос 220 вольтын тог гаргадаг машины тог өсгөгч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан болохоор Цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай компанид өмнө нь ажиллаж байгаад гарсан Д.С гэдэг зүйл манай хашааг маш сайн мэддэг болохоор түүнийг хулгайлсан болов уу гэж сэжиглэж байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Тиймээ, хулгайд алдсан эд зүйлсээ манай компанид хуучин ажиллаж байсан Д.С-ээс бүгдийг нь буцаан авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх (хавтаст хэргийн 180 дахь хуудас),
шүүгдэгч Д.С-гийн яллагдагчаар өгсөн “Хүлээн зөвшөөрч байна. ...Надад санал, хүсэлт байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх (хавтаст хэргийн 36 хуудас),
дахин өгсөн “Би Toyota Mark 2 загварын тээврийн хэрэгслийг 2025 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт суманд байхдаа зүс мэдэх Ц.Э гэх залуугаас бэлэн 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед аймгийн төв орж нэрийг нь шилжүүлэх байсан болохоор амжаагүй, дараа нь тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр ярилцаж тохирсон. Тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж аваагүй болохоос биш уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Надад машиныхаа яндан, хойд тэвшийг нь солиход импакт, уртасгагч, гагнуурын аппарат зэрэг эд зүйлс хэрэгтэй байсан. Би 2025 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт орчмоос ажил хийж байсан газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр рүү явах замдаа хуучин ажиллаж байсан "..." ХХК-ийн ажлын байранд мастер нь байгаа юм болов уу? Хэрэв байвал гагнуурын аппарат, уртасгагч, импакт зэрэг эд зүйлсийг гуйж авъя гэж бодоод очиход хүнгүй байсан. Тэгэхээр нь онгорхой байсан хашааны хаалгаар ороод хашаан дотор байсан контейнерын хаалганд өлгөсөн цоожийг нь аваад ороход надад хэрэгтэй эд зүйлс байсан болохоор машин дотроо ачаад авч явсан юм. ...Би 2025 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө найзыгаа Тахилт руу хүргэж өгөөд буцах замдаа өмнө нь ... ХХК-д хамт ажиллаж байсан н.Адьяа гэх мастер нь орж, гарч байгаарай гэж хэлсэн болохоор замаараа н.Адьяатай мэнд мэдээд уртасгагч, гагнуурын аппарат, импакт зэргийг гуйх санаатай “...” ХХК-д очсон боловч хүн байгаагүй юм.” гэх (хавтаст хэргийн 94 дэх хуудас) мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д мэдүүлэг өгөхдөө “хулгайд алдсан эд зүйлсээ манай компанид хуучин ажиллаж байсан Д.С-гээс бүгдийг нь буцаан авсан” гэсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д миний зүгээс яллагдагч Д.С-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцийн гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэх хүсэлт гаргасан /хх189/, шүүгдэгч эд зүйлийг буцаан өгсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 жил хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Сд 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ