| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/326 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Улсын яллагч М.Өлзийбаатар /томилолтоор/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 252*******00000413 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “Шинь шинь” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох Тунгуан Майнз-д бэлтгэгч ажилладаг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 1900 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарлаг худалдааны төвийн зүүн талын замаар Тоёота приус-41 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.82%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний буруу, би гэм буруугаа зөвшөөрч байгаа, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 1900 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарлаг худалдааны төвийн зүүн талын замаар Тоёота приус-41 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.82%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны ******* дугаар сарын 20-ны өдөр 1800 цагийн орчим манай ажлын гэх хүн над руу залгаад Лемонс караокед байна хүрээд ир гэж дуудсан. Тэнд очоод юм ярьж сууж байгаад сэнгүр нэртэй 500 граммын лаазтай пиво 2 ширхгийг уусан. Тэгээд гэгээ арай тасраагүй байсан учир би өөрийн эзэмшлийн Приус-41 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Нарлаг худалдааны төвийн зүүн талд цагдаад баригдаж саатуулагдсан. Би 2025 оны 07 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...Би Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг юм. 2025 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх хугацаанд 1909 цагийн орчимд ******* сумын 6 дугаар баг Нарлаг худалдааны төвийн зүүн талын замаар явж байсан Приус-41 маркийн ДОР улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул драйгер багажаар үлээлгэхэд 1.82 хувийн согтолттой байсан. Мөн урьд нь эрхээ хасуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд *******ийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 6 тал/-ээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 2025/ЗШ/994 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх 28-31 тал/ болох нь уг шийтгэвэр болон Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 23 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******ийн согтуурлын зэрэг 1.82 хувьтай гарсан болох нь гэрчийн мэдүүлэг, 2025 оны ******* сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, драйгер багажаар шалгасан зургийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ