| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2010012690996 |
| Дугаар | 2021/ДШМ/746 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/746
2021 8 12 2021/ДШМ/746
Ц.Эт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
шүүгдэгч Ц.Э,
хохирогч С.Х,
нарийн бичгийн дарга П.Э нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/1040 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинбатын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Ц.Эт холбогдох эрүүгийн 2010012690996 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд иргэн С.Хаас “маскны бизнес хийнэ” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95,160,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч С.Х “... Ц.Э 100,000,000 төгрөгөөр маскны наймаа эхэлнэ, тэгээд 258,000,000 төгрөг олно, үүнээс ашиг гэж 158,000,000 төгрөгийн ашиг олно гэж хэлсэн учир би итгээд аав, ээждээ хэлээд тэр хоёроос 100,000,000 төгрөг зээлээд өөрт байсан 10,000,000 төгрөгийг нэмж Ц.Эт нийтдээ 105,160,000 төгрөгийг өгсөн, тэгээд үүнээс буцааж 10,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгө болох 95,160,000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэж, шүүгдэгч Ц.Э “... Би дээрх мөнгийг зээлж авсан бөгөөд буцааж 11 сая төгрөгийг төлсөн, энэ талаар баримт байгаа, С.Хаас мөнгө авахад хажууд нь аав, ээж нь байсан ...” гэж тус тус мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг заавал нотлохоор заасан бөгөөд Ц.Эт холбогдох хэрэгт хохирогч С.Хд хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож чадаагүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 95,160,000 төгрөг гэж бичсэн, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нар нь үнийн дүн дээр маргадаг, хохирогч С.Хаас зээлж авсан мөнгийг шүүгдэгч Ц.Э буцааж өгсөн үү, эсхүл залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ авсан мөнгөнөөс буцааж төлсөн, аль нь болохыг нарийвчлан шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна. Хэдийгээр хохирлын хэмжээ нь залилах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож улмаар шүүхээс хохирлын талаар болон хохиролтой холбоотой бусад нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал байна гэж үзэв. Хохирогч С.Х шүүгдэгч Ц.Эт бэлнээр болон дансаар өгсөн гэх 100,000,000 төгрөгийн эх сурвалжийг тогтоох зорилгоор түүний эцэг, эхийг гэрчээр асуух, мөн хохирогч өөрт сургалтын төлбөрт хэрэглэнэ гэж хадгалсан, цуглуулсан 10,000,000 төгрөгийг мөн Ц.Эт өгсөн гэсэнтэй холбоотой асуудлыг нэг мөр шалгах нь хэрэгт ач холбогдолтой байх тул дээрх ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгдэгч Ц.Э нь маскны бизнес хийнэ гэж С.Хаас нийт 105,160,000 төгрөг авсан боловч хохирогч С.Х хуулийн байгууллагад гомдол гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байхад мөнгийг авснаас хойш тодорхой хугацаанд 10,000,000 төгрөгийг өөрийн хүсэл зоригийн дагуу буцаан өгсөн, одоо үлдэгдэл 95,160,000 төгрөг байгаа талаар хохирогч, яллагдагч нарын хэн аль нь маргаагүй, гагцхүү дээрх мөнгийг зээлж авсан гэж маргадаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа тул Ц.Эыг 105,160,000 төгрөгийг бүгдийг нь залилан шамшигдуулах зорилготой байсан гэж үзэх бус харин зарим хэсгийг буюу 95,160,000 төгрөгийг буцааж өгөхгүй байхаар сэдэж энэ хэргийг үйлдсэн гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Хурц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн залилах гэмт хэргийг үйлдэж учруулсан хохирол нь 105,160,000 төгрөг юм уу, 95.160.000 төгрөг юм уу гэдгийг мөрдөн байцаалтаар зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед 105,160,000 төгрөгийг шүүгдэгч авсан гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Гэтэл анх хохирогч цагдаагийн байгууллагад “маскны бизнес хийнэ гэж 95,160,000 төгрөгийг аваад буцааж өгөөгүй” гэсэн гомдол гаргасан байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгээр 105,160,000 төгрөгийн асуудал яригдаж байгаагүй. Хохирогч хуулийн байгууллагад гомдол гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа эхлээгүй байх үед шүүгдэгч өөрийн сайн дураар 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн асуудлыг заавал залилах гэмт хэргийн үндсэн хохиролд оруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүх прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийг “маскны бизнес хийнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 95,160,000 төгрөгийг авсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний байр суурь хэвээрээ байгаа.” гэв.
Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Прокурорын дүгнэлт дэх хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа. 95,160,000 төгрөг зээлээгүй. Зээлсэн мөнгөө үнэн, зөвөөр мэдүүлсэн. Миний төлсөн 11,000,000 төгрөгийг хохиролд оруулж тооцоогүй. Өөр байдлаар 10,000,000 төгрөг аваагүй. Мөнгө буцааж өгсөн гэсэн баримт үйлдсэн. Үүнийг хохирлоос хасч тооцоогүйд гомдолтой байна. Хохирогчийн найз гэх Төгөлдөр гэнэт гарч ирсэн, хуулбар баримт өгсөн. Үүнийг нотлох баримт гэж үзсэнд гомдолтой, уг асуудлыг шалгуулмаар байна. Хохирогчтой хувийн харилцаатай, хамт амьдардаг байсан. Одоо хүүхэд нь төрсөн. Манай хүүхэд 8 сартай. Гэтэл Х нэг ч удаа ирж байгаагүй. Эдгээр нөхцөл байдлаас болон хүүхдээ дутуу төрүүлсэн, маш их эмчилгээ хийлгэсэн. Хүүхдээ харж байгаа учраас төлөх чадвар муу байгаа учраас мөнгийг нь төлж чадаагүй. Хүүхэд маань том болж байгаа учраас ажлаа хийгээд мөнгийг нь төлнө. Ажил хийх боломжгүй байгааг минь харгалзаж үзэлгүйгээр мөнгөө нэхэж байгаад гомдолтой байна. Эцэг хүнийхээ үүргийг хүлээхгүй байгаа. Залилсан зүйл байхгүй. Зээлсэн мөнгөнөөсөө 11,000,000 төгрөг төлсөн. Үр хүүхдийг нь төрүүлсэн хүнээ залилаад явах бодол байхгүй. Иймд мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны хооронд иргэн С.Хаас “маскны бизнес хийнэ” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 95,160,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч Ц.Эын гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.
Түүнчлэн, шүүгдэгч, хохирогч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг үнэлэлгүй, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцолгүйгээр нотлох баримт, баримт мэдээллийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/1040 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ