Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0805/З |
Дугаар | 128/ШШ2023/0192 |
Огноо | 2023-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн А.Амаржаргал, Ноён Капитал ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Иргэн О.Жаргалсайхан,
Маргааны төрөл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/343 дугаар захирамжийн О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ноён Капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, Ж.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Амаржаргал, Ноён Капитал ХХК нараас 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А343 дугаар захирамжийн О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А343 дугаар захирамжаар О.Жаргалсайханд газар эзэмших эрх олгосон, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн "Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай" А/946 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Газар эзэмших эрх шинээр олгох тухай" А/343 дугаар захирамжийн иргэн О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн, уг захирамжийг эс зөвшөөрч О.Жаргалсайхан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар 10-ны өдрийн 125 дугаар магадлалаар нэхэмжлэгч О.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүлээж авахаас татгалзаж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариу өгсөн, нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/. Иргэн А.Амаржаргал нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд иргэдээс өмчлөгдсөн газрыг худалдан авч Ноён капитал ХХК-н тухайн газар иж бүрэн тохижилт бүхий Амар зочид буудлыг барьж ашиглалтад оруулсан.
Барилгын ажил эхлэхийн өмнө Баянзүрх дүүргийн Газрын албанд барилга барьж байгаа газрын дэргэд газар олгохгүй байх талаар албан тоотоор хүсэлтээ гаргасан бөгөөд барилгажих талбайн баруун урд хэсэг нь нийтийн эзэмшлийн гүнзгий жалгатай газарт тулсан байх тул өөрийн өмчлөлийн газар нийтийн эзэмшлийн газрыг нийтэд нь хайрга шороогоор дүүргэлт хийж тэгшлэн засаж бетондсон. Тухайн газрыг тэгшлэхэд нийтийн эзэмшил газар орж байгааг газрын албаныхан мэдэж байсан төдийгүй худаг хүртэл тэгшилж болно гэснийх нь дагуу олон машин шороо тоосго, арматурын төмөр бетон зуурмаг ашиглан тэгшилсэн.
Уг газартаа галын гарц байгуулсан. Барилгын ажил, гадна тохижилтын ажил дуусаад Амар Зочид буудлыг ашиглалтад оруулсны дараа О.Жаргалсайхан гэдэг хүн Миний газар дээр зогсоол байгуулсан байна" гэж олон зуун сая төгрөг нэхэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Бид Засаг даргад гомдол гаргахад манай гомдлыг шалгаад инженерийн шугам сүлжээн дээр байрласан гэсэн үндэслэлээр О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд О.Жаргалсайхан нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүх "Инженерийн шугам сүлжээнээс 5 метрийн зайтай байна" гээд захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус маргаанд Ноён капитал ХХК болон иргэн А.Амаржаргал нарыг оролцуулаагүй шийдвэрлэсэн байдаг тул шийдвэр нь бидэнд байхгүй. Засаг даргад гаргасан манай гомдлыг дутуу шалгаад А.Амаржаргал болон Ноён капитал ХХК-ийн хөрөнгө оруулж засаж тохижуулан ашиглаж байгаа бодит байдлыг орхигдуулснаар манай эрх ашиг хохироход хүрч байна.
2/. О.Жаргалсайхан гэгч хүн газар эзэмших эрх олж авахдаа хуурамч кадастрын зураг ашиглан тухайн хороонд орт байхгүй хаягт амьдарч байсан мэтээр хуурамч тодорхойлолт хийлгэж, нэгж талбарын дугааргүй гэрчилгээ авсан байдаг. Өөрөөр хэлбэл О.Жаргалсайхан газар хүссэн өргөдөл өгөх энэ үед нь тухайн газрыг А.Амаржаргал, Ноён капитал ХХК- засаж тохижуулаад аюулгүй гарц бүхий хэсэг байгуулсан. Бусдын хөрөнгө оруулж, тохижуулаад ашиглаж байгаа газрыг тухайн ашиглаж байгаа субъектэд нь мэдэгдэлгүйгээр, тухайн газар нь очиж үзэлгүйгээр, бусдын хөрөнгө оруулалтаар эвдрэлтэй газар засагдаж, ашиглагдаж байгааг мэдсээр байж өөр хүнд нууцаар эзэмшүүлэх эрх олгож байгаа үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж харж байна.
3/. Барилгын ажил эхлэхийн өмнөх фото зураг, сансрын зураг кадастрын зураг байдаг бөгөөд зурган дээр О.Жаргалсайханд олгосон гэх газар нь гудамжны гүнзгий жалга харагдахаас өөр хашаа, хаяг нэгж талбарын дугаар байгаагүй.
О.Жаргалсайхан 2018 онд нэгж талбарын дугаар авах үед Амар зочид буудал ажиллаж байсан гэхээр бусдын ашиглаж байгаа газарт нэгж талбарын дугаар авсан болж таарч байна. Баянзүрх дүүргийн Газрын алба нь гуу жалганд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг ойлгохгүй байна.
Өөрөөр хэлбэл хогонд дарагдсан, 2-3 метр гүн жалганд иргэдийн зорчих боломжийг төр засгаас анхаарч 3 метрийн урттай бетонон 2 шатыг жалганы 2 талд тавьж нийтийн эзэмшилд ашиглуулж байсан газрыг О.Жаргалсайханд ямар үндэслэлээр олгосон бэ? Тэрээр гуу жалганд газар эзэмшихээр хүсэлт гаргахдаа Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт заагдсанаар эвдрэл гэмтэлтэй, ашиглалтгүй тохижуулсан хэмжээн өргөдөл гаргасан байх аваас Ноён капитал ХХК-ийн хөрөнгө хүчээр засагдсан орхигдсон газрыг өөрийн хөрөнгөөр засаж газрыг өөрөө засаж янзалсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Харин жинхэнэ утгаараа Ноён Капитал ХХК өөрийн хүч, хөрөнгөөр эвдрэл элэгдэл орсон гуу жалгыг хайрга шороогоор дүүргэж засаж тохижуулж, нийтийн эзэмшилд ашиглуулж байгаагийн хувьд Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заагдсанаар Баянзүрх дүүргийн Газрын алба нь Ноён Капитал ХХК-д газар эзэмших эрх олговол зохилтой. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24 өдрийн А/343 дугаар захирамжийн О.Жаргалсайханд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А946 тоот захирамжийн О.Жаргалсайханд холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсгийг ноцтойгоор зөрчсөн, О.Жаргалсайхан нь хуурамч материал бүрдүүлэн газрын эзэмших эрх олж авсан нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироосон байх тул хүчингүй болгож өгнө үү? Гэжээ.
4/ Нэхэмжлэгч Ноён капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа ...О.Жаргалсайхан гэх хүн хэзээ ч албан ёсоор Газрын тухай хуульд заасан журмын дагуу өргөдөл өгч байгаагүй болох нь тогтоогдсон баримт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ирсэн. Ирсэн өргөдөл бүр өргөдлийн дэвтэр дээр бүртгэгддэг байтал О.Жаргалсайханы өргөдөл бүртгэгдээгүй. Мөн хуульд зааснаар О.Жаргалсайханы өргөдөлд буцах хаяг байх ёстой. Гэтэл О.Жаргалсайханы өргөдөл буцах хаяггүй, огноогүй байдаг. Буцах хаяггүй, огноогүй өргөдөл дээр хэн гэдгийг мэдэхгүй хүн бүртгэлд ав гэж цохолт хийж Засаг даргын захирамж гарч газрын гэрчилгээ авсан байдаг. Тухайн 2015 онд олгогдсон гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй байх ба гэрчилгээ бүр нэгж талбарын дугаартай байна гэсэн журмыг зөрчиж байна.
Газар эзэмших ашиглах гэрчилгээ олгох журамд гэрчилгээ олгохоос өмнө суурин судалгаа, хээрийн судалгаа хийгдэх ёстой байдаг. Уг газрыг олгохдоо суурин судалгаа, хээрийн судалгаа хийгээгүй, Полигинометр ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн байдаг. Хэрэгт бүртгэл хяналтын карт авагдсан боловч бүртгэлийн дэвтэрт огт бүртгэгдээгүй байж газар эзэмшдэг асуудал бол ноцтой асуудал юм. Худагтай тулгаж хийсэн кадастрын зураг болон сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн фото зургууд дээр тодорхой харагдана гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг.
Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь уг газрыг хашаалж, цэвэрлэж, тэгшилж ашиглаж авто машины зогсоол хийсэн байгаа. Үүнээс үзвэл нэхэмжлэгч А.Амаржаргал болон Ноён Капитал ХХК нь Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсгийг зөрчиж барилга байгууламж барьж байсан байна. Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасан байдаг.
Гуравдагч этгээд О.Жаргалсайхан нь газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан. Тухайн өргөдөл гомдлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээн авч Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А.Амаржаргал болон Ноён Капитал ХХК нь өөрсдийн эзэмшиж, ашиглаж байгаа газар болон гуравдагч этгээдийн газар дээр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нэг ч удаа хүсэлт өгч байгаагүй.
Хаягжилтын талаарх тодорхойлолтыг Хороо өгдөг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гэх хаягжилт нь тухайн газар 2 эзэмшигчтэй болоход шинээр эзэмшиж байгаа хүнд Б гэх хаягийг, анхны эзэмшигчид А хаягийг өгдөг гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ талаар нарийвчилсан журам байдаггүй. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн О.Жаргалсайханы гаргасан өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэжээ.
6. Гуравдагч этгээд О.Жаргалсайхан нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
1/. Би Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороонд иргэний ахуйн зориулалтаар 208 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.
Гэтэл тус газарт иргэн А Амаржаргал нь хууль бус үйлдэл гаргаж 2016 онд миний эзэмшлийн газар дээр хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж автомашины зогсоолыг барьж байгуулсан.
2016 оноос хойш Баянзүрх дүүргийн газрын алба болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Баянзүрх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Баянзүрх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018, 2020, 2022 онуудад газраа газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журам болон дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөлийн дагуу газраа ашиглах эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд иргэн А.Амаржаргалын гаргасан хууль бус үйлдэл саад учруулж байгаа талаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч иргэн А.Амаржаргал нь захиргааны хэргийн шүүхэд удаа дараа давхар хэрэг үүсгэн "Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан.
2/. О.Жаргалсайхан миний бие нь өөрийн эзэмшлийн газраа 2015 оноос хойш ашиглаж чадалгүйгээр 7 жилийн хугацааг өнгөрүүлээд байна. Гэтэл хууль бусаар миний газрыг дээрэмдэн авсан А. Амаржаргал нь 7 жилийн хугацаанд төлбөртэй зогсоолоор бусдад түрээслүүлэн ашиг олж байгаа нь иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл болсоор байна.
3/. Мөн А.Амаржаргал нь танил талаа ашиглан Нийслэлийн засаг даргын 2019 оны 9-р сарын 13-ны A946 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон. Миний бие уг хууль бус засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны 3-р сарын 10-ны өдрийн 125 дугаартай захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалаар Нийслэлийн засаг даргад холбогдох 2019 оны 9-р сарын 13-ний өдрийн А/946-р захирамжийг хүчингүй болгон миний газар ашиглах эрх сэргэсэн болно.
4/. Гэтэл А.Амаржаргал нь дахин захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн иргэний хэрэгт хянан хэлэлцэж байгаа газар чөлөөлүүлэх иргэний хэргийг дахин хэрэгсэхгүй болгуулж байгаа нь нэгдүгээрт хугацаа хожих, хоёрт газар ашиглах эрхийг маань удаа дараа хүчингүй болгуулж, өөрөө эзэмших санаа агуулж байгаа болно. Иймд удаа дараа хууль бус нэхэмжлэл гаргаж байгаа иргэн А.Амаржаргал болон түүний эзэмшлийн Ноён капитал ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч А.Амаржаргал нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны дугаарт хаягт байрлах хашааны газрууд болон байшинг дээрхи хаягт оршин сууж байсан иргэдээс зохих журмын дагуу худалдан авч улмаар тухайн газруудыг хамарч буй талбайд зочид буудал, үйлчилгээний барилга барьж уг обьектыг Ноён капитал ХХК-ийн нэр дээр 2017 онд ашиглалтад оруулсан болох нь хэрэгт буй нотлох баримт болох нэхэмжлэгч А.Амаржаргалын нэр дээр бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, кадастрын зураг тус бүрээр тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
2. Гуравдагч этгээдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/343 дугаар захирамжаар 13 дугаар хорооны 1-28б хаягт байрлах 208 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн боловч тухайн газар нь иргэн А.Амаржаргалын бодитоор ашиглаж буй газрын /хашааны дотор/ хил заагтай давхцаж байгаа нь тогтоогдов.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэж тус тус заажээ.
4. Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/343 дугаар захирамжаар гуравдагч этгээд О.Жаргалсайханд тус дүүргийн 13 дугаар хорооны 1-28б хаягт байрлах 208 м2 газрыг олгохдоо дээрх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
5. Тухайлбал, нэхэмжлэгчийг тухайн орчмын иргэдийн газрыг буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр гудамжны дугаарт хаягт байрлах хашааны газрууд болон байшинг худалдан авах үед /2007-2021 оны хооронд/ маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарч байсан, нэхэмжлэгч нь гуу жалга бүхий налуу газрыг тэгшилж хашаалсан, кадастрын зураглалаар тухайн газар нь нэхэмжлэгчийн барилгын эзэлбэр газарт хамаарч байсан болох нь шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/185 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар-сансрын зураг зэргээр тогтоогдсон.
6. Нөгөө талаар, гуравдагч этгээд О.Жаргалсайхан нь тухайн газарт 2010 оноос хойш амьдарсан гэсэн үндэслэлээр газар эзэмших хүсэлт гаргаж хорооны засаг даргын тодорхойлолтыг хүсэлтдээ хавсаргаж хүргүүлсэн байх боловч О.Жаргалсайхан нь уг газрыг өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшээгүй байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/185 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг болон Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 тоот албан бичиг зэргээр нотлогдсон, энэ тохиолдолд иргэн О.Жаргалсайханд тухайн газрын эзэмшил зохих ёсоор үүссэн болон одоо зохих ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхгүй.
Тухайлбал, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-д өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2.4-д Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/, 6.3.1-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж тус тус заажээ.
7. Гэтэл хариуцагч нь дээр дурдсан хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, маргаан бүхий газарт хээрийн судалгааг хийгээгүй, газрын давхцал, орц, гарцыг тодруулаагүй атлаа О.Жаргалсайханд газар эзэмших эрх олгосон, уг газраа О.Жаргалсайхан нь бодитоор эзэмшээгүйгээс тухайн газар нь өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн барьж ашиглалтанд оруулсан обьектын хашаан дотор байрлаж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.
9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс өмнө тухайн газрыг бодитоор ашигласан, түүний ойр орчмын газрыг худалдан авах болон барилга барих цаг хугацаанд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсээгүй байсан, мөн маргаан бүхий газрын харьяалах Хорооны засаг даргын тодорхойлолт болон иргэн О.Жаргалсайханы иргэний үнэмлэхний хуулбар зэргээр гуравдагч этгээд нь 2010 оноос хойш Баянзүрх дүүргийн Дүүргийн 1 дүгээр гудамжны 28Б тоотод оршин сууж байсан нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд О.Жаргалсайханаас гаргасан өргөдөл түүнд дурдсан хүсэл зориг нь бодит биш гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, үүнийг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/343 дугаар захирамжийн О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Амаржаргал, Ноён Капитал ХХК нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/343 дугаар захирамжийн О.Жаргалсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН