Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 85

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,

шүүгдэгч М.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                    Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Мандахбаярын Гансэлэм, Боржигон овогт Цадмид-Ёндонгийн Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 2017 0108 0231 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Налайх дүүрэг 5 дугаар хороо, Гандан-Уул 4 дүгээр гудамж, 17 тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, регистрийн УД94051436 дугаартай, Боржигин овогт Мандахбаярын Гансэлэм.

2. Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүрэг 5 дугаар хороо, Гандан-Уул 5 дугаар гудамж, 6 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд 5 жил 3 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн УД94121316 дугаартай, Боржигон овогт Цадмид-Ёндонгийн Эрдэнэбаатар.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр манлай” дэлгүүрийн гадна хохирогч О.Эрдэнэчулууныг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан нийгмийн хэв журам зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр манлай” дэлгүүрийн гадна С.Гансэлэм хохирогч О.Эрдэнэчулуунаас тамхи асууж “байхгүй” гэхээр нь шалтаг шалтгаангүйгээр элэг рүү нь хэд хэдэн удаа цохиж газар унангуут Ц.Эрдэнэбаатартай бүлэглэн өшиглөж хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулан нийтийн хэв журмыг зөрчиж, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гансэлэмийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Гансэлэмийн яллагдагчаар өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4 дүгээр гудамжинд найз Эрдэнэбаатарын хамтаар явж байтал зүс таних Уранчимэг тааралдаад “өчигдөр хүргэж өгсөнд баярлалаа эгчийнх нь нүдний шил алга болчихсон байна. Чи хашаагаа мэднэ биз дээ хамт яваад үзээд ирье” гэхээр нь “тэгье” гээд хамт явж хашаанд үзсэн боловч байхгүй болохоор нь буцаад тоглоомын саад руу явж байтал “Төгөлдөр Манлай” гэх дэлгүүрийн өмнө Эрдэнэчулуун, Баярсайхан нар сууж байсан. Би тэгэхээр нь Баярсайхантай нь юм ярих гээд очсон юм. /Баярсайхан өмнөх өдөр нь манай аавд агсам тавьсан байсан/. Тэгтэл Эрдэнэчулуун гэх нь “чи хаанахын гөлөг вэ, намайг таниж байна уу” гээд миний мөрнөөс барихаар нь би эргэж хараад элэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохьсон. Энэ үед дэлгүүр орсон байсан Эрдэнэбаатар гүйж гарч ирээд нүүр рүү нь өшиглөсөн дараа нь араас нь өшиглөж байгаа харагдсан. Би яг хаашаа өшиглөснийг нь хараагүй ээ. Тэгтэл дундуур Цолмон орж ирээд Эрдэнэчулууныг хашаа руугаа татаад оруулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 44-46 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 06 дугаар 11-ний өдөр 17 цагийн үед найз Гансэлэм нэг хүүхний хамт явж байгаад тэгсэн Гансэлэмтэй хамт явсан хүүхний хамт дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн Хараа архи авчихаад гараад ирэхэд Гансэлэм, Эрдэнэчулуун гэх хүнийг унагаагаад өшиглөж байгаа юм шиг харагдсан би яг хаана нь өшиглөснийг нь хараагүй. Эрдэнэчулуун өмнө нь хэд хэдэн удаа хэрэг хийгээд ял эдлэж байсан гэдгийг нь сонсож байсан учир Гансэлэмийг дээрлэхэж байна гэж бодоод тэр 2 дээр очоод Эрдэнэчулууны нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Энэ үед Цолмон ах дундуур орж ирээд Эрдэнэчулууныг авч хашаа руугаа орсон” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51-53 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч О.Эрдэнэчулууны өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын гудамжинд “Төгөлдөр манлай” гэх дэлгүүрийн урд талд танил Баярсайхан, Цолмон нартай юм яриад зогсож байтал гудамжны доод талаас 2 залуу 1 хүүхэдтэй гудамжнаас өгсөж бид нар дээр ирээд өндөр залуу нь тамхи асуусан ба байхгүй гэхэд намайг шууд цохиод би газар унасан. Миний дээрээс нөгөө 2 залуу хэд хэдэн удаа толгой нуруу руу өшиглөж эхэлсэн ба тухайн үед Баярсайхан нөгөө эмэгтэй нар салгаж дийлэхгүй байсан ба Цолмон намайг аваад хашаа руу оруулаад би нүүрнийхээ цусыг угаагаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Цолмонгийн өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 17 цагийн үед манай хашааны ард талд танил Баярсайхан, Эрдэнэчулуун хоёр юм яриад байж байсан би тэд нар дээр очоод юм ярьж байтал гудамжны доороос Гансэлэм, Оросоо гэх хочтой Эрдэнэбаатар нэг хүүхэнтэй ирж яваа харагдсан тэгээд бид нар дээр ирснээ Эрдэнэчулууныг шууд цохиод Эрдэнэчулуун унасан. Тэгсэн чинь Эрдэнэбаатар нийлээд цохиод өшиглөөд байхаар нь би боль гэхэд болихгүй байхаар нь Эрдэнэчулууныг чирээд хашааруугаа орсон. Баярсайхан бас салгах гээд дийлэхгүй байсан ба дагаж манай хашаанд орж ирээд тэгээд Эрдэнэчулуун цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонбаярын өгсөн “...2017 оны 069 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокийн төвд 14 цагийн үед явж байгаад найз Эрдэнэбаатартай таараад бид 2 найз Гансэлэмийн гэр рүү яваад гэрээс нь дуудаад бид 3 Эрдэнэбаатарын үсийг хусах гээд эзгүй хашаа хайж явж байгаад нэг эзэнгүй хашаа олж Эрдэнэбаатарын үсийг хусаж байх хоорондоо нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал Гансэлэмийн танил нэг эмэгтэй хүүхэдтэйгээ ирээд бид нартай юм ярьж байгаад дахиж архи уухаар болоод 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад тэр архиа уучихаад тэгээд би тэд нараас салаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Баярсайханы өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би Эрдэнэчулуунтай нэг шил архи уучихаад Гандан-Уулын 10 дугаар

гудамжны ард талд Эрдэнэчулуун, Цолмон бид нар Цолмонгийн гэрийн ард талд юм ярьж байж байтал гудамжны доороос манай хорооны Гансэлэм, Эрдэнэбаатар гэх дүү нар Уранчимэгийн хамт Уранчимэгийн хүүхэдтэй ирж байсан. Тэгээд бид нар дээр ирснээ Гансэлэм, Эрдэнэчулууныг цохиод Эрдэнэчулуун газар унасан. Тэгтэл Эрдэнэбаатартайгаа нийлээд өшиглөөд унасан ба Цолмон бид 2 салгах гээд дийлэхгүй нөгөө 2 Эрдэнэчулууныг өшиглөөд байсан. Тэгтэл Цолмон хашааныхаа хойд хаалгыг онгойлгоод Эрдэнэчулууныг татаад оруулсан. Тэгээд би бас хашаа руу нь ороод цагдаа, эмнэлэг дуудсан. Гансэлэм, Эрдэнэбаатар 2 тэгээд шууд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Уранчимэгийн өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би 6 настай охин Энхбулганы хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын гудамжаар явж байгаад танил дүү нар болох Гансэлэм, Эрдэнэбаатар, Отгонбаяр нартай таарсан ба тухайн үед нэг шил архи уугаад дараа нь дахиж нэг шил 0,75 литрийн архи аваад уусан ба Отгонбаяр нь харилаа гээд яваад өгсөн юм. Тэгээд Эрдэнэбаатар, Гансэлэм манай охин бид нар тус гудамжнаас гараад явж байгаад нэг дэлгүүр рүү орсон ба дэлгүүр дотроос Гансэлэм, Эрдэнэбаатар нар гараад явсан. Би араас нь юм аваад гараад иртэл Гансэлэм, Эрдэнэбаатар 2 тэнд байсан нэг залууг унагачихсан өшиглөөд зодож байсан ба цуг явж байсан 2 залуу нь салгах гээд би бас салгах гээд чадахгүй байсан. Тэгээд нэг ах нь зодуулж байсан хүнийг дагуулаад дэлгүүрийн урд талын хашаа руу дагуулаад орсон тэгээд тэд нар цагдаа дуудацгаасан ба би явчихсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Пагжибугийн өгсөн “...Би Эрдэнэбаатартай 9 жилийн өмнө анх Городокт очиход танилцаж байсан. Түүнээс хойш сайхан найзууд болсон. Бид 2 биенийхээрээ байнга орж гарч хэрэгтэй үедээ бие биендээ туслах болсон. Ц.Эрдэнэбаатар зан байдлын хувьд төлөв даруу, үнэнч шудрага, элдэв буруу санаагүй, нэг зангаараа байдаг. Үерхэлдээ үнэнч. Гэртээ ганцаараа амьдардаг. Өнчин эцэг эх нь нас барсан. Архаг хууч өвчин байхгүй. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Ухаан санаа нь эрүүл, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг. Хөл бөмбөг сагсан бөмбөг тоглох дуртай. Эхнэр хүүхэдгүй, хар ажилд сайн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Нэргүйгийн өгсөн “...Миний бие 5 хүүхдийн эх юм. Гансэлэм айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Гансэлэм 1994 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эхнэр хүүхэд байхгүй, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст Олон нийтийн цагдаа ажилтай байсан. Хугацаат цэргийн алба хааж байгаад өвчний учир халагдсан. Ухаан санаа эрүүл. Архаг хууч өвчний талаар татаж унадаг. 70 хувийн группт байдаг. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруу, ажилч хичээнгүй, хүний үгээр байдаг. Ах дүү, эцэг, эхдээ халамжтай, үнэнч шудрага занатай, спортод их дуртай...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №326 дугаар:

  1. О.Эрдэнэчулууны биед бүсэлхийн 3-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний зүүн 4, 5-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 54, 82 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 58-60, 84-87 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 56, 83 дугаар тал/

Хохирогч О.Эрдэнэчулууны Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс гаргасан хүсэлт,

/хх-ийн 94 дүгээр тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нарыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Эрдэнэчулуун гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-94/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар ялаас чөлөөлж,  4 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нар нь цагдан хоригдсон хугацаагүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Мандахбаярын Гансэлэм, Боржигон овогт Цадмид-Ёндонгийн Эрдэнэбаатар нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нарыг ялаас чөлөөлсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нарыг 4 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг ялтан С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гансэлэм, Ц.Эрдэнэбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ