Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1217

 

 

 

 

 

 

 

 

 

ЖУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ЖУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 141 374 956 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн Жнь “А” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2014/36 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК-д нийт 100 000 000 төгрөгийг, жилийн 3,3 хувийн хүүтэй, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 60 сарын хугацаатайгаар, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон.

Гэвч зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөлгүй, зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан тул тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 99 949 990 төгрөг, алдангид 37 901 292 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 137 871 282 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай 2014 оны 11 дүгээр сарын сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг зээлж, Б.Ариунболдын өмчлөлийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан.

Гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан боловч 12 дугаар сарын 24-ний өдөр дансаар мөнгөн хөрөнгө орж ирсэн. 100 000 000 төгрөгийн зээлийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Үндсэн зээлээс 50 010 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдэл 99 949 990 төгрөгийг төлөөгүй болохоо зөвшөөрч байна.

Хүүний төлбөр нэхэмжлээгүй байна гэж ойлгосон.

Харин алданги болох 37 901 292 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр манай байгууллагыг төлөөлж гарын үсэг зураагүй, мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан.

Зээлийн гэрээнд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан байгаа боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хүчин төгөлдөр бус учраас алданги тооцох боломжгүй юм. Тиймээс үндсэн зээлийн төлбөр 99 949 990 төгрөг, нотариатын зардал баримтаар тогтоогдсон 12 000 төгрөг, нийт 99 961 990 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 137 863 282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖУТҮГ олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Ариунболдын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 84 дүгээр гудамжны 01 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, 126 м.кв талбайтай, нэг давхар, улсын бүртгэлийн Ү-2201013700 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18631311932373 дугаартай, 620 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2201002177 дугаартай өмчлөлийн газар зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 847 266.41 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг бодитоор үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй...” гэсэн атлаа энэ нь зөвхөн хариуцагч талд хамааралтай мэтээр дүгнэсэн нь алдаатай.

Нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргахдаа Зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх бүрдэл болсон тооцоолол дутуу баримтыг гаргаж өгсөн байдаг ба хариуцагч талаас хүсэлт гаргаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн үлдсэн хэсгийг шаардсан боловч нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэгч талыг нэхэмжлэл, түүний шаардлагаа бүрэн нотлоогүй гэж үзнэ.

Хариуцагч талд Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг анхнаасаа гаргаж өгөөгүй байдаг ба эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулж 2 талаас зурсан гарын үсэг, тамга тэмдэгтэй баримт байхгүй. Иймд алданги тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Түүнчлэн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад гэрээний үүргээс үүдэн гарсан шаардах эрх дуусгавар болно, мөн гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд алданги тооцохгүй.

Нэхэмжлэгч талаас Зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримт нь баталгаажаагүй, хэргийн зөвхөн нэг оролцогч талаас дангаар гаргасан баримт учраас нотлох баримтын хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд тусгагдсан зээлийн хүүг нэхэмжлээгүй байдаг ба шүүх хуралдааны явцад мөн хүү авах эрхээсээ татгалзсанаа илэрхийлсэн. Харин хариуцагч талыг зээлийн хүүнд 8,325,837 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрдөг.

Иймээс нэгэнт анхнаасаа зээлийн хүү нэхэмжлээгүй, мөн шүүх хуралдаан дээр хүү авах эрхээсээ татгалзсан тул үндсэн зээлээс нэхэмжлээгүй хүүг суутгах ёстой. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн үлдэгдэл 99 949 990 төгрөгөөс төлөгдсөн зээлийн хүү 8 325 837 төгрөгийг хасаж, үлдэгдэл 91 624 153 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч ЖУТҮГ нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 137 871 282 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 99 961 990 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

ЖУТҮГ болон “А” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2014/36 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь жилийн 3,3 хувийн хүүтэй, 100 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Б.Ариунболдын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201013700 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 84гудамж, 1 тоот хаягт байрлах 126 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2201002177 дугаартай 620 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 11-20/

 

Зээлийн гэрээний 2.1.3-д зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг буцаан төлөхөөр тохиролцож гарын үсгээ зурсан, хариуцагчаас эргэн төлөлтийг хуваарьт гарын үсэг зураагүй нь уг тохиролцоог үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хариуцагчаар “А” ХХК-ийг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь зөв боловч барьцааны гэрээний барьцаалуулагч нь иргэн Б.Ариунболд болох нь барьцааны зүйл болох орон сууц, газар өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсанаар тогтоогдож байна.

 

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нь уг хөрөнгийн өмчлөгч болох Б.Ариунболдыг оролцуулах эсэхийг тодруулаагүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт, алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                         

                               ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА