Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2021/ДШМ/750

 

 

      

 

 

 

    2021            8             17                                         2021/ДШМ/750                             

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч С.Базарханд, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Гт холбогдох эрүүгийн 2010 00595 0296 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б-ын Г, .......... оны .... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “................” нэртэй салонд үсчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................... дүүрэг .... дугаар хороо, ..................... дүгээр гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

            Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод иргэн Э.Утай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар хэвлийн хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж, хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б-ын Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч И овогт Б-ын Гыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч. Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ажлын хэсэг нь 18.5 см, бариулын хэсэг нь 13 см нийт 31.5 см урттай ногоон өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу”-ийн хэлбэрийг санаатай буюу болгоомжгүй гэж хуульчилж өгсөн байна. Эрүүгийн 2010 00595 0296 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн хэлбэр нь санаатай эсвэл болгоомжгүй гэмт хэргийн ямар хэлбэрийг хангаж байгааг анхан шатны шүүх тогтоож чадсангүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягтлан үзэхэд хэргийн гол гэрч Э.Я нь “...Б.Гыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байсан, Г хохирогчийг цаашаа бай гэж орилж байсан...” гэж мэдүүлсэн байна. Цээжээр нь тэвэрсэн байхад яагаад хутганд өртөв, цаашаа бай гэж сануулсаар байхад хохирогч яагаад очих болов. Хохирогч анх мэдүүлэхдээ хутагтай байсныг хараагүй юм шиг мэдүүлэг өгсөн, хохирогчийн хувьд согтолт бага байсан, хутгатай байгааг мэдсэн бол очихгүй зугтах боломжтой байжээ гэж дүгнэж байна. Хохирогч мөн тэнд байсан хүмүүс гэж олон тоон дээр ярьсан ба хүнд гэмтэл учирсан байхад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн “Нотолбол зохих байдал”-ын 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг үнэн зөв тогтоож чадсангүй гэж үзэж байна.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж заасан байна. Б.Гын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн гомдол, саналгүй зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж шийтгэл оногдуулах боломжтой хуулийн заалтыг хэрэглээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах, эсвэл хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Хохирогчоос “гомдол, саналгүй” гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Г “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч П.Гансүхтэй адилхан байр суурьтай байна.” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэх дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, зүйлчлэл дээр маргаж байсан. Хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод иргэн Э.Утай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар хэвлийн хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж, хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Уын “...Г гэх залуу намайг үгээр өдөөд байсан. ...өдөөд байхаар нь би айлд хэрэлдээд яах вэ орц руу гаръя гэсэн. Надтай зууралдаж байснаа гал тогооны өрөө рүү яваад орсон. Тэнд байсан хүмүүс Г гэх хүнийг болиулах гэж оролдож байхад хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан, ...надаас цус гарч эхлэхэд хажууд байсан Урангоогийн найз түргэн дуудсан. ...Миний биед мэс засал хийлгэсэн хэсгээр их өвдөж байгаа....” /хх 13-15, 16-17/,

гэрч Э.Яын “...“хоёулаа орц руу гаръя” гээд У гэж залуугийн дуу гараад байхаар нь би ...гал тогооны өрөө рүү орсон. У гэх залуу манай найз Г хоёр муудалцаад өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би Уыг “та болио” гээд түлхэхэд тэрээр коридор луу гутлаа өмсөх гээд явсан. Тэр хооронд би Гыг “андаа болиоч дээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал У гутлаа өмсөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Гыг гал тогооны плитканы хажууд цааш нь түлхээд “боль” гэхэд Гын гар ард нь байж байгаад плитканы хажууд ...жижигдүү хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд У луу орилоод байсан. Гыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад ...Г баруун гартаа хутга барьсан гараараа “хөөе чи цаашаа бай л даа” гээд гараараа миний зүүн гарны суган доогуур хөдлөх шиг болоход У “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлсэн. Цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хэвлий хэсгээс нь цус гарсан байсан...” /хх 18-20/,

гэрч Л.Дгийн “...унтлагын өрөөнд хүн орилоод байхаар нь босоод очтол У гэдсээ дараад зогсож байхаар нь цамцыг нь сөхөөд харахад цус гарсан, гэдэс дотор өөх нь гарсан харагдаж байсан...” /хх 21-22/,

шүүгдэгч Б.Гын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...У надтай гарч зодолдоно гээд байхад манай найз Я намайг хориглож гал тогооны өрөө рүү оруулахад би ширээн дээр байсан хутгыг аваад тухайн эрэгтэй хүний хэвлий хэсэг рүү хутгалсан. ...Уын биед учирсан гэмтлийг би хутгаар нэг удаа хэвлий хэсэг рүү нь дүрж учруулсан. У миний биед халдсан зүйл байхгүй...” /хх 68-71/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3657 дугаартай шинжээчийн “...Э.Уын биед хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл тогтоогдлоо, гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх 36-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1752 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 45/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 00:20:03 цагт “хэвлийдээ хутгалуулсан гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /хх 2/,

2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Гт 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэн атлаа энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй орхигдуулжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж, “...хохирогчоос гомдол, саналгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэж өөрчилж тус шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, тус зүйл, хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус заасан бөгөөд прокурор Б.Одонтуяа нь “...анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, зүйлчлэлийг зөвшөөрөхгүй маргаж байсан тул хэрэглэх боломжгүй...” гэх тайлбарыг гаргаж байх боловч шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрх нээлттэй.

Иймд шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн гомдол, саналгүй байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарагдаж байх тул түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч И овогт Бын Гыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                                           

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ