Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00788

 

А.Борхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа. Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01593 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар магадлалтай,

А.Борхүүгийн нэхэмжлэлтэй

“Кёнжин архитектор номад” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Борхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Кёнжин архитектор номад” ХХК-д орчуулагчаар ажилд орохдоо эхний 3 сарыг туршилтын хугацаагаар ажиллуулахаар гэрээ байгуулсан бөгөөд туршилтын хугацаа дуусаагүй байхад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг жинхэлж дахин байгуулсан. Би ажиллаж байх хугацаандаа ажлын байрандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж ажилладаг байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажил тарах цагийн үед ерөнхий захирал Жу Чан Гуны тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг тасгийн дарга мэдэгдсэний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг ажлаас халсан тушаал гарсан. Уг тушаал хуулийн ямар үндэслэл журмаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар огт дурдаагүй байсан. Өөрөөр хэлбэл намайг хуульд заасан ямар нэгэн үндэслэл журмын дагуу ажлаас халаагүй. Энэ бүгд ажил олгогчийн өөрийн дур зоргоор буюу үзэмжээр шийдсэн явдал болсон. Тушаал нь тушаалд тавих шаардлагыг хангаагүй. Иймд захирлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих бичилтийг хийлгүүлэх даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Борхүүтэй 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан бөгөөд гэрээний 1.7-д тодорхой бус хугацаагаар ажиллах болон тогтсон хугацаагаар ажиллах тохиолдолд хоёр тал тохиролцож хугацааг тодорхойлж өгөх ба түүний шалтгааныг бичиж өгөх болно. Ажил олгогч ба ажилтан нь тохиролцон гэрээг сунгах ба гэрээг дууссаны дараа 1 жилээр автоматаар сунгагдах болно гэж заасны дагуу орчуулагчаар ажиллаж байсан А.Борхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон талаар нэг сарын өмнө мэдэгдсэн. А.Борхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хөрөнгө оруулагч, захирал ирсэн даруйд буюу 17 цагт компанийн конторт ажилтан н.Номингийн хамт уулзалт хийсэн бөгөөд тухайн уулзалтаар цаашид хөдөлмөрийн гэрээг сунгагдах боломжгүй талаар мэдэгдэж, түүнийг эзгүйд болсон явдлын талаар уучлалт гуйгаад 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах боломжтой, ажиллахгүй байсан ч 2015 оны 12 дугаар сарын цалинг бүтэн олгох талаар хэлэхэд А.Борхүү нь би иймэрхүү сэтгэлээр ажиллах боломжгүй гэсэн бөгөөд бид тухайн уулзалтаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө ажилтны санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөгдөж байна гэж үзсэн. Уулзалтаар А.Борхүү нь нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд ажлаас гарсан тушаал хэрэгтэй байна, хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар гаргаж өгвөл сайн байна, туслаач гэж санал тавьсны дагуу уг хүсэлтийг харгалзан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 005/1 тоот тушаалыг гаргаж өгсөн. Гэтэл А.Борхүү нь нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж авах нэрийдлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг итгэл эвдэн, хууран мэхлэх аргаар гаргуулан авч бидний эсрэг ашиглаж байна. Манай компани А.Борхүүгийн 2015 оны 11, 12 дугаар сарын цалинг өгсөн нь 2015 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын тайланд тусган даатгал, шимтгэлийг холбогдох хуулийн дагуу суутган бодсон нь А.Борхүүд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр компанийн [email protected] гэдэг и-мэйл хаягаас [email protected] и-мэйл хаяг руу мэдэгдсэн бөгөөд тухайн цалинг ажил хүлээлцсэний дараа гарт олгох тухай ч мөн мэдэгдсэн. Манай компани А.Борхүүг ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөөгүй, 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, сунгах боломжгүйг мэдэгдсэн тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01593 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Борхүүг “Кёнжин архитектор номад” ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Кёнжин архитектор номад” ХХК-аас 3 660 210 төгрөг гаргуулж А.Борхүүд олгож, А.Борхүүд олгох мөнгөнөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 73 513 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...3 660 210 төгрөг...” гэснийг “...2 986 778 төгрөг...” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...73 513 төгрөг...” гэснийг “...62 738 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 513 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу хариуцагч нь А.Борхүүтэй хөдөлмөрийн гэрээг анхнаасаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байсныг, А.Борхүүтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь тухайн үед компанийн хэрэгжүүлж байсан төслийн хугацаагаар байгуулсан байсныг, мөн 2015 оны 12 дугаар сард тус төслийн хугацаа дуусаж, цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар туршилтын хугацаа 6 сараас илүүгүй байдаг, ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба эхний 2 cap туршилтын хугацаа гэж заасан, мөн гадаад захиралтай гадаадын хөрөнгө оруулалттай компанид орчуулагч зайлшгүй шаардлагатай зэрэг байдлуудаас үзэхэд орчуулагчийн орон тоо байнгын орон тоо байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл гадаад захиралтай гадаадын хөрөнгө оруулалттай компанид орчуулагч зайлшгүй шаардлагатай гэж хийсвэрээр дүгнэсэн нь буруу. Хариуцагч нь хоёр шатны шүүхэд гаргасан тайлбартаа “А.Борхүүд хөдөлмөрийн гэрээний дуусах хугацаагаар буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлсийг нь тооцож олгоно гэдгээ, цалингаас төлөгдөөгүй байгаа 1 411 195 төгрөгийг төлнө” гэдгээ, мөн А.Борхүүгийн ажиллаж байсан төслийн хугацаа дууссан, цаашид ажил олгогчийн зүгээс А.Борхүүд олгох ажил байхгүй, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэдгээ илэрхийлсэн ч шүүх энэхүү бодит нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй. Энэ талаар шүүхэд тайлбараа гаргаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий захирал А.Борхүүг дуудан ажилтан А.Номингоор орчуулуулж биечлэн уулзан А.Борхүүг хөдөлмөрийн гэрээний хугацааг дуустал компанид ажиллах боломжтой, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуустал цалинг бүрэн олгоно гэж амласан хурлын тэмдэглэлийг илгээж байсан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байтал тухайн нотлох баримт, тайлбарыг огт харгалзаж үзэлгүйгээр, А.Борхүүгийн итгэл эвдэн худал хэлж авсан тушаалыг нотлох баримтаар үнэлж, хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусаагүй байхад ажлаа дураараа орхин явсан, ажлынхаа үр дүн, гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэж өгдөггүй ажилтныг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа нь харамсалтай, үнэнд нийцэхгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үнэн бодит байдлыг харгалзан үзэлгүйгээр, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэт нэг талын барьсан, хариуцагчийг илтэд хохироосон, ажилтны хариуцлагагүй, бусдын итгэл эвдсэн үйлдлийг дэмжсэн шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Иймд магадлалын тогтоох хэсгийг 1-д “шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэсэн заалтыг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч А.Борхүү нь хариуцагч “Кёнжин архитектор номад” ХХК-д холбогдуулан орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  эсэргүүцэж маргажээ.

Хариуцагчийн зүгээс “хөдөлмөрийн гэрээ 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд  гэрээг сунгахгүй талаар 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэрээний хугацаа дуустал ажиллахгүй ч цалинг чинь олгоно, эсвэл ажиллаж байгаад гарч болно гэхэд А.Борхүү нь ийм сэтгэлээр ажиллаж чадахгүй гэж хэлсэн, Тэрээр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж хэрэгтэй байна гэхээр нь 2015 ны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тушаал гаргаж өгснийг бидний эсрэг ашиглаж байгаад харамсаж байна. Гэрээний хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор байх ба энэ хугацаа дуусахаас өмнө 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчийн зүгээс гэрээг цуцалсан, дээрх тушаал хуулийн үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн нэг болох гэрээний хугацааг тохирсон талуудын тохиролцоо, түүний үндэслэлийг анхаараагүй байна.

Хариуцагч байгууллагын захирал гадаадын иргэн учраас орчуулагчийн албан тушаалыг байнгын ажлын байр гэж үзэх нь өрөөсгөл болохоос гадна хөдөлмөрийн гэрээний 1.7-д хоёр тал тохиролцож, шалтгаан нөхцөлийг зааж, гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэхээр тогтоосон байна. Талууд дээрх байдлаар гэрээний хугацааг сунгаагүй бөгөөд гэрээг цуцалсан ажил олгогчийн үйлдэл хуульд нийцээгүй нь гэрээг сунгах үндэслэл болохгүй юм.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах боломжгүй, харин гэрээ дуусгавар болох хүртэлх авах байсан цалин хөлс, тэтгэмжийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт, цалин олгосон баримтаас үзэхэд сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1 019 299 төгрөг байсан байх ба нэг өдрийн цалин нь 47 410 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 13 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын 34 хоногт нэхэмжлэгч нь 1 611 940 төгрөгийн олговор авахаар байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгохыг хариуцагч маргаагүй тул нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 019 299 төгрөг, нийт 2 631 239 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан хариуцагчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан хариуцагч “Кёнжин архитектор номад” ХХК-аас 2 631 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Борхүүд олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтад “...73 513 төгрөг...” гэснийг “...57 049 төгрөг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч “Кёнжин архитектор номад” ХХК-ийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                                                    

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА