| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/1062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/973 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/973
2025 10 29 973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2508043121785 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, Б.Г (РД:...).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2100 цагийн үед ... тоотод хохирогч Х-ыг “өөрийн охины гэр бүлийг үймүүлсэн” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараар хэд, хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х-ын өгсөн “Би П гэдэг эмэгтэйтэй 2019 онд танилцаж, дотно харилцаатай болсон ба одоо сардаа ойролцоогоор 5 удаа уулздаг, ихэнхдээ өөрөө над руу залгаж, уулзъя гээд өөрөө хүрээд ирдэг байсан. Өнөөдөр буюу 2025 оны 09 сарын 03-ны өдөр бид хоёр уулзахаар болоод 20 цагийн үед ... хорооллын ойролцоо уулзаад өөрийн төрсөн ах Т-ын ... хотхонд байдаг байр руу явсан /... тоот/. Тэгээд бид хоёр хоёулаа тухайн байранд хэдэн шил пиво уугаад, би дусал хийлгүүлээд байж байтал над руу нэг залуу залгаад “машиныг чинь мөргөчихлөө, гараад ирээч” гэхээр нь би хаалгаа нээгээд гарах гэтэл нэг үл таних залуу намайг түлхээд унагаасан ба араас нь нэг 50 орчим настай ах намайг босгоод гал тогооны өрөө рүү түлхэж оруулаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа хүчтэй цохиж миний хамар амнаас цус гарсан. Тэр үед Пын нөхөр гэх залуу П руу уурлаж, тэр хоёр орилж хашхичаад байсан ба удалгүй П-ын ээж нь гэх 50 орчим насны эмэгтэй гал тогооны өрөөнд орж ирээд намайг 2-3 удаа алгадсан, бас араас нь Пын нөхөр нь орж ирээд миний хөл хэсэг рүү хэд хэдэн удаа хөшиглөсөн. Тэр үед миний төрсөн охин Энэрэл над руу залгаад “аав хэзээ ирэх юм, дуслаа хийлгэж болсон юм уу” гэхээр нь би “аав нь удахгүй очно” гэж хэлээд тасалсан ба намайг зодсон 50 орчим настай ах гар утсаа өгч бай гээд миний гар утсыг аваад “чи эхнэр хүүхэдтэй л юм байна шүү дээ” гэхээр нь би “надад эхнэр байхгүй, би нэг охинтой” гэж хэлэхэд тэр ах, эгч хоёр “танай аав, ээжтэй чинь яръя, утасныхаа кодоо хэл” гэхээр нь би хэлэхгүй байсан чинь тэр ах миний нүүр рүү хэд хэдэн удаа алгадсан, тэгээд тэр ах надтай юм яриад байж байтал гаднаас нэг өндөр шар залуу орж ирээд над руу дайраад намайг заамдаад авсан ба тавихгүй байхаар нь нөгөө 50 орчим настай ах тэр залууг “боль чи, яах гээд байгаа юм, цаашаа гар” гэж загнаад хөөгөөд гаргасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь хуудас), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0725/239 дүгээр “1. Х-ын биед уруулд шарх, хамарт зулгаралт, баруун талд зулай, чамархай, хацар, уруул, эрүү орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр, хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь хуудас) зэрэг нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Х Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “Ч.Х миний бие өөрт учирсан хохирлоо мөнгөн дүнгээр барагдуулж авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх (хх55) хүсэлтийг бичгээр гаргасан, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, санал байхгүй” гэх тайлбар гаргасан, шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “эмчилгээний зардалд 300,000 төгрөгийг хохирогчид төлсөн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ