Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/00863

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* хороо, ******* ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг,******* хороо, ******* ******* хаягт оршин суух, Гомбо овогт ******* /*******/-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ******* ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус цэвэршүүлэгч, уурын ариутгал, агаар цэвэршүүлэгч, албан газар, аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний олон төрлийн төхөөрөмжүүдийг худалдан борлуулдаг билээ. Иргэн ******* нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. ******* нь 5,500,000 төгрөгний үнэ бүхий Vaporello Lecoaspira FAV80 Turbo ус цэвэршүүлэгч, Steam Disinfector шүүгч төхөөрөмжүүдийг худалдаж авахдаа эхний төлөлт 500,000 төгрөгийг үлдсэн төлбөрийг 10 сарын туршид 500,000 төгрөгийг сар бүрийн 20-нд төлж дуусгах нөхцөлтэйгээр тохиролцон гэрээ байгуулсан.

Үүний дараа ******* нь дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд: 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сараас хойш огт төлөөгүй юм.

Гэрээний 6.3-д үнийн дүнгийн 0.1%-иар алданги тооцохоор заасан ба тооцож үзвэл 2 жил 9 сар буюу 990 хоног өнгөрсөн байна. Алдангийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрүүлэхгүй гэснээр үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилсэн.

Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ алдаа гаргаж, үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, алданги нийт 3,000,000 төгрөгийг гаргуулах гэж бичсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр 3 хоногийн дотор бүтээгдэхүүнд ямар нэгэн доголдол гарвал доголдлыг арилгаж завсар үйлчилгээг хийж өгнө гэж заасан. Үүний дагуу *******ийн дуудсан даруйд очиж, маш олон удаа гэрийг нь цэвэрлэж байсан. Мөн түүнтэй үлдэгдэл төлбөрийг 1,000,000 төгрөг болгож, уг төлбөрийг бартериар хийх талаар ярьсан зүйл байдаг боловч ийм хугацааны эцэст бартериар төлүүлэх боломжгүй. Үндсэн төлбөрийг гэрээнд заасан хугацааны явцад тэгж ярилцаж байсан боловч одоо ийм хугацааны дараа бартер тохиролцох боломжгүй. Түүнээс гадна *******ийн үлдэгдэл төлбөрийг бартериар төлөх талаарх хүсэлт бичгээр тус компанид ирж байгаагүй, манайд тийм хүсэлт байхгүй.

******* нь төхөөрөмжийг эвдрээгүй гэж өөрөө хэлдэг мөртлөө муу сорж байна гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл тэрээр барааг худалдаж авахдаа маш сайн үзэж авах ёстой байсан бөгөөд барааг хүлээлцсэн акт үйлдсэн. Гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээж аваад 1 сарын дотор эвдрэл гэмтэлтэй бүтээгдэхүүн байвал, үнийн дүнгийн 10 хувийн шимтгэлийг суутгаад барааг буцааж авна гэсэн байдаг. Гэтэл ийм зүйл огт байхгүй.

Тус компани нь POLTI компанитай байгуулсан эрмэлзлийн санамж бичиг буюу тухайн компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр уг бараа бүтээгдэхүүнийг борлуулсан. 2 компани хооронд байгуулсан нууцлалтай гэрээ нь энэ хэрэгт хамааралгүй юм.

Иймд *******ээс бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн ******* миний бие 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* ХХК-иас POLTI гэх тоос сорогч, уураар хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 500,000 төгрөгийн урьдчилгаа төлж, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцож 5,500,000 төгрөгөөр худалдан авсан. Гэвч өртэй байхыг хүсээгүй учраас сар бүр 1,000,000 төгрөгийг төлөөд хурдан төлбөрийг барагдуулж нийт 3,500,000 төгрөгийг төлсөн.

Гэвч худалдан аваад 1 сар хүрээгүй байхад тоос сорогч нь дуу чимээ гаргах нь ихсэж, хогоо гүйцэд сорохгүй, буцааж хогоо асгах, нарийн тоос сорохгүй, хивсний доор их хэмжээний нунтаг хог үлдээх, уураар цэвэрлэхэд бохироо гүйцэд сорохгүй байх гэх мэт анх тухайн компанийн борлуулагчийн ярьж, рекламдсанаас шал өөр, маш муу байсан. Үнэндээ ийм наад захын шаардлага хангахгүй тоос сорогч авсандаа маш их харамссан. Тиймээс танай бүтээгдэхүүнд үнэхээр сэтгэл ханамжгүй байна гэдгээ борлуулагчид хэлж, борлуулагч манайд ирж, тоос сорогчийг баахан оролдож байгаад л явсан. 2019 оны 12 сард худалдан аваад 2020 оны 03 сар хүртэлх хугацаанд энэ тоос сорогч нь үнэхээр наад захын 100,000 төгрөгийн үнэтэй тоос сорогчноос ч муу, ашиглахад бэрхшээлтэй байсан тул тухай бүрд нь холбогдож хэлэхэд , нар хамтдаа 1 удаа, эхнэртэйгээ 1 удаа, ганцаараа 3 удаа манайд ирж тоос сорогчийн бодит байдлыг үзэж танилцдаг байсан. Гэвч тоос сорогч хогоо үлдээдэг, дутуу сордог, хоолойд нь хог нь тээглээд гардаггүй гээд доголдлуудыг арилгаж өгөөгүй.

Тиймээс бидний байгуулсан Худалдах худалдан авах гэрээнд заасан Худалдагч талын үүргийн хүрээнд тухайн бүтээгдэхүүнийг солих эсвэл засварлаж өгөх шаардлагыг би гэрээний хүрээнд тавьж, тус гэрээний 7.1-д заасны дагуу шаардлага тавьж, төлбөр төлөхөөс түдгэлзсэн.

Хэдийгээр тухайн үед хөл хориотой байсан ч гэсэн тухайн компанийн зүгээс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, надаас ч үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаагүй таг чиг алга болсон. Тиймээс би арга буюу 2021 оны 12 сарын 21-ний өдөр тус компанид гомдол гаргаж, бүтээгдэхүүн буцааж, урьдчилан төлсөн 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл борлуулагч над руу утасдаад үлдсэн төлбөр болох 2,000,000 төгрөг үлдсэн, одоо 1,000,000 төгрөгийг л төлчих, гэхдээ бэлнээр авахгүй, бартардий, та орчуулагч юм чинь, манай компанид орчуулгын үйлчилгээ хийж өгөөд төлчих, дахиж бэлнээр мөнгө авахгүй гэж надад хэлсэн. Энэхүү гэрээний 5.4-д заасны дагуу талууд төлбөр төлөх хугацаа болон төлбөрийн хэлбэрийг өөрчлөх зэрэг өөрчлөлт оруулж болно гэсэн байсан тул би саналыг зөвшөөрсөн. Гэхдээ нэгэнт би маш үнэтэй тоос сорогч авсан учраас заавал хэвийн ажиллагаатай, анх рекламдсан шиг сайн чанартай, доголдолгүй болгож өгөхийг хүссэн.

Гэтэл 2022 оны 1 сараас хойш надтай холбогддог байсан дугаар холбогдох боломжгүй болж дахин болон нартай холбогдож чадаагүй, гэрээнд энэхүү бүтээгдэхүүний баталгаат хугацаа 3 жил гэж заасан тул баталгаат хугацаа дуусахаас өмнө асуудлыг шийдүүлэх гээд шүүхэд хандах гэсэн боловч гэрээ байгуулсан хаягаар очиж шалгахад ийм компани тус хаяг дээр байхгүй байсан тул эрэл мухардсан.

Үнэндээ бол энэ тоос сорогчийг худалдан авснаас хойш 1 сар ч ашиглаж амжаагүй байхаас эхлэн асуудал үүссэн. Гэрээний 7.2-т зааснаар өөрсдийн шинжээчийг оролцуулж энэ бүтээгдэхүүнийхээ доголдол, гэмтэл асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж өгөх ёстой байсан боловч тус компани гэрээнд заасан үүргээ зөрчиж, төлбөрийн нөхцөлийг тохиролцож гал унтраагаад сураггүй алга болсон.

Гэтэл тус компани нь тухайн бүтээгдэхүүний баталгаат хугацааг дуусах хүртэл /тус гэрээний 2.1-д заасан баталгаат хугацаа 3 жил байна/ санаатайгаар өөрсдөө ор сураггүй болж таг алга болж байснаа гэнэт хохирогчийн дүрээр гарч ирж, ямар ч үндэслэлгүй хүүтэй мөнгө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөвхөн би л энэ тоос сорогчоо засаж өгөөчээ, хүн явуулаач, гэрээнд заасан үүргээ биелүүлээч, 3,500,000 төгрөгөө буцааж авъя гэх мэтээр залгаж, мессэж бичиж араас нь хөөцөлддөг байсан. Хамгийн сүүлд борлуулагч үлдэгдэл төлбөрийг орчуулгын хэлбэрээр бартердаж төлж болно гэж хэлснээс өөрөөр дахин надтай тус компанийн зүгээс утасдаж, холбогдож, төлбөр төлөх талаар нэг ч удаа холбогдож байгаагүй.

Миний хувьд дугаарыг тасралтгүй 15 жил ашиглаж байгаа бөгөөд нэг ч удаа хаалттай байлгаж үзээгүй. Дандаа нээлттэй, ашиглаж байсан. Тус компани миний утсаар холбогдоод асуудлыг гэрээнд заасны дагуу харилцан тохиролцох, шийдвэрлэх хангалттай хугацаа байсан.

Өнгөрсөн хугацаанд би тус компанид энэхүү Худалдах худалдан авах гэрээнд заасан шаардлагуудыг л тавьж байсан. Тус гэрээний 7.3-д зааснаар бүтээгдэхүүнийг өөр адил нэр төрлөөр сольж өгөх боломж байсан. Мөн гэрээний 7.4-д заасны дагуу бартерын нөхцөл болон бусад төлбөрийн нөхцөлүүдээр тохиролцох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг бүх боломж нээлттэй байсан атал тус компани энэхүү Худалдах худалдан авах гэрээндээ заасан нэг ч заалтыг ашиглаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, албан ёсоор шүүхээс өмнө уулзаж тохиролцоогүй мөртлөө шууд шүүхэд хандаж байгаа нь шударга бус гэж үзэж, тус компанийн нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн түүнчлэн тус компани нь чанаргүй, доголдолтой бүтээгдэхүүн гэдгийг мэдсээр байж аман сурталчилгаа хийж, манай гэр лүү бэлтгэсэн борлуулагчаа явуулж, янз бүрээр ятгуулж, янз бүрийн зовлон ярьж, янз бүрийн аман реклам хийсээр байж энэхүү тоос сорогчтой адил төрлийн бүтээгдэхүүнээс 10 дахин илүү үнээр надад худалдсаныг нь залилан мэхлэх арга байсан гэж үзэж байна.

Тус компанийн бүтээгдэхүүнд үнэхээр сэтгэл ханамжгүй, худалдан авсандаа харамсаж байна. Мөн бидний байгуулсан гэрээний хүрээнд шийдвэрлэж болох асуудал гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэлд 1,000,000 төгрөг гэж бичсэн мөртлөө төлөөлөгч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Уг нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй, үлдэгдэл төлбөрөөс 1,000,000 төгрөгийг бартериар төлөхийг зөвшөөрч байна. Тухайн үед үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг болгоод, энэхүү төлбөрийг бартериар төлөх боломжтой гэж н.тай тохирсон. Түүнтэй утсаар ярьж тохирсон бөгөөд энэхүү хүсэлтээ бичгээр ******* титан ХХК-д явуулж байсан. Эднийхээр өөрийн гэр орноо цэвэрлүүлээд байсан зүйл байхгүй. Бүтээгдэхүүн одоо манайд байгаа бөгөөд тэр нь эвдэрхий бус, доголдтой бус, гагцхүү тоосоо маш муу сордог.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийг бартериар төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* титан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, ******* титан ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр т олгосон итгэмжлэл, дестрибьютерийн гэрчилгээ, эрмэлзлийн санамж бичиг, баглаа боодлын жагсаалт 12/12/2018, Европын холбоо гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 3-11, 42-48/ ,

хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 27-29/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* титан ХХК нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 1,000,000 төгрөгийг бартериар төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

-Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр ******* нь Vaporello Lecoaspira FAV80 Turbo ус цэвэршүүлэгч, Steam Disinfector шүүгч төхөөрөмжийг 5,500,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр төлөх,

******* ******* ХХК нь захиалагчийг урьдчилгаа төлбөрөө төлмөгц барааг хүлээлцэх актын дагуу хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ. /хх-ийн 7-9/

Гэрээний оролцогчид өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож, гэрээнд гарын үсгээ зурсан, энэхүү гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

-Гэрээний үүрэгт хариуцагч нь 2019.12.08-ны өдөр 500,000 төгрөг, 2020.01.27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020.02.29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020.03.27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 2,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй. /хх-ийн 10/

-Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тогтоосон хугацаанд барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул барааны үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг, гэрээний 6.3-т заасны дагуу тооцсон алданги 1,000,000 төгрөгийн хамт шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т Захиалагч энэхүү гэрээний 5.3 заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчид төлбөр төлөлтийн дүнгийн 0.1% тэнцэх алданги тооцох болно. Хоног тутмын алданги сар бүрийн төлөлтийн хамт тухайн өдөр төлнө гэж тохиролцжээ.

-Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний 5.4, 7.3, 7.4-т тус тус зааснаар төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, уг төлбөрийг бартериар буюу орчуулга хийх замаар төлөхөөр тохиролцсон, гэрээний биелэлттэй холбоотой маргааныг харилцан тохиролцох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, баримт бичгүүд солилцох журмаар шийдэх талаар торхиролцсон тул 1,000,000 төгрөгийг бартериар төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөввшөөрөхгүй гэж маргасан.

Гэрээний 5.4-т Талууд зөвхөн харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөр хийх хугацааг сунгах, төлбөрийн хэлбэрийг өөрчлөх зэрэг өөрчлөлтийг оруулж болно,

7.3-т Гүйцэтгэгч ба Захиалагч барааг хүлээн авсан Акт үйлдэж худалдах-худалда авах гэрээнд гарын үсэг зурсаны дараа ямар нэг үйлдвэрийн гэмтэл, согог илэрсэн нөхцөлд Гүйцэтгэгч барааг өөр адил нэр төрлийн адил үнэ бүхий бараагаар солино,

7.4-т Гэрээнд оролцогч талууд энэхүү гэрээний биелэлттэй холбоотой маргааныг харилцан тохиролцох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, баримт бичгүүд солилцох журмаар шийдэхийн тулд бүх аргыг ашиглан хэлэлцээр хийнэ гэжээ. /хх-ийн 8/

-Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр худалдагч нь худалдан авагчийн дэргэд төхөөрөмжийн хүчин чадал, үйлдлүүдийг бүрэн хэмжээнд үзэж шалган танилцуулсан бараа хүлээлцэх акт №0085018148 BS46 гэх баримт үйлдэж, уг баримтад бараа чанар хангасан, бүрэн болохыг тусгаж, барааг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талууд гарын үсгээ зурцгаасан байна. /хх-ийн 9/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар худалдагч нь гэрээний зүйл болох бүтээгдэхүүнийг акт үйлдэн худалдан авагчид шилжүүлэн өгсөн, худалдан авагч нь ийнхүү акт үйлдэн хүлээн авснаас хойш уг бүтээгдэхүүнд ямар нэг үйлдвэрийн гэмтэл, согог илэрсэн, уг доголдлын улмаас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг 1,000,000 төгрөг болгон бууруулан тогтоож, ийнхүү үнийг бууруулан тогтоосны дагуу уг төлбөрийг бартериар төлөхөөр тохиролцсон гэх байдал нь тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаас үзэхэд талууд гэрээгээр барааны үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр бичгээр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.

Дээрх байдлаас үзэхэд худалдагч нь гэрээгээр тохирсны дагуу барааг акт үлйдэн худалдан авагчид хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд барааны үнийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний 6.3-т заасны дагуу алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч нь барааны үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, уг төлбөрийг бартериар төлөхөөр тохиролцсон, алданги төлөхгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* титан ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* титан ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* титан ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Б.ЦОЛМОНГЭРЭЛ