Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

2025         11         06                                      2025/ШЦТ/130

                                   

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е... овогт Э-ийн Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 11 сарын 06-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Г аймгийн А хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт амьдардаг, У.. хот, Х.. дүүрэг, ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Е... овогт Э-ийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Д аймгийн З сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлийн оочирт зорчиж байхдаа 2025 оны 06 дугаар сарын 06-ны оройн 18 цагийн орчимд оочир дайрсан гэх шалтгаанаар маргалдаж, Ш.О-ын цамцнаас татаж, машинаас газарт унаган хамар, шилэн хүзүү хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь умдаг ясны салаа, суудал яс зөрүүгүй хугарал, зүүн бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Д.. аймгийн З.. сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлийн оочирт зорчиж байхдаа 2025 оны 06 дугаар сарын 06-ны оройн 18 цагийн орчимд оочир дайрсан гэх шалтгаанаар маргалдаж, Ш.О-ын цамцнаас татаж, машинаас газарт унаган хамар, шилэн хүзүү хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь умдаг ясны салаа, суудал яс зөрүүгүй хугарал, зүүн бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ш.О-ын мэдүүлэг /хх-ийн 76/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 22-23/, хохирол төлсөн баримт /хх-ийн 27, 40-41/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн ДОГО... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 сарын 29-ны өдрийн ЕГО825/... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн  судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирлын хувьд:

Хохирогч нь нийт ... төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан, шүүгдэгчийн зүгээс нийт ... төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч байгууллагад ... төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлэхийн баримт /хх-ийн 27/,  хохиролын тооцоо /хх-ийн 38/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн ЕГО825/... дугаартай дүгнэлтээр амь хохирогчид сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд /хх-ийн 57-59/ хамаарч байх бөгөөд хохирогч нь шинжээчийн тогтоосон зэрэглэлийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй /хх-ийн 64/ болох нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Гэмт хэрэг 2025 оны 06 сарын 06-ны өдөр гарсан байх тул хохирогчийн сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хор уршигийн нөхөн төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй юм.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2025 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Э.Б-с гаргуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е... овогт Э-ийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Э.Б-аас 3,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.О-т олгосугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б