| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/00544/И |
| Дугаар | 101/ШШ2023/02028 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/02028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 72 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Амарын Мөнх-Эрдэнэ /РД:ТА96033011/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Олзвой 58 дугаар байр, 402 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Энхбатын Мөнхчулуун /РД:ЗЮ89101100/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,144,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ,
Хариуцагч Э.Мөнхчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 312 тоотод оршин суух Э.Мөнхчулуунтай уулзаж түүний өмчлөлд байх гэх 357 м.кв газартай 4х6 хэмжээтэй үл хөдлөхийн гэрчилгээтэй гэх байшинг үзэж 17,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн өдрөө 50% буюу 8,500,000 төгрөгийг 5032764757 /Э.Мөнхчулуун/ тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 8,500,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар болгоны 20-ны өдөр 1,417,000 төгрөг төлөх, эсхүл хугацаандаа төлөөгүй мөн буцаах тохиолдолд 1 сарын түрээсийг 350,000 төгрөгөөр тооцож авахаар гэрээнд тусгасан. Гэвч энэ дүн нь тухайн үеийн ханшаас хэтэрсэн үнийн дүн байсан.
Гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,417,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тогны мөнгөтэй хамт 1,450,000 төгрөг, нийт 11,367,000 төгрөг шилжүүлсэн.
Үлдсэн 5,633,000 төгрөгийг А.Мөнх-Эрдэнэ миний бие гэрээгээр тохирсон 9,10 дугаар сарын төлөлт 2,834,000 төгрөгийг төлж чадаагүй. Энэ хугацаанд Э.Мөнхчулуунд тухай бүрт өөрийн нөхцөл байдлаа тайлбарлаж өөрийнх нь зөвшөөрлийн дагуу төлбөр төлөх хугацааг сунгаж байсан.
Миний хувьд ажил зогсож мөнгөний эх үүсвэргүй болсон тул хашаа, байшинг зарах шийдвэр гаргаж, энэ тухайгаа Э.Мөнхчулуунд хэлж бид хоорондоо ярилцсаны үндсэн дээр 9 сараас зарын группт худалдах зар оруулж эхэлсэн.
Тэгтэл энэ хугацаанд Э.Мөнхчулуун нь “би өөр хүнд зармаар байна” гэхээр нь “миний мөнгийг гаргаж өгөх үү” гэхэд тэрээр “үгүй, би өөрөө зарна, надад сард сая төгрөг цувуулж өгнө” гэсэн. Тухайн үед Э.Мөнхчулуун нь байрны зээлийн урьдчилгаа төлбөрөө надаас авч байр нь бүтсэн ч надад ямар ч ашиггүй тул миний бие эс зөвшөөрч үгүй гэсэн цагаас хойш илтэд хавчиж эхэлсэн.
Анхнаасаа цахилгаан түгээхээс тогоо салгаж өгөхгүй байсан /угаасаа газрын гэрчилгээний хугацаа дууссан тул тог тусгаарлах боломжгүй гэдгийг Эрчим хүчний тухай хуулийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 291-р тогтоол гэрчилнэ/.
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4 дэх өдрийн өглөө 1 цагийн үед тог тасалсныг Э.Мөнхчулуунд хэлэхээр “мэдэхгүй” гэсэн, 2 цагийн үед дахиад залгахад “цас орсон болохоор утас нь салсан байх” гэсэн хариу өгсөн. Тэгээд би шөнө тог салаалдаг айлаас нь орж асуухад манайх цахилгаан халаагууртай танайхыг салгасан гэж хэлсэн.
Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э.Мөнхчулуун угаасаа тогийг чинь залгаж өгөхгүй гэж эцсийн шийдвэрээ хэлсэн, мөн байшинд байсан зуухыг авна гэж хэлээгүй мөртлөө гэнэт өвлийн улирал эхлээд гадаа хүйтэрсэн үед 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гал түлдэг зуухаа нэхсээр байгаад авсан.
Хичээл эхлэх үеэр хүүхдүүдийн минь хаяг шилжээгүйн улмаас халдвартад хуучин сургуульдаа хүйтэнд холоос явсаар байсан. Энэ шалтгаан нь газар өмчлөхөөр шилжээгүй учраас хаяг солих боломжгүй гэж хорооноос хэлсэн, үүнийг хорооны тодорхойлолтоор гэрчилсэн болно.
Анх хаалганы орц гарцаа шийдэж өгнө гэсэн боловч одоог хүртэл шийдээгүй, мөн хашаандаа 1 бие засах /нойлтой/ газартай байсан, манайх нойлын асуудлаа шийдэх хүртэл дундаа хэрэглэхээр болсон. Гэнэт нэг өглөө (9 сард) нөгөө айл дундуураа татсан төмөр хашааныхаа хаалгыг төмөр гинжээр боогоод түгжсэн байсан.
Эцэст нь зарах шийдэлд хүрч худалдаж авахаар эхнэр Одко 89360619, нөхөр 88834441 гэх хүмүүс холбогдон ирж хашаа байшинг үзээд машин оролцуулж авахаар тохиролцсон.
2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу 1 дэх өдөр худалдан авагч Одко, Мөнхчулуун, түүний нөхөр, мөн миний бие бид 4 уулзаад миний өгөх ёстой 5,633,000 төгрөгийг 6,000,000 төгрөг болгож өгвөл нэрийг шилжүүлье гэх Э.Мөнхчулууны саналыг миний бие зөвшөөрсөн.
Тэгээд дүүрэг дээр очоод газрынхаа нэрийг шилжүүлэх гэсэн чинь эднийх 2,000,000 төгрөгийг одоо өгөх юм бол шилжүүлж өгнө гэсэн боловч надад тэр өдөр 2,000,000 төгрөг олдоогүй, ингээд Э.Мөнхчулууны харилцаанаас болоод газар авах гэж байсан хүмүүс нь хэл, амтай юм байна, авахгүй гэж хэлсэн. Би газар шилжих боломжтой эсэхийг Газрын албанаас асуусан чинь нэр шилжих ямар ч боломжгүй, өнөөдөр хүртэл шилжих боломжгүй хэвээр байна.
Уг нь дээрх хүмүүстэй хашаа, байшинг 21,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, үүний 17,000,000 төгрөгт Prius 30 маркийн машин, 4,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байсан юм.
Э.Мөнхчулуун нь эрхийн зөрчилтэй газар худалдсанаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний хөрөнгөө хүлээн авах үүргийг зөрчиж өмчлөх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Түүнд газар эзэмших гэрчилгээ шилжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул түүнд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар үлдэгдэл мөнгийг би төлөхөөс татгалзсан болно. Тэрээр Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2-т зааснаар худалдагч уг доголдлыг арилгах, түүнтэй холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлоос үүдэн худалдан авагч тал гэрээг цуцлах эрхтэй, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас нөгөө талдаа учирсан хохиролыг арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасны дагуу эд хөрөнгийн доголдлоос үүдэн зарж борлуулах боломжгүй эд хөрөнгө болсон.
Мөн тоггүй, гал түлэх зуухгүй, нойлгүй, орц гарцгүй хүйтэн байшинд би эхнэр 5 хүүхэд, эмэгтэй дүүгийн хамтаар 8-уулаа амьдарч чадахгүй тул шүүх хуралдааны эцсийн шийдвэр гарах хугацааг таамаглан мөн цаг агаар дулаартал 5 сарын хугацаанд Налайх дүүргийн 5 хороо Гордок 72-12 тоот 39 м.кв байрыг сарын 1,000,000 төгрөгөөр /миний бие эхнэр, 5 хүүхэд, эмэгтэй дүүгийн хамт наймуулаа хот дотор 2-3 өрөө байр түрээслэхэд 1,400,000-1,800,000 байдаг тул/ 5 сарын хугацаанд 5,000,000 төгрөгөөр түрээслэн амьдрах шаардлага үүссэн.
Миний бие Их засаг олон улсын их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцдаг, сургалтын төлбөрөө өөрийн ажил зогссон тул хашаа, байшингаа зараад 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах хүсэлтийг сургуульд өгсөн байсан боловч хашаа байшин зарагдах боломжгүй, төлбөрөө төлж чадаагүйгээс болж хичээл сургалтын үйл ажиллагаанд хамруулах боломжгүй гэсэн шийдвэрийг сургалтын албанаас гарсан.
Хэрэв хашаа байшингаа зарсан бол сургалтын төлбөр болох 3,500,000 төгрөгийн төлбөрөө бүрэн төлөөд хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд хэвийн оролцоод явах байсан.
Иймд Э.Мөнхчулуунаас худалдсан эд хөрөнгийн биет бус байдлын доголдолтой холбоотой 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шилжүүлсэн 11,367,000 төгрөг,
-хашаа, байшинг бусдад 21,000,000 төгрөгөөр зарах байсан тул үнийн зөрүү болох 4,000,000 төгрөг,
-Энэ хугацаанд Э.Мөнхчулууны хойрго сэтгэлгүй, хясан боогдуулсан үйлдлээс болж бид өвлийн хүйтэнд гэрэлгүй, галгүй, нойлгүй, орц гарцгүй газар эхнэр 5 хүүхэд, 16 настай эмэгтэй дүүгийн хамт 8 уулаа амьдрах боломжгүй тул түрээсийн хѳлс болох 5,000,000 төгрөг,
-Мөн хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэвийн оролцож чадахгүй болсон хохирол болох сургалтын төлбөр 3,500,000 төгрөг, нийт 23,867,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 277,285 төгрөгийн хамт яаралтай гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.Мөнхчулуун нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 06 сарын 07-ы өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 312б тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаа байшинг авъя гэж ярьсан, манайх анх хашаа байшингаа 22,000,000 төгрөгөөр зарна гэж байсан боловч тэрээр өөрөө орц гарц болон 00-ын асуудлыг шийдэхээр болж 17,000,000 төгрөгөөр авахаар болсон. Ингэхдээ 17,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг бэлэн өгнө гэсэн боловч бэлэн өгч чадахгүй юм байна, хашааны хаалга, 00 ухах, орц гарцны асуудал шийдэхээр мөнгө хэрэгтэй болно гээд 8,500,000 төгрөг шилжүүлсэн.
Энэ үед А.Мөнх-Эрдэнэ нь эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, орц гарцаа шийдэж байж сунгагдана гэдгийг мэдэж байсан. Мөн зуухаа авна гэдгээ хэлсэн байсан. Манайхыг нүүсний дараа хажуу айл хашааны голоор хаалт хийсэн боловч орох, гарах боломжтой хаалга хийсэн, тэгээд тэр айл нь хашаагаараа хүн гаргамааргүй байна гээд байгааг нь А.Мөнх-Эрдэнэд хэлж байсан.
Үлдэх 8,500,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 1,417,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, ингэж сар бүр төлсөөр 2022.12.20-ны өдөр дуусах байсан. Үүнээс 7 сард 1,417,000 төгрөг, 8 сард тогны мөнгөтэй хамт 1,450,000 төгрөг өгсөн, өөр төлөлт дахиж хийгээгүй.
А.Мөнх-Эрдэнийн яриад байгаа шиг сар, сарынх нь төлөлтийг хойшлуулж байсан гэж худлаа хэлж байна, түүнээс хугацаандаа мөнгөө шаардаж байсныг мессенжерийн чат нотолно. Тэрээр ажилгүй, сар сард мөнгөө төлөх боломжгүй байсан гэж ярьж байгаа боловч Туркт аялж байгаад ирсэн байсан.
Тэгснээ 2022 оны 10 сарын 27-ны өдөр хашаа байшинг чинь зарахаар болсон гэсэн боловч сураг чимээгүй алга болж байснаас гэнэт 2022 оны 12 сарын 04-ний өдөр зарахаар болсон тул газар байшингийн нэрийг шилжүүлэхийг шаардсан. Тэгэхээр нь хамгийн гол нь эхлээд манайхтай хийх тооцоогоо дуусгачих, түүний дараа яах нь чиний асуудал гэхэд тэрээр “за” гэж зөвшөөрсөн.
Тэгээд 2022 оны 12 сарын 08-ны өдөр шууд Баянзүрх дүүргийн Газрын алба оръё, харах юм байна гэсэн, тэгсэн эхлээд нэрээ шилжүүл, энэ хүмүүсээс би 4,000,000 төгрөг, приус 30 машин авч байгаа тул бэлнээр авсан 4,000,000 төгрөгийг шууд өгнө. Танайх эдгээр хүмүүсийн нэр дээр бичиг баримтаа гаргаад өгчихвөл би машиныг өөрийн өөрийн нэр дээр шилжүүлж, ББСБ-д барьцаалаад үлдэх мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн.
Ингэхээр нь нөхөр бид 2 ярилцаад энэ хүн дундаас нь алга болчих байх, энэ хүн дээр ББСБ-аас зээл гарах эсэх нь мэдэгдэхгүй, мөн эдгээр хүмүүс хоорондоо юу ярьж тохирсныг мэдэхгүй тул А.Мөнх-Эрдэнэд өчигдөр ярьснаараа эхлээд тооцоогоо дуусгачих, нэр дээр чинь шилжүүлье гэдгээ хэлсэн. Тэгтэл А.Мөнх-Эрдэнэ хашаа, байшин авна гэсэн хүмүүсээ дагуулаад яваад өгсөн.
2022 оны 12 сарын 05-ны өдрийн орой манай нөхөр А.Мөнх-Эрдэнийн гэрт очиж уулзаад мөнгөө төлж дуусах хугацаа чинь болчихлоо, өгөөгүй хугацааны мөнгөө өг, тэгээд үлдэгдлээ гүйцээгээд нэг тийш цэгцэлье гэдгээ хэлсэн.
Мөн энэ хугацаанд бусдад зарах эсэх нь та нарын асуудал, гол нь эхлээд тооцоогоо дуусгаарай, тэгж байж нэр шилжүүлж өгнө, өнөөдрийнх шиг нэрээ шилжүүлсний дараа ББСБ-аас мөнгө авч өгнө гэдэг асуудал ярихгүй, өмнөх тохиролцооноос болоод өөрт нь итгэхгүй байгаагаа хэлсэн.
Тэгээд бүүр төлж чадахгүй, боломжгүй, буцаая гэвэл 12 сардаа багтаагаад урьдчилгаа мөнгө болон 7, 8 сард төлсөн мөнгийг тоо ёсоор нь түүнд буцаагаад өгч болно гэдгийг хэлсэн. Гэтэл тэр ингээд шийдэж чадахгүй, хэсэг хугацааны дараа хариу өгье гэсэн боловч орой нь мессежээр “Танайхыг шүүхэд өгнө, 22 саяар зарах байсан зөрүү мөнгөө гаргаж авна, байрны түрээсээ авна” гэсэн хариу явуулсан.
Түүнтэй манай нөхөр уулзахад тэрээр энэ хашаа, байшиндаа амьдарч байсан.
Иймд А.Мөнх-Эрдэнэ нь өөрөө худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй байж, 2 дах худалдан авах ажиллагааны зөрүү гэж 4,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, ямар хүнтэй, ямар тохиролцоо хийснийг нь мэдэхгүй байна.
Тэрээр өөрийгөө хуульч хүн гэсэн тул хашаа, байшингийн үнэ 17,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байсан тул уг хүнтэй 21,000,000 төгрөгөөр худалдах гэж байгаа мэтээр нэхэмжилж болно гэдгийг харсан байхыг үгүйсгэхгүй юм.
Мөн анхнаасаа өөрөө асуудлыг мэдэж тохирсон мөртлөө мэдэхгүй мэтээр ярьж, байр түрээсэлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх хашаа, байшинг суллаж өг гэж шаардаагүй, тэр өөрөө бидэнд нүүж байгаагаа хэлээгүй, эднийх тэр хашаа, байшинг яаж суллаад орхисон, яг тэр чигээрээ одоо болтол хэвээрээ байж байна.
Өөрийнхөө сургалтын төлбөрийн 3,500,000 төгрөг бидний хашаа, байшинтай хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд түүний шилжүүлсэн мөнгө буюу 11,367,000 хугацааг тохирон буцааж өгөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.
3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 261 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Мөнхчулуунтай хийсэн гэрээ гэх баримтын хуулбар, талууд чаталсан чат (1) гэх гарчигтай баримтын хуулбар, Их засаг олон улсын их сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл, тус сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэх, А.Мөнх-Эрдэнэ, Ц.Нарангэрэл нарын хооронд 2022.12.24-ний өдөр байгуулагдсан “Орон сууц түрээслэх гэрээ”, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002838 дугаартай бүртгэлтэй Налайх дүүргийн 5 дугаар хороо, 72 байр, 12 тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Тоггүй байгаа гэсэн цахилгаан түгээхийн тогтоолоор баталгаажуулав (6) гэх нэртэй гэх хуулбар, А.Мөнх-Эрдэнийн шилжин ирсэн иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1,417,000 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6,000,000 төгрөгийн, Хаан банкны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8,500,000 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1,450,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 41, 42, 43, 44, 45, 46 47 дугаартай тодорхойлолт /хх-ийн 2-22, 32-38/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагчийн хариу тайлбар, үзлэг хийлгэхээр ирүүлсэн 1 ширхэг СиДи, /хх-ийн 30-31, 74/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: зохигчийн хүсэлтээр 88787090 дугаараас 99012097, 88834441 дугаар хооронд харилцсан мессеж, дуут шууданд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-73/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Э.Мөнхчулуунд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 23,867,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 11,367,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
2. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, 312б тоот хаяг байршилтай газар, байшинг Э.Мөнхчулуун 17,000,000 төгрөгөөр худалдах, А.Мөнх-Эрдэнэ нь худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
2.1. А.Мөнх-Эрдэнэ нь гэрээний үнэ 17,000,000 төгрөгөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 8,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 8,500,000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу сар бүрийн 20-ны өдөр 1,417,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, ийнхүү тохиролцсоны дагуу А.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,417,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,450,000 төгрөгийг Э.Мөнхчулууны ХААН банкны 5032764757 тоот дансанд шилжүүлж, нийт 11,367,000 төгрөг төлсөн, 2022 оны 9,10,11,12 сард төлбөр төлөөгүй байх ба зохигч үүнтэй маргаагүй. /хх-ийн 19, 21-22/
3. Зохигч дээрх үйл баримтын хувьд маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3.1. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
4. Нэхэмжлэгч нь эрхийн зөрчилтэй газар худалдсан тул гэрээг цуцалж, ийнхүү гэрээ цуцалснаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 11,367,000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, сургалтын төлбөрт төлөх ёстой 3,500,000 төгрөг, олох ёстой орлого 4,000,000 төгрөг, нийт 23,867,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
5. Хариуцагч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн 11,367,000 төгрөгийг зөвшөөрч, харин худалдан авагч нь гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй мөртлөө хэнтэй яаж тохиролцсон болох нь тодорхойгүй байхад олох ёстой орлого 4,000,000 төгрөг, түүнийг хашаа, байшингаас нүүхийг шаардаагүй байтал өөрөө нүүж явсан, нүүсэн гэдгээ мэдэгдээгүй мөртлөө түрээсийн төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, гэрээтэй огт хамааралгүй сургалтын төлбөр 3,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
6. Хэрэгт, газар эзэмших эрхийн хугацаа дуусч гэрчилгээ олгогдоогүй байгаа нь шинээр хаяг шилжүүлэх боломжгүй болохыг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт авагдсан, зохигч нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, 312б тоот хаяг байршилтай, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдаагүй гэж тайлбарласан зэргээс үзэхэд уг газрын хувьд Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. /хх-ийн 5/
6.1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т.”Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Их засаг Олон улсын их сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэх, Орон сууц түрээслэх гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, А.Мөнх-Эрдэнийн 88787090, хариуцагч Э.Мөнхчулууны нөхөр Төрбаярын 99012097, хашаа, байшин худалдаж авахаар тохиролцсон гэх хүний 88834441 дугаарын утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотолно гэжээ. /хх-ийн 12-13, 18, 20 54-58/
7.1. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь эрхийн доголдолтой буюу маргаж буй газар, байшинг 21,000,000 төгрөгөөр худалдахаар хэнтэй тохиролцсон болох нь тодорхой гэж үзэх боломжгүй нь түүнийг 4,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэх, түүнчлэн гэрээ цуцалсантай сургалтын төлбөрт 3,500,000 төгрөг төлөөгүй нь хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй байхаас гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссанаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бусадтай байгуулсан орон сууцны түрээсийн төлбөрийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Мөнхчулуунаас 11,367,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Э.Мөнхчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 196,822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Мөнхчулуунаас 11,367,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Мөнхчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 196,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 277,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ