| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2103000000072 |
| Дугаар | 2021/ДШМ/751 |
| Огноо | 2021-08-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2021/ДШМ/751
2021 8 17 2021/ДШМ/751
Б.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
хохирогч М.Бын өмгөөлөгч М.Цэрэндэжид,
шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ад холбогдох эрүүгийн 2103 00000 0072 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Бийн А, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ....................... аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .................... дүүргийн ..... дүгээр хороо, ..................... дугаар гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:............................../;
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний хойд замд “Тоёота Приус-30” загварын 38-34 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бийн Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батцэнгэлийн Аг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Б.А нь 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд. торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 1.057.260 /нэг сая тавин долоо мянга хоёр зуун жаран/ төгрөгийг даруй гаргуулж хохирогч М.Бад олгож, хохирогч М.Бын өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч М.Бын мөрдөн шалгах явцад шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтийг, мөн өмгөөлөгч миний шүүх хуралдаан дээр хохирогч М.Бын эрүүл мэндэд учирсан гэмтэлд давтан шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоолдоо огт дурдаагүй орхисон, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэд гаргаагүй гэж үзэж байна.
Хохирогч М.Б нь уг зам тээврийн ослын улмаас “бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын их бие сэлтэрхий бүхий шахагдаж бяцарсан хугаралтай, уг нугалмын ар ханын бүтэн байдал алдагдаж нугасны суваг руу 0.1 см хэмжээтэй цулхийсэн, энэ түвшинд нугасны сувгийн хэмжээ 1.1 см, бусад нугалмын их биеийн байрлал, хэлбэр хэмжээ хэвийн нугалмуудын их биеийн урд гадаргууд остеофит ургалтуудтай ба нугалам хоорондын арын үенд артроз өөрчлөлттэй. Бүсэлхий нурууны 3 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын түвшинд нугалам хоорондын жийргэвч мөгөөрс нугасны суваг руу тархмал байрлалтай бага зэрэг цүлхийсэн, сээр..., бүсэлхий... нугалмуудын хооронд дахь үенд болон 2 талын ууц сүүжний үенд хий тодорхойлогдоно. Бүсэлхийн лордоз хадгалагдана. Радиалогийн дүгнэлт нь зургийн дүгнэлт болно. Оношийг эмнэлзүйн шинж болон бусад шинжилгээтэй харьцуулж тавина уу” гэж “Лазер мед” эмнэлгийн эмч Э.Соёлмаа 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Компьютер томографын шинжилгээг үндэслэн дүгнэлт бичсэн байдаг. Мөн 2021 оны 4 дүгээр сард “Гранд мед” эмнэлгийн шинжилгээгээр дээрх гэмтлүүд нь гарсан.
Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...М.Бын биед бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын их бие сэлтэрхий бүхий шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэж дүгнэсэн байдаг.
Бодит байдал дээр хохирогч М.Б нь уг гэмтлийн улмаас бүсэлхий нуруугаар нь байнга өвдөж, өвчин намдаах эм ууж, байнгын хэвтрийн дэглэмд байдаг, биеэ дааж босож, сууж чадахгүй байгаа учраас өөрийн охин Зуунзаяагийн асаргаанд байгаа нь амбулаториор эмчлүүлэгчийн карт, “Гранд мед” эмнэлгээр хийлгэсэн шинжилгээ, “Бага таян” ХХК-иас ирүүлсэн тушаал, хөдөлмөрийн гэрээ, тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Мөн хохирогч өөрөө явж чадахгүй хэвтэрт байдаг, урьдын адил ухамсарт хөдөлгөөн хийж амьдралаа авч явж чадахгүй талаараа бичиж, шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй өмгөөлөгч оролцуулах болсон энэ талаараа тодорхой өргөдөлдөө бичсэн.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийн өвчний түүх, амбулаторийн карт, анхны үзлэг хийсэн эмчийн бичлэг, тэмдэглэлд гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээнүүдийг харьцуулан үзэж дүгнэлт гаргаагүй болох нь тодорхой байна. Эрүүл мэндийн сарниулсан хугацаа гэдэг нь гэмтлээс үүссэн бүтэц, үйл ажиллагааны хямрал арилах хүртэлх үргэлжилсэн хугацаагаар тодорхойлогдоно. Түр хугацаагаар гэдэгт гэмтэл, өвчин, эмгэг байдал, үйл ажиллагааны хямрал 4-н долоо хоног буюу 28 хоног хүртэлх хоног, удаан хугацаагаар гэдэгт түүнээс дээш хоног үргэлжлэхийг ойлгоно гэдэг. Тогтонги алдах гэдэг нь эрхтэн, систем ямар нэг хэмжээгээр үүргээ гүйцэтгэх огт боломжгүй, энэ нь удаан хугацаанд эсвэл бүр мөсөн үйл ажиллагаа алдагдахыг хамааруулна. Хүнд гэмтлийн үед 1/3-ээс дээш буюу 33 хувиас дээш 100 хувь хүртэл алдахыг хэлнэ гэх ЭМЯ, НХЯ-ны баталсан стандартад заасан байдаг ба энэ нь гэмтлийн зэргийг тогтоох шалгуурын гол баримтлах шинж болно гэж журамд нь заасан байхад илт зөрчин хохирогчийн гэмтлийг хүндэвтэр гэж гаргаж байгаа нь буруу дүгнэлт гаргасан байна гэх хууль зүйн үндэслэл харагдаж байна.
Мөрдөн шалгах явцад хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцаад дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, дахин шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа тогтоолын ард бичсэн байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй орхисон нь түүнд хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байдаг. Энэ талаар өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр хүсэлт гаргахад шүүгч дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэсэн үгүйсгэлээ тогтоолдоо тайлбарлаж дүгнэлт хийгээгүй байна.
Мөн шүүх хохирогчийн өмгөөллийн хөлсийг шийдвэрлэхдээ хохирогчоос өмгөөлөгчид төлсөн гэм хорын хохирол болох өмгөөллийн хөлсний 500.000 төгрөгийг төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон өмгөөлөгчид төлөх хөлс байна гэж утга нь ойлгогдохгүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй учир нь би хөдөлмөрийн чадваргүй, хөлс төлөх боломжгүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож улсаас цалинждаг өмгөөлөгч биш харин Өмгөөллийн тухай хуульд зааснаар өөрийн үйлчлүүлэгчтэйгээ сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог юм. Энэ хохирол нь хохирогч М.Бын эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас дагалдан гарч буй эд хөрөнгийн хохирол юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулахаар заасан байна.
Мөн шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч М.Бын нэрийг Д.Отгонтуяа гэж удаа дараа буруу бичсэн, шүүгдэгч Б.Аг Б.Мөнхжаргал гэж, согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж бичсэнийг харахад шүүгч өөр хэргийн материалаар өөр хүнийг шийтгэсэн зэрэг ноцтой асуудал харагдаж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч гурван үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Шинжээч эмч нарт хууль сануулж дүгнэлт гаргуулсан. Иймд буруу дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна. “Гранд мед” эмнэлэгт зураг авахуулсан байсан. Уг зургийг нь үндэслээд шүүх эмнэлэг гэмтлийн зэргийг нь тогтоосон. Хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан болохоор шүүх эмнэлэг хүндэвтэр гэмтэл учирсан гэж гаргасан болов уу. Анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлээд 1.070.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулж шийдвэрлээгүй. Энэ нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн нэрийг алдаатай бичсэн байсан. Гэхдээ шийтгэх тогтоолд залруулга хийсэн. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хугарлын улмаас нугасны үйл ажиллагаа алдагдсан эсхүл мөгөөрс гэмтсэнээс болж нугас дарагдсан гэмтэл байх юм бол хүнд гэмтэлд орно гэж байдаг. Гэтэл хохирогчийн биед учирсан гэмтэл нугас дарагдсан, гэмтсэн зүйл байхгүй байдаг. Ясны хугарлын хувьд хүндэвтэр гэмтэлд хамаарах нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл болох нь тодорхой харагдаж байдаг. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэх нөхцөл байдал харагдахгүй байна. Шийтгэх тогтоолд залруулга хийсэн боловч хохирогчийн нэр, шүүгдэгчийн нэрийг андуурч бичсэн хэсгээ л залруулсан байна. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа. Тэгэхээр зүйл, ангийг өөрчилж магадлалд тусгах боломжтой учраас өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасныг хэрэглэх дараах үндэслэлүүд бүрджээ. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, эргэлзээтэй байгаа талаар хохирогч болон түүний өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан байхад хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.”, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул энэхүү эргэлзээ бүхий байдлыг шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах замаар тодруулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шинжээчийг оролцуулж, түүнээс зарим зүйлийг тодруулах явцад мэдүүлэг авах явцад гэмтлийн зэргийн талаар шүүхэд ойлгомжгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцаах, эсхүл шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шатанд дахин гаргуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчжээ.
Хэдийгээр анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэгт залруулга хийсэн боловч хохирогч, шүүгдэгч нарын нэрийг буруу бичсэнийг залруулсан байна. Уг залруулгыг хийхдээ шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй нь шүүх хуралдаан явуулсан гэж үзэх боломжгүй болгосноос гадна шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан, хэрэгт ирүүлсэн жолооны эрхийн үнэмлэхийг яагаад эд мөрийн баримт гэж үзсэн болох, уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “шүүгчид” буцаан олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/424 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ