Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 87

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Д.Цэвэлмаа,

гэрч Ч.Цэвэлмаа,

шүүгдэгч Д.Чанцал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэвж овогт Дансранжавын Чанцалд холбогдох эрүүгийн 2017 0108 0205 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 59 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1951 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянзүрх суманд төрсөн, 66 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчид 12 гудамж 534 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД51090101 дугаартай Сэвж овогт Дансранжавын Чанцал.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Д.Чанцал нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүтээлч шинэ сонголт” ХХК-ийн амралтын газрын хашааны дэргэдүүр өнгөрөн явж байсан Д.Цэвэлмааг нохой дайрч хазсаны улмаас газар унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Чанцал нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Бүтээлч шинэ сонголт” ХХК-ийн хашаанд орхиж нүүсний улмаас мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед тэдний хашааны дэргэдүүр явсан хохирогч Д.Цэвэлмааг хасаж түүний эрүүл мэндэд баруун шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал зүүн гуянд шарх, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чанцалын өгсөн: “Тэрэлжийн “Бүтээлч шинэ сонголт” хувиараа эрхлэх компанид манаачаар ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай гэр Налайх руу нүүсэн. Тухайн үед ачаа ихэдсэн учир “маргааш ирж авна” гэж хэлээд нохойгоо орхисон юм. Би захиралтайгаа утсаар ярихад “нохой яах ч үгүй байна, би маргааш цувдай авч ирж өгье, дараа нь ирж ав” гэж хэлсэн. Би Тэрэлжид 2 хоногийн дараа очиж нохойгоо авсан. Би 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч нарын өргөдлийн дагуу цагдаагийн газарт дуудагдсан. Манай нохой хохирогчийг хазсаныг өөрийн нүдээр хараагүй учир надад энэ хэргийн талаар мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэвэлмаагийн өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Хулганаа эмгэний гэрт очсон. Би өвгөний хамт шүүгдэгчийн хашааны хажуугаар гэр лүүгээ явж байхад нохой хазсан. Би тухайн үед айгаад газарт унаж гараа хугалсан. Би тэр хавиар байнга явдаг байсан. Нохой хуцаж л байдаг. Тухайн үед хашаанд хүн байхгүй, нохой нь сул байсан. Тэгээд гэртээ хариад цагдаад мэдэгдэхэд намайг “эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Би Налайх дүүргийн эмнэлэгт үзүүлсний дараа хот орж эмнэлэгт үзүүлэхэд гар хугарсан байсан. 5 удаа тариа хийлгэсэн. Тэгээд тэр өдрөө Налайхад хоносон. Маргааш нь Налайхын эмнэлгээр тариа тариулж, боолт хийлгэсэн. Би тэр хашааны эзэнтэй очиж уулзаагүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Балжиннямын өгсөн: “Би 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр баярын өдөр Хулганаа гэх айл урьсан. Эмгэн бид хоёр тэр айлд очоод буцаж гэр лүүгээ явж байхад хашаанаас гэнэт нохой гарч ирээд хөгшинг хазаад тавихгүй байсан. Би өшиглөж салгасан. Эрлийз нохой байсан. Би цагдаад нохой хазсан талаар хэлэхэд цагдаа байршлийг асууснаа “Бүтээлчийн нохой байна” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас нохойны бичиг тараасан учир жижиг хар нохой гэдгийг мэдсэн юм байналээ. Гомдолтой байсан учир гомдол гаргасан. Тэр өдрөө эмгэн хотын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эмгэн Налайх дүүрэгт хоносон. Эмгэний гар хугарсан учир би амьдралын эрхээр үхрээ сааж сурсан. Би тухайн айлын нохойг танина. Маргааш нь хашаанд очиход Батболдын 20 нас хүрч яваа охин байсан. Би 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Бүтээлчийн хашаанд очиход нэг охин байсан. Би “нохой чинь дахиж хүн рүү дайрвал яах юм” гэж хэлэхэд охин “би уяж чадахгүй, Налайхад амьдардаг манай манаачийн нохой” гэж хэлж байсан. Цагдаа, шүүхийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэдэг” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шинжээч С.Төгсбуянгийн өгсөн “Д.Цэвэлмааг 2017 оны 6 дугаар сарын 02-ны биед үзлэг хийхэд зүүн гуяны дээд талд 13х8 см хэмжээтэй тод хүрэн өнгийн цус хуралт байсан ба цус хуралтын гол хэсэгт 3х1 см хэмжээтэй зузаан хүрэн таб тогтсон шарх байсан. Дээрх зүүн гуян дахь шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэхдээ дээрх шарх нь зузаан хүрэн таб тогтсон учраас шархны шинж чанар, үүсгэсэн хүчин зүйлийн шинж зэрэг нь бүдэг мэдэгдэж байсан. Нохойд хазуулсан гэх шинж тэмдэг гэвэл баруун гуяны баруун дээд хэсэг дэх таб нь ир ирмэг бүхий зүйл буюу нохойны шүдээр үүсгэгдсэн байж болох боломжтой. Гэхдээ нэг л шарх байсан ба нохойны олон шүдний шарх байгаагүй. Дээрх баруун гуян дахь цус хуралт шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг үзүүлэгч Д.Цэвэлмаагийн биед хийсэн үзлэг болон гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмчийн бичиг болон Налайх дүүрэг дэх эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн бичиг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51-52 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №08 шэ/298 дугаар:

  1. Цэвэлмаагийн биед баруун шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 13 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 28 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 29 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 30 дугаар тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Чанцалыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Чанцалд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирогч Д.Цэвэлмаа нь нийт  300,000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтын шаардлага хангасан /хх-24-27/ нийт 153,890 төгрөгийг шүүгдэгч Д.Чанцалаас гаргуулан түүнд олгож, харин нотлох баримтын шаардлага хангаагүй 146,110 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг мөн энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Чанцал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Чанцалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэвж овогт Дансранжавын Чанцалыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чанцалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Чанцалд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Чанцалд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Чанцал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Чанцалаас 153,890 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Цэвэлмаад олгосугай.

7. Хохирогч Д.Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чанцалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ