| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/01610/И |
| Дугаар | 181/ШШ2023/00023 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2023/00023
| 2022 12 22 | 181/ШШ2023/00022 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................................... оршин байрлах, М ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................................ оршин байрлах, М ХХК /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 582,406,023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 582,406,032 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М ХХК нь 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл ашигт малтмалын салбарт үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулж буй 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. М ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М ХХК-тай М20/05 дугаартай “Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ” /цаашид “Гэрээ” гэх/ байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр М20/05-01 дугаартай нэмэлт гэрээг хийж нийлүүлэх бүтээгдэхүүний тоог нэмж хамтран ажилласан байдаг.
Тус гэрээний 1.1 дэх хэсэгт “...Захиалагчийн зүгээс үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал /цаашид “Бараа” гэх/ худалдан авахаар ирүүлсэн захиалгыг үндэслэн Нийлүүлэгч энэхүү гэрээний хавсралт №1-д тодорхойлсон техникийн үзүүлэлт бүхий барааг нийлүүлэх, Захиалагч гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу төлбөр төлөх...’’ гэж заасны дагуу М ХХК нь Захиалагчийн захиалгын дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Элстэйн хүдрийн уурхайд тэсрэх материалыг тухай бүр тээвэрлэн хүргэж, нийлүүлэх ажлыг гүйцэтгэж ажилласан. Гэрээний дагуу 2020 онд нийт 908,270,682 төгрөгийн тэсрэх материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 644,026,592 төгрөгийн савалсан эмульс, эмульс, анфо зэрэг тэсрэх бодис 222,381,500 төгрөгийн өдөөгч, цооногийн нонель хэрэгсэл, гадаргуун нонель хэрэгсэл, далд уурхайн нонель хэрэгсэл, цочир дамжуулах шижим, Реле РПД, хавчаар зэрэг тэсэлгээний хэрэгсэл, хэрэглүүр, 41,862,590 төгрөгийн тээврийн зардал байдаг.
М ХХК нь дээрх төлбөрөөс 520,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл 388,270,682 төгрөгийг төлөхгүй 463 хоног хугацаа хэтрүүлээд байна. Гэрээний 2.3 дахь хэсэгт “...Захиалагч нь нийт төлбөрийн 50 хувийг бараа хүлээн авахаас өмнө урьдчилж, үлдэгдэл төлбөрийг бараа хүлээж авснаас хойш хуанлийн 15 хоногийн дотор нийлүүлэгчийн төгрөгийн дансанд шилжүүлсэн” байхаар тохиролцсон. Захиалагч нь гэрээний дээрх үүргээ биелүүлэхгүйн улмаас төлбөрийн үлдэгдэл хуримтлагдаж, төлбөр төлөх үүргийн хугацаа хэтрэлт үүссэнийг Хүснэгт №2 холбогдох санхүүгийн тооцооллыг харуулсан. Үүний улмаас Гэрээний 7.2 дахь хэсэгт “Захиалагч нь ...хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Нийлүүлэгчид төлнө.” гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 224,679,020 төгрөгийн алданги тооцогдсон байна.
М ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн М ХХК-ийн хуримтлагдсан авлагаас алданги тооцож эхэлсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан дээд хязгаар буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрсэн тул нийт 194,135,341 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
М ХХК, М ХХК-ийн хооронд 3 удаа үндсэн төлбөр тооцооны үлдэгдлээ тулгаж, баталгаажуулсан бөгөөд уг баталгаагаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр төлөлт огт хийгдээгүй. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 388,270,682 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж байсан бол мөн энэ онд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг үндсэн төлбөрийн дүн өөрчлөгдөөгүйг нотолж дахин тооцооны үлдэгдлийн баталгаа үйлджээ.
М ХХК-иас төлбөрийн үүргээ гүйцэтгэх талаар хуваарь, амлалт өгч байсан ч түүндээ хүрэлгүй гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул М ХХК-ийн зүгээс төлбөр барагдуулах болон алданги төлөхийг удаа дараа шаардаж албан бичгээр шаардлага хүргүүлж ажилласан. Түүнчлэн Монгол улсын хувьд тэсрэх материал, түүний түүхий эдийг 100 хувь импортоор авдаг тул талууд гэрээний 2.2 дахь хэсэгт бүтээгдэхүүн түүхий эдийн үнэд нөлөөлөх ам.долларын ханшийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны зарласан нэг ам.долларын ханш буюу 2753.93 төгрөгөөр тооцсон бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 3040.68 төгрөгийн ханштай байна. Энэхүү валюттай харьцах ханшийн уналт, инфляцийн өсөлт нь манай компанийн хохирлын хэмжээг улам нэмэгдүүлж байгаа тул бид шүүхэд хандаж авлага барагдуулах ажлыг нэн яаралтай гүйцэтгэх шаардлага үүссэн.
Иймд үндсэн төлбөр 388,270,682 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 194,135,341 төгрөг, нийт 582,406,023 төгрөгийг нотариатын зардлын хамт М ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдоржид 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Манай компани нь М ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ”-г байгуулж, хамтарч ажилласан болно. Энэ хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 908,270,682 төгрөгний тэсрэх бодис хүлээн авч 520,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн байдаг. Одоо үлдэгдэл 388,270,682 төгрөгийн үлдэгдэлтэй болно.
2020 онд Монгол улс төдийгүй дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын улмаас хил гааль хаагдаж, орон нутгийн зам хязгаарлалт хийж, орон даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан ба одоо хил гаалийн хувьд маш хүнд байдалтай байна.
Манай компаний төмрийн хүдрийг баяжуулж, экспортод гаргадаг ба өөр төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй болно. Уурхай өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж байгаа хэдий ч хил гаалиар экспортын хязгаарлалтыг хийсэн учир санхүүгийн хувьд чадвар чадамжгүй болоод байна.
“Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ”-ний 9.1-д ...төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр...-р гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалтай байгааг харгалзан үзэж алдангийг хасч тооцуулах, гэрээний үндсэн төлбөр 388,270,682 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Хил гаалиар экспорт хэвийн гарч эхэлсэн үед бид гэрээний төлбөрийг төлнө.” гэжээ.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: О.Аод олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Тусгай зөвшөөрлийн хуулбар, М ХХК, М ХХК-иудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан MR20-05 дугаартай “Үйлдвэрийн зориулалтай тэсрэх материал нийлүүлэх гэрээ”-ний хуулбар, М ХХК, М ХХК-иудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан МR20/05-1 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа 2020.02.01-ээс 2020.06.30 өдрийг хүртэл үүссэн тооцооны хуулбар-1, мөн 2020.02.01-ээс 2020.12.31 өдрийг хүртэл үүссэн тооцооны үлдэгдлийн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа /2020.02.01-ээс 2021.12.31 өдрийг хүртэл үүссэн тооцоо/-ны хуулбар, М ХХК-ийн 2021.10.06-ны өдрийн №02/1757, мөн 2021.06.04-ний өдрийн №02/1131, 2021.05.12-ны өдрийн №02/930, 2020.07.29-ний өдрийн №02/1186 дугаартай албан бичгийн хуулбарууд, М ХХК-ийн 2020.08.18-ний өдрийн 01/00/714 дугаартай албан бичгийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас нотлох баримтаар: Х.Нямдоржид олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021.11.04-ний өдрийн 10/00/1210, 2022.10.01-ний өдрийн 01/00/1301, 2022.10.01-ний өдрийн 01/00/1302, 2022.10.20-ны өдрийн 01/00/1325 тоот албан бичиг, 2022.10.20-ны өдрийн 011/00/1324 тоот албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/199 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”, мөн даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/234 дугаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацуахг сунгах тухай”, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/373 дугаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацагааг сунгах тухай”, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/625, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/798, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/823, 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/842 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжууд, мөн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/176, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/206 дугаартай “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн Улсын Онцгой комиссын шийдвэрийн биелэлтийг хангах тухай”, 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/233 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/277, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/248 дугаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” , 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/316 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хил хамгаалах ерөнхий газрын 2022.10.28-ны өдрийн 3-1а/2070 тоот албан бичгээр Коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол /2020-2022/, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2022.11.21-ний өдрийн 03/769 тоот албан бичгээр тус сумын Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай “Хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай “Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах тухай” шийдвэрийг тус тус гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 582,406,023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх MR20-05 дугаартай гэрээ, мөн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С20/05-01 дугаартай нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээнд заасан нийлүүлэх бүтээгдэхүүний тоог нэмж хамтран ажилласан ба гэрээний үнийн дүн 908,270,682 төгрөгийн тэсрэх материал нийлүүлсний 520,000,000 төгрөгийг төлсөн, 388,270,682 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул хуульд заасны дагуу алданги 194,135,341 төгрөгийг хамтад нь нэхэмжилсэн. Гэрээг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тухайн үед долларын ханш 2750 төгрөг байхад гэрээ байгуулаад импортоор орж ирдэг тэсрэх бодисыг бид нар нийлүүлсэн тул алдангийг шаардах эрхтэй” гэсэн.
Хариуцагч дараах тайлбар, татгалзлыг гаргасан. Үүнд: “...нийт 908,270,682 төгрөгний тэсрэх бодис хүлээн авч 520,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн, 388,270,682 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийг хил гаалиар экспорт хэвийн гарч эхэлсэн үед төлнө, гэрээний 9.1-д заасан ...төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйг харгалзан үзэж алдангийг хасч тооцуулна” гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт /388,270,682+194,135,341/ нийт 582,406,023 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бол, хариуцагч гэрээний үндсэн төлбөр 388,270,682 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч М ХХК нь анх 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба тухайн үед тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал Г.Бүжин байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 07 дугаар сарын 7-ны өдөр гүйцэтгэх захирлаар Н.Түмэндэмбэрэлийг сонгосон ба Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч М ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх MR20-05 дугаартай гэрээ байгуулж, Захиалагч М ХХК-ийн зүгээс үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал худалдан авахаар ирүүлсэн захиалгыг үндэслэн нийлүүлэгч М ХХК энэхүү гэрээний хавсралт 1-т тодорхойлсон техникийн үзүүлэлт бүхий барааг нийлүүлэх, захилагч М ХХК гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд нийтдээ 908,270,682 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн байна. Дээрх гэрээний дагуу хариуцагч талаас нэхэмжлэгч талд нийлүүлсэн барааны үнэд 520,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 388,270,682 төгрөгийг төлөөгүй талаар хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдан авагч М ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч М ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагч М ХХК-аас шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч гэрээний 9.1-д ...төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалтайг харгалзан үзэж алдангийг хасч тооцуулахаар маргасан.
Гэрээний 9.1-д “Талуудын энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлэхэд саад учруулах нөхцөл бүрэлдэх буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал гэдэгт ...тахал...төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр... үйлдвэрлэгчийн эсвэл уурхайн бүх төрлийн сул зогсолт зэрэг нь энэ гэрээг зохих ёсоор хугацаанд нь биелүүлэх боломжгүй байдлыг бий болгохыг ойлгоно”,
9.2-т “Давагдашгүй хүчин зүйл талуудын аль нэгт учирсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх хугацаа эдгээр хүчин зүйл дуусах хүртэлх хугацаагаар хойшилно. Энэ нь өмнө гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой бий болсон үүргээс аль нэг талыг чөлөөлөх үндэслэл болохгүй”,
9.3-т “Хэрэв давагдашгүй хүчин зүйл нь 3 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл аль ч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах эрхтэй бөгөөд тухайн асуудлыг Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ”,
9.4-т “Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон бол талууд нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ” гэж тус тус тохиролцжээ.
Хариуцагч талаас маргаж буй дээрх байдлаа нотлох үүднээс Хил хамгаалах ерөнхий газраас Коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2020-2022 онуудын тогтоол, Дорноговь аймгийн Засаг даргын болон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын “Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах тухай” захирамж, шийдвэрүүдийг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан боловч эдгээр баримтуудыг нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс тус гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн авсан учир гэрээнд заасны дагуух төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь алдангийг төлөхөөр зааж тохирсон үүргээ биелүүлээгүйтэй ямар ч хамааралгүй, давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлох сертификатыг аваагүй гэж тайлбарлан тодорхойлж алдангийг шаардаж буй үндэслэл нь хууль буюу гэрээнд заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч М ХХК нь энэхүү гэрээний үүргийг биелүүлэхэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгодог гэрчилгээг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний төлбөрийг төлөх талаар 2020 оны 7 дугаар сарын 29, 2021 оны 5 дугаар сарын 12, мөн оны 6 дугаар сарын 04, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд албан бичгээр мэдэгдэж удаа дараа шаардаж байсан талаархи баримт, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн зүгээс Гэрээний 2.3-т “...Захиалагч нь нийт төлбөрийн 50 хувийг барааг хүлээн авахаас өмнө урьдчилж, үлдэгдэл төлбөрийг бараа хүлээж авснаас хойш хуанлийн 15 хоногийн дотор нийлүүлэгчийн төгрөгийн дансанд шилжүүлсэн байх”-аар тохиролцсон байтал энэхүү үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 7.2-т “Захиалагч нь ...хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Нийлүүлэгчид төлнө.” гэж заасны дагуу алдангийг төлөгдөөгүй үүрэг 388,270,682 төгрөгийн тавин хувь 194,135,341 төгрөгийг шаардаж буй шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байна.
Иймээс, хариуцагч “М” ХХК-аас гэрээний төлбөрт 582,406,023 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ нотариатын зардлын хамт гаргуулах гэж бичсэн боловч энэ талаархи зардал төлсөн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй уг зардалд хичнээн төгрөгийг хэрхэн төлсөн нь тодорхойгүй байх тул шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдоржид 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй ба тухайн өдөр Хяналтын шатны шүүхийн 09:00 цагаас товлон зарлагдсан шүүх хуралдааны 3 дугаарт хянан хэлэлцэх шүүх хуралдаантай гэсэн үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэхүү шүүх хуралдаан 16:30 цагт товлон зарлагдаж хянан хэлэлцэгдсэн тул түүний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнээд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгч 582,406,023 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 3,070,152 төгрөгийг улсын төсвийн орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 3,070,152 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хууль 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “М” ХХК-иас 582,406,023 төгрөг гаргуулж, “М” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,070,152 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 3,070,152 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ