| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0115/э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ы Бид холбогдох эрүүгийн 2517001290120 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 05-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ..... аймгийн ........ сумын ........ дугаар баг, .............. оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэх, Б. овогт Б-ны Б /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн тээврйн хэрэгслийн журмын хашааны орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Ө.Уг “машины түлхүүр шидлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр орчим цохих, баруун гарыг базах зэргээр зодож хохирогчийн биед эрүүл мэндэд баруун шуунд, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 09 сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн журмын хашаанаас өөрийн авто машин болох 42-72 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр Ө.У, хадам аав Ө нарын хамт аваад, хашааны гадна талд байх үедээ би эхнэр Ө.Угаас “машины түлхүүр авах гэсэн боловч Ө.У тухайн түлхүүрийг над руу шидсэнээс” болж хоорондоо маргалдаж улмаар хэрэлдэж байх хугацаанд би Ө.Угийн нүүр лүү нь гараараа 2 удаа алгадсан ба хажууд зогсож байсан хадам аав Ө нь бид хоёрыг салгасан ба би уурандаа өөрийн машины жолоочийн эсрэг талын урд толийг гараараа 1 удаа цохиод эвдчихсэн. Өөр ямар нэгэн байдлаар би Ө.Угийн биед халдаж зодсон зүйл огт болоогүй. Одоо Ө.У нь ямар нэгэн гомдол саналгүй гэх тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн хэрэгтээ одоо маш их гэмшиж байна гэсэн...мэдүүлэг /х.х-ийн 79 дүгээр тал/
2. Хохирогч Ө.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би нөхөртэйгөө ер нь сүүлийн үед хэрүүл маргаантай байгаа юм. Саяхан 3 хоногийн өмнө бид хоёр өөрийн авто машинтайгаа Сүмбэр сумын 2-р баг Ханан гэх гудамжинд хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тухайн үед би машинаа бариад явж байтал манай нөхөр хэрүүл маргаан хийж байгаад миний жолоог булаагаад “Ингээд онхолдож үх гээд” замын хажуу руу дараад хашлага мөргөөд зогссон юм. Тухайн үед цагдаа нар ирээд манай авто машиныг журмын хашаанд хийсэн. Тэр өдрөөс хойш би нөхөртэйгөө тусдаа амьдарч байгаа. Өнөөдөр би хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд аавын машиныг гуйгаад авсан юм. Тэгтэл Б.Б араас нилээн хэдэн удаа залгаад байхаар нь аваагүй юм. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирээд байцаагчтайгаа асуудлаа шийдүүлээд журмын хашаанаас авто машинаа аваад гарах гэтэл Б.Б ирээд “Түлхүүр хаана байна писда минь” гэхээр нь машины түлхүүрийг шидтэл ирээд намайг хэд хэдэн удаа цохисон. Гэтэл аав Б.Бийг салгаад болиулсан. Мөн миний тээврийн хэрэгслийн толийг цохиод хугалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9 дүгээр хуудас/
3. Гэрч Ш.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ байсан ба манай охин Ө.У надтай утсаар холбогдож “Аав би журмын хашаанаас машин авах гэсэн юм, та хамт яваад өгөөч” гэж хэлсэн. Би Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн журмын хашааны үүдэн дээр очиж тус хашаанаас машин гаргаад журмын хашааны үүд хэсэгт машинаа тавьчихаад өөрийнхөө машин дотор сууж байтал гэнэт машины хажууд чимээ гараад явчихаар нь машинаас буугаад эргэж харахад манай охин Ө.Угийн нүүр орчимд Б.Б нь гараараа цохиж байсан болохоор би уурандаа “Би өөрийн төрсөн хүүхдээ хүртэл зодож байгаагүй, чи хэн юм” гэж хэлээд түүнийг түлхэж Баас холдуулсан болно. Тэгээд Б уурлаж өөрийн приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын толийг гараараа цохиод салгасан юм. Тэгээд тухайн өдөр Ө.У цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж шалгуулж байгаа ба тухайн эвдэрсэн толийг би суурь хэсгээр нь наасан болно. Ийм л зүйл болсон, өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй болно... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 дугаар хуудас/
4. Гэрч Д.Э. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байсан ба манай дүүгийн хүү болох Б.Б нь надтай утсаар холбогдож “Би цагдаа дээр байна, та хүрээд ирээч гэж хэлээд уйлсан” тэгээд би юу болсон талаар мэдэх гээд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс дээр очсон ба Б.Б надтай уулзаж юу болсон талаар хэлсэн. Надад хэлэхдээ “Б.Б, Ө.У хоёр нь өөрсдийн авто машиныг цагдаа дээр журмын хашаанд оруулчихсан байсан түүнийгээ авах гээд журмын хашаанаас машинаа гаргах үедээ машины түлхүүр шийдсэн гэх асуудлаас болоод манай дүү Б.Б нь эхнэр Ө.Уг алгадсан гэж ойлгосон. Өөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй...гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 дугаар хуудас/
5. Шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 213 дугаар дүгнэлтэнд: Ө.У-ын биед оочинд, баруун шуунд, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 31-32 дугаар хуудас/
6. Аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулбар /х.х-ийн 61-65 дугаар хуудас/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 45, 48-57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгслийн журмын хашааны орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Ө.Уг “машины түлхүүр шидлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр орчим цохих, баруун гарыг базах зэргээр зодож хохирогчийн биед эрүүл мэндэд баруун шуунд, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.У, гэрч Ш.Ө, гэрч Д.Э нарын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Б.Ануужингаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг гаргажээ.
Шүүгдэгч Б.Бид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ө.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ