Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/297

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо

Улсын яллагч Э.Хилчинбаатар /томилолтоор/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Очгэрэлээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2502000000353 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, халх, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг хорооллын 4-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, овогт *******ийн ******* /РД: /.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021-2022 оны татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй "" ХХК-иас 21 ширхэг падаанаар 803,160,000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 80,316,000 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

  Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021-2022 оны татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй ХХК-иас 21 ширхэг падаанаар 803,160,000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 80,316,000 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай ******* ХХК нь 2003 оноос хойш Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт барилгын ажил үйлчилгээ явуулж байгаа бөгөөд барилгын материалаа 100 айл худалдааны төв, гурвалжин зах зэргээс олон удаагийн давтамжтайгаар худалдан авдаг байсан. Анх барилгын материалаа авч байхад 100 айл худалдааны төв, гурвалжин захын худалдагч нараас НӨАТ-тэй эсэхийг нь асуухад НӨАТ-тэй, НӨАТ шивж өгнө гэсэн учраас компанийнхаа регистрийн дугаарыг өгсөн. Тэгээд бараа материал авсаны дараагаар ХХК-иас НӨАТ шивэгдэж орж ирдэг байсан. Тухайн үедээ би ХХК-ийг хуурамч НӨАТ-н падаан шивж байсныг мэдээгүй, тухайн компанийн талаар судлаагүй байсан учир миний буруу болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм алдаа гаргахгүй. ...өөрийн алдаанаас болж ийм асуудал үүссэнд харамсаж байна, улсад төлөх татвараа төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...******* ХХК-ийн хувьд ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 ширхэг падаанаар 500,000,000 төгрөгийн, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 ширхэг падаанаар 383,476,000 төгрөгийн нийтдээ 2021-2022 онд 21 ширхэг падаанаар 803,160,000 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 80,316,000 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн байна. ...******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ХХК-иас шивэгдсэн 383,476,000 төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг падаанаа 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр залруулсан байх бөгөөд үлдэгдэл буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шивэгдсэн 10 ширхэг 500,000,000 төгрөгийн падаанаа тайландаа залруулаагүй байна. Тиймээс уг хэрэгт ******* ХХК-иас 500,000,000 төгрөгийн НӨАТ-д ногдох үнийн дүн болох 45,454,545.46 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг, гэрч С.Эрдэнэцэцэгийн "...Баятовхорын наран ХХК нь 2021 онд харилцан хамаарал бүхий 7 аж ахуйн нэгжээс 6,290,620,583,000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэж НӨАТ-ын илүү төлөлт үүсэж илүү төлөлтөө 51 аж ахуйн нэгжид 7,648,306,481 төгрөгийн борлуулалт хийж 51 аж ахуйн нэгжийг татвараас зайлсхийх боломж олгосон..." гэх мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Энхмаагийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 47250018 дугаартай мөрдөгчийн магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 45,454,545.46 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс уг хохирлыг гаргуулж, татварын ерөнхий газрын орлого болгох нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******г 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 45,454,545.46 /дөчин таван сая, дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин таван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийн хохирлыг гаргуулж, Татварын ерөнхий газарт /төрийн сангийн данс/ олгосугай.

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА