| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0917/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/838 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/838
2025 10 01 2025/ШЦТ/838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
улсын яллагч Ц.Хулан /биечлэн/,
шүүгдэгч Ш.А /биечлэн/, түүний өмгөөлөгч Б.Э ҮД:3394 /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.А-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502001300248 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 0 дугаар баг, 00 дугаар гудамжны 000а тоотод оршин суух хаягтай,
- урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ж овогт Ш-н А (РД:У300000000).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Тээвэр, Импорт хариуцсан ажилтнаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” -ийг хориглоно гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн
итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэж заасныг,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Гэрээ шууд байгуулах тухай зарлалыг бараа, ажил, үйлчилгээний ерөнхий мэдээллийн хамт цахим системд нийтэлж, энэ хуулийн 54.8-д зааснаар аж ахуй эрхлэгчид хэлэлцээ хийх урилга хүргүүлнэ”, 35.4-т “Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлэх хугацааг зарлал нийтэлж, урилга хүргүүлснээс хойш ажлын таван өдөр байхаар, хэлэлцээ эхлүүлэх хугацааг сонирхлоо илэрхийлэх эцсийн хугацаанаас хойш ажлын гурваас доошгүй өдөр байхаар зарлал, урилгад тус тус заана” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн “Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд харьяалагдах нуур үүсэх талбайд байрлах Казах иргэдийн булш бунхныг нүүлгэн шилжүүлэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа гэрээ шууд байгуулах тухай зарлалыг, ажлын мэдээллийн хамт цахим системд нийтлээгүй, тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, цахим системд бүртгэлтэй аж ахуй эрхлэгчид урилга илгээхгүйгээр өөрийн танил “К трейд” ХХК-ийн захирал Х.Х-аас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 596,131,250 төгрөгийн үнийн санал авч, ажлыг 350,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлж, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг өөртөө гаргуулан авахаар тохиролцсон.
Төслийн 2024 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 600,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр захиалагч “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл” ТХН, гүйцэтгэгч “К трейд” ХХК нар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 596,131,250 төгрөгийн үнэ бүхий АЧГ-2024/115 дугаартай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, “К трейд” ХХК-д гэрээ шууд байгуулах давуу байдал бий болгосон,
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэгч компаниас захиалагчид ажлын даалгаврын дагуу гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан талаар тайланг хүргүүлсэн байх ба захиалагч “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл” ТХН-ээс “К трейд” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 458129663 дугаарын данс руу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 357,678,750 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 238,452,500 төгрөг шилжүүлсэн.
Улмаар Ш.А нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дээрх мөнгөнөөс нийт 220,000,000 (хоёр зуун хорин сая) төгрөгийг “К трейд” ХХК-ийн захирал Х.Х дамжуулан бэлнээр гаргуулан авч өөртөө эдийн давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Би хууль бусаар 220 сая төгрөг авч хууль зөрчсөндөө маргах зүйлгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой сайн дураар зөвшилцөн, 1 жил хорих ялаар шийтгүүлэхээр тохиролцсон. Хууль бусаар олсон 220 сая төгрөгөө буцааж улсын орлогод оруулсан, маш их гэмшиж байна, дахин хууль зөрчихгүй...” гэсэн мэдүүлэг,
2. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус ажлыг хийж гүйцэтгэх талаар 2024 оны эхний төлөвлөгөөнд тусгагдаагүй, харин 2024 оны 08 сарын 14-ний өдрийн төслийн удирдах хорооны хурлаар тус ажлыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтын аргаар гэж тусгаж баталсан. Тэгсэн боловч нээлттэй тендер зарлахгүйгээр 2024 оны 10 сарын 28-ны өдөр хүрсэн. Тэгэхэд тус төслийн нэгжийн байгаль орчин, усны ажил хариуцсан ажилтан Э цахимд уг тендерийг бүртгүүлэхдээ шууд гэрээгээр гэж бүртгүүлэх талаар албан бичиг боловсруулж Ч.С даргаар гарын үсэг зуруулж Эрчим хүчний яам руу явуулсан. Би Э-т тендерийн аргачлалыг солиулахад заавал Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлж аргачлалаа өөрчлүүлсний дараа тендерийг зохион байгуулах ёстой шүү гэхэд надад тодорхой хариу хэлээгүй. Тэгээд уг албан бичиг явуулаад гэрээ шууд байгуулах арга гэж өөрчлөөд явуулсан. Цахимаас харахад манай худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд гэрээ шууд байгуулах аргаар харагддаг, яг тендер зарласан хэсэг дээр болохоор тендер зарласан зүйл байхгүй. Тэгээд ямар ч тендер зарлахгүйгээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн Баян-Өлгий аймаг Баяннуур сумын нуур үүсэх талбайд байрлах казах иргэдийн булш бунхныг нүүлгэн шилжүүлэх 2024 оны 10 сарын 30-ны өдрийн АҮГ-2024/115 дугаартай гэрээг шууд байгуулсан. Тэгэхэд төслийн зохицуулагч нь 2024 оны 10 сарын 22-ны өдөр тендерийн ажлын хэсэг байгуулсан тушаал гаргасан. Тэгээд 2024 оны 10 сарын 23-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж ажлын даалгавар боловсруулж, “К” ХХК-г үнэд багтсан үнийн санал ирүүлж, шалгаруулах гэж шийдвэрлэсэн байсан. К ХХК-аас 2024 оны 10 сарын 25-ны өдөр төсөвт багтсан үнийн санал ирүүлбэл шалгаруулах гэж шийдвэрлэсэн. Тэгээд 2024 оны 10 сарын 28-ны өдөр аргачлал өөрчлөх талаар албан бичиг явуулсан. 2024 оны 10 сарын 30-ны өдөр уг гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 60 хувь, гэрээг дүгнэсний дараа 40 хувийн санхүүжилт олгохоор тусгагдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),
3. Гэрч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид энэ ажилд тендер зарлах гэхээр үүнд оролцох компани алга, Баян-Өлгий аймгаас ирсэн албан бичигт Муссольмон шашны ёсоор нүүлгэн шилжүүлэх ёстой гэсэн албан бичиг ирсэн болохоор судалгаа хийж үзэхэд оршуулгын “Буян” ХХК зэргээс утсаар тодруулахад Казах хүмүүсийн шарилтай оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тэгээд үүнийг Эрчим хүчний яаманд танилцуулсан. Ховд аймгаас Ш.А Баян-Өлгий аймгаас “К трейд” ХХК уг шарил нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх боломжтой юм байна гэж бид нарт хэлсэн. Энэ талаар Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн О-д танилцуулсан. Тэгэхэд О Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35.11-д заасны дагуу шууд гэрээ байгуулаад ажлаа явуулж болох юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас ирүүлсэн албан бичигтээ 35.11 гэж тодотгож өгөөч гэсэн. Тэгэхэд О тус албан бичгийг засварлаж өгөхгүй, та нар 35.11-ээр явуулчихад болох юм байна гэж хэлсэн. Тэгээд бид хэд “Булш бунхан, соёлын өвийн тухай хууль” гэдгээр нь шууд гэрээ байгуулж болох юм байна гэж үзсэн. Тэгээд цаг хугацааны хувьд 09 сарын сүүлч болж газар хөлдөх нөхцөл байдал бий болсон байсан. Эрчим хүчний яамны мэргэжилтэн О-аас авсан чиглэлийн дагуу Ч.С даргын тушаалаар шууд гэрээ байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн даргаар би ажилласан. Дээд шатнаас буюу Эрчим хүчний яамны мэргэжилтэн О-аас өгсөн чиглэл учраас бид нар шууд гэрээ байгуулж болох юм байна гэж үзээд, гэрээгээ байгуулж газар хөлдөхөөс өмнө хурдан ажлаа дуусгах шаардлагатай байсан юм... “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл” төслийн зохицуулагч Ч.С-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалд ажлын хэсгийн даргаар миний бие, гишүүдэд Ш.А, нарийн бичиг Б.Э нар томилогдсон... Тэгээд “К трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулаад уг ажлыг 600.000.000 төгрөгөөр 2024 оны 10 сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгүүлсэн. Ажлын тайланг тус компани нь 2024 оны 12 дугаар сард бидэнд хүлээлгэж өгөөд ажлын гүйцэтгэлийн дагуу мөнгө нь тус компанид бүрэн олгогдсон. Тэд тайлан дээрээ 60 хүний шарил гэж байсан боловч тус шарилын газраас 108 шарил нүүлгэж Баяннуур сумаас олгосон 1 газарт буюу 3-4 км зайд нүүлгэн шилжүүлсэн. Тус шарил нь 1960-1980 оны сүүлч хүртэл хугацаанд бий болсон хуучин ашиглагдахаа больсон шарил байсан. Тэр шарилууд нь бунхангүй, дээр үеийнх болохоор банзаар хийж, шороо овоолсон байсан. Энэхүү шарилууд нь шинээр нуур үүсэх талбай доор орж байсан учраас үүнийг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Тайлан хүлээлгэж өгсөн боловч 60 хүний шарил зөөх байсан боловч 108 хүний шарил байсан, тэгээд “К трейд” ХХК-аас 600 сая төгрөг дээр нэмж 190 гаруй сая төгрөг нэмж нэхэмжилсэн. Тэр мөнгөний асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас тус нэхэмжлэхийг Эрчим хүчний яаманд албан бичгээр хүргүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас),
4. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сард сайдын тушаалаар ажлын төсөв нь батлагдаж гарч ирсэн. Тэгээд уг ажил оршуулгын ажил, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу түүх соёлын өвийг хамгаалах арга хэмжээ гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-т заасны дагуу гэрээ шууд байгуулах аргаар уг ажлыг хийлгэхээр болсон. Би “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-ийн зохицуулагч Ч.С-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын дагуу ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан... Ш.А ажлын хэсгийн хурал дээр казах хүмүүсийн шарилд казах хүн л шашныхаа дагуу хүрч, ёслол үйлдэх ёстой гэж хэлсэн... Тэгээд ганцхан К трейд ХХК-аас үнийн санал ирүүлсэн. Өөр аж ахуй нэгжээс санал ирүүлээгүй... Мөн гэрээ байгуулсны дараа “К трейд” ХХК-ийн ажпын гүйцэтгэлд Ш.А хяналт тавьж, хэрхэн хэрэгжүүлснийг хянаж шалгасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),
5. Гэрч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ дээр 1 булш бунхныг 10 сая төгрөгт багтааж зөөвөрлөнө гэсэн тариф байдаг юм байна лээ. Тус тендер зохион байгуулах ажлыг тус ажлын хэсгийн гишүүн Ж.Л, Ш.А, Б.Э нар хариуцаж зохион байгуулсан... Тус ажлыг хийж гүйцэтгэхэд Төрийн нарийн бичгийн даргын дагуу хяналт тавьсан хүн нь Ш.А юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас),
6. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би “К трейд” ХХК-ийг 2019 онд байгуулсан, түүнээс хойш тус компанийн захирлаар ажиллаж байна. “К трейд” ХХК нь бичиг цаас дээр баримт төдий явж байсан. Блок болон хавтан хийж зарж байсан бөгөөд хувиараа хийдэг байсан. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-өөс Баяннуур суманд Казах иргэдийг булш бунхныг нүүлгэх ажил хийгдэх юм байна гээд 2024 оны үед харж байсан. Хамгийн анх 2024 оны 9 дүгээр сарын сүүлчээр Ш.А гэх хүнтэй Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд явж байгаад танилцсан. Тэгэхэд Ш.А нь тус “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл”-ийн мэргэжилтэн гэж өөрийгөө танилцуулж байсан. Би өөрөө Ш.А-тай ярилцаж байхдаа хийчихээр ажил байна уу гэж асуусан. Тэгэхэд Ш.А Казах иргэдийн булш бунхан нүүлгэх ажил байна, тус ажлыг 400 сая төгрөг орчим төсөв байгаа байх гэж хэлж байсан. Ш.А надаас тус Казах иргэдийн булш бунхныг нүүлгэх ажлыг хийж чадах уу, үнийн санал өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг баримт бүрдүүлж өгөөд 1 cap гаруй хугацаанд явсан. Би уг ажлыг 400 сая төгрөгөөр хийе гэж бодоод 300 сая төгрөгөөр нь уг ажлыг хийгээд 100 сая төгрөгийн ашиг олно гэж бодсон. Тэгтэл Ш.А надад уг ажлын нийт төсөв 600.000.000 төгрөг, “К трейд” ХХК-аар 600.000.000 төгрөгт багтаагаад үнийн санал өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 596.131.250 төгрөг гэсэн үнийн санал өгсөн. Би уг ажлыг 400.000.000 төгрөгөөр хийгээд өгье гэж Ш.А-д хэлсэн. Харин Ш.А надад хариуд нь уг ажлыг 350.000.000 төгрөгөөр хийгээд, 250.000.000 төгрөгийг нь надад гаргаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд өвөл хүйтрээд нэлээд зардал гарсан. Тэгээд би тус ажлыг 350 сая төгрөгөөр хийж гүйцэтгээд, өөрийн “К трейд” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 458129663 тоот данснаас 250.000.000 төгрөг бэлнээр гаргаж, үүнээс өөртөө 30.0 сая төгрөгийг ашигт тооцож авсан. Үлдсэн 220.000.000 төгрөгийг Ш.А-д бэлнээр өгсөн, 30.0 сая төгрөгийг би өөрөө ашигласан. Би тухайн төгрөгийг Ш.А-д өгөхдөө эхний удаад 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэгт байрлах “Аса цирк”-ийн замын урд талд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар руу ороод 150.000.000 төгрөг бэлнээр гаргаж аваад, 30.0 сая төгрөгийг нь өөртөө аваад, үлдсэн 120.000.000 төгрөгийг Ш.А-д өгсөн. Би банк орохоосоо өмнө Ш.А-тай утсаар яриад бэлэн мөнгө гаргаж өгөх талаар ярилцахад Ш.А хүн явуулъя гэж хэлээд надад утасны дугаар өгсөн. Би тус Худалдаа хөгжлийн банкны салбар дээр бэлэн мөнгө аваад байж байтал, Ш.А ы явуулсан хүн банкны гадна ирсэн. Тэгэхэд би 120.0 сая төгрөгийг банкны мөнгөний хар ууттай нь авч гараад банкны урд талын зогсоолд зогсож байхад Ш.А ы надад өгсөн утсаар холбогдоод түүний явуулсан хүнд өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас),
7. Гэрч А.Х-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Ш.А тухайн үед нэг хүнээс очоод мөнгө өгөхөөр нь аваад ирээрэй гэж хэлээд тухайн хүний утасны дугаарыг өгсөн. Би эхлээд 2024 оны 11 сарын 18-ны өдөр Аса циркийн хойд талд байрлах Худалдаа хөгжлийн банкны ойролцоо зогсоолд машинтайгаа зогсож байсан. Тэгэхэд танихгүй хүн над руу утсаар залгаад бэлэн мөнгө авч ирж өгсөн. Тэр мөнгийг бүгдийг ууттай нь аав Ш.А-д авчирж өгсөн. Мөн түүний дараа 2024 оны 12 сарын үед манай аав Ш.А надад “очоод хүнтэй уулзаад мөнгө өгнө, түүнийг аваад ирээрэй” гэсэн. Тэгээд би хар өнгийн вангуард машинтайгаа Барилгачдын талбайн урд талд зогсоол дээр зогсож байтал өмнө надад мөнгө авчирч өгсөн ах дахиад гялгар ууттай мөнгө бэлнээр өгсөн. Тэр мөнгийг нь аваад тухайн үед аав Ш.А-д өгсөн. Тэр хүний өгсөн хэвээр аавдаа авч ирээд өгсөн. Би тухайн мөнгөнөөс өөртөө авч үлдсэн зүйл байхгүй. Би манай аав Ш.А тухайн хүнээс ямар учраас уг мөнгийг авч байгаа талаар мэдээгүй. Би ааваасаа ямар учиртай мөнгө вэ гэж асуугаагүй..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас),
8. Ш.Аы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тус ажлын хэсгийн дарга Ж.Л, нарийн бичиг Б.Э, тус тендерийн захиалагч Ч.С нар намайг тус ажлыг гүйцэтгэх 600,000,000 төгрөгөөс 220,000,000 төгрөгийг өөртөө авсан талаар тухайн үед мэдээгүй. Би мөнгө авсан талаараа тухайн 3 хүнд хэлж байгаагүй...”, “...би улсад учруулсан хохирол болох 220,000,000 төгрөгийг 6 удаа хэсэгчлэн хувааж бүрэн төлж дууслаа. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа бичгээр Авлигатай тэмцэх газраар дамжуулан Нийслэлийн прокурорын газарт гаргаж байна..." гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 96-97, 4 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
10. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 5-37 дугаар хуудас),
11. Монгол Улсын Эрчим хүчний яамны 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/1779 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 51, 53-59 дүгээр хуудас),
12. Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 6/6621 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн “К трейд” ХХК-ийн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 104-105, 107 дугаар хуудас),
13. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06/6140 дугаартай албан бичиг, түүний хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 115-120, 141-144),
14. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай Төслийн 2024 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, түүний хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас),
15. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас),
16. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 05/1442 дугаартай албан бичиг, түүний хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас),
17. Монгол Улсын Эрчим хүчний яамны 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн в/2673 дугаартай албан бичиг, түүний хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 222-245 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ш.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ш.Аы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ш.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 220.000.000 төгрөгийг Ш.Ааас гаргуулж улсын орлогод оруулсныг хохирогч Эрчим хүчний яаманд олгосон болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах болон МУ-ын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ш-н А (РД:У300000000)-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Ш.А-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ы гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 220.000.000 /хоёр зуун хорин сая/ төгрөг /Алигатай тэмцэх газрын барьцаа, хохирол төлүүлэх Төрийн сангийн дансанд байршуулсан/-ийг гаргуулж, хохирогч Эрчим хүчний яаманд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах болон тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2025/ЦХШЗ/1703 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс өөрчлөн хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР