Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2025

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

   2025          10           07                                        2025/ШЦТ/866

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Г.Хурмандах /цахим/,

шүүгдэгч Г.А, Б.М /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А, Б.М нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510031271263 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Орхон аймагт төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, мэргэжилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Москва хорооллын 000 дугаар байрны 0-00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овгийн Г-ын А /РД:ФД00000000/,

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орхон аймагт төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Вива сити хотхоны Н-00 дугаар байрны 0-0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овгийн Б-ийн М /РД:ФД00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А, Б.М нарт нь бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Вива сити хотхоны урд талын зам дээр согтуурсан үедээ нэг таксинд хамт суусан М.Билгүүн нь тэдний идэж байсан хоолыг нь янз бүрээр хэлсэн, бичлэг хийсэн гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний толгой, хоёр гар, нуруу хөл рүү нь гараараа алгадах, цохих, маажих, өшиглөх зэргээр зодон, эрүүл мэндэд нь зулайн хуйх, дух, хамар, зүүн доод зовхи,

нуруу, хүзүү, хоёр чих, шанаа, хацар, шуунд зулгаралт, хоёр чих, бугалга, баруун дал, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би маш их гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр сайн дураараа хүсэлт гаргасан. Дахин хууль зөрчихгүй биеэ зөв авч явна...” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би маш их гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр сайн дураараа хүсэлт гаргасан. Дахин хууль зөрчихгүй биеэ зөв авч явна...” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч М.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө найз Б-ны Айрис хотхоноос гарч яваад таксинд суусан. Таксинд суугаад одоо онгорхой газар юу байна ахаа гэтэл Фүүд сити орсон. Тэгээд дахиад цаашаагаа яваад мишээл ороод ирье гээд Мишээл явсан. Мишээл орчихоод хаачихсан байхаар нь Фүүд сити буцаад орсон. Орсон чинь хүн байхгүй хааж байсан. Тэгэхээр нь за за харья гээд буцаад таксинд суусан. Ямартай ч Мандала гарден оръё гэхэд суучих гэж хэлсэн. Энэ хүмүүс замдаа бууна гэж хэлээд би таксины урд суусан. Тэгээд миний хойд талд суусан охидуудтай маргалдаж эхэлсэн. Надад бол шалтгаан байхгүй. Мандала орох гэж байсан гэсэн чинь уг нь тэр хүмүүс замдаа буух байсан би Мандала орох гээд байгаа тэгсэн чинь намайг буу гэсэн ба үл ойлголцож эхэлсэн. Юу юугүй л над руу дайраад байсан. Ямар ч байсан намайг үсдээд нүүр ам урсан. Таксины жолооч ах аргаа бараад болиоч ээ гээд зөндөө хэлсэн. Би болиоч ээ гээд зөндөө гуйсан. Миний дээр дарж суучхаад босоогүй тийм болохоор бага хэмжээнд би утсаараа бичлэг хийсэн. Энд тэндгүй хумсны сорив байна. Гар толгой нил сорив хорсож байна. Үс нэлээн өвдөж байна. Дагзаар бас урсан... Үсэдсэн маажаагүй газар байхгүй, нуруу маажсан миний утсыг 2-3 удаа булааж авсан... Гар шуу, нүүр тэр чигээрээ дагзны хэсгээр нуруу хэсэгт маажиж зулгалсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 11, 18 дугаар хуудас),

 

4. Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр залуу бичлэг хийж байхдаа зөв зүгээр болоод яахчгүй өөрөө бичлэгээ хийж байгаагаа мэдэж байгаа болохоор томоотой болоод өөрөө гэмгүй хүний дүрд тоглоод байсан. Бичлэг хийгээгүй үедээ бид хоёрыг харааж доромжлоод хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсан. Тухайн үед таксины жолооч ахыг цагдаа дуудаад өгөөч гэж байхад ерөөсөө хөдлөөгүй. Хэрвээ тэр үед цагдаа дуудсан бол М бид хоёрыг зодож байх үед ирэх байсан. Би өөрийнхөө биеийг хамгаалсан, миний баруун талын шилбэ, шагайн дээд хэсэг бэртсэн. Хэрвээ би нүүр толгой хэсгээ хамгаалаагүй байсан бол толгой бэртэх байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 56-57 дугаар хуудас),

 

5. Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр баарнаас 23-с үүрийн 04 цагийн үед гарсан. Бид хоёр өлсөж байсан болохоор хажуу талд нь байрлах Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Белмонте хотхоны доор байрлах Си юу дэлгүүр рүү идэх зүйл болон уух юм аваад гарсан. Тэгээд бид хоёр замын урд талаас таксинд суусан. Дөнгөж хөдлөөд явж байхад зам дээр нэг залуу гараа өргөөд зогсож байсан. Тэгээд жолооч ах энэ хүнийг авчих уу гэж бид хоёроос асуухаар нь тэг тэг гэж хэлсэн. Тэр залуу жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэгээд гүүр тойроод замын хойд тал ороод явсан. Тэр үед Вива сити хотхон руу ордог замыг жолооч ах өнгөрөөд явчихсан. Тэгэхээр нь би Хүннү молл худалдааны төвийн хажуу талын замаар орчих гэхэд тэр залуу уурлаад харааж хэлсэн. Бид хэдийн маргаан Вива сити хотхон руу ордог замыг өнгөрснөөс болж энэ хэрэг маргаан гарсан. Тухайн үед таксины жолооч ахаас энэ залууг буулгаад өгөөч гэж хэлэхэд ерөөсөө хөдлөөгүй. Тэр залуу над руу Си юу дэлгүүрээс авсан халуун уух зүйлийг хүртэл над руу асгасан. Тэр залуу эхэлж хараал хэлж бид хоёр руу дайраагүй бол ийм зүйл болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 83 дугаар хуудас),

 

6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6, 7 дугаар хуудас),

 

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0725/7877 дугаартай "...1. Г.А-ийн биед зүүн бугалгад зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, нидрэгдэх механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын тогтоохгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас),

 

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/7860 дугаартай "...1. М.Б-ний биед зулайн хуйх, дух, хамар, зүүн доод зовхи, нуруу, хүзүү, хоёр чих, шанаа, хацар, шуунд зулгаралт, хоёр чих, бугалга, баруун дал, шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна" гэсэн дүгнэлт, /хх-ийн 32- 33 дугаар хуудас/,

 

9. Хохирогч М.Б-ний “сэтгэцэд учирсан хор хохирлоо тогтоолгохгүй, миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй”, мөн “миний зүгээс хохирол, хор уршиг дээрээ ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 43, 124 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдов.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.А, Б.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.А, Б.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Хохирогч М.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Г.А, Б.М нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.А, Б.М нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А, Б.М нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Г-ын А /РД:ФД00000000/, М овгийн Б-ийн М /РД:ФД00000000/ нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.М нарт тус бүрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А, Б.М нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камер бүхий 1 ширхэг Си-Ди-г хэргийн хамт хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А, Б.М нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.А, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.МӨНХБАЯР