| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0959/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/899 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхжин |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/899
2025 10 14 2025/ШЦТ/899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
улсын яллагч Б.Энхжин /цахим/,
шүүгдэгч Д.Б /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508035191732 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, бариач мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0-000/0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ийн Б /РД:МД00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0-000/0 тоот хашааны гадна хохирогч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан хутгаар түүний нуруу болон зүүн шуу хэсэгт хэд хэдэн удаагийн үйлдлээр хатгасны улмаас хохирогчийн биед нуруу, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх санал гаргасан. Хохирогчоосоо уучлалт гуйсан, одоо бие нь зүгээр байгаа. Эрүүл мэндийн тусламж болгож 1.000.000 төгрөг эхнэрийнх нь дансанд хийсэн. Одоо биеэ зөв авч явна гэв.
2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг өнгөрч байхад танил Б болон өөр 2 залуугийн хамт Тахилтын 7 дугаар гудамжинд байдаг Б гэх залуугийн гэрт очиход гэртээ байхгүй байхаар нь хамт явсан. Увсын ах Б-д байгаа гээд гэр рүү нь очсон. ...Б гэх хүн согтуу гарч ирээд шууд над руу дайраад байхаар нь би цааш түлхсэн чинь газарт унасан, уг хүн их согтуу байсан. Дотогш орсон ах гарч ирэхгүй болохоор нь Б болон хамт явсан залуу бид гурав явчихсан. Тэгээд хамт явсан залууг явуулчихаад Б бид хоёр харих гээд явж байсан чинь Б болон Б нар урдаас ирж байсан. Харанхуй байсан болохоор бид хоёрыг хараагүй байх. Яриаг нь сонсоод байхад намайг хайгаад яваад байх шиг байсан. Тэгж байгаад харанхуй гудамжаар ороод алга болсон. Б намайг гэр рүү дөхүүлж өгчихөөд яг салаад явах гэж байхад Б гэх хүн гэнэт урдаас гараад ирсэн. Би урдаас дөхөөд очсон чинь Б шууд тэврэнгээ миний ар нуруу хэсэгт 3 удаа хутгалсан. Би хутгалж байгааг нь мэдэнгүүтээ хутгатай гартай нь барьцалдаж байгаад зүүн гарынхаа шууны хэсэгт зүсүүлчихсэн. Тэгээд арай гэж хутгыг нь салгаж шидчихээд байж байтал Б хүрч ирээд салгаад намайг аваад явсан. Миний ар нуруу хэсэгт 3 удаа хутгалсан, мөн зүүн шуу хэсэгт зүсэгдсэн байгаа. Надад гомдол, санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 16 дугаар хуудас),
3. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б гэх ахындаа архи уугаад сууж байтал Бя ах орж ирээд танилцсан. Тэгээд өчигдөр орой 20 цагийн орчимд би Тахилтад дэлгүүр орох гэж явж байгаад Бя ахтай таараад бид хоёр нийлээд 2 шил архи хувааж уусан. Орой болоод дэлгүүр хаачихсан дахиад архи уух боломжгүй болчихоор би Бя ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал бид хоёрын урдаас Ба ах цээж нүцгэн алхаад ирж байсан. Тэгснээ зөрж өнгөрөхдөө Бя ахыг хараад “аа чи нөгөөх биз дээ” гэж барьж аваад тэр хоёр ноцолдоод айлын хашааны үүдэнд давхралдаж унасан. Тэгэхээр нь би “боль боль” гээд салгасан чинь Бя ах “өө энэ муу чинь намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь би Бя ахыг татаж босгосон. Тэгээд Бя ахыг сугадаад ойрхон байх А гэх айлын гэрт орж утсаар цагдаа, түргэн дуудсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),
4. Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бя-г хашаанд орж ирээд цонх нүдээд байхаар нь хутгалсан. Би тэр үед сандараад хутгалсан хутгаа яасан гэдгээ санахгүй байна. Би Бя-гийн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/9220 дугаартай “ 1. Б.Б-ийн биед нуруу, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4 Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. 9. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас),
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас),
8. Хохирогч Б.Б-ийн “...Миний бие Д.Б-ын гэрт өөрөө дур мэдэн хашааг нь давж, цонх, хаалгыг нь нүдэж, түүнийг гэрээсээ гарч ирэнгүүт нь 3-4 удаа цохисон. Би өөрөө асуудлыг эхлүүлсэн, надад гомдол, санал, хүсэлт байхгүй. Нөхөн олговор нэхэмжлэхгүй, Б эм, тариа, боолт зэргийг авч өгсөн, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...”, мөн ...”Д.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй, хохирлыг бүрэн байрагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх хүсэлтүүд (хавтаст хэргийн 41, 74 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг, мөн түүний Эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлсэн 124.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Д.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б /РД:МД00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР