Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/904

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

  2025          10            15                                        2025/ШЦТ/904

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч О.Нандинцэцэг /цахим/,

шүүгдэгч Г.Х /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511001461596 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт үйлчлэгчийн ажилтай, ам бүл-2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г-ын Х /РД:ТЖ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 8-5 дугаар байрны арктай хэсэгт тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан Б.Т-ийн тээврийн хэрэгслийг тортой зүйлээрээ цохиж, улмаар маргалдаж Б.Т-ийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмшиж байна, гэм буруу дээрээ маргаагүй зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар прокурорт сайн дураараа санал гаргасан. Цаашид биеэ зөв авч явна гэв.

 

2. Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед би хүү А, дүү С, эхнэр Х нарын хамт гэр рүүгээ орох гээд өөрийн эзэмшилийн 00-00 УБИ улсын дугаартай автомашинтайгаа Чингэлтэй дүүргийн 4-р хороо, СУИС урд байдаг арктай байрны аркаар ороод явж байхад урд зам дээр бор шаргал өнгийн шуб маягийн куртиктэй, цагаан өнгийн малгайтай, 60-65 орчим насны эмэгтэй хүн явж байсан. Би хажуугаар нь зөрсөн чинь миний унаж явсан машины хойд хэсэг рүү цохихоор нь машинаа зогсоогоод хаалгаа онгойлгож байгаад хүүе яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлсэн чинь аркаар цаашаагаа гүйгээд явчихсан. Би хойноос нь гүйж очоод барьж аваад та яагаад машин цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь та тэр цохисон машинаа очиж хар гээд жаахан чирсэн чинь надтай зууралдаад, намайг огт тавихгүй заамдаж байгаад тортой зүйлээр цохисон /сүүлд нь тэрийгээ гэрэл гэж хэлсэн/. Би толгойгоо бариад үзсэн чинь миний толгойноос цус гарчихсан байсан болохоор цагдаа дуудахаас өөр аргагүй болоод цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

 

3. Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 17 цаг 10 минутын үед би Чингэлтэй дүүргийн 4-р хороо СУИС урд байдаг Цувдай цайны газраас /би хоёр хуушуур идчихээд/ гараад Максим горкийн нэрэмжит номын сангийн байрны аркан дундуур гарч байхад хар өнгөтэй бенз маркийн автомашин /улсын дугаар нь сайн хараагүй/ аркан дуундуур явж байхад хажуугаар гарахдаа шүргэсэн. Тэгэхээр нь би тухайн машины баруун хойд бөөрөнд зүүн гараараа цохиод цааш яваад булан эргэх гэж байхад миний араас хөөе гээд орилохоор нь би тоохгүйгээр явж байхад хаалгаа онгойлгоод хөөе машин цохичихлоо гэхээр нь шууд эргээд явчихсан. Тэгсэн тухайн залуу миний араас ирээд миний хувцаснаас чангаагаад машин цохичихлоо гэхээр нь чи одоо хүн дайрчихсан бол яах юм гэж хэлэхэд надтай зууралдаад миний машин руу явья, тэр машин хэдэн төгрөгний үнэтэй машин гэж бодож байна гээд машин руугаа чирээд байхаар нь үгүй би яарч байна чадахгүй гэсэн чинь миний хувцаснаас баруун гарны ханцуй хэсэгнээс зуураад байсан. Би болиоч яараад байна, яах гээд байгаа юм бэ гээд баруун гартаа барьж явсан тортой зүйлээрээ тавиулах гээд цохичихсон /хуванцар зөөврийн гэрэл/. Тухайн залуу над руу уурлаад хэл амаар доромжпоод байх үед цаанаас дахиад нэг 25 орчим насны эмэгтэй хүн хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод балай авгай чинь согтуу юм уу, новш чинь чи энэ машиныг төлж дийлэх үү, энэ машиныг ямар үнэтэйг мэдэх үү гэхээр нь би мөнгийг нь төлж чадахгүй гэж хэлсэн чинь хууль дүрэм журамаар нь явья гэхээр нь би тэгье хууль дүрэмээр явья би шорондоо орье гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 672 дугаартай “ 1. Б.Т-ийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөриин чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

 

5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10, 11 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Г.Х нь хохирогч Б.Т-ийн Эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлсэн 246.300 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.Т нь хохирол нэхэмжлээгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Г.Х нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Х /РД:ТЖ00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 1 /нэг/ сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХБАЯР