Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/926

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

  2025          10            22                                         2025/ШЦТ/926

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /цахим/,

шүүгдэгч Ч.Б /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508024211864 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 68 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл-4, нөхөр, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Ч-ны Б /РД:УС00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дугаар байр, 00 тоотод нөхөр Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, түүний эрүүл мэндэд эрүү, зүүн дал, цээж хэсэгт шарх, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн сарвуу, цээж, баруун хөх, хэвлий, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нөхөртэйгээ 50 гаруй жил амьдарлаа. Тэр маань одоо бие муутай, тухайн өдөр уур хүрээд буруу зүйл хийсэн, одоо биеэ зөв авч явна. Өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцоно гэж би өөрөө хүсэлт гаргасан...” гэв.

 

2. Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө цагийг нь сайн санахгүй байна, 10 цагийн орчимд эхнэр Б, миний зээ дүү Ц-тай дүүргийн автобусны буудал дээр уулзаад хамт айлд очно гэж хэлээд гараад явсан. ...Тэгтэл эхнэр Б 13 цагийн орчимд хүрч ирээд усанд орно гэхээр нь чи хаана юу хийж байгаад ирсэн юм гээд бага зэрэг маргалдсан... Б ширээн дээр тортны хайрцаг дотор тортны доор нь тавьдаг хатуу кардонон цаасаар миний зүүн гарын шуу, булчин хэсэгт 3-4 удаа, толгойн орой хэсэгт 1 удаа, цээж, баруун талын хөх хэсэгт 1 удаа цохихоор нь би булааж аваад цонхоор шидчихсэн. Тэгтэл унтлагын өрөөний жижиг хөргөгчин дээр байсан битүү чанагч над руу шидээд нурууны ташаан толгой хэсэгт оносон, миний өрөөнд орны хажуу талд байсан ус буцалгагч аваад миний зүүн далны хэсэгт 1 удаа цохисон, баруун хөлний шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13, 18-20 дугаар хуудас),

 

3. Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай нөхөр Д намайг “гэр орондоо хонодоггүй, буудалд хонодог янхан гичий” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би гэрт байсан кардонон цаасыг аваад шидсэн чинь Д-ыг оночихсон. Над руу зөрүүлээд ус буцалгагч аваад шидэхээр нь тэр ус буцалгагчийг нь барьж аваад өөр рүү нь шидсэн чинь онох шиг болсон. Яг хаана нь оносныг нь санахгүй байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болохоор өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64-65, 74-75 дугаар хуудас),

 

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 8, 9 дүгээр хуудас),

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн СХД0725/035 дугаартай “...1. Б.Д-ын биед эрүүнд, зүүн даланд цээжинд шарх, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн сарвуу, цээж, баруун хөх, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 24-25 дугаар хуудас),

 

6.Хохирогч Б.Д-ын “...сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, гомдол саналгүй. Мөн өөрийн эхнэр болох Бадамд гомдол санал байхгүй, би сэтгэцийн хор уршиг тогтоолгох дүгнэлт гаргуулахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх хүсэлтүүд (хх-ийн 39, 54, 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруу тогтоогдов.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ч.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Хохирогч Б.Д нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Ч.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хүрээнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Ч-ны Б /РД:УС00000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 1 /нэг/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХБАЯР