| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02591/И |
| Дугаар | 181/ШШ2023/00860 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2023/00860
| 2023 03 21 | 181/ШШ2023/00860 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух Отгоны ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоотод оршин суух, Ядамхүүгийн*******,
Хариуцагч: С................... тоотод оршин суух, Ядамхүүгийн******* /РД:/,
Хариуцагч: ................... тоотод оршин суух Эрдэнэсүрэнгийн******* /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байр 02 тоот хаягт байрлах 41.05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нийт 36,360,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа,
Хариуцагч Я.Баасанжаргал, Я.Базарханд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байр 02 тоот хаягт байрлах 41.05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нийт 36,360,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөгийг Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.******* нь Өндөр буянт холдинг ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр UВМ13А36 дугаартай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 41,05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний үнийг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлсөн. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000282862 дугаар Гэрчилгээ олгогдсон. Иймд О.*******гийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв гэж үзэх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн хувьд орон сууцаа өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Я.Баасанжаргал нь тухайн орон сууцыг аливаа хууль зүйн үндэслэл болон хүчин төгөлдөр гэрээгүйгээр хууль бусаар эзэмшиж, ашиглаж эхэлсэн.
Тодруулбал, Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагий нь тухайн орон сууцны өмчлөгч бус Д.Энхжаргал гэгчийг өмчлөгч гэж ойлгон түүнд 2013 онд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө өгч залилуулсан үйл баримт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаартай Шийтгэх тогтоолоор тогтоогдож, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Д.Энхжаргал нь тухайн орон сууцыг түрээслэнэ гэж өмчлөгч талд хандаж, түлхүүрийг нь авсан боловч бусдад өөрийн өмчлөл мэт тайлбарлаж, нэр бүхий иргэдийг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Энхжаргалын гэмт үйлдлийн хохирогч болсон Ч.Базардагий нь өөрт учирсан гэм хорын хохирлоо буруутай этгээд болох Д.Энхжаргалаас гаргуулах эрхийг нь дээр дурдсан эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байхад одоог хүртэл үндэслэлгүйгээр О.*******гийн өмчлөлийн орон сууцыг өөрийн төрсөн хүү Я.Баасанжаргалд эзэмшүүлж, ашиглуулж байгаад гомдолтой байна. О.*******гийн хувьд Ч.Базардагийгийн Д.Энхжаргалд залилуулсан үйлдэлд ямар нэгэн оролцоо, хамаарал байхгүй бөгөөд Ч.Базардагий нь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байгаагийн хувьд худалдагч талын өмчлөх эрхийг шалгахгүйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байдаг.
Хууль ёсны өмчлөгч О.******* нь өөрөө Д.Энхжаргалд мөн адил залилуулсан бөгөөд, харин ч орон сууцыг нь эзэмшиж байгаа этгээдүүдийг Д.Энхжаргал гэгчид залилуулсан нөхцөл байдал болон тухайн үед зах зээлийн ханшаар нь орон сууцыг худалдан авах тухай өмчлөгчид гаргаж байсан санал, цаашлаад Монгол Улсад тархсан Ковид-19 цар тахлын хүчин зүйл зэргээс шалтгаалан орон сууцыг чөлөөлөх боломжит хугацааг хангалттай олгосон.
Гэвч Ч.Базардагий нь дээрх орон сууцыг эзэмших эрхгүй гэдгээ мэдсэн атлаа өнөөдрийг хүртэл өөрийн төрсөн хүү Я.Баасанжаргалд ашиглуулан сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа учраас О.******* нь ийнхүү өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч О.******* нь урьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхээ хамгаалуулахаар Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан Ч.Базардагийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/01416 дугаартай Шийдвэрээр Сүхбаатар дүургийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 41,05 м.кв талбайтай орон сууцыг Ч.Базардагий эзэмшээгүй, харин түүний хүү Я.Баасанжаргал гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа, Я.Баасанжаргал насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь холбогдох баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Я.Баасанжаргалд холбогдуулан мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32022/01323 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн овог, эцгийн нэр тодорхой бус зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү зөрчлөө арилгаснаар шүүхэд дахин хандах эрхтэйг дурдсан байна.
Иймд нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргад хандаж, нэхэмжлэлд дурдсан орон сууцыг хэн эзэмшиж байгаа талаар тодруулахад Ядамхүугийн******* эзэмшиж байна гэсэн хариу өгсөн тул үүний дагуу эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл хариуцагчаар тодорхойлсон Я.Баасанжаргал нь тухайн орон сууцанд амьдрахгүй байгаа талаар холбогдох газраас баримт гаргуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын зүгээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тодруулж, хэмжээг ихэсгэсэн. Үүнд,
1.1.О.******* нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 41,05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000282862 дугаар Гэрчилгээ олгогдсон хууль ёсны цор ганц өмчлөгч юм. Ингээд өөрийн орон сууцаа бусдад түрээслүүлэхээр Зар сонинд зар тавьсны дагуу Д.Энхжаргал гэгч түрээслэсэн. Гэтэл Д.Энхжаргал нь О.*******гийн өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөл мэтээр тайлбарлаж хариуцагч Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагийгаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө авч 02 тоот орон сууцны эзэмшлийг түүнд шилжүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргад хандаж, нэхэмжлэлд дурдсан орон сууцыг хэн эзэмшиж байгаа талаар тодруулахад Ядамхүүгийн******* эзэмшиж байна гэсэн хариу өгсөн тул үүний дагуу эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүссэн байдаг. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг Я.Баасанжаргалаас гадна хэн эзэмшиж, ашиглаж, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа талаар мэдэх зорилгоор нэхэмжлэгч талаас тухайн орон сууцны ашиглалтыг хариуцдаг Булнайн-Ар ХХК болон Сууц өмчлөгчдийн холбоонд тус тус хүсэлт гаргаж тодруулахад Н.Ядамхүү, Я.Базарханд, Э.Түвшин нар амьдарч байна гэсэн агуулгаар Тодорхойлолт болон аман хариу өгсөн. Ингээд эдгээр иргэдийг мөн хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт нэхэмжпэгч талаас гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Гэтэл дээрх нэр бүхий хариуцагч нар нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд бүртгэлгүй байдлаа ашиглаж, шүүхээс дуудсан мэдэгдэх хуудсыг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг одоог хүртэл хүлээн авахгүй, орон сууцыг өөр хоорондоо шилжүүлж, эзэмшиж, ашигласаар байна.
Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 41,05 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Маргаан бүхий 02 тоотын хууль ёсны бөгөөд цор ганц өмчлөгч болох О.******* нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.
1.2.Хариуцагч нар нь дээрх орон сууцыг аливаа хууль болон гэрээ эсхүл өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэл өөр хоорондоо шилжүүлэн эзэмшиж, ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд өмчлөгчийн олох ёстой байсан орлого нийт 36,630,000 төгрөг, эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч нарт нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглах эрх аливаа хууль болон гэрээ, нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу үүсээгүй.
Дээр дурдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаартай Шийтгэх тогтоолоор ...Д.Энхжаргал нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Юу Би" таун хотхоны улсын бүртгэлд бүртгэгдсэн хаяг нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамж, 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн авч, улмаар өөрийн өмч мэтээр Ч.Базардагий болон нэр бүхий бусад иргэдэд ташаа ойлголт өгч, төөрөгдүүлснээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж шийдвэрлэсэн. Энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч О.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад түрээслэж байсан нь тогтоогдсон тул энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлохгүй үйл баримтад хамаарна.
Хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа тул хариуцагч нарыг өмчлөгчийн олох ёстой байсан орлогоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогыг буюу хариуцагч нарын үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээг тодорхойлохдоо хариуцагч Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагий гэмт хэргийн хохирогч болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сар дуусталх хугацааны олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Нэхэмжлэлээ бодит байдлаар нь шаардахын тулд хөрөнгийн үнэлгээ гаргах Тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар дээр заасан хугацааны түрээсийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулсан.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 620 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-аар Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамж, 37-р байр 41,05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн зах зээлийн үнэ цэнэ 2019 оны 06 сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацааны нийт дүн 36,630,000 төгрөг болохыг мөн тухайн үнэлгээнд он, сар тус бүрээр нь түрээсийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас нэхэмжлэгч О.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчлөгчийн олох ёстой байсан орлогоор үндэслэлгүй хөрөнгөжсөн 36,630,000 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн зардал 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөгийг харуицагч нараас гаргуулж өгнө үү. гэв.
2.Хариуцагч Э.Түвшин, М.Базарханд нар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.*******гийн нэхэмжлэлтэй Я.Баасанжаргал, Н.Ядамхүү, М.Базарханд, Э.Түвшин нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Э.Түвшин, М.Базарханд бид дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 37 дугаар байр, 02 тоот хаягт байрлах, 41,05
м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс чөлөөлүүлэх,
36,780,000 төгрөг гаргуулах тухай шаардпага гаргажээ.
Бид маргаан бүхий тус орон сууцанд амьдардаггүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 36,780,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тус орон сууцыг хариуцагч Я.Баасанжаргалын ээж болох Ч.Базардагий нь худалдан авч Я.Баасанжаргал тус орон сууцанд амьдарч байгаад тус орон сууцнаас нүүсэн.
Маргаан бүхий орон сууцнаас Я.Баасанжаргал нүүснээс хойш тус байрны урсгал төлбөр /сөх/-ийг сул төлж байгаа мөн ус алдах бусад эрсдэлээс урьдчилан сэргийлж хүн байх шаардлагатай байна эзгүй үед ус алдаад бусдад хохирол учируулах юм бол би хариуцлага хүлээх болно та хоёр амьдарч хэмээн 2022 оны эхээр гуйсан. Бид тус орон сууцанд 2022 оны 3 дугаар сараас эхлэн 2022 оны 06 сарын сүүл хүртэл амьдарч байгаад нүүсэн. Биднийг амьдарч байх хооронд өмчлөгч гэж нэг ч хүн тус байрнаас гарахыг шаардаж байгаагүй. Одоо бид хотын төвөөр явахдаа орж гаран тус байрны аюулгүй байдлыг шалгадаг, мөн урсгал зардлыг тогтмол төлдөг.
Тус байрны шударга өмчлөгч байраа шаардаж байгаа тул тус байрнаас өөрийн хамаарал бүхий эд зүйлээ аваад өмчлөлд шилжүүлэн өгөхөд бэлэн байна. Харин 36.780.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Ч.Баасанжаргал, М.Базарханд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан хариу тайлбатаа:
Хариуцагч Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагий нь маргаан бүхий орон сууцыг Д.Энхжаргалаас 53,132,000 төгрөгөөр худалдан авсан байдаг.
Гэтэл маргаан бүхий орон сууцыг Д.Энхжаргал нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагийг залилсан болохыг 2019 онд мэдсэн..
Маргаан бүхий орон сууцыг бусдад залилуулсныг мэдсэн үеэс буюу 2019 оны сүүлээр Я.Баасанжаргал нь нүүж түүний ээж Ч.Базардагий нь тус орон сууцанд
амьдарсан. Түүнээс хойш 2022 оны эхээр хариуцагчийн ээж болох Ч.Базардагийгийн биеийн байдал муудаж ганцаараа амьдрах боломжгүй болж маргаан бүхий орон сууцнаас нүүсэн. Маргаан бүхий орон сууцнаас хариуцагч Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагий нүүснээс хойш хариуцагч Я.Баасанжаргал нь тус орон сууцанд 2022 оны 03 дугаар сарын үед өөрийн дүү нар болох Э.Түвшин, Я.Базарханд нарыг амьдарчхаач хэмээн гуйсан. Тус орон сууцын аюулгүй байдал, ус алдах зэргээс урьдчилан сэргийлгэх, өмчлөгч нар байрыг шаардаж ирвэл хүнтэй байх шаардлагатай зэргийг харгалзан үзэж Э.Түвшин, Я.Базарханд нарыг амьдруулахаар гуйсан байдаг.
Учир нь тус орон сууцанд хүнгүй үед ус алдах, гал газар зэргээр бусдад гэм хор учруулбал түүний хариуцлагыг Ч.Базардагий хүлээх учир хүнтэй байх нь зөв хэмээн үзсэн. Түүнээс хариуцагч Я.Баасанжаргал нь маргаан бүхий орон сууцыг бусдад дамжуулан түрээслэж ашиг олсон зэргээр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: А.Золзаяад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн UBT13А36 дугаартай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Өндөрбуянт холдинг ХХК-ийн дүрэм, 000282862 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгйн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ДШМ/1109 дүгээр магадлал, Өндөрбуянт холдинг ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21/27 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01416 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/01323 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 66 тоот албан бичиг, Булнайн ар ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/124 тоот албан бичиг, Булнайн ар ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/126 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 620 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д 150,000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, Булнайн ар ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн.
5.Хариуцагч нараас талаас нотлох баримтаар: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Н.Ядамхүүгийн Ч.Базардагий нарын нас барсны бүртгэлийн лавлагаанууд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байр 02 тоот хаягт байрлах 41.05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нийт 36,360,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн 150,000 төгрөг, нийт 36,780,000 төгрөгийг Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нараас гаргуулна гэжээ.
3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын орон сууцыг чөлөөлүүлэх хэсгийг зөвшөөрч, 36,780,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.
4.Өмчлөх эрх нь хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүсдэг бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ гэж заажээ.
5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000282862 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Өндөр буянт холдинг ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №21/27 дугаар албан бичиг, Өндөрбуянт холдинг ХХК болон О.******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №UBT13А36 дугаар Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ болон нэхэмжлэгчийн ... компанийн дүрмийн санд заасан хувьцаа, хувь эзэмшлийн эрхийн дагуу ... гэрээний үндсэн дээр хууль ёсны өмчлөгч, эзэмшигчээр бүртгүүлсэн ...гэх тайлбар зэргээр нэхэмжлэлийн зүйл болох Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байрны 2 тоот, улсын бүртгэлийн Ү-2203027160 дугаарт бүртгэлтэй, 41,05 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч О.******* болох нь тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч болохын хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор эрх зөрчсөн этгээдэд холбогдуулж орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, өмчлөгчийн эзэмшилд шилжүүлэх шаардлага гаргах эрхтэй.
7.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ДШМ/1109 дугаар магадлалаар шүүгдэгч Д.Энхжаргалыг 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах Юу Би таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн эзэмшиж байсан атлаа өөрийгөө уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байрны өмчлөгч болгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ...хариуцагч Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагийгаас 53,132,000 төгрөг хууран авч ... бусдад нийт 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Я.Баасанжаргалын ээж Ч.Базардагий нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 37 дугаар байрны 2 тоот орон сууцанд 2013 оноос амьдарч эхэлсэн нь дээрх эрүүгийн хэрэгтэй холбоотой бөгөөд тэрээр Д.Энхжаргалыг орон сууцны өмчлөгч гэж итгэн улмаар орон сууцыг худалдан авах зорилгоор түүнд 53,132,000 төгрөг шилжүүлж, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх эрүүгийн хэрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй юм.
9.Эрүүгийн хэргийн талаарх дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байрны 2 тоот, 41,05 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203027160 дугаарт бүртгэлтэй орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нарын эзэмшил хууль бус болохыг нотлох үндэслэл болох бөгөөд хариуцагч тал энэ үйл баримтын талаар шүүхэд ...бусдад залилуулсныг мэдсэн үе 2019 оны сүүлээр Я.Баасанжаргал нүүж түүний ээж Ч.Базардагий тус орон сууцанд амьдарч байгаад 2022 оны эхээр биеийн байдал нь муудаж ганцаараа амьдрах боломжгүй болж уг орон сууцнаас нүүсэн, түүнээс хойш Я.Баасанжаргал нь тус орон сууцанд 2022 оны 03 дугаар сард өөрийн дүү нар болох Э.Түвшин, Я.Базарханд нарыг амьдраач гэж гуйгаад, өмчлөгч нар байрыг шаардаж ирвэл хүнтэй байх шаардлагатай зэргийг харгалзан үзэж Э.Түвшин, Я.Базарханд нарыг амьдруулсан, бусдад дамжуулан түрээслэж ашиг олсон зэргээр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй.... гэсэн тайлбар гаргасан болон хэрэгт авагдсан Булнайн-Ар ХХК-ийн 2022.07.27-ны өдрийн 01/126 тоот болон 2023.01.03-ны өдрийн 01/01 тоот хариу албан бичгүүд, харилцагчийн гүйлгээний баримт, Хэрэглэгч хооронд байгуулсан 2022.07.26-ны өдрийн гэрээ зэргээр Э.Түвшин, Я.Базарханд нарыг энэ хэргийн хариуцагч болох нь нотлогдож байна. /хх-52-55, 113/.
10.Үл хөдлөх эд хөрөнгө бусдаас худалдан авч буй этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлохыг худалдагчаас шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу бусдад худалдах эрхтэй этгээд мөн эсэхийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлах боломжтой.
Хариуцагч Я.Баасанжаргал, түүний ээж Ч.Базардагий нь хэдийгээр эрүүгийн гэмт хэргийн хохирогч болсон ч түүнийг шударга эзэмшигч гэж үзэхгүй. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Тодруулбал, өмчлөгч нь эд зүйлээ бусдад хөлслүүлэх, түрээслэх тохиолдолд хөлслөгч болон түрээслэгч нь гэрээний үндсэн дээр эд юмсыг эзэмших эрх үүсдэг.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой аливаа харилцаанд ороогүй байна.
11.Нэхэмжлэгчээс хариуцагч Ч.Базардагийд холбогдуулан тус нэхэмжлэлээ гаргахад нь тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01416 дугаар шийдвэрээр ...Ч.Базардагий нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байр 02 тоот орон сууцанд амьдардаггүй, харин түүний хүү Я.Баасанжаргал гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа, Я.Баасанжаргал насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын Ч.Базардагийн хаягийг тодорхойлсон байдал, Я.Баасанжаргалын хаягийн бүртгэл хийлгэсэн байдал, түүний тайлбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнээд О.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх хариуцагч Я.Баасанжаргалын оршин суух хаягийн бүртгэлтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй.
12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-д хүсэлт гаргаж, уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааныхыг 36,630,000 төгрөг болохыг тодорхойлуулсан бөгөөд Д.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч нь орлого олох зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээслэх зорилготой байсан нь тогтоогдсон ба энэ үндэслэлээр орох байсан орлого буюу 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн орлогыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлсэн байна.
13.Хариуцагч Я.Баасанжаргал, Э.Түвшин, М.Базарханд нар нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн байх тул нэхэмжлэлд дурдагдаж буй 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дүгээр сар хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд түүнийг буцаах үүрэгтэйгээс гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч О.******* уг орон сууцны шударга эзэмшигч байх тул 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөхгүй гэх хариуцагч Я.Баасанжаргал, Э.Түвшин, М.Базарханд нарын татгалзал хууль зүйн үндэслэлгүй байх тул олох ёстой байсан орлого болох 36,780,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар өөрсдийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хэргийн оролцогч хүлээдэг. Хариуцагч талын татгалзал, тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн мөнгийг төлөхгүй... гэх тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно гэж заасан. Тиймээс хариуцагч хууль ёсны өмчлөгчийн шаардлагын дагуу орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, суурьшин амьдрах зориулалттай орон сууцны бусад хэлбэрийг сонгох боломжтой байсан гэж үзэх бөгөөд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан нь хариуцагчийн халдашгүй байх, орон байраар хангагдах үндсэн эрхийг зөрчихгүй.
16.Дээр дурдсан хуулийн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 41,05 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Я.Баасанжаргал, Э.Түвшин, М.Базарханд нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, өмчлөгчийн эзэмшилд шилжүүлж, олох ёстой байсан орлого болох түрээсийн орлого 36,780,000 төгрөгийг хариуцагч Я.Баасанжаргал, Э.Түвшин, М.Базарханд нараас гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэв.
17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 341,850 төгрөг, нийт 412,050 төгрөгийг улсын төсвийн орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 412,050 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хууль 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 37 дугаар байрны 2 тоот хаягт байршилтаа 41.05 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Я.Баасанжаргал, Я.Базарханд, Э.Түвшин нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч нараас 36,780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 412,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ