Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/938

 

 

 

                 

 

                                   

 

      

 

 

   2025         10           24                                         2025/ШЦТ/938

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /цахим/,

шүүгдэгч Б.А /биечлэн/,

шүүгдэгч У.Н /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, У.Н нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2509000001288 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хилчин гудамж 0-000/0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Б-ийн А /РД:УЮ00000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хайрхан гудамж 0-000 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн У-ын Н /РД:ИЛ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Н, Б.А нар нь бүлэглэн 2025 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд хохирогч Д.Д-ийг согтуурсан, биеэ авч явах чадваргүй байдлыг нь далимдуулан түүний Самсунг А51 загварын гар утас болон түрийвчтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 846.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч У.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргээ сайн дураараа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой тохирсон. Хохирогчоос уучлалт гуйсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

2. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргээ сайн дураараа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой тохирсон, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв...” гэв.

 

3. Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Скайресорт дээр найз Х-ийн хуримд оролцоод, архи согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан бөгөөд тэндээс нэг хүний машинд дайгдаж ирээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Спортын төв ордон дээр буугаад, уусан архиндаа тасраад унтаад өгсөн байсан. Гэтэл маргааш өглөө нь буюу 08 дугаар сарын 05-ны өглөө 11-р хороололд байрлах ажлын байран дээрээ сэрсэн. Сэрэхэд манай ажилтан болох А надад цагдаа өөрийг чинь хүргэж ирсэн, эд зүйлсийг чинь 2 залуу аваад явсных нь дараа хажууд нь байсан хүмүүс харж цагдаа дуудаад гар утсыг чинь эргүүлэн, ажил дээр авчирч өгсөн гэж хэлсэн. Гар утас минь надад байсан ч миний түрийвч байхгүй байсан ба түрийвчээ бол хаясан юм шиг байна гэж бодоод тухайн үед юу болсон талаар дэлгэрэнгүй мэдэх гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэс дээр ирж асуугаад түрийвчийг минь 2 залуу аваад явсныг мэдсэн. Алдсан гэх гар утас нь А56 загварын гар утас, түрийвчний хувьд манай найз бэлэглэсэн бөгөөд дотор нь бэлэн 20.500 төгрөг, Хаан банк болон Худалдаа хөгжлийн карт тус тус 1 ширхэг байсан. ...Эд зүйлээ авсан тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

4. Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2025 оны 08 дугаар сарын 04-ний 08:30 минутаас 08 дугаар сарын 05-ны 08:30 минут хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 цагийн эргүүлийн үүргийг эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлагч М.Б-н хамтаар  гүйцэтгэж байсан. 2025 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 03:00 цагаас 04:00 цагийн орчим “Спортын төв ордны эсрэг талд зам дээр согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад, их хэмжээний согтолттой биеэ авч явах чадваргүй, биедээ авч яваа бичиг баримтгүй эрэгтэй хүн байсан. Тухайн хүнийг сандал дээр суулгаад регистрийн дугаарыг нь асуухад, хэлж чадахгүй, хэлж буй үг нь ойлгогдохгүй байсан. Эрүүлжүүлэх байранд хүргэж өгөхөөр машиныхаа ард суулгатал тухайн согтуу үл таних эрэгтэй “Ах нь гайгүй” гэж хэлээд нэг хүний дугаар өгөхөөр нь тухайн дугаар луу нь залгаж байтал хажуу талаас 2 эмэгтэй хүн ирээд, “Наад хүний чинь утсыг 00-00 УББ гэсэн улсын дугаартай, приус маркийн машинтай 2 хүн ирээд халаасыг нь ухаад, аваад явчихсан” гэж хэлсэн. Би 00-00 УББ гэсэн улсын дугаарыг Епатрол гэх нэртэй тээврийн хэрэгсэл шүүдэг төхөөрөмжөөр шүүж үзэхэд, тухайн тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлагдаж байсан. 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээллийн дагуу дугаараар нь холбогдож ярихад “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Айлофт гэх нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа байна” гэхээр би “Наанаа байж байгаараа” гэж хэлээд очоод машин эрэн сурвалжлагдаж байгаа учраас машиныг нь унтраалгаад, жолоочийг буулгаад, машины түлхүүрийн авч, ахлагч М.Б 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд, голын хайрцгийн урд, доод хэсэгт байдаг бичиг баримтын хайрцгаас Самсунг маркийн 2 ширхэг гар утас, гадаад улсын иргэний 2 ширхэг зурагтай үнэмлэх гарч ирсэн. Тээврийн хэрэгслийн эзэмшигчээс гарч ирсэн Самсунг маркийн 2 ширхэг гар утас, гадаад улсын иргэний 2 ширхэг зурагтай үнэмлэхийг хэнийх болохыг нь тодруулан асуухад, 2 ширхэг гар утсыг “Минийх”, 2 ширхэг гадаад үнэмлэхийг “Таксинд суусан хүмүүс үлдээсэн байсан” гэж хэлсэн. Би эрэн сурвалжлагдаж байсан 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ахлагч М.Б жолоочийг нь ардаа суулгаад эргүүлийн машинаа унаад Спортын төв opдон дээр байсан согтуу хүн дээр очоод 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн Самсунг маркийн утаснуудыг үзүүлэхэд өөрийнхөө гар утсыг таниад кодоо тайлан баталгаажуулсан тул өөрт нь өгөөд Сүхбаатар дүүргийн 7 дугаар xopoo 11 дүгээр хороолол ажилдаг гэдгээ хэлхээр нь ажил дээр нь хамт ажилдаг хүнд нь хүлээлгэж өгсөн. Би эрэн сурвалжлагдаж байсан 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ахлагч М.Б жолоочийг ардаа суулгаад эргүүлийн машинаа унаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст авчирч сэжигтэй таксины жолоочийг жижүүрт гарч байсан мөрдөгчид хүлээлгэн өгч эрэн сурвалжпагдаж байсан 00-00 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэлтсийн хашаанд байрлуулсан. ... Түрүүвч гарч ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

5. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд найз Б-ийн хамт тээврийн хэрэгсэлтэй явж байх үед замын хажуу талын боржуур дээр согтуу биеэ авч явах чадваргүй үл таних эрэгтэй хүн байхаар нь би машинд мөргүүлчхэж магадгүй гэж бодоод Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага өгөөд алба хаагчид ирэхийг хүлээх гэтэл тээврийн хэрэгсэлтэй яарч явсан учраас боломжгүй болоод яваад өгсөн. ...үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдрийн орой буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны 22:07 минутад миний 00000000 дугаарын утсанд 102 дугаарын утаснаас ар гэрт нь хүлээлгэж өгч шийдвэрлэлээ гэсэн мессеж ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

6.У.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ....Тухайн үед найз А хамт Спортын ордны хойно байх Шөлөндөө рүү орж хоол идчихээд гараад Айлофт шөнийн цэнгээний газар руу машиндаа суугаад явж байхад согтуу хүн байхаар нь А-д хандаж тэр нэг согтуу хүн байна хоёулаа очиж босгох уу гээд утсаар ярьж байгаад босгохоор болж очтол өөдөөс уурлаад байсан. Босгох гээд А бид 2 хоёр талаас нь өргөхөд доор нь түрийвч гар утас нь унасан байсныг хараад түрийвчийг нь аваад А-д өгөөд өөрөө гар утсыг нь халаасандаа хийсэн. Уг нь гэр рүү нь хүргээд өгчихье гэж бодтол уурлаад байсан болохоор таксиндаа үргэлжлүүлээд явах гээд Айлофт шөнийн цэнгээний газар руу очоод зосгоол дээр нь зогсоод байж байтал цагдаа нар хүрч ирээд гар утсыг нь өгсөн чинь намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэр үеэр А байхгүй байсан учир 00000000 дугаар руу нь залгаж дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

7. Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:... Тухайн үед найз Н-ийн хамт Спортын ордны хойно байрлах Шөлөндөө рүү орж хоол идчихээд гараад Айлофт шөнийн цэнгээний газраас машиндаа сууж яваад уулзвар дээр зогсож байхад тэр согтуу хүн байна хоёулаа очиж босгох уу, гээд утсаар ярьж байгаад босгохоор болж очтол өөдөөс уурлаад байсан. Тэгсэн хажууд нь түрийвч нь уначихсан байсныг Н хараад надад авч өгсөн. Босгоод сандал дээр суулгах гэтэл тэр согтуу хүний гар утас бас хажууд нь байсан бөгөөд Н аваад халаасандаа хийчихсэн. Тэр хүнийг сэргэхгүй байсан учраас бид 2 таксиндаа сууж яваад Айлофт шөнийн цэнгээний газарт очсон. Очоод удалгүй хүн таксинд сууна гэсэн болохоор Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр буулгах гэж байтал Н залгаж цагдаа дээр хүрээд ир гэж дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8, 9 дүгээр хуудас/,

 

9. 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-125/11199 дугаартай алдагдсан гэх эд зүйлсийг нийт 825.800 төгрөгөөр үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

10. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.А, У.Н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.А, У.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Б.А, У.Н нар нь хохирогч Д.Д-д учирсан хохирол болох 846,300 төгрөгөөр үнэлэгдсэн Samsung A/51 загварын гар утас болон бусад эд зүйлийг буцааж өгсөн тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, У.Н нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн А /РД:УЮ00000000/, Т овгийн У-ын Н /РД:ИЛ00000000/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, У.Н нарт тус бүрийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, У.Н нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, У.Н нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, У.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХБАЯР