Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00881

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 23

181/ШШ2023/00881

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......................... тоотод оршин суух, Эрдэнэ овогт Дугарболдын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... байрлах******* /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү /ҮД:1986/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Биеийн тамир спортын улсын хороонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/34 дүгээр тушаал, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 07 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороонд Ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан юм.

Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын болон эд хөрөнгө үрэгдүүлсэн асуудал гаргаж ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй. Манай байгууллага улирал тутамд ажилчдын үйл ажиллагааг дүгнэдэг бөгөөд миний бие удаа дараа хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл Агентлагийн даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Уг тушаал хууль зүйн үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл заагаагүй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу Дүүргийн гурван талт хороонд хандсан боловч шүүхэд хандах боломжтой гэсэн хариу өгсөн.

Иймд шүүхийн журмаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг тогтоолгон, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороонд ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацааны ажилгүй байсны цалин орлоготой тэнцэх хэмжээний нөхөн олговорыг агентлагаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох байгууллагаар баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 47 дугаартай Агентлаг байгуулах тухай тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороог байгуулсан.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдах үед Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн агентлагийн ерөнхий нягтлан бодогч нь үндсэн албан тушаалын орон тоо бий болгож Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний /ТҮ/ албан тушаал бөгөөд ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг хөдөлмөрийн харилцаа юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар,
төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;

4.1.3.ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

4.1.9.хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог; гэж заасан.

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо нь иргэн Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар бүхий зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар цуцалсан болно.

Иймд Биеийн тамир, спортын улсын хороо нь нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/34 дүгээр тушаалын хуулбар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаалын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/1045 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар хөдөлмөрийн гэрээ, Д.*******гийн 2022 оны 03 дугаар улирлын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/02 тоот зөвлөмж, Монгол Улсын Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02/103 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Ц.Батцайзад олгосон итгэмжлэл,*******ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр*******ны дарга Д.Жаргалсайханд гаргасан ээлжийн амралтаа нөхөн эдлэх тухай хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зам тээврийн ослын улмаас биеийн байдал муу байгаа тул эмнэлгийн магадлагаатай байгаагаа тодруулсан баримтыг хуульд заасан нотлох баримтын шарадлага хангуулж гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч*******нд холбогдуулан урьд эхэлж байсан албан тушаал болох Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн үндсэн албан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох байгууллагаар баталгаажуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цайны цагаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өрөөндөө дуудаад Д.******* нягтлантай 3 сар хамтарч ажилласан, ажлаа сайн хийдэг, сэтгэл гаргадаг боловч өндөр настны тэтгэвэр тогтоолгож, ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан, мөн өдрийн Б/108 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өндөр настны тэтгэвэр тогтоолгож ажиллаж байгаа биш, Цэргийн тэтгэвэр тогтоолгож ажиллаж байгаа тул ямар ч хуулийн заалтыг зөрчихгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйгэсэн. Үүнд:

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо нь иргэн Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар бүхий зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар цуцалсан тул Биеийн тамир, спортын улсын хороо нь нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/108 тоот Д.*******г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, 78.1.9 дэх заалтыг баримтлан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн үндсэн тушаалд томилогдон ажиллаж буй дугарболдын ******* нь Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авдаг тул 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлсүгэй гэжээ./хх-4/

4.2.Хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтан Д.*******г албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;, 8.4-т Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан. гэж тус тус заасан хуулийн заалтуудыг баримталсан байх бөгөөд Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авдаг гэсэн үндэслэлээр түүнийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн үндсэн албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

4.3.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Иймээс төрийн үйлчилгээний албан тушаалтан Д.*******гийн хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тодорхойлогдоно.

4.4.Нэхэмжлэгч Д.*******г Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас халсан тус хорооны даргын тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн тул уг хуулийг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог... ойлгоно гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

4.5.Хэргийн 6-9 дэх талд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын хорооны улсын хороо болон ажилтан Д.******* нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ авагдсан ба тухайн хөдөлмөрийн гэрээнд гэрээг хугацаагүй байгуулсан талаар дурдсан байна.

4.6.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Д.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар бүхий зөвлөмжийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар цуцалсан гэж татгалзлын үндэслэлээ болгосон бөгөөд энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болох нь доорх баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

4.7.Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай зөвлөмжид: ...тэтгэвэр тогтоолгох насыг ...Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоож чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилагаар цуцалж болно. 40.1.3-т ажилтан 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасныг баримтлана. Тодруулбал, Төрийн албан тухай хуульд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасныг баримтлан 60 нас гэдгээр ойлгож хэрэгжүүлнэ...гэжээ.

4.8.Ажилтан Д.******* нь 1971 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, одоо 52 настай болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажигдсан хуулбар, түүний шүүх хуралдаанд гаргасан ...цэргийн албанд 20 жил тасралтгүй ажиллаад, 40 настайдаа цэргийн тэтгэвэрт гарсан, харуицагч байгууллагад 2020 оны ... сараас эхлэн ажиллаж байсан... гэсэн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/02 тоот Олимп, Нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ танаа хүргүүлсэн зөвлөмжийн 3-т Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн талаар ...тус Хороонд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.*******г Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, тэтгэвэр авдаг гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна... гэсэн зэргээр ажилтан Д.******* Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна./хх-2, 58-64 хуу/

4.9.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин нэхэмжлэгчийг хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

4.10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасныг хариуцагч нь хэрэгжүүлээгүй болно.

4.11.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******г Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

5.Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох байгууллагаар баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 6.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно, 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасан.

5.2.Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч Д.*******гийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

5.3.Дээрх цалинг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал нийт 5 сар,10 хоног байх бөгөөд хэргийн 72 дах талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* 2022 оны 7 дугаар сард 1,630,563 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 1,750,783 төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 1,675,606 төгрөг, ниит 5,056,952 төгрөг ба нэг сард дунджаар 1,685,651 төгрөг, өдөрт 78,403 төгрөг гэж үзэх үндэслэлтэй тул /1,685,651 х 5 сар = 8.428.255 төгрөг, 10 хоног x 78.403 = 784,030 төгрөг/ цалинтай тэнцэх олговорт 9,212,285 төгрөгийг хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т: Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

5.5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, холбогдох байгууллагаар баталгаажуулахыг*******нд даалгаж шийдвэрлэлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч*******ноос 9,212,285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 162,347 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******г*******ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Агентлагийн ерөнхий нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгэр зүйлийн 61.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9,212,285 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг*******нгоор нөхөн төлүүлж, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараар тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, холбогдох байгууллагаар баталгаажуулахыг*******нд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ноос улсын тэмдэгтийн хураамж 162,347 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ