Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2021/ДШМ/752

 

 

     

 

 

 

    2021            8             17                                        2021/ДШМ/752                             

 

 

Ө.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

хохирогч М.Бгийн өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Нт холбогдох эрүүгийн 2006 03078 2880 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Өны Н, ____ оны __ дүгээр сарын __-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “М” ХХК-д тооцооны нягтлан ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт _________ дүүргийн ____ дугаар хороо, ___ дүгээр байрны ___ тоотод оршин суух бүртгэлтэй боловч _______________ дүүргийн __ дугаар хороо, ___ дүгээр байрны __ тоотод оршин суудаг, /РД:_____________/;

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 90а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ө.Ннь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101а байрны 81 тоот иргэн Д.Гын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Нарны хүү сарны охин” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу худалдан авч 2019 оны 7 сараас хойш оршин суух болсон байранд “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр зээлийн гэрээ байгуулалгүй, байрны төлбөрийг бүрэн төлөөгүй байранд орж амьдарсан, мөн удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч байрыг компанид хүлээлгэн өгөөгүй” гэх шалтгаанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй хаалгыг хаалга цоож онгойлгох үйлчилгээ үзүүлдэг байгууллагад дуудлага өгч цоожийг хүчээр эвдэн онгойлгож, тухайн байранд оршин суугч Д.Г, М.Б нарын зөвшөөрөлгүй нэвтрэн орж улмаар хаалганы голыг нь сольж гадна талд нь дахин оруулахгүй гэж төмөр бэхэлгээгээр хаалт үүсгэн иргэн Д.Г, М.Б нарын үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд амьдрах мөн орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Б овогт Өны Нийг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Нт 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Ннь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Ннь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол баримтаар нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ө.Нээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлжээ. Дээрх хуулийн тодорхойлолтоос үзэхэд гэмт хэрэг нь эрх зүйн бусад зөрчлөөс Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлагдсан байх, нийгэмд аюултай байх, гэм буруутай байх гэсэн шинжүүдээрээ яллагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн хувьд уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шууд санаа, сэдэлттэй байх ёстой. Миний үйлчлүүлэгч Ө.Нийн үйлдлийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний онолын үндсэн шинж болох гэмт хэргийн субъектив тал буюу гэмт санаа, зорилго, сэдэлт огт байхгүй үгүйсгэгдэж байгаа болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх талд “...Энэ гэмт хэргийн сэдэлтийн хувьд иргэний маргаанаас үүдэлтэй боловч энэ гэмт хэргийн зүйлд нөлөөлөхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Учир нь, гэмт хэргийн зүйлчлэлдээ нөлөөлдөггүй гэмт хэргийн сэдэлт гэж байх боломжгүй бөгөөд тухайн этгээдийн үйлдэлд гэмт санаа зорилго сэдэлт байхгүй тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй юм.

Тэгээд ч Ө.Нийн хийсэн байж болзошгүй гэх ямар үйлдэлд үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд огт тодорхойлоогүй байсныг анхан шатны шүүх харгалзан үзэж, дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийн шинжийг агуулсан ямар үйлдлийг Ө.Нхийсэн болохыг нотлон тогтоож чадаагүй төдийгүй прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх халдлагын зүйл нь тухайн оршин суугчийн орон байр байдаг төдийгүй энэ гэмт хэргийн заавал байх шинж нь дээрх объектод халдсан шууд санаатай үйлдэл байх ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгч Ө.Нт дээрх санаа зорилго огт байгаагүй бөгөөд өөрийн албан үүргийн хувьд хамаарах ажил үүргээ гүйцэтгэх явцдаа, компанийн эзэмших эрхийг бусдын хууль бус үйлдэл, эзэмшлээс гаргуулан авахын тулд маргаан бүхий харилцаанд оролцсон байдаг ба уг үйлдлийг дан ганц өөрийн шийдвэрийн дагуу хийгээгүй, өөрөө гардан гүйцэтгээгүй байна.

Иймд дээрх гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Нт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ө.Нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би буруугүй, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэмт хэргийн гэм буруугийн талаар тодорхой тогтоосон. Хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч Ө.Нийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ энэхүү гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үүнээс харахад шүүгдэгч Ө.Нийн үйлдэлд гэмт санаа, зорилго байгаа гэж харж байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаад айлын гэрт нэвтэрсэн гэх агуулгатай гомдол гаргаж байна. Албан үүрэгт нь айлын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх гэж заасан байгаа юм бол гэмт бүлэглэлийн гишүүн юм биш үү гэх бодол төрж байна. Хаалга онгойлгодог хүнийг хууран мэхэлж хаалгыг эвдүүлсэн байдаг. Гэмт хэрэг болох нь тодорхой. Компанийн эзэмшлийн орон байр байсан ч оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр тухайн байранд нэвтэрч орох эрхгүй. Орон байрны халдашгүй эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.  

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн шинжгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Үнэхээр гэмт хэрэг биш байсан үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдээд, анхан шатны шүүх шийдвэрлээд хүнийг хилс хэрэгт гүтгэсэн зүйл байхгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрээ гаргаж байгаа. Ө.Нийн ажлын байрны тодорхойлолтод “бусдын орон байранд зөвшөөрөлгүй халд” гэх тодорхойлолт байхгүй. Ө.Нийг “М.Бгийн гэрийн хаалгыг эвдээд голыг нь соль” гэх үүрэг чиглэл өгөөгүй гэдгээ удирдах албаны дарга Д, О нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр дээр прокуророос маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Шүүгдэгч Ө.Ннь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 101а байрны 81 тоот иргэн Д.Гын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Нарны хүү сарны охин” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу худалдан авч, 2019 оны 7 сараас хойш оршин суух болсон байранд “2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр зээлийн гэрээ байгуулалгүй, байрны төлбөрийг бүрэн төлөөгүй байранд орж амьдарсан, мөн удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч байрыг компанид хүлээлгэн өгөөгүй” гэх шалтгаанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй хаалгыг хаалга цоож онгойлгох үйлчилгээ үзүүлдэг байгууллагад дуудлага өгч цоожийг хүчээр эвдэн онгойлгож, тухайн байранд оршин суугч Д.Г, М.Б нарын зөвшөөрөлгүй нэвтрэн орж улмаар хаалганы голыг нь сольж гадна талд нь дахин оруулахгүй гэж төмөр бэхэлгээгээр хаалт үүсгэн иргэн Д.Г, М.Б нарын Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд амьдрах, мөн орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, “...гэмт хэрэг үйлдэгдэх үед оршин суугч гэртээ байгаагүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орохын тулд хохирогчийн биед хүч хэрэглэн халдах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, эсхүл өөрт нь болон ойр дотнын хүнийг айлган сүрдүүлэх зэргээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг дээрх шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг зөвхөн хохирогч /хүн/-ийн эсрэг чиглэсэн байхаар дүгнэсэн нь буруу бөгөөд орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдэхдээ хаалганы цоожны голыг мэргэжлийн хүний туслалцаатайгаар багаж, техник ашиглаж хаалгыг хүчээр онгойлгон орсныг хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ө.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хувийн байдалтай холбоотой давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай болохыг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Нт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ө.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                 ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ