| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
2025 оны 10 сарын 29-ний өдөр Дугаар 2025/ШЦТ/183 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000289 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутагт Toyota prius /Тоёота приус/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2.88 хувийн согтолттойгоор жолоодсон, мөн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоот хашаан дотор Toyota prius /Тоёота приус/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.45 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед манай хажуу хашаа буюу ******* тоотод байдаг ******* нь согтуугаар өөрийн приус 30 маркийн цайвар ногоон өнгийн машинтайгаа хашаан дотроо гэрээ бараг 10 гаруй тойроод тоос манаргаад, хашаан дотор нь бараг хуй босож байгаа юм шиг л тоос манаргаад, таягтай 80 гаруй насны ээж нь гэрээсээ таягаа тулаад гараад ирчихсэн байхад эхийгээ дайрчих шахаад давхиад байхаар нь би хашаа дайраад ороод ирэх вий гэж айгаад цагдаа дуудаж өгсөн. Тэгээд цагдаа ирээд үлээлгэхэд Ганзориг нь согтуу байсан. /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн "******* аймгийн цагдаагийн газрын зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч цолтой би ...приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Гөлгөө овогтой Ганзоригийг драйгер багаж ашиглан шалгахад 2,88 хувь тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "******* аймгийн цагдаагийн газрын зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч цолтой М.Тэгшжаргал би... приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Гөлгөө овогтой Ганзоригийг драгер багаж ашиглан шалгахад 2,45 хувь тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэх тэмдэглэл //хавтаст хэргийн 10 дахь тал/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 01, 09 дэх тал/
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1131 дугаартай "Ялтан ******* нь өнөөдрийн байдлаар торгох ялын 3,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын 730 хоногоос 224 хоногийг эдэлж, 506 хоногийн үлдэгдэлтэй байна" гэх албан бичиг /хавтаст хэргийн 49 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлтэй” гэжээ. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Жолоочийн лавлагаанд “ *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.09.19, 2025-09-19 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан”, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 10, 44-46 дахь тал/
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/
Эмнэлгийн тодорхойлолт, ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 86 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутагт Toyota prius /Тоёота приус/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2.88 хувийн согтолттойгоор жолоодсон, мөн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоот хашаан дотор Toyota prius /Тоёота приус/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.45 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01, 09 дэх тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн "******* аймгийн цагдаагийн газрын зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч цолтой би Приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Гөлгөө овогтой Ганзоригийг драгер багаж ашиглан шалгахад 2,88 хувь тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "******* аймгийн цагдаагийн газрын зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч цолтой М.Тэгшжаргал би ...Приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Гөлгөө овогтой Ганзоригийг драгер багаж ашиглан шалгахад 2,45 хувь тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04, 11 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч *******ийн согтуурал 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.88 хувь, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2.45 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь “Жолоочийн лавлагаанд: *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.09.19, 2025-09-19 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан”, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 10, 44-46 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутагт Toyota prius /Тоёота приус/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2.88 хувийн согтолттойгоор жолоодсон, мөн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоот хашаан дотор Toyota prius /Тоёота приус/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.45 хувийн согтолттойгоор жолоодсон үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд 39 настай, дээд боловсролтой, шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн” гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэг оршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргасан. ******* нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан. Уг ялын биелэлтийн лавлагааг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газраас гаргуулж авахад 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар торгох ялын 3,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын 730 хоногоос 224 хоногийг эдэлж 506 хоногийн үлдэгдэлтэй гэсэн хариуг ирүүлсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ялын биелэлтийг тооцож үзвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын 535 хоног буюу 1 жил 5 сар 25 хоногийн үлдэгдэлтэй байна. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 535 хоног буюу 1 жил 5 сар 25 хоногийн ялыг дээрх хүлээн зөвшөөрсөн ялд нэмж нэгтгэж нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сар 25 хоногийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхээр батлуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Манай үйлчлүүлэгч *******ийн хувьд өндөр настай буюу 82 настай ээжийн хамтаар хамт амьдардаг. Ээж нь үе мөчний өвчний улмаас босож хөдлөх боломжгүй, байнгын асрамж, өрхийн эмнэлгийн хяналтад байдаг. *******ийн хувьд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтсон. Оногдуулах ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн тухайн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслээс жолоодох эрхийг хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгосныг манай үйлчлүүлэгч сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хэргийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэрэгт нь улсын яллагчийн саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ийн зүгээс хэлэх зүйлгүй гэх санал, дүгнэлт тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* урьд “******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн ба ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1131 дугаартай албан бичигт ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын 506 хоногийн үлдэгдэлтэй гэжээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шийдвэр гүйцэтгэх албанаас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр ялын тооцоо авахад тус өдрийн байдлаар нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын 730 хоногоос 224 хоногийг эдлээд 506 хоногийн үлдэгдэлтэй гэх албан бичиг ирүүлсэн. 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх шийдвэрлэхдээ эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөр тасалбар болгож, ялын үлдэгдэл хоногийг тооцно гэсэн шийдвэр гарсан байна. Тиймээс гэмт хэрэг үйлдэгдсэн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцож нийт эдлээгүй 1 жил 5 сар 25 хоногийн эрх хасах ялын үлдэгдэлтэй байна” гэх санал, дүгнэлтийг гаргасан.
Тодруулбал: ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1131 дугаартай албан бичигт шүүгдэгч ******* 506 хоногийн эрх хасах нэмэгдэл ялын үлдэгдэлтэй гэх боловч шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүний гэмт хэрэг үйлдсэн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцоход 535 хоногийн буюу 1 жил 5 сар 25 хоногийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид ял оногдуулахыг үүрэг болгосон агуулгыг илэрхийлнэ.
Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчлагдсан.
Шүүгдэгч *******т хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгэсэн тул өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 25 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногоор тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн ялын биелэлтийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/1131 тоот албан бичгээр торгох ялын 3,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын 730 хоногоос 224 хоногийг эдэлж 506 хоногийн үлдэгдэлтэй гэсэн хариу хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан боловч шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2528000000289 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул ялын биелэлтийг тооцож үзвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын 535 хоног буюу 1 /нэг/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн үлдэгдэлтэй байна.
Шүүх улсын яллагчийн нэмэгдэл ялын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг өмнөх ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 535 хоног буюу 1 /нэг/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ийн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг өмнөх ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 535 хоног буюу 1 /нэг/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ийн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ