| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/04355/И |
| Дугаар | 181/ШШ2023/00940 |
| Огноо | 2023-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/00940
| 2023 03 28 | 181/ШШ2023/00940 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...................... тоотод оршин байрлах ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................ тоотод оршин байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний үүрэгт 75,856,390.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Вишн девелопмент ХХК-д холбогдуулан бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний үүрэгт 75,856,390.5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* ХХК нь хариуцагч******* ХХК-тай Бараа материал захиалгаар нийлүүлэх 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/06 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нийт 339,476,400 төгрөгийн хөөсөн полистрол хавтан, хуурай хольцын бүтээгдэхүүн, хар замаска зэрэг материалуудыг нийлүүлж, хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ГХДТ төслийн хүрээнд баригдаж буй 3-р ээлжийн барилгаас нийт 219,3 м2 талбай бүхий дөрвөн орон сууцыг бартераар авахаар тохиролцсон юм.
Гэвч хариуцагчийн зүгээс 44 удаагийн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 155,064,440 төгрөгийн бараа материал авсан ба 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн ба НӨАТ-ын 15,506,487,19 төгрөг нэмэгдээд 170,570,927,19 төгрөг болсон.
Хариуцагчийн зүгээс бартерын орон сууцыг өгч чадахгүй гэсэн учраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая / төгрөг, 2021 оны 11 дзгээр сарын 10-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг тус тус хүлээн авсан.
Бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд барааны үнийг төлөөгүй, захиалсан болон худалдан авахаар тохиролцсон бараагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн аваагүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-ийн алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж тохиролцсоны дагуу хамгийн сүүлд бараа нийлүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 431 хоногийг тооцоход алданги 86,2% болж байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 50%-аас хэтэрч болохгүй тул үндсэн төлбөр 50,570,927 төгрөгийн 50% болох 25,285,463,5 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч******* ХХК-аас Бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээний үүрэгт 50,570,927 төгрөг, алданги 25,285,463,5 төгрөг, нийт 75,856,390,5 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дөлгөөнд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гаргуулан өгсөн боловч хариу тайлбарыг шүүхэд гаргаж ирүүлээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Батдэлгэр, О.Ариунжаргал нарт олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн дүрэм, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/06 дугаартай Бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээ, хавсралтын хамт, ******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21/29, мөн 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21/68 тоот албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ХХК-аас худалдан авсан материал /2021.03.01-2021.08.31/, ******* ХХК-ийн нэхэмжлэх, ******* ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21/83, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/07 тоот албан бичиг,******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, ******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22/27 тоот албан бичиг,******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 59 тоот албан бичиг зэрэг авагдсан.
4.Хариуцагч талаас нотлох баримтаар:******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Дөлгөөнд олгосон итгэмжлэл зэргийг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 21/06 дугаартай барилгын материал захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулаад, нийт 339.476.400 төгрөгийн бараа материал захиалсан боловч 44 удаагийн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүртэл нийтдээ хэд хэдэн удаагийн бараа материал тасалдаад манайхаас 155.064.440 төгрөгийн үнэ бүхий бараа материал авсан, 155.064.440 төгрөг нь НӨАТ ороогүй үнийн дүнд НӨАТ-ын үнийг нэмээд нийт 170.570.927 төгрөгийн төлбөр гарсан. Хариуцагч нь энэ төлбөрөөс 120.000.000 төгрөгийг төлөөд, 50.570.927 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 25.285.463 төгрөгийг алдангид тооцож, нийт 75.855.393 төгрөгийг******* ХХК-аас гаргуулж, хохиролгүй болгуулахаар шаардах эрхтэй гэсэн.
3.Хариуцагчийн төлөөлөгч С.Дөлгөөнд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаа олгож, 2023 оны 02 дугара сарын 01-ний өдрийн дотор хариу тайлбар, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүргийг хүлээлгэн баримт №4-ийг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу тайлбар, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
4.Шүүх, тус хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутанд товлон зарлаж, шүүгчийн туслах харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дөлгөөний 99995478 дугаарын утас руу залгаж мэдэгдэхэд за ойлголоо гэсэн хариу өгснийг баримт №9-д тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байтал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасанд нийцүүлэн нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/06 дугаартай Бараа материал захиалгаар нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт, ******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21/29, мөн 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21/68 тоот албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ХХК-аас худалдан авсан материалын жагсаалт /2021.03.01-2021.08.31/, нэхэмжлэх, ******* ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 21/83, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/07 тоот албан бичгүүд,******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 44 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22/27 тоот Төлбөр тооцоо барагдуулах тухай албан бичиг,******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 59 тоот Албан тоот хүргүүлэх тухай албан бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Зохигч талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 21/06 дугаартай барилгын материал захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулагдаж, Дулаалгын хөөсөн полистрол хавтан 1м3-ийн үнэ 127,440 төгрөг, нийт 2663,8 м3-г, НӨАТ-тай нийт үнэ 339,476,400 төгрөгийн материалуудыг нийлүүлэх, хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ГХДТ төслийн хүрээнд баригдаж буй 3-р ээлжийн барилгаас А-1 блок, 2-р орц, 2 давхар 48 тоот 55,62 м2 3 өрөө хойшоо болон зүүн харсан цонхтой, А-1 блок, 2-р орц, 4 давхар 57 тоот 56,06 м2 3 өрөө зүүн харсан цонхтой, А-4 блок, 1-р орц, 2 давхар 9 тоот 53,81 м2 3 өрөө урагшаа болон зүүн харсан цонхтой, А-4 блок, 2-р орц, 2 давхар 48 тоот 53,81 м2 3 өрөө урагшаа болон баруун харсан цонхтой орон сууцуудыг 1 м2 нь 1,548,000 төгрөгөөр тооцож өгөх буюу байрны нийт үнийн дүн 339,476,400 төгрөг 100 хувь бартераар төлөхөөр харилцан тохиролцжээ.
7.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн байна.
8.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ******* ХХК-ний зүгээс гэрээнд заасан дулаалгын хөөсөн полистрол хавтан, хуурай хольцын бүтээгдэхүүн, хар замаска зэрэг бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 155,064,871,82 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвар 15,506,487.18 төгрөг, нийлээд 170,571,359 төгрөгийнхийг хариуцагчид нийлүүлсэн болох нь талуудын хооронд нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, худалдан авсан материалын жагсаалт, нэхэмжлэх, 21/83 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
9.Гэрээний 5.2, 5.3-т зааж тохиролцсон 100 хувь бартераар төлбөрийг төлөх заалтын дагуу хариуцагчаас тухайн 4 бартерын орон сууцыг нэхэмжлэгч талд өгсөн боловч тухайн худалдан авсан барааны үнийг бэлэн мөнгөөр төлж, бартерт өгсөн байруудыг буцаан авах хүсэлт гаргасныг нь ******* ХХК-ний зүгээс хүлээн зөвшөөрч, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2 тал тооцоо нийлсэн ба нэхэмжилсэн төлбөрт Вишн девелопмент ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлж, 50,571,359 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй, гэрээгээр тохирсон хугацаанаас хойш бүтэн 7 сарын хугацаа хэтэрсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн 21 дэх талд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/07 тоот албан бичигт бичигдсэнээр нотлогдож байна.
10.Хэргийн 23 дах талд авагдсан Вишн девелопмент ХХК-аас Их гурван манал ХХК-д хүргүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 44 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ...хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг улсын төсвөөс авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд танайд өгөх үлдэгдэл төлбөр тооцоог ойрын хугацаанд барагдуулах болохыг үүгээр мэдэгдэж байна. Мөн манай компани Бүргэд констракшн ХХК-иас авах авлагаас эхний ээлжинд орж ирэх 15,000,000 төгрөгийг 03-р сарын 04-ний дотор хийх болно...гэсэн, мөн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот Албан тоот хүргүүлэх тухай баримтад ...танай компаниас ирүүлсэн төлбөр тооцоо барагдуулах албан бичигт дурдсан бартерын орон сууц байхгүй тул холбогдох төлбөр тооцоог бартерийн нөхцөлөөр хаах боломжгүй болоод байна. ...бидний зүгээс холбогдох төлбөр тооцоог богино хугацаанд барагдуулах болохоо үүгээр мэдэгдэж байна гэсэн баримтуудаар хариуцагч гэрээнд заасан бараа материалын үнийг бүрэн төлөөгүй үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
11.Хариуцагч******* ХХК нь гэрээний үүрэгт 50,571,359 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд барааны үнийг төлөөгүй, захиалсан болон худалдан авахаар тохиролцсон бараагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн аваагүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-ийн алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар төлөгдөөгүй үндсэн төлбөр 50,570,927 төгрөгийн 50% болох 25,285,463,5 төгрөгийн алдангийг нэхэмжилж буй нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
12.Иймээс, хариуцагч Вишн девелопмент ХХК-иас гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 50,571,359 төгрөг, алданги 25,285,465.5 төгрөг, нийт 75,856,390.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
13.Нэхэмжлэгч 75,856,390.5 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 537,231.95 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 537,231.95 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хууль 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 75,856,390.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,231.95 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч******* ХХК-аас 537,231.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ