Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1116

 

 

 

 

 

 

 

 2025         11           20                                     2025/ШЦТ/1116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд сургалт хариуцсан менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

...... овогт Ч.Э /РД:********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ч.Э нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” зочид буудлын уулзварын замд “Тоёота королла аксио” маркийн **** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг шахсан гэх шалтгаанаар Ч.Х-тай маргалдан түүний нүүрэн тус хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дэх хуудас/,

- Хохирогч Ч.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 15 минут орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо .... буудлын хажуу уулзвар руу өгсөөд хоёрдугаар эгнээнд явж байхад хажуугаас нэг машин шахаад байхаар нь та ямар сонин явдаг юм цаашаагаа яваач гэж хэлчхээд машинтайгаа зогсож байхад **** УБӨ улсын дугаартай тоёота аксио маркийн автомашины жолооч бууж ирээд махлагдуу 160-165 см орчим өндөртэй эрэгтэй, дээгүүрээ цагаан подволктой дээгүүр нь хантааз өмссөн, хамелон шилтэй харагдаж байсан. Тухайн хүн бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод шууд хамар руу гараараа 1 удаа цохиод хамраас цус гараад би хамраа дараад сууж байсан чинь нөгөө талаар тойрч ирээд намайг газар унагаагаад цаашаа машинаасаа нэг төмөр барьж ирээд над руу дайраад байсан. Тэгж байгаад би тань шиг ийм эр хүн амьдралдаа хараагүй юм байна гэж хэлсэн чинь машинаа унаад яваад өгсөн. Тухайн хүн машиндаа ганцаараа явж байсан. Тэгээд би ардаас нь яваад нөгөө хүн гандан руу эргээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.2.Ч.Х-ны биед хамрын хянга ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дэх хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 87-88 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 89 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч Ч.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ч.Э-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ч.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Ч.Э /РД:*****/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР