Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2023/01057

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 06

181/ШШ2023/01057

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, Зэвгэгтэн овогт Цэдвээхүүгийн ******* /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................. оршин байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Цаст проперти ХХК холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Зэвгэгтэн овогт Цэдвээхүүгийн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр******* ХХК-д Гүйцэтгэх захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний хүүхдийн бие хүндээр өвчилж, онош нь тогтоогдохгүй байгаа тул хүүхдэд эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг гаргасан боловч Компанийн зүгээс чөлөө олгохгүй, боломжгүй гэж үзэн миний гаргасан чөлөө олгох хүсэлтийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гэж гуйвуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан.

Цастпроперти ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 тоот шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3,******* ХХК-ийн дүрмийн 7.3.1-д заасныг тус тус үндэслэжээ.

Миний бие 2022 оны 05 дугаар сарын эхээр жирэмсэн гэдгээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хэлсэн бөгөөд ажлаас гарах өргөдлөө өгч байгаагүй.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

Цастпроперти ХХК-д Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/728 тоот албан тоотоор лавлагаа авсан болно. Тус албан бичгийг хавсаргасан.

Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийт 25,606,060 төгрөг гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1. Миний бие 2022 оны 06 дугаар сарьш 10-ны өдөр хүүхдийн бие хүндээр өвчтэй, онош тогтоогдохгүй байгаа тул хүүхдэд эмчилгээ шардлагатай байх тул хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг гаргасан боловч Компанийн зүгээс чөлөө олгох боломжгүй гэж үзэн миний гаргасан чөлөө олгох хүсэлтийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гэж гуйвуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан болно. гэжээ.

Нэг. Нэхэмжлэгчийн дурьдсанчлан чөлөө хүсэхэд нь ажлаас чөлөөлсөн биш өөрөө ажлаас чөлөөлөгдөхөө илэрхийлсний дагуу өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн болох тухайд:

1.1.Иргэн Ц.******* 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анх******* ХХК-д Захиргаа, хүний нөөцийн ахлах менежер албан тушаалд ажилд орсон бөгөөд тус компани нь Цаст групп компаниийн хамаарал бүхий компани байсан болно. Групп компанийн хувьд удирдлагын багаа залуу, мэдлэг чадвартай, эрч хүчтэй ажилтанаар баг бүрдүүлэх зорилгыг тавьж, энэ хүрээнд групп компанийн Захиргаа, хүний нөөцийн менежер албан тушаалд түүний ийнхүү ажилд орохын өмнө Н.Баярмаа гэж ажилтан бас сонгон авсан, ажил үүрэг гүйцэтгэж байсан ба шинэ, эрч хүчтэй баг бүрдүүлэх эрх хэмжээг түүнд олгосон дагуу шинэ ажилтан авч ажиллуулсаны нэг нь Ц.******* байсан.

Тухайн үед буюу 2021 оны 5 дугаар сарын 17-нд мөн шинэ багийн гишүүн болох иргэн Г.Энхболдыг тус******* ХХК-ийн Гүйцэтгэх захиралаар сонгож томилогдсон, хамтран ажиллаж байсан ба 2021 оны 11 сарын 10-ны өдөр тэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг тул түүний оронд Гүйцэтгэх захирал сонгох шаардлагатай болсон үед Шуурхай хурал дээр Ц.******* нь өөрөө хүсэлт гаргаж өөрийгөө энэхүү Гүйцэтгэх захиралын албан тушаалд нэрээ дэвшүүлж байна, та бүхэн дэмжвэл би өөрийгөө сорьж, дайчлан ажиллаж, бас карьераа өсгөх боломж гэж үзэж байна, компанийн чадавхийг нэмэгдүүлнэ гэсэн ба групп компанийн удирдлагын багийн хурлаас түүнд итгэл үзүүлэн дэмжигдэж, эхний байдлаар туршилтын хугацаагаар ажиллуулж, дэмжиж туслан дадлага туршлагатай болгохоор шийдвэрлэсэн.

Ингээд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мөн шуурхай хуралд ийнхүү цааш ажиллах боломжтой юм байна, дэмжээд ажиллая гэж шийдвэрлэн, Гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллаж байсан болно.

1.2.Хамааралтай групп компаниуд, алба нэгжүүдийн шийдвэрлэх ажил, асуудлыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр Шуурхай хурал-аар хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд хурлыг толгой компанийн Гүйцэтгэх захирал удирдаж, хуралд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч гишүүн, компаниудын удирдлага, албан тушаалтнууд оролцдог.

Толгой компанийн Гүйцэтгэх захирал мөн групп компаниудыг бодлогын хувьд удирдах, зарим шийдвэр гаргах бөгөөд мөн зарим асуудлыг ТУЗ-д танилцуулж шийдвэрлүүлдэг тул толгой компани болох Цаст импэкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярмаа нь 2022 оны 5 дугаар сард тус Цаст проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.******* нь ажлаасаа 6 дугаар сарын 01-ээр гарна гэсэн тул түүний оронд захирал авах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн цахим шууданг ТУЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж,цахим шуудангаар ирүүлсэн байдаг.

Дээр дурьдсан Шуурхай хурал-аар компаниудын тухайн 7 хоногийн хийж гүйцэтгэсэн ажил шийдвэрлэх асуудал, ажил үйл ажиллагааны мэдээлэл хэлэлцдэг бөгөөд 2022 оны 5 дугаар сард мөн Шуурхай хурал-д******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал байсан Ц.******* нь хүүхдийн бие өвдсөн, ажлаа бүрэн гүйцэд хийх боломжгүй байгаагаа, хүүхдээ цаашид эмчлүүлэх шаардлагатайгаас ажлаасаа чөлөөлөгдье гэдгээ өөрөө мөн хэлж мэдэгдсэн, хуралд оролцогсод гэнэт ийнхүү шийдвэр гаргахад нь гайхаж бас тайвшруулан аргадаж, хүүхдээ эмчлүүлэх нь зүйтэй, гэхдээ энэ талаараа урьдаас хэлж байхгүй, гэнэт ажлаас гарах тухайд бол өнөөдөр шууд шийдчих боломжгүй, ямар боловч оронд хүн олох тухай үүргийг, ийнхүү хүн томилогдтол энэ ажил үүргийг нь толгой компанийн захирал хавсраад гүйцэтгэж байхыг, магадгүй чөлөөлөгдөх үед хүн олдоогүй бол хавсраад ажилла гэсэн чиглэл болгосон байдаг.

Гэтэл Ц.******* нь өөрөө ажлаа хүлээлгэн өгөөгүйгээр хүүхдийн эмчилгээгээ хийлгэж байгаа гээд ажлаа үргэлжүүлэн хийсээр байсан, энэ явцад ажлыг нь хавсран гүйцэтгэж, ажил хүлээлцүүлж ажиллах үүрэг авсан толгой компанийн Гүйцэтгэх захирал Н.Баярмаа өөрт нь хуримын ажилтайгаа холбоотойгоор ...ажил үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй... гэж удирдлагуудад, ТУЗ-н даргад цахим шуудангаар захиа бичээд, эдгээр ажлаа орхиод явсан байдаг. Иймээс тухайн энэ толгой компанийн Гүйцэтгэх захиралын ажил үүргийг компанийн хуульчид хариуцуулж, үүнтэй холбоотой мөн Ц.*******гийн ажлаас гарах асуудал, хүсэлтийг хариуцан шийдвэрлүүлж ажиллахыг чиглэл болгосон.

Энэ дагуу түүнтэй уулзахад гэр бүлийн хүнтэйгээ зохицоод үдээс өмнө хойно ажлаа хуваан хийж, амжуулж байгаа, харин би 2022 оны 07 дугаар сарын 08-н хүртэл ажиллаад гарах боломжтой тул энэ хүртэл оронд томилогдох хүнээ олоорой гэж, мөн энэ хүртэл хагас цагаар ажиллах боломж олгож өгөөрэй гэсэн дагуу тохиролцон, ирж очин хагас цагаар ажилласаар ажлаа өөрөө хүлээлгэн өгсөн ба ингэхдээ ажлаа өгөхгүй, ажлаас гарахгүй тухай огт яригдаагүйгээр аливаа маргаан асуудалгүйгээр ажил авахаар сонгогдсон хүнд ажлаа хүлээлгэн өгсөн байдаг тул түүний энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

1.3.Энэ бүхэн нь түүний нэхэмжлэлд дурьдагдсан үйл баримт, компанийн шуурхай хуралд гаргаж байсан санал хүсэлт, толгой компанийн Гүйцэтгэх захиралаар уламжлан ТУЗ-д амаар болон цахим шуудангаар танилцуулж байсан хүсэлт, мэдээлэл болон хамтран ажиллаж байсан хамт олон, ажилтнууд түүнийг өөрөө хүсэлтээ гаргаж ажлаас өөрөө гарсан болохыг нотлон тодорхойлох болно.

Иймд түүний өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үйл явц зохих журмаар болсон ба харин ажлаас гарсны дараа хэн нэгний ятгалга, буруу зөвлөгөөгөөр эсхүл өөрөө өөрийнхөө хийсэн үйлдэл, оюун бодол, сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй ийнхүү эргэж буцсан шалтгаант нөхцөл үүссэн гэж ойлгогдож байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэг, 158.2.2-д зааснаар гомдол гаргаж байна гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа бол ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрөхгүйгээ ажил олгогчид илэрхийлэх, гомдол гаргах боломжтой, эрх нь нээлттэй бөгөөд ийнхүү хандаагүй нь өөр зорилго агуулгатай, түүний нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухайд:

2.1.Иргэн Ц.******* ажлаасаа чөлөөлөгдөе гэх хүсэлтээ групп компаний удирдлагууд, хамааралтай бусад компанийн удирдлага оролцсон шуурхай хурал дээр өөрөө мэдэгдсэн, үүний шалтгаанаа хүүхэд нь өвдсөн байгаа тул, мөн өөрөө жирэмсэн байгаа учир төрөхөөсөө өмнө өвдсөн хүүхдээ эмчлүүлэх, бас хүүхэд нь маш удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлага байгаа учраас гэж тэдгээр олон хүмүүст тайлбарласан ба энэ дагуу өөрөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн,

2.2.Ийнхүү ажлаасаа гарна гэдгээ удаа дараа илэрхийлсэн, бүр 6 дугаар сарын 01 гэхэд гарна гэсэн байдаг хэдий ч ажлаа хүлээлгэж өгөх талаар шаардаж байгаагүй бөгөөд харин хагас цагийн байдлаар нөхөртэйгээ ажлаа зохицуулж байгаа тул энэ боломжийг олгохыг хүсч, ирэн очин ажилласан ба цалингаа 100 хувь ажилласнаар бүтэн авч байсан бөгөөд харин ажлаасаа гарах цаад хугацаа 2022 оны 7 дугаар сарын 08-н гэхэд бүрэн чөлөлөгдөх шаардлагатай тул түүнээс өмнө ажилд авах хүнээ олж, ажил хүлээлцүүлэхийг хүссэн тул энэ хүртэл хагас ажиллаж, цалингаа бүрэн авч, ямар нэг санал гомдолгүй ажиллаж байгаад ажлаа өөрөө хүсэлтээрээ бүрэн өгсөн байдаг,

2.3.ийнхүү ирж очин ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 10-нд харин дахин бичгээр хүсэлт гаргасан ба үүндээ: 2022 оны 06 дугаар сарьт 20-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хагас цагаар ажиллан, түүнээс хойш урт хугацааны чөлөө авах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэсэн байдаг бөгөөд түүний энд дурьдсан хүсэлтүүд болох 2022 оын 07 сарын 08 хүртэл хагас цагаар ажиллах гэдгийг нь угаасаа тухайн үедээ ч хагас цагаар ажиллаж, ирж очиж байсан, ажлаасаа гарна гэсэн байсантай нь холбоотой зөвшөөрч ийнхүү ажиллуулсан, цалинг нь бүтэн ажилласнаар олгож байсан бөгөөд харин урт хугацааны чөлөө хүссэн тухайд нь Гүйцэтгэх захирал гэсэн энэ албан тушаалын хувьд тийм чөлөө олгох боломжгүй юм гэдгээ хариу тайлбарлан хэлж ойлголцсон тул тэрээр 2022 оны 7 дугаар сарын 08-аар ажлаа өгч гарна гэдгээ илэрхийлэн энэ дагуу ажлыг орны томилогдсон хүн хүлээн авсан байдаг.

2.4.түүнчлэн нэхэмжлэлгч нэхэмжлэлийн хууль эрх зүйн үндэслэлээ дээр дурьдсан Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зйүл заалтуудаар үндэслэсэн байх бөгөөд мөн тухайн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжинд хауилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан дагуу түүний нэхэмжлэлдээ дурьдсанчлан Хөдөлмөрийн маргаан таслах комисс, зөвлөл, хороо гэж байхгүй гэхийн оронд үнэхээр өөрөө ажлаасаа чөлөөлөгдөхгүй, тийм хүсэлгүй бол түүнийгээ илэрхийлэх, байгууллагадаа саналаа, гомдлоо гаргах, мэдэгдэх энэ хуулийн боломжоо, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь тус тус түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа ба тэрээр ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхгүй болох нь тодорохой байх тул хуулийг ийнхүү ашиглах гэсэн байгаагийн дагуу түүний энэ маргаантай асуудлыг талууд харилцан хэлэлцэх хуулийн боломжтой гэж мөн үзэж, тус тус хариу тайлбарыг шүүхэд хүргүүлж байна.

Хуулийн дагуу маргаан бүхий энэ асуудлыг нь тал бүрээс нь, бүрэн дүүрэн үнэлж дүгнэн, бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий асуудлын шалтгаан нөхцөл байдал нь дараах байдлаар тодорхойлогдож байна гэж үзэж байна.

1.Иргэн Ц.*******г ажлаас гарах тухай, түүний оронд томилох хүнийг шийдвэрлүүлэх тухай асуудлаар 2022 оны 5 дугаар сарын 04-нд компанийн удирдлага, эрх бүхий этгээд нарт цахим шуудангаар тус уг үйл ажиллагааг удирдаж байсан тухайн үеийн гүйцэтгэх удирдлага Н.Баярмаагаас мэдэгдэж байсан байдаг бөгөөд үүнийг Ц.******* үгүйсгэж ... ажлаас гарах тухай өргөдөл хүсэлт өгөөгүй, ийнхүү хандаж байгаагүй... гэдгээ илэрхийлж байгаагаар нь болон албан ёсны өргөдөл, хүсэлтийг нь ийнхүү аваагүйгээр хандсан, мөн цахим шуудандаа ийм зүйл хавсаргагдаагүйгээр тодорхойлогдож, энэ үйл явц албан ёсны гэж үзэх боломжгүй гэж ойлгогдож байна. /Н. Баярмаагийн тухайн үеийн цахим шуудан хавсаргав/

2.Иргэн Ц.******* нь компанийн шуурхай хуралд оролцож байхдаа өөрөө аман байдлаар илэрхийлж ... хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул ажлаас гарах хүсэлт гаргаж байна гэсэн боловч мөн энэ үйлдэл нь аман хэлбэрээр илэрхийлэгдсэн бөгөөд энэ дагуу өргөдөл, хүсэлтээ тодотгож бичгээр ажил олгогчид өгөөгүй болох тул ажлаас гарах хүсэл байгаагүй гэж тодорхойологдож байна. /Хуралд оролцогсод энэ тухай сонсож мэдсэн байсан ч бичгийн Хүсэлтээ гаргаагүй/

3.Мөн түүнчлэн иргэн Ц.******* нь 2022 оны 6 дугаар сарын 10-нд компанид хандсан өөр агуулга бүхий өргөдөл, хүсэлтийг бичгээр гаргасан ба үүндээ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 08-ныг хүртэл хагас цагаар ажиллан, түүнээс хойш урт хугацааны чөлөө авах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн ба энэхүү хагас цагаар ажиллах асуудал нь үүнээс өмнө шийдэгдээд буюу тухайн үедээ хэрэгжиж байсан, зөвшөөрөгдсөн хүсэлт болох ба харин урт хугацааны чөлөө олгох тухайд нь бол компани боломжгүй гэж хариу өгсөн, өөрөөр хэлвэл компанийн өдөр тутмын шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх ёстой Гүйцэтгэх захиралын өөрөө зайлшгүй биечлэн гүйцэтгэх ажил үүрэг байх тул урт хугацааны чөлөө олгох боломжгүй юм гэсэн ийм үндэслэл тайлбартай хариу өгсөн нь Ц.******* ажлаасаа гарахаар болсон гэж ойлголцож, мөн түүний зүгээс ажлаа хүлээж авах хүнийг олоорой гэсэн дагуу нь өмнө ажиллаж байгаад гарсан, тэтгэвэрийн насны хүнийг буцаан ажиллуулахаар харилцан тохиролцсоноор тухайн хүн түүний ажлыг хүлээн авч, ажлыг хүлээлцэж шийдвэрлэгдсэн.

Түүний энэхүү чөлөө хүссэн өргөдөл хүсэлтээр нь гуйвуулж ажлаас чөлөөлөөгүй бөгөөд нэг талаас Ц.******* нь үүнийг буруу ойлгосон байгаа нь, мөн ажлаа өөрөө хүлээлгэн өгөхийг хүсч, хүлээлгэн өгч, ажлаасаа гарах хүсэлтэй байсны дагуу ажлаа зохих ёсоор хүлээлцээд гарч байна гэж Ажил олгогч ойлгосон нь алдаатай, буруу шийдвэр гарсан байна.

Иймд Ажил олгогч Ц.*******г ажлаас гаргах хүсэл шаардлага байгаагүй, бас ийм маргаан огт үүсгэж байгаагүй ба нөгөө талаас Ц.******* аман байдлаар ажлаас гарах тухай илэрхийлж байсан хэдий ч түүний хувьд ажлаас гарах хүсэл, санаа зорилго байгаагүй байх тул хуулийн хүрээнд, хууль шүүхийн ажиллагаанд хүндрэл чирэгдэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын дагуу ажилд нь эгүүлэн томилж, ажил гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь ямар хугацааны цалин хөлс гэдэг нь жирэмсний амралт авсан, төрсөн, төрсний дараах гэдэг асуудлаар цалин хөлс тогтмол бодогдох уу, үгүй юу гэдэг нь өөр асуудал. 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөж байгаа үед нь ээлжийн амралтын тооцоо хийх ёстой. Хорь хоногоор ээлжийн амралтыг тооцвол 07 дугаар сарын 18-ны өдрөөс улсын баяр дуусаад ажил эхэлсэн. Ажил эхэлсэн өдрөөс 07, 08 дугаар сарыг дуустал ээлжийн амралтын хоног бодогдоно. Ээлжийн амралтын хоногийг олгосны дараагаар ямар хугацаанд дуусаж байна гэдгээс хамаараад төрсний өмнөх 20 хоног, төрсний дараах 20 хоног гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт амаржсаны буюу жирэмсний амралт 120 хоногоор тооцож заавал олгоно гэж заасан байдаг. Иймээс хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ гэжээ.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Ц.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ,******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 дугаартай шийдвэр, Ц.*******гийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр******* ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл, Ц.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/728 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Цэц-До өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Э.Ирмүүний төрсний гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.

5.Хариуцагчаас нотлох баримтаар: 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр О.Отгонсайханд олгосон итгэмжлэл, Цаст проперти ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Бат-Энхэд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

6.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу гэрчээр М.Отгонбаярыг асуусан тэмдэглэл зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Ц.******* нь******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25.606.060 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэхээр шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний хүүхдийн бие хүндээр өвчилж, онош нь тогтоогдохгүй байгаа тул хүүхдэд эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг гаргасан боловч Компанийн зүгээс чөлөө олгохгүй, боломжгүй гэж үзэн миний гаргасан чөлөө олгох хүсэлтийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гэж гуйвуулан Цастпроперти ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 тоот шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3,******* ХХК-ийн дүрмийн 7.3.1-д заасныг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Ц.******* ажлаасаа чөлөөлөгдөнө гэдэг хүсэлтийг анх амаараа илэрхийлсэн, би хүн гүтгэх шаардлага байхгүй, ажлаасаа гарна, ажлаа хийхгүй оронд ажиллах хүнийг авъя гэж надтай байнга яриад 06 дугаар сар бүтэн, 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажиллахгүй гэсэн учраас бид дараагийн хүнийг ажилд авах талаар ярилцсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн өргөдлийг өгсөн. Би өргөдлийг хувьцаа эзэмшигчид танилцуулаад, 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хагас цагаар ажилла, цалинг нь бүтэн олгоно гэж байна гэж хэлсэн. 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажиллах боломжгүй гэж надад Ц.******* хэлээд байсан атлаа одоо тэгж хэлээгүй гэж байгаа нь сонин байна. Хувьцаа эзэмшигчид урт хугацааны чөлөө олгох боломжгүй, харин 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хагас цагаар ажиллахыг зөвшөөрч байна гэдгийг амаар хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал нь аман хэлэлцээр буюу ажлаас гарна, орно гэсэнтэй холбогдуулан гаргасан. Хагас цагаар нь ажиллуулаад цалинг нь олгож байсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь ямар хугацааны цалин хөлс гэдэг нь жирэмсний амралт авсан, төрсөн, төрсний дараах гэдэг асуудлаар цалин хөлс тогтмол бодогдох уу, үгүй юу гэдэг нь өөр асуудал. 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөж байгаа үед нь ээлжийн амралтын тооцоо хийх ёстой. Хорь хоногоор ээлжийн амралтыг тооцвол 07 дугаар сарын 18-ны өдрөөс улсын баяр дуусаад ажил эхэлсэн. Ажил эхэлсэн өдрөөс 07, 08 дугаар сарыг дуустал ээлжийн амралтын хоног бодогдоно. Ээлжийн амралтын хоногийг олгосны дараагаар ямар хугацаанд дуусаж байна гэдгээс хамаараад төрсний өмнөх 20 хоног, төрсний дараах 20 хоног гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт амаржсаны буюу жирэмсний амралт 120 хоногоор тооцож заавал олгоно гэж заасан байдаг. Иймээс хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ гэж тайлбарлав.

4.2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ц.*******гийн******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэсэн заалтад хамаарч байх тул шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч нь******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг эс зөвшөөрч маргах эрхтэй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдол шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

5.Хариуцагч компани нь гэрээт харуул хамгаалалтын болон барилгын засвар хийх үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хуулийн этгээд байх бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар К.Султанинкаримийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн байна. /хх-20/

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Цаст импекс ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд 2022.06.10-ны өдөр гаргасан Ц.*******гийн өргөдөл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.07.26-ны өдрийн 1/728 зөвлөмж хүргүүлсэн тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Цэц-До өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Э.Ирмүүний төрсний гэрчилгээний хуулбар, Цаст группийн захирлуудын зөвлөлийн 2022.05.27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, харицагчийн хариу тайлбарууд, гэрчээр М.Отгонбаярыг асуусан тэмдэглэл зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Ц.******* нь Цаст импекс ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулж,******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтод зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн эрхлэхээр тохиролцсон талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдож байна. /хх5-7/

8.Нэхэмжлэгч буюу ажилтан Ц.*******г хариуцагч буюу ажил олгогч Цаст проперт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээр Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалт,******* ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх заалт, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Компанийн гүйцэтгэх захирал Ц.******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ толгой компанийн гүйцэтгэх захиралд болон Компанийн удирдлагуудын шуурхай хурал дээр гаргаж байгааг, мөн хагас цагаар ажиллуулахыг болон урт хугацааны чөлөө олгохыг хүссэнийг нь ажил олгогчоос тухайн ажил албан тушаалын хувьд боломжгүй гэж үзэж татгалзсан тул түүнийг уг ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байсан дагуу нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот тогтоол, мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/02 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсон ба ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-8/

9.Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ажилтан Ц.*******гийн Цаст импекс ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл, өвчтэй хүүхдээ эмчлүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл хагас цагаар ажиллан, түүнээс хойш урт хугацааны чөлөө авах хүсэлтийн талаархи үйл явдал буюу нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн эсэхэд маргасан. Хариуцагчаас тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргаж байна гэж ойлгосон гэж тайлбарлав.

10.Хэрэгт баримтаар авагдсан талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээний Дөрөвдүгээр зүйлд Ажилтны эрх, үүрэг, 4.1.7-д Хөдөлмөрийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажиллах, амрах, тусламж дэмжлэх авах эрхтэй, 4.1.8-д Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад эрхийг эдлэхээр заажээ.

11.Ажилтан Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Цаст импекс ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд гаргасан өргөдөлдөө: ...Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл хагас цагаар ажиллан, түүнээс хойш урт хугацааны чөлөө авах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэн өгнө үү гэжээ./хх-9/

12.Шүүхэд гэрчээр асуугдсан М.Отгонбаяр ...Миний санаж байгаагаар ******* захирал хүүхдийн бие өвчтэй байгаа, ажлаасаа хөндийрөх шаардлагатай байна гэсэн зүйл хэлээд уйлсан. Уйлсаныг нь сайн санаж байна. Тухайн үедээ ТУЗ-ын захирал шууд ажлаас гаргах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн талаар хэлсэн. Тэгэхэд нь анх удаа ажлаасаа гарах гэж байгаа юм байна гэх ойлголтыг авсан. Тухайн үед 5 дугаар сарын сүүл байсан байх, хүүхдийн баяр ойртсон байсан санагдаж байна... гэж мэдүүлсэн.

13.Хариуцагч төлөөлөгч ...Ц.******* аман байдлаар ажлаас гарах тухай илэрхийлж байсан хэдий ч түүний хувьд ажлаас гарах хүсэл, санаа зорилго байгаагүй байх тул хуулийн хүрээнд, хууль шүүхийн ажиллагаанд хүндрэл чирэгдэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын дагуу ажилд нь эгүүлэн томилж, ажил гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй... гэсэн тайлбар гаргасан.

14.Дээрхээс дүгнэхэд, ажилтан Ц.******* нь ажлаас халагдах талаар хүсэлтийг ажил олгогч******* ХХК-ийн захиргаанд гаргаагүй, харин 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Цаст импекс ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд ...Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэл хагас цагаар ажиллан, түүнээс хойш урт хугацааны чөлөө авах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэн өгнө үү гэсэн өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийг нь шийдвэрлэлгүй, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

15.Ажил олгогчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэл болгож ажилтанг ажлаас чөлөөлсөн талаар хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргаж Ц.*******г ажлаас чөлөөлсөн байна.

16.Иймд тус байгууллагын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/09 дүгээр тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

17.Нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон 25,606,060 төгрөг гаргуулахаар шаардсан.

18.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундажаас үзвэл нэг өдрийн дундаж цалин 137,421 /2022 оны 4 дүгээр сард 3,000,000 төгрөг, 5 дугаар сард 2,863,636 төгрөг, 6 дугаар сард 3,000,000 төгрөг нийлээд 8,863,636:3 = 2,954,546 : 21,5/ төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанаас бүх нийтийн болон амралтын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 181 хоног, нийтдээ олговор 24,873,201 төгрөг байна. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгана.

20.Хариуцагч ...жирэмсний амралт авсан, төрсөн, төрсний дараах гэдэг асуудлаар цалин хөлс тогтмол бодогдох уу, үгүй юу гэдэг нь өөр асуудал тул Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт амаржсаны буюу жирэмсний амралт 120 хоногоор тооцож заавал олгоно гэж зааснаар хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага ажил үүргийг нь гүйцэтгүүлж байсан бол тухайн хуулийн заалт үйлчлэх учиртай, гэтэл ажил үүргийг нь гүйцэтгүүлэлгүй, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж хохироосон энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан журам үйлчилнэ.

21.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь хуульд заасан журмын дагуу хувиарлана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******г******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,873,201 /хорин дөрвөн сая найман зуун далан гурван мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 732,868 /долоон зуун гучин хоёр мянга найман зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282,316 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ