Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/01551

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 23

181/ШШ2023/01551

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................... байранд байрлах,******* /РД:/,

Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух, Баянбулаг овогт Шажинбатын******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................. байрлах, Чойжамцын******* /РД: /-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  тоот хаягт оршин суух, Далхжавзасаг овогт Дашрэнцэнгийн ******* /рд:ХЙ60022902/

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Данбадаржайлин хийдийн өмчийг иргэн Д.*******д өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвадорж,

Нэхэмжлэгч Ш.Отгонбаатар,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Амарбаяр,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

/Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нэхэмжлэгч нар дэмжсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Монголын Бурханы Шашны төв-Гандантэгчэнлин хийд, Ш.Отгонбаатар нар, хариуцагч Ч.Батбилэгт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Данбадаржайлин хийдийн өмчийг иргэн Д.*******д өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Монголын Бурханы Шашны төв-Гандантэгчэнлин хийдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвадорж: Монголын Бурханы Шашинтны төв-Гандантэгчэнлин хийд нь монголын уламжлалт шашин соёлыг хадгалан, бурханы шашны номлол сургаалыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг Монгоп улсын хэмжээнд бурханы шашны сүм хийдүүдийг удирдлага, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажилладаг Бурханы шашны Төв хийд юм.

Манай улс 1990 оноос хойш ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монгол улсын хэмжээнд Бурханы шашин, соёлыг ном ёсоор хөгжүүлэхэд анхаарч Монголын бурханы шашинтны Төв байгууллагын статустай, улсын хэмжээнд хот хөдөө орон нутагт уламжлалт бурханы шашны сүм хийдүүдийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладгаас гадна бурханы шашны лам хувраг, сүм, хийдүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг эрх бүхий байгууллага билээ. Хэдийгээр шашин шүтэх хүний эрх нь хувь хүний эрх, эрх чөлөө мөн боловч сүм хийдүүд шашны өөрийн дэг ёс, жаяг цаазыг баримтлан хурал номын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ монгол улсын хууль тогтоомж, дурэм журмын хүрээнд хурал номын үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэдэг болно.

1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр шашин шүтэх эрх, эрх чөлөө нээлттэй болсноор улсын хэмжээнд ганцхан Гандантэгчэнлин хийд байсан бол хөдөө орон нутаг, аймгуудад уламжлалт хүрээ хийдүүдийг дахин сэргээж сүсэгтэн ардууд шашин шүтэх эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж уламжлалт сүм хийдүүд олноор байгуулагдаж эхэлсэн. Тухайн үед уламжлалт шашин соёл дахин сэргэж бурханы шашин түгэн дэлгэрснээр Монгол улсын түүх соёлтой салшгүй холбоотой Өвөрхангай аймгийн Эрдэнэ-Зуу хийд, Шанхын хурээ, Булган аймгийн Амарбаясгалант хийд, Улаанбаатар хотын Данбадаржайлин хийд зэрэг томоохон түүхэн хийдүүд дахин сэргэж үүд хаалгаа нээсэн. Тухайн үед шашин соёл сэргэж, шашин шүтэх эрх нээлттэй болсноор бага насандаа сүм хийдэд шавилан сууж байсан өтгөс буурлууд өөрсдийн санал санаачлага, ард олон, сүсэгтнүүдийн хандив тусламжаар сүм хийдээ сэргээн хурал номын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэдгээрийн нэг бол Нийслэл хүрээ буюу Улаанбаатар хотын түүх соёлтой салшгүй холбоотой, хотын анхны суурийг тавьсан ууган хийд болох Данбадаржайлин хийд юм. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед 700 гаран сүм хийдийг устгасны нэг нь Данбадаржайлин хийд болно.

Данбадаржайлин хийд нь 1760-аад онд Монголын 2-р богд Жавзандамба хутагтад зориулан Нийслэл хүрээний анхны шавыг тавьж Шашин дэлгэрэх тив буюу төвдөөр Данбадаржайлин хийдийг байгуулсан бөгөөд тус хийд нь шашны сургалт явуулдаг 4 томоохон дацан сургуультай, 2.000 гаран лам хуврагатай Нийслэл хүрээ төдийгүй, монголчуудын түүх соёлтой салшгүй холбоотой томоохон хийд юм.

1990 онд шашин шүтэх эрх нээлттэй болсноор Данбадаржайлин хийдэд бага насандаа шавилж байсан Хайдав тэргүүтэй өндөр настай өвгөчүүд болон 50 гаруй лам нар 1990 оны намар анхны хурлыг нээж байсан бөгөөд тус хурлыг нээхэд МБШТ Гандантэгчэнлин хийдээс хурал номын үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулж шашин номын эд зүйл, бурхан шүтээн, судар ном зэргийг өгч тусалж дэмжиж байсан болон сүсэгтэн олны өргөл барьц, хандив тусламжаар Данбадаржайлин хийд нь дахин сэргэсэн юм. МБШТ Гандантэгчэнлин хийдээс тус хийдийн лам нарын боловсролыг анхаарч Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд сургаж хүний нөөц боловсон хүчнээр хангаж ирсэн.

УИХ-аар 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батлагдсантай холбоотой хөдөө орон нутаг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт шашны хурал номын үйл ажиллагаа эрхэлдэг сүм хийдүүдийн бүртгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу албан ёсоор бүртгэж НИТХ-ын 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот тогтоолоор Данбадаржайлин хийдэд албан ёсны зөвшөөрөл олгож, Хууль зүйн яамнаас шашны байгууллагаар улсын бүртгэлд бүртгэн 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10 дугаартай гэрчилгээ олгосон.

Данбадаржайлин хийд нь 1990 онд шашны хурлаа дахин сэргээхдээ 50 гаран лам хуврагатай байсан бөгөөд өндөр настан лам Хайдав гуайг Хамба ламаар сонгож хурал номын үйл ажиллагаагаа удирдуулдаг байсан. Хамба лам Хайдав 1995 онд нас барсны дараа Энхбаатар гэх ламыг хамба ламаар томилж улмаар 1998 онд Довон лам Дашрэнчинг хамба ламын суудалд лам нар хэлэлцэн тавьж шашны хурал номын ажлаа удирдуулах болсон. Хамба лам Дашринчин нь 1998 онд Данбадаржайлин хийдийн хамба ламаар томилогдож нас барах хүртлээ буюу 2015 он хүртэлх хугацаанд тус албыг хашиж байсан.

Хүрээ хийд нь өөрсдийн жаяг ёс, номын дагуу хурал номоо хурдаг төдийгүй өндөр настай лам хуврагуудаар шашны ном сургаалиа заалгаж хурлын дэг жаягын хүрээнд хамба, ловон, цорж зэрэг мяндагтан хуврагуудаар хурал номоо удирдан чиглүүлүүлж явдагаас гадна монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг, сүсэгтэн хүмүүсийн итгэл бишрэлийн орон билээ.

Бурханы шашны сүм хийд нь ашгийн төлөө бус, ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй, зөвхөн сүсэгтэн олны хандив тусламж, өргөл барьц, өглөгөөр өөрсдийн хурал номын ажлаа эрхлэн гүйцэтгэж, иргэдийн шашин шүтэх, эрх эрх чөлөөг ханган, уламжлалт, шашин соёлоо уламжлуулан үлдээх гол зорилготой олон нийтийн байгууллага юм.

Уламжлалт шашны хийдүүд зөвхөн сүсэгтэн олны өргөл барьц, хурал номын үйл ажиллагаанаасаа санхүүждэг бөгөөд удирдлагын хувьд хурлын нийт лам нар хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хурал номоо удирдах хүнээ сонгодог, шашны нарийн дэг жаяг, цаазыг баримталдаг учиртай. Данбадаржайлин хийдийн хурал номыг удирдаж байсан Хамба лам Дашрэнчин 2015 онд нас барж хийдийн үйл ажиллагааг дараагийн залуу лам нар удирдан ажилласан байдаг.

Гэтэл ард олон сүсэгтнүүдийн хандив тусламжаар боссон Данбадаржайлин хийд шашны байгууллагын олон нийтийн өмчийг хамба ламаар ажиллаж байсан Дашрэнчингийн охин Д.******* нь Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хорооллын 3-А байранд байрлах нотариатч Ч.Батбилэгт өвлөх эрхийн хүсэлт гарган, тус хүсэлтийн дагуу нотариатч Ч.Батбилэг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийдийн бурхан шүтээн, ном судар, лам нарын хурал номоо эрхлэн явуулахад хэрэглэдэг хурлын эд зүйл /хөгжмийн зэмсэг, хонх очир/ зэрэг Данбадаржайлин хийдийн өмчийг бүхэлд нь 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр үнэлэн иргэн Д.*******д өв залгамжлуулж Өвлөх эрхийн гэрчилгээг (бүртгэлийн дугаар 23) олгосон байна.

Төр, Сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна гэж заасан байна. Монгол улсын Иргэний хуулиар хуулийн этгээд нь хууль ёсны дагуу байгуулагдаж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр заасан байх бөгөөд мөн шашны байгууллага, сүм хийд нь нийгэмд шашин номын хэрэгцээг хангах зорилготой, олон нийтийн статустай үйл ажиллагаа эрхлэх, шашны байгууллагын өмч нь Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд заасан нийтийн өмчийн хэлбэртэй, сүсэгтэн олны хандив тусламжаар бий болдог олон нийтийн өмч байхаар хуульчилсан байна.

Нотариатч Ч.Батбилэгийн Данбадаржайлин хийдийн өмчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Төр, Сүм хийдийн харилцааны тухай хууль, Иргэний хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг ноцтой зөрчиж монголын ард түмэн, сүсэгтэн олон лам хуврагуудын хүчээр, хандив тусламжаар бий болсон шашны байгууллагын эд хөрөнгийг хувийн өмч мэт бусдын өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйлдэл юм. Түүнчлэн уламжлалт шашин соёл социализмын дараагаас сэргэж буй энэ цаг үед хууль тогтоомж төдийгүй заншлын хэм хэмжээнд харшилсан, энгийн хүмүүсийн санаанд багтамгүй, уламжлалт зан заншлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Шашны байгууллага, сүм хийдийн өмчийг иргэн хүнд хууль бусаар өмчлүүлснээр сүсэгтэн олны хандив тусламжийг хувьдаа завших, дүрэмд заасан шашин номын ажил эрхлэхэд саад учруулах, хувийн аж ахуйн нэгж мэт асуудал үүсэх, цаашлаад сүсэгтэн олны хүсэл зорилгыг үгүйсгэсэн явдал болж байна.

Иргэн Д.******* 2019 оны 05 дугаар сард Данбадаржайлин хийдийн өмчийг өв залгамжлан авахаасаа өмнө 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус хийдийн дүрмийг лам нарт мэдэгдэхгүйгээр дур мэдэн өөрчилж, хийдийн удирдлагыг сольж, үүсгэн байгуулагчаар өөрийг нь сонгосон мэт хуурамч баримт бичиг үйлдэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар иргэн Д.******* өөрийгөө Данбадаржайлин хийдийн удирдлага гэж холбогдох баримт бичигт тусгаснаар Данбадаржайлин хийдийн өмчийг өвлөж авах хууль бус үйлдэлээ гүйцэтгэж Өвлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

Тэрээр Данбадаржайлин хийдийн өмчийн хууль ёсны өмчлөгч гэж өөрийгөө үзсэнээр лам санваартан нарын хурал номын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, лам санваартны шашин номын үйл хэргийг зааж зааварлах, лам санваартан нартай зүй бусаар харьцах, сүм хийдийг хувийн ашиг сонирхолд ашиглан сүсэгтэн олны хурал ном хуруулсан өргөл барьц, мөнгө төгрөгийг хувийн дансанд авах, лам нараас сүм хийдийн баримт бичиг, тамга тэмдэг, санхүүгийн тайлан тооцоо зэрэг бичиг баримтыг нуух зэргээр шашин ном ёсонд байж боломгүй явдал гаргаж байна.

Монголын Бурханы Шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн удирдлагаас тус асуудлаар ярилцахаар иргэн Д.*******г удаа дараа дуудсан боловч огт ирж уулздаггүй. Иймээс монголын түүх соёлтой салшгүй холбоотой, түүхэн уламжлалт Дамбадаржайлин хийдийн өмчийг иргэнд хууль бусаар өвлүүлж өмчлүүлсэн нь бурханы шашинтан, лам хуврага, сүсэгтэн олны эрх ашгийг ноцтой зөрчиж, цаашид ч энэ мэт хууль бус үйлдэл гарч болзошгүй тул МБШ төв-Гандантэгчэнлин хийд ард олныхоо өмнө уламжлалт бурханы шашин соёлыг хамгаалах, бурханы шашныг ном ёсоор хөгжүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх, сүм хийд, лам хуврагийн эрх ашгийг хамгаалах эрхэм үүргийг хүлээдгийн хувьд хууль бус энэхүү үйлдлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байгаа болно.

Монгол улсын хэмжээнд сүм хийд, шашны байгууллагын өмчийн эрх зүйн зохицуулалтыг энгийн хүн төдийгүй хуулийн ажил үйлчилгээ эрхлэдэг нотариатч, хуульч зэрэг хүмүүст хууль зүйн ойлголтыг нэг мөр өгөх, цаашид хууль бус энэ мэт үйлдлийг бий болгохгүйн тулд шүүхээс үнэн зөвийг хуулийн дагуу тогтоож тус хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч Ш.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1998 онд Данбадаржайлин хийдэд шавилан сууж өнөөдрийг хүртэл 24 жил тус хуралд хурлын ламаар сууж байна. Энэ хугацаанд тус хийддээ 2003 онд Их унзад /хурлын уншлагыг тэргүүлдэг лам/, 2013 онд Их гэсгүй /хурлын зан үйлийн дэгийг зохицуулдаг лам/, мөн 2016 онд Их гэсгүйгээр дахин ажилласан бөгөөд 2021 оны 10 сараас 2022 оны 7 сар хүртэл мөн Их гэсгүй албан тушаалд ажиллаж байсан.

Лам нар бидний хувьд Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөгөө эдлэн өөрийн итгэл үнэмшлээр бурханы шашинд итгэж сүм хийдэд шавилан сууж бурханы шашны ном сургаалд суралцаж байна.

Данбадаржайлин /Шашныг бадруулагч/ хийд нь Монголын II богд Жавзандамба хутагтад зориулж 1760 онд үүсгэн байгуулагдсан, эртний уламжлалт шашин соёлын арвин түүхтэй монголын шашны томоохон хүрээ хийдүүдийн нэг, Нийслэл хотын түүх соёлын дурсгалт сүм дуганд албан ёсны зөвшөөрөлтэй хурал номоо хурдаг унаган хийдүүдийн нэг юм. Тодруулбал Их хүрээ буюу Нийслэл хотыг анх үүсгэн байгуулахад хүрээний хамгийн анхны хийд Данбадаржайлин хийдийг байгуулснаар их Хүрээний шав тавигдсан гэдэг түүхтэй хийд билээ. Биднийг хүүхэд байхдаа Данбадаржайлин хийдэд шавилахад тус хийд нь 50 шахам лам хуврагатай шашны ном сургаалийн дагуу хийдийн лам нар хурал номоо хурдаг, бурханы шашинтай сүсэгтнүүдийн хандив тусламжаар номын үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Одоо ч манай хийд хурал номоо ном ёсоор хурж, хийдийн санхүүжилтийг зөвхөн ард иргэдийн сүсэг бишрэл хандив тусламжаар бүрдүүлдэг бөгөөд лам хуврагуудын боловсролыг Монголын бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургууль болон Дацан сургуулиар суралцуулж бэлддэг учиртай.

Данбадаржайлин хийдийг анх 50 шахам лам нар хурлын зан үйлээ үйлдэж байсан бөгөөд анх өндөр настан лам Хайдав, өндөр настан Дашрэнчин, өндөр настан Жамьяан, Очирданзан зэрэг лам хуврагууд 1990 онд үүсгэн байгуулж хурал номоо эхлүүлж байсан. Улмаар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1993 онд УИХ-аар баталж сүм хийдүүдийн бүртгэлийг албан ёсоор бүртгэлжүүлэхэд НИТХ-ын 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот тогтоолоор албан ёсны зөвшөөрлөө авч байсан. Хурлын лон лам нарын санал санаачилгаар хурлыг тэргүүлэх Хамба, Цорж, Ловон зэрэг мяндагтанг /албан тушаалтан/ лам нарын дундаас ярилцан томилдог байсан ба Хамба ламаар Хайдав ламыг сонгож, Хайдав гуай 1996 онд нас барахад олон лам нар хэлэлцээд Х.Энхбаатар гэдэг залуу ламыг Хамба ламаар тавьж байсан. Улмаар 1998 онд өндөр настан Дашрэнчинг хамба ламаар томилсон. Бид тухайн үед 16,14 настай хүүхэд байсан тул хурлын зан үйлд суралцан, шашны номлол сургаалд суралцахад хичээж байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд өвгөн настай лам нар цагийн жамаар өөд болж залуу лам хуврагууд ажил алба аван хийдийнхээ хурал номын үйл ажиллагаанд тус дэм болон явж ирсэн. Хийдийн хамба ламаас бусад албан тушаалд Цорж ламаар Очирданзан, Их Унзад ламаар Д.Богд-Эрдэнэ, Их гэсгүй Мөнхжаргал зэрэг лам нар ажиллаж хурлаа авч явж байсан. Улмаар хийдийн лам нар гарч орсоор 2015 онд хийдийн хамба лам Дашрэнчин гуай нас барахад залуу хуврага Отгонбаяр хамба лам болж, хийдийн санхүү нягтлан бодох бүртгэлийг хамба лам Дашрэнчингийн охин Д.******* хариуцан хийдийн санхүү нягтлан бодох бүртгэлийг хариуцан ажилладаг байлаа. Хийдийн санхүүг зөвхөн сүсэгтэн олны өргөл барьцаар явуулдаг бөгөөд бурхан тахил шүтээнийг мөн сүсэгтэн олон бүтээж хандивладаг, тухайлбал Хийдийн нандин шүтээн болох Зандан Логшир Жанрайсиг бурханыг 2000 онд Гүрдаваа ринбүчи лам болон олон сүсэгтнүүд Хийдийн гол сахиус Гомба, Жамсран бурхадыг Сайхансамбуу тэргүүтэй өглөгийн эзэд өргөсөн зэрэг хийдийн бүх эд зүйлсийг сүсэгтнүүдийн хандив тусламжаар бий болсон.

Хамба лам Дашрэнчин 2015 онд нас барснаас хойш түүний охин Д.******* нь 2019 онд Данбадаржайлин хийдийн удирдлагыг хийдийн лам нартай ярилцаж хэлэлцэхгүйгээр дур мэдэн өөрчилж, өөрөө удирдах зөвлөлд орж, хийдийн үүсгэн байгуулагчаар сонгосон мэт баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хийдийн удирдах зөвлөлд байсан гэх хүн 2019 ондоо хийдээс гарсан байдаг. Улмаар Д.******* нь олон нийтийн өргөл барьц хандив тусламжаар боссон хийдийн эд зүйлийг өөрийн хувийн өмч болгон хууль бусаар өв залгамжлалаар өвлөн авсныг лам нар бид 2022 онд олж мэдсэн. Сүсэгтэн олны хандив тусламжаар бий болсон Шашны байгууллагын олон нийтийн өмчийг хувийн өмч мэт үзэж Сүхбаатар дүүргийн нотариатад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Данбадаржайлин хийд-ийг өвлөх хүсэлт гарган, улмаар тус хүсэлтийг Сүхбаатар дүүргийн нотариатч Ч.Батбилэг нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 11 минутад иргэн Д.*******г хууль ёсны өвлөгчөөр бүртгэж Өвлөх эрхийн гэрчилгээ /Бүртгэлийн дугаар 23/ олгосон байна. Тус өвлөх эрхийн гэрчилгээгээр Данбадаржайлин хийдийн бүх өмч хөрөнгийг /10,000,000 төгрөг/ иргэн Д.*******д өвлүүлсэн хууль бус үйлдэл хийсэн байна. Тус нотариатч нь олон нийтийн оролцоотой шашны байгууллага өмчийг ямар хууль дүрэм журмын үндсэн дээр иргэнд өмчлүүлсэн нь тодорхойгүй, хууль бус үйлдэл хийсэн гэж үзэж байна.

Лам хуврагууд зөвхөн бурханы шашны номлол сургаалыг даган, номоо үзэж, өдөр бүр хуралдаа хурж хурал номын үйлийг эрхэмлэж энгийн сүсэгтнүүдэд тусалж дэмжин шашны үйл хэргээ хийж явдаг номын хүмүүс учраас тэр болгонд энгийн хүмүүс шиг зан авир гаргадаггүй. Лам нарын энэ байдлыг ашиглан Д.******* нь өөрийн хувийн байгууллага мэт хийдийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд лам нарыг загнаж, зандарч элдэв үгээр харааж загнадгаас гадна хийдийн өдөр тутмын орлогыг хувийн дансандаа авч, хурал номоос лам нарыг дур мэдэн хөөдөг. Мөн хийдийн санхүүгийн тайлан болон бүртгэлтэй холбоотой баримт бичиг, хийдийн дүрэм журам, тушаал шийдвэр, тамга тэмдгийг лам нарт огт үзүүлдэггүй, гэртээ хадгалдаг, санхүүгийн тайлан блансыг лам нарт тавьдаггүй хувийн компани мэт аашилж ирсэн. Үүний учир нь Д.******* шашны байгууллага болох Данбадаржайлин хийдийн өмчийг лам нарт мэдэгдэлгүйгээр хувийн өмч болгож авсан учраас лам нарт дураараа аашилдаг байсан байна.

Шашны байгууллага, сүм хийд нь Иргэний хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасны дагуу олон нийтийн байгууллага бөгөөд итгэл үнэмшлээрээ лам хуврага болсон хүмүүс хамтран хурал номоо эрхэлдэг буяны байгууллага юм.

Монголын түүх, соёлтой салшгүй холбоотой 1990 оноос сүсэгтэн олны хандив тусламж, өглөг буянаар дахин сэргэж бүтээн боссон Данбадаржайлин шашин номын хийдийг хувийн өмч гэж үзэн хууль ёсны мэт өвлөх гэрчилгээ олгож байгаа нотариатчийн үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Сүхбаатар дүүргийн нотариатч Ч.Батбилэгийн иргэн Д.*******д сүм хийдийн өмчийг өвлүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг /бүртгэлийн дугаар 23/ хүчингүй болгож өгнө үү гэжээ.

1.3.Нэхэмжлэгч нарн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өвлөх эрхийн гэрчилгээнд дурдагдаад байгаа Дамбадаржаа хийдийн өмч болох хийд, мөн 100 сая төгрөгийн үнэ бүхий, 200 тоо бүхий үл хөдлөхийг өвлөж байгаа өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль бус байна гэдэг нь улам тод харагдаж байна. Дамбадаржаа хийд нь 1991 онд байгуулагдаад 1994 онд албан ёсны зөвшөөрлийг аваад, хуульд заасан өөрийн гэсэн өмчлөлтэй, эд зүйлтэй. Зарим эд зүйл нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэлтэй байдаг юм байна.

Нотариатчийн үйлдэл нь хуульд заасны дагуу тухайн өвлүүлэх гэж байгаа эд хөрөнгө, бүртгэл нь юу вэ гэх зэргээр холбогдох шалгалтыг хийгээгүй, хууль бус үйлдэл хийсэн гэж харагдаж байна. Хариуцагчийн ирүүлсэн тайлбарыг үзэхэд ийм ийм тайлбар, бичиг баримт байсан гэдгээ ирүүлсэн нь зургаагаас долоон хуудас бүхий хүсэлт, лавлагаа мөн өвлөх эрхийн гэрчилгээ байна. Нотариатчийн үйлдэл нь хууль бус гэдэг нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, мөн нотариатын үйлдэл хийх заавар, Иргэний хуульд заасны дагуу Сүм хийдийн өмчийг аливаа нэгэн хувь этгээдэд өв залгамжлуулах боломжгүй гэдэг нь тодорхой байна. Гэхдээ сүм хийдийн өмчийг олон нийтийн хандив тусламж, өргөл барьцаас бий болж байгаа ч гэсэн түүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх, холбогдох тайлан гаргах зэрэг хуулийн этгээдэд үүрэг байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлахад тодорхой харагдсан нэг зүйл нь гуравдагч этгээд Д.******* нь өнөөдрийн байдлаар ямар эд зүйл өмчилсөн гэдэгт өөрт нь ойлголтын зөрүү байх шиг байна. Гэртээ байгаа эд зүйлүүдийг өв залгамжилж авсан гэж хэлж байгаагаас харахад Д.******* болон Дамбадаржаагийн хийдэд хувийн өмчлөлийн зүйл байхгүй гэсэн хэдий ч Иргэний эрх зүйн харилцаанд оролцож, нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зүй ёсны байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, талуудын хооронд маргаан байхгүй байна. Иргэний хуулийн 515, 525, 136, 99 дүгээр зүйл, мөн өвлүүлэгчийн өвлөөд байгаа эд зүйл нь холбогдох дүрэм журамд заасны дагуу нотариатчийн үйлдэл хууль бус эсэхэд шүүх дүгнэлт өгнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны байна. Иргэн Д.******* энэ асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх дүгнэлтээ өгч, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч Ч.Батбилэг хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан иргэн Э.Эрдэнэбат, Ш.Отгонбаатар нарын өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Батбилэг миний 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Данбадаржайлин хийдийн шашны үйл ажиллагааны зориулалттай эд зүйлийг тус хийдийн хамба лам байсан Дулам овогтой Дашрэнчин 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан тул түүний хууль ёсны өвлөгч болох Дашрэнчингийн *******д №23 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.

МУ-ын Иргэний хуулийн З6.6.Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө.

Мөн хуулийн 99.2.Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна гэж нийтийн өмч болох сүм хийдийн өмч хөрөнгийг ойролцоо төрлийн үйл ажилагаа эрхэлдэг нийтийн эрхийн статустай байгууллагад шилжүүлэхээр заасны дагуу Данбадаржайлин сүм хийд нь Нийслэлийн өмчид харъяалагдан бүртгэлтэй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 62 дугаар тогтоолоор №2019/30 тоот шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос өмнө 1 жилээр сунгасан байсан. Иймд иргэн Д.*******д өвлөх эрхийн гэрчилгээ сүм хийдийг биш зөвхөн түүний эцгийн шашны үйл ажиллагааны зориулалттай эд зүйлийг өв хүлээн авагчийн хүсэлтээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.

Хэрэв өвлөх эрхээр олгогдсон шашны эд зүйлс нь 2091 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Данбадаржайлин хийдийн өмч гэдэг нь эд хөрөнгийн бүртгэл жагсаалтаар батлагдаж байгаа бол өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Дашрэнчин овогтой ******* би танай шүүхэд гаргасан Энхтүвшингийн Эрдэнэбат, Шажинбатын******* болон Гандантэгчинлэн хийдийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Д.******* би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эцэг Дулам овогтой Дашрэнчингийн хувийн хэрэглэж байсан шашны ном судар, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан эд зүйлсийг өвлөн авч, өвлөх эрхийн 23 тоот гэрчилгээ авсан нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.а.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатчийн хэлсэн зүйлтэй санал нэг байна. Дамбадаржаа хийдийн хөрөнгө бол нийтийн хөрөнгө, сүсэгтэн олны хөрөнгөөр боссон хөрөнгийг өвлөж авах эрх надад байхгүй. Тухайн үед Дамбадаржаа хийд 100 сая төгрөгийн үнэтэй биш байсан. Би хэрвээ шунахай сэдэлтэй авах гээд байсан бол авна шүү дээ. Би аавынхаа гэртээ хэрэглэж байсан зүйлийг л авсан. Завханы музейд бэлэглэсэн 100 гаруй жилийн өвөөгөөс уламжилж ирсэн хувцас байдаг. Манай аав өөрөө лам хүний удам угсаа юм. Дамбадаржаа хийдээс нэг ширхэг цөгц ч аваагүй. Би өьлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй. Өв залгамжлалын гэрчилгээ хэрэггүй. Дамбадаржаа хийдийн ямар нэгэн эд хөрөнгийг надад өвлүүлээгүй. Хийдэд байгаа нэг ширхэг цөгц ч минийх биш, олон нийтийн өмч юм. Нэхэмжлэгч Ш.Отгонбаатар мэдэж байгаа байх, Ш.Отгонбаатарыг ингэнэ гэж бодсонгүй, би гайхаж байна. Анх хийдийг сэргээхэд миний аав гэртээ байсан бурхан тахилаа авч очиж ном хурсан. Аав минь өнгөрөхөөсөө өмнө өөрийнхөө хэрэглэж байсан ном судар, бүгдийг хийдэд өгсөн. Тэрийг нь би аваагүй, тэрийг авсан гэж хэлэх гээд байгаа бол би аваагүй. Аав амьд байхдаа бүгдийг нь хийддээ өгсөн. Миний аав өнгөрөхөөсөө өмнө гэрийнхээ бурхан тахилыг хийддээ өгнө гэхэд нь миний ээж зөвшөөрөөгүй. 1990 онд миний аав гэрээсээ бүх зүйлээ авч очиж, эмнэлгийн нэг өрөөнд ном хурсан. Яривал ул суурьтай учиртай байх хэрэгтэй гэв.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын бурханы шашины төв-Гандантэгчинлэн хийдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Лхагвадоржид олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Э.Эрдэнэбатын иргэний үнэмлэхний хуулбар, иргэн Ш.Отгонбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, Монголын бурханы шашины төв-Гандантэгчэнлин хийдийн дүрэм, Монголын Бурханы Шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлаас баталсан дүрэм журмын эмхтгэл, Данбадаржайлин хийдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2019 он/, Өвийн лавлагаа хүсэх нотариатч Ч.Батбилэгийн хүсэлт /2019.5.15/, Нотариатч Ч.Батбилэгийн олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ /бүртгэлийн дугаар 23/ 2019.5.21, Данбадаржаалин хийдийн 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дамбадаржаа хийдийн дүрэм, Монголын бурханы шашинтны Дамбадаржаалин хийдийн захиргааны 1994 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот Монгол Улсын Соёлын яамны сайд Энхбаярт ...Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, Дамбадаржаалин хийдийн тэргүүлэгчдийн хурлын протокол, Дамбадаржаа хийдийн захиргааны 1994 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13 тоот Дамбадаржаа хийдийн тэргүүлэгчдийн хурлын протокол, Дамбадаржаа хийдийн 1994 оны нийт орлого, зарлагын тооцоо, Дамбадаржаалин хийдийг удирдаж байгаа ахлагчдын дэлгэрэнгүй бүртгэл 1994-5-13, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт хуучин Дамбадаржаалан хийдийн суурин дээр Дамбадаржаалин хийдийг сэргээх санаачлагчдын бүртгэл 1994-5-13, Дамбадаржаалин хийдийн дүрэм 1994 оны 10 дугаар сарын 10, Монголын бурханы шашинтны сүм хийдийн жаяг, УБ хот дахь Дамбадаржаа хийдийн дотоод дүрэм, Хууль зүйн яамнаас 1994 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэж олгосон гэрчилгээ /Хамба лам Хайдав/, Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах Мөнхжаргалын 1998 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гаргаар бичсэн хүсэлт, Д.Дашрэнчингийн өргөдөл холбогдох материалыг хянан хэлэлцээд Хууль зүйн яамнаас 1998 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэж олгосон гэрчилгээ, Дамбадаржаалин хийдийн бүртгэлд бүрдүүлсэн материал, Хууль зүйн яаманд бүртгэл хийлгэхэд гаргасан өргөдөл 1994.7.7, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1994.6.29-ны өдрийн 31 дүгээр тогтоол /Зөвшөөрөл олгосон/, Олон нийтийн байгууллагын байршил удирдлагын мэдээний маягт №2, Олон нийтийн байгууллага шашны байгууллага лам нарын бүртгэл маягт №01, Дамбадаржаалин хийдийн дотоод дүрэм /жаяг/, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг гаргаж өгсөн.

5.Хариуцагч талаас нотлох баримтаар: 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Д.*******гийн Сүхбаатар дүүргийн нотариатод өвлөх эрхийн гэрчилгээ хүссэн тухай 2019.05.21-ний өдрийн хүсэлт, Д.Дашрэнчингийн иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны 0000165062 тоот гэрчилгээ, Д.Дашрэнчин, Г.Цэрмаа нарын гэр бүл болсны гэрчилгээний хуулбарууд, Д.*******гийн иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбарууд, Данбадаржаалин хийдэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018/030 дугаартай шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.

6.Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтаар:

Дамбадаржайлин хийдийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, Өргөдөл хүлээн авах хуудас, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл Д.*******гийн, Улаанбаатар хот дахь Данбадаржаалин хийдийн Удирдах зөвлөлийн хурлын 2019.04.18-ны өдрийн тэмдэглэл, тус өдрийн хурлын 01 тоот тогтоол, 01 тоот тогтоолын 3 дугара хавсралт, 01 тоот тогтоолоор баталсан Данбадаржаалин хийдийн дүрэм, Үндэсний татварын тайлан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаар тогтоол, түүний хавсралт, Өмчийн харилцааны газрын 2023.02.14-ний өдрийн 1/221 тоот Дамбадаржаалин хийдийн хөрөнгийн тухай албан бичиг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй Дамбадаржаалин хийдийн барилга, байгууламжийн жагсаалт, Монгол Улсын Их хурлын 1999.05.13-ны өдрийн 29 дүгээр Аймаг, Нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол, Дамбадаржайлин хийдийн 2018-2022 онуудын санхүүгийн тайлангууд болон Дамбадаржайлин хийдийн 2018-2022 оныг хүртэлх татварын тайлан зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Иргэн Д.******* 2019 оны 05 дугаар сард Данбадаржайлин хийдийн өмчийг өв залгамжлан авахаасаа өмнө 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус хийдийн дүрмийг лам нарт мэдэгдэхгүйгээр дур мэдэн өөрчилж, хийдийн удирдлагыг сольж, үүсгэн байгуулагчаар өөрийг нь сонгосон мэт хуурамч баримт бичиг үйлдэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, өөрийгөө Данбадаржайлин хийдийн удирдлага гэж холбогдох баримт бичигт тусгаснаар Данбадаржайлин хийдийн өмчийг өвлөж авах хууль бус үйлдлээ гүйцэтгэж Өвлөх эрхийн гэрчилгээг авсан байх тул Монголын түүх соёлтой салшгүй холбоотой, түүхэн уламжлалт Дамбадаржайлин хийдийн өмчийг иргэнд хууль бусаар өвлүүлж өмчлүүлсэн нь бурханы шашинтан, лам хуврага, сүсэгтэн олны эрх ашгийг ноцтой зөрчиж, цаашид ч энэ мэт хууль бус үйлдэл гарч болзошгүй тул МБШ төв-Гандантэгчэнлин хийд ард олныхоо өмнө уламжлалт бурханы шашин, соёлыг хамгаалах, бурханы шашныг ном ёсоор хөгжүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх, сүм хийд, лам хуврагийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдгийн хувьд хууль бус олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэв.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...иргэн Д.*******д өвлөх эрхийн гэрчилгээгээр сүм хийдийг биш зөвхөн түүний эцгийн шашны үйл ажиллагааны зориулалттай эд зүйлийг өв хүлээн авагчийн хүсэлтээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хэрэв өвлөх эрхээр олгогдсон шашны эд зүйлс нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Данбадаржайлин хийдийн өмч гэдэг нь эд хөрөнгийн бүртгэл жагсаалтаар батлагдаж байгаа бол өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

4.Бид даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг ...би Данбадаржайлин хийдийн эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж аваагүй, зөвхөн өөрийн эцэг Д.Дашрэнчингийн гэртээ эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйлийг өвлөж авсан. Нотариатчийг танихгүй, нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд Данбадаржайлин хийдийн эд хөрөнгийг надад өвлүүлэхээр олгогдсон байвал түүнийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

5.Шүүхэд анх Монголын Бурханы Шашны төв-Гандантэгчэнлин хийд, Ш.Отгонбаатар, Э.Эрдэнэбат нар тухайн нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Э.Эрдэнэбат нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж буй хүсэлтийг гарган тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. гэж заасанд хамаарч байх тул түүнийг нэхэмжлэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

а.Улсын Их хурлаар 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батлагдсан бөгөөд улмаар Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт шашны хурал номын үйл ажиллагаа эрхэлдэг сүм хийдүүдийн бүртгэлийг албан ёсоор бүртгэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот Зөвшөөрөл олгох тухай тогтоолоор Данбадаржаалин хийдэд албан ёсны зөвшөөрөл олгож, тус хийдийн хамба ламаар Очирын Хайдавыг Олон нийтийн байгууллагын гишүүдийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд Хууль зүйн яамнаас шашны байгууллагаар улсын бүртгэлд бүртгэн регистрийн 1040405 дугаарыг олгож, 1994 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 10 дугаартай гэрчилгээ олгогджээ.

б.Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. 25.2-т Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно., 25.3.-т Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна. гэж зааснаар Дамбадаржайлан хийд нь хуулийн этгээд бөгөөд шашны байгууллага болох нь тогтоогдсон, энэ үйл баримттай талууд маргаагүй.

в.Өмчийн харилцааны газраас ирүүлсэн 2023.02.14-ний өдрийн 1/221 тоот албан бичигт: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаа хийдийг төрийн өмчөөс, нийслэлийн өмчид шилжүүлж, манай байгууллагын баланст бүртгэсэн Монгол Улсын Их хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоол, тогтоолын хавсралтаар баталсан хөрөнгийн жагсаалт, барилга байгууламжийн бүртгэл болон зургийг хавсралтаар хүргүүлж байна, 1 дүгээр хавсралт: Дамбадаржаа хийдийн барилга, байгууламж, 6 хуудас гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2 дугаар хавсралт: Тогтоолын хуулбар, 3 хуудас баримтууд хэргийн 200-209 дэх талд авагдсанаар Данбадаржайлин хийд нь Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2.-т Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна. гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна., 2.-т Сүм хийд өөрийн эзэмшилд болон өмчлөлд байгаа газраас үл салах түүх, соёлын үл хөдлөх дурсгал, бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд, дурсгалын талаарх мэдээллийг соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлнэ. гэж тус тус заасанд хамаарч байгаа бөгөөд, Данбадаржайлан хийд нь өөрийн өмч хөрөнгөтэй болох нь нотлогдож байна.

г.Тус Данбадаржайлан хийдэд Д.*******гийн эцэг Э.Дашрэнчин лам байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

д.Д.******* Сүхбаатар дүүргийн нотариатч Ч.Батбилэгт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ хүсэх тухай хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтдээ: Миний эцэг Далхжавзасаг овогтой Дуламын дашрэнчин, миний эх Бээл овогт Галхавхын Цэрмаа 1954 онд гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний эцэг Д.Дашрэнчин Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Данбадаржайлан хийдийг 1998 оны 6 дугаар сарын 9-ний өдөр үүсгэн байгуулж 10 тоот гэрчилгээг Хууль зүйн яамнаас олгосны дагуу 2019 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл 2019/030, регистрийн дугаар 1040405-тай үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан. Миний эцэг Д.Дашрэнчин 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Иймд Иргэний хуулийн 531-ийн 1-т заасны дагуу дээрх Данбадаржайлин хийдийн бурхан шашны эд зүйл 100,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэжээ./хх-ийн 108/

е.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана., 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. гэж заасны дагуу талийгаач Д.Дашрэнчингийн охин болох Д.******* өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт гаргасан боловч уг хүсэлтдээ ...Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Данбадаржайлан хийдийг 1998 оны 6 дугаар сарын 9-ний өдөр үүсгэн байгуулж 10 тоот гэрчилгээг Хууль зүйн яамнаас олгосны дагуу 2019 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл 2019/030, регистрийн дугаар 1040405-тай үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан... гэж бичснээс үзэхэд Данбадаржайлан хийд шашны байгууллагын эд хөрөнгө, эрхийг өвлөн авахаар гаргасан байтал үүнийг нь нотариатч буюу хариуцагч Ч.Батбилэг хуульд заасан чиг үүргийнхээ дагуу шалгах, холбогдох баримтыг шаардан авалгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 11 минутанд 23 дугаарт бүртгэж, Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

ё.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө. гэж заасан байхад нотариатч Ч.Батбилэгийн Д.*******д 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 11 минутанд бүртгэлийн 23 дугаарт бүртгэж, олгосон өвлөх эрхийн гэрчилгээнд:...1998-06-09-ний өдрийн 10 гэрчилгээний дугаартай Дамбадаржаа хийдийн шашны эд зүйл, тоо, хэмжээ 200, хөрөнгийн үнэ 100,000,000 нэг зуун сая... төгрөгийн хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь энэ хуульд заасанд нийцээгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Данбадаржайлин хийдийн эд хөрөнгийг тус хийдийн лам байсан Э.Дашрэнчингийнх гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ж.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргах, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нотариатч нь өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримт бичгийг үндэслэхээр тус тус заасан бөгөөд хариуцагч Ч.Батбилэг нь хүсэлт гаргагч Д.*******гаас нас барагч Д.Дашрэнчингийн өвлөгч болохоо нотолсон холбогдох баримтыг шаардан гаргуулаагүйгээр түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

7.Нэхэмжлэгч*******, Ш.Отгонбаатар нар нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасны дагуу хариуцагч Ч.Батбилэгээс Д.*******д олгосон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаарт бүртгэлтэй өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох Д.*******д олгосон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаарт бүртгэлтэй өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

8.Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нотариатын тухай хууль 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Батбилэгээс Д.*******д олгосон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаарт бүртгэлтэй өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Батбилэгээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* болон Ш.Отгонбаатар нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ