Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 24

 

Т О Г Т О О Х нь:

  1. Ж.М, Р.Д нарыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-г төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 /долоон сая нэг зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөгөөр, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Р.Д-г төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.160.400 /долоон сая нэг зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ж.М-н цагдан хоригдсон 104 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140.400х104=14.601.600 /арван дөрвөн сая зургаан зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялыг биелүүлсэнд тооцсугай.
  4. 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Р.Д-ийн цагдан хоригдсон 26 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140.400х26=3.650.400 /гурван сая зургаан зуун тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийг хасч, үлдэгдэл 3.510.000 /гурван сая таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Д-д оногдуулсан 3.510.400 /гурван сая таван зуун арван мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд жил бүр 1.170.000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  6. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  7. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.М, Р.Д нараас тус бүр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Лутчулуу” ХХК-нд хандсан 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 436 дугаартай албан бичиг, Мал угаалгын нэгдсэн ванн барихад шаардагдах материалын тооцоо зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Ж.М-н өмчлөлийн орон сууц, Р.Д орон сууцнуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй дурдсугай.
  9. Ж.М, Р.Д нарт авсан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг хүргүүлсэн буюу өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М, Р.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР