Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00563

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      02        13                                          181/ШШ2023/00563

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Богд Жавзандамба гудамж, Эл Эс плаза оффисын 902 тоотод байрлах, “М” ХХК /УБД:9010001062, РД:2061287/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Засгийн газрын 3 дугаар байранд байрлах, Б, ш ух я холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 147,281,820 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь Б, ш у я холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 147,281,820 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 147,181,820 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Манай компани “Боловсрол соёл шинжлэх ухааны яам”-тай 2010.06.24-ний өдөр БУ-19/2010 дугаартай “Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ", 2013.05.20-ны өдөр БУ-19/2010+2 дугаартай “Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ”, 2015.05.08-ны өдөр БУ-19/2010+3 дугаартай “Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ”, 2016.06.17-ны өдөр БУ-19/2010+4 дугаартай "Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-г тус тус байгуулан /Гадна дулааны цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилгын хамт/ нийт 1,107,757,814 төгрөгийн төсөвт өртөгт багтааж гүйцэтгэхээр тохиролцож, батлагдсан зураг төслийн дагуу барьж дуусган 2015.09.18-ны өдөр байнгын ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Дээрх Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилгыг байнгын ашиглалтад оруулахын гулд Гадна дулааны цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилгын ажлыг 79,981,820 төгрөгийн төсөвт өртөгт багтаан 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болно. Гэвч захиалагч байгууллага нь дээрх ажлын үлдэгдэл санхүүжилт 147,281,820 төгрөгийг огт төлөөгүй ба бид гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардсан ч 5 жилийн турш “... Танай мөнгийг ирэх жилийн төсөвт тусгуулахаар ажиллаж байна ..." гэх хариу өгдөг боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бидэнд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Бид хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зөвхөн төрийн үүрэг мэтээр төсвийн хөрөнгө мөнгө харж суулгүй арилжааны банкнаас зээл авч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг цаг алдалгүй, чанартай сайн гүйцэтгэж дуусгасан. Гэтэл төрийн байгууллага, албан тушаалтнууд, татвар төлж улс эх орондоо хувь нэмэр оруулж яваа аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх асуудалд хойрго хянагдаж буй хариуцлагагүй эс үйлдлийн улмаас банкны зээлийн хүү төлж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардуулсан боловч хариу тайлбар бичгээр өгөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, нэмэлт ажил болох сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, цэвэр усны худгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардаж буй 147,181,820 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулна” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БШУЯ-ны 12/2521 тоот албан бичиг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар, Асгат сум/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар, Асгат сум/ угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ, 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Барилга байгууламжийн үе шатны ажлын гүйцэтгэл №1, Сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилга угсралтын ажлын нэгдсэн төсөв, хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1а/3349 тоот Ч.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч үлдэгдэл санхүүжилт 67,200,000 төгрөгийг дутуу олгосон, захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажил болох сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, цэвэр усны худгийн барилгын ажлыг 79,981,820 төгрөгөөр хийж гүйцэтгэж, мөн хүлээлгэн өгсөн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг, нэмэлт ажил болох сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, цэвэр усны худгийн барилгын ажлын хамт бүрэн хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Ажлын үр дүнд ямар нэгэн доголдол гараагүй ба үлдэгдэл санхүүжилт 67,200,000 төгрөг, нэмэлт ажлын зардал 79,981,820 төгрөгийг өгөх үүрэгтэй боловч төсөвт тусгуулж өгч чадаагүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын хүрээнд дараах гэрээнүүд байгуулагдсан байна. Үүнд:

 

а. 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нийт 610,075,994 төгрөгийн үнийн дүн бүхий БУ-19/2010 дугаартай “Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч нь барилгын ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх, захиалагч барилга угсралтын ажил эхлэхэд урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан нөхцөлд санхүүжилтийн 30 хувийн урьдчилгаа олгож явцын дунд гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэн үлдэгдэл 10 хувийн санхүүжилтийг ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд улсын комиссын акт холбогдох бичиг баримтуудыг үндэслэн олгохоор харилцан тохиролцжээ.

 

б. Дээрх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр талууд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БУ-19/2010+2 дугаартай “Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, БУ-19/2010 дугаар гэрээний үлдэгдэл 10 хувийн санхүүжилт 2013 оны Улсын төсвийн тухай хуульд батлагдсаны дагуу 67,2 сая төгрөгөөр барилга угсралтын ажлыг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

в. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийт 417,700,000 төгрөгийн үнийн дүх бүхий БУ-19/2010+3 дугаартай “Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар, Асгат сум/ угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, БУ-19/2010 дугаар гэрээт ажлын үлдэгдэл хөрөнгө 417,700,000 төгрөг 2015 оны Улсын төсвийн тухай хуульд батлагдсаны дагуу барилга угсралтын үлдэгдэл ажлыг зураг төсвийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон.

 

г. 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр БУ-19/2010+4 дугаартай “Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар, Асгат сум/ угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-г байгуулж, БУ-19/2010 дугаар гэрээт ажлын үлдэгдэл хөрөнгө 2016 оны улсын төсөвт батлагдсаны дагуу барилгын ажил бүрэн хэмжээгээр гүйцэтгэж дуусах гэрээний хугацаа “2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр” гэснийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцжээ.

Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн СҮ-18/2015 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ажлын үр дүн болох 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байрыг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

 

5. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 67,200,000 төгрөг, нэмэлт ажлын зардал 79,981,820 төгрөг төлөхтэй холбоотойгоор маргаан үүссэн байна. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага болох 147,181,820 төгрөгийн үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр  “М” ХХК нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, Боловсрол шинжлэх ухааны яам гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12/2521 тоот албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь нийт 1,297,416,653.7 төгрөгийн ажил гүйцэтгэсэн буюу ажлын хөлс 67,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга байгууламжийн үе шатны ажлын гүйцэтгэл №1 баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагчаас ажлын хөлс 67,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас гадна захиалагчийн хүсэлтийн дагуу Сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилгын ажлыг 79,981,820 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан ба хариуцагч тус үнийн дүн бүхий ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаа маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөнө.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж, 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” тохиолдолд худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр тус тус заасан.

 

Талуудын хооронд Сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ дээрх хуульд заасан хэлбэр, журмын дагуу байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 79,981,820 төгрөг шаардах эрхгүй.

 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

Зохигчийн хооронд Сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилгын ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй буюу үүрэг үүсээгүй байх боловч хариуцагч 79,981,820 төгрөгийн дүн бүхий ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн тул уг дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж зааснаар хариуцагчаас Сургуулийн барилгын дулаан цэвэр усны шугам, Цэвэр усны худгийн барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан 79,981,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасантай нийцнэ.

 

11. Иймд хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 147,181,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849,359 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 849,359 төгрөгийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1заасныг баримтлан хариуцагч Б, ш у я 147,181,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 849,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 849,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ