Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/738

 

                                                        Н.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/615 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.У-т холбогдох эрүүгийн 1702 00254 0285 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д  овгийн Н-ийн У, ..... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий ... мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт ..... дүүргийн ...дугаар хороо, .... хотхоны .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 599 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Н.У нь ................... газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах ...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно ...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онуудад онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах мэдээллийг ашиглан,

...................... газарт “үйлчлэгч, цахилгаанчин, туслах, ажилтан, орчуулагч”-аар ажиллаж байсан Б.Н-ын нэр дээр “Т-н д” ХХК-ийг 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Галын машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс аялал жуулчлал”-ыг эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулан, гүйцэтгэх захирлаар бүртгүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлэн тус компанийг оролцуулж, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10/639 дугаартай албан бичгээр ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг нийлүүлэх шууд гэрээг “Т-н д” ХХК-тай байгуулах саналыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр НХААГ-14/0028 дугаартай 200.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-иас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 188.662.614 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 200.000.000 төгрөгийн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 10/318 дугаартай “...Т-ийн д” ХХК нь 2014 онд ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг хугацаанд нь нийлүүлж байсан” талаар дурдсан албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ......... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... газарт 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр НОБГ-16/01 дугаартай 340.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-иас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 211.571.428.76 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 340.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: хавтаст хэргийн материалыг хянаад гэм буруугийн шүүх хуралдааныг явуулсан боловч дараах зүйлийг зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаан шалгуулах шаардлагатай байна. Үүнд: Шүүгдэгч Н.У-н үйлдлээс 540.000.000 эсхүл 129.765.000 төгрөгийн хохирлын аль нь учирсныг тодорхой болгох, худалдан авсан 4 машинд нэмж тоног төхөөрөмж авахад 29.000.000 төгрөг, уг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд 58.000.000 төгрөг зарцуулсан. Энэ нь баримттай гэж шүүгдэгчийн өмгөөлөгч удаа дараа санал хүсэлт гаргадаг. Эдгээр нь үнэн эсэхийг нотлох баримтын хүрээнд шалгах. Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх ба нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэний дараа тус хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Н.У-г ................ газрын даргаар ажиллаж байхдаа хууль зөрчиж, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онуудад онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах мэдээллийг ашиглан,

.......... газарт “үйлчлэгч, цахилгаанчин, туслах ажилтан, орчуулагч”-аар ажиллаж байсан Б.Н-н нэр дээр “Т-н д” ХХК-ийг 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Галын машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс аялал жуулчлал”-ыг эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар бүртгүүлж,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлэн тус компанийг оролцуулж, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10/639 дугаартай албан бичгээр ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг нийлүүлэх шууд гэрээг “Т-н д” ХХК-тай байгуулах саналыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр НХААГ-14/0028 дугаартай 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-аас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 188.662.614 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгон, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 200.000.000 төгрөгийн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 10/318 дугаартай “...“Т-ийн д” ХХК нь 2014 онд ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг хугацаанд нь нийлүүлж байсан” талаар дурдсан албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ..............дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. газарт 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НОБГ-16/01 дугаартай 340.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-аас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 211.571.428.76 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 340.000.000 төгрөгийн нийт 540.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэж дүгнэсэн байхад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “Н.У-ын үйлдлээс 540.000.000 эсхүл 129.765.000 төгрөгийн хохирлын аль нь учирсныг тодорхой болгох” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх... нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, Н.У нь ................ газрын даргаар ажиллаж байхдаа өөрөө “Т-н д” ХХК-ийг үүсгэн байгуулж, нийт 540.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 2 удаагийн тендер сонгон шалгаруулалтад бичиг баримтыг бүрдүүлэн оролцуулж, мөн тус компанийг дэмжиж байгаа гэх утгатай албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, өөрөө гэрээ байгуулан 2014 оны тендер сонгон шалгаруулалтаас 11.337.386 төгрөгийн, 2016 оны тендер сонгон шалгаруулалтаас 118.428.571.24 төгрөг нийт 129.765.957.24 төгрөгийг компанийн данснаас авч ашигласан үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасны дагуу яллагдагч Н.У-аас гаргуулж, хохирогчид олгуулах саналыг яллах дүгнэлтэд дурдаж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог хийж хэрэгт хавсаргасан байхад нотлох баримтаар үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр заасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, түүний албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт үйлдлийн улмаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт нийт 540.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, харин тендерт шалгарсны улмаас компанийн дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгөнөөс 129.765.957.24 төгрөгийг хувьдаа авч ашигласан тул хариуцан төлөх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

2. ............. газраас ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашиныг худалдан авах тендер сонгон шалгаруулалтыг зарлахдаа анхнаасаа тусгай тоноглогдсон автомашиныг авсан бөгөөд нэмж тоноглох шаардлага байхгүй, тоноглоход гаргасан зардлын баримтгүй байхад ямар нотлох баримтыг үндэслэж мөрдөн шалгах ажиллагааг явуулах талаар захирамжид тодорхой заагаагүй нь шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Уг хэрэгт 4 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Н.У-н зүгээс ямар нэг санхүүгийн баримт гаргаж өгөөгүй, мөн шалгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй зэргээс дээрх шүүхийн дүгнэлт үгүйсгэгдсэн, мөн таамагласан шинжтэй болжээ. Иймд шүүгчийн 2021/ШЗ/615 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Н.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2013-2017 онд 5 жилийн хугацаанд .............. газрын даргаар ажилласан. Миний хувьд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм асуудалд орсон. 2014, 2016 онуудад оролцсон тендерүүд шууд худалдан авалтын тендерүүд байсан. Эдгээрийг бүх хууль дүрмийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Би энэ мөнгийг хувьдаа завшаагүй, надад хувийн ашиг сонирхол байхгүй. Автомашинуудын зургийн 8 баримтыг шалгаж, мөн надаас гаргуулахаар заасан хохирлын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тендерт оролцох хүн байхгүй тул шууд худалдан авах ажиллагаа явуулахаар тендер явуулсан. Гэтэл “Т-н д” ХХК-иас өөр компани байгаагүй учраас сонгосон. Яллах дүгнэлт болон прокурорын эсэргүүцэлд Н.У-ыг буруутгахдаа 200.000.000 төгрөг бүхий 2 автомашиныг нийлүүлэх гэрээ байгуулж, автомашин нийлүүлсэн гэдэг. Автомашин нийлүүлэхэд тээврийн зардал, татвар зэргийг автомашин оруулж ирсэн үнээс хасаж тооцсон. 4 автомашин орж ирсэн байхад прокурор тендерийн үнийг хохиролд тооцсон. Тендерийн үнэ, учруулсан хохирол хоёр өөр асуудал байхад прокурор тендерийн үнийг бичиж хохиролд тооцсон нь үндэслэлгүй. Тиймээс учруулсан хохирол аль нь вэ, үүнийг тогтоо гэсэн нь үндэслэлтэй. Шүүх биш прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн эсэргүүцлийн 2 дахь хуудсанд “анхнаасаа тусгай тоноглогдсон автомашиныг авсан бөгөөд нэмж тоноглох шаардлага байхгүй” гэжээ. Үүнийг прокурор яаж мэдсэн нь ойлгомжгүй байна. Зах зээлийн үнээр үнэлсэн бол Онцгой байдлын салбарт хэрэглэгдэх тусгай 2 автомашиныг авчрахад дээрх мөнгө хаана нь ч хүрэхгүй. Тийм учраас Н.У дараа нь зарим сэлбэгүүдийг авах зорилготойгоор автомашинуудыг оруулж ирсэн. Үүнийг гэмт хэрэг биш үзэж байна. ... Мөрдөн шалгах ажиллагаа явуулсаар 4 жил болж байхад ямар ч баримт гаргаж өгөөгүй гэж байгаа боловч мөрдөгч, прокурорын буруу. Түүнчлэн энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг орхигдуулсан. Гэрээнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байгааг анхаарах нь зүйтэй. ... Шүүхийн шийдвэрт заавал хохирлын асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Тендерээс үлдсэн мөнгийг хувьдаа завшсан эсэх, оруулж ирсэн эд зүйлс нь байгууллагын санхүүд байгаа эсэхийг тогтоох ёстой. Байгууллагын санхүүд байгаа баримтыг шалгуулахаар хүсэлт гаргасан байхад бидэнд ямар нэг хариу бичгээр өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Н.У-т холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ын үйлдлээс 540.000.000 эсхүл 129.765.000 төгрөгийн хохирлын аль нь учирсныг тодорхой болгох, худалдан авсан 4 машинд нэмж тоног төхөөрөмж авахад 29.000.000 төгрөг, уг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд 58.000.000 төгрөг зарцуулсан. Энэ нь баримттай талаар шүүгдэгчийн өмгөөлөгч удаа дараа санал хүсэлт гаргадаг. Эдгээр нь үндэслэлтэй эсэхийг нотлох баримтын хүрээнд шалгуулахаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Хавтас хэрэгт Н.У-аас өгсөн гэх “БНСУ-д ажлаар явахад хувиасаа гаргасан 58.464.000 төгрөгийн зардал /8 хх 69-76/, мөн хоёр ширхэг автомашинд нэмэгдэл тоноглол хийлгэсэн болон Замын-Үүдээс Улаанбаатарт авчрахад гаргасан 29.886.308 төгрөгийн зардал” /8 хх 77-82/ баримтууд хэрэгт авагджээ.

Прокуророос шүүх хуралдааны явцад “анхнаасаа тусгай тоноглогдсон автомашиныг авсан бөгөөд нэмж тоноглох шаардлага байхгүй тул дээрх баримтуудыг шалгах шаардлагагүй” хэмээн мэтгэлцсэн.

Уг баримтуудын үндэслэлтэй эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүйн улмаас гэмт хэргийн хохирлын хэмжээг зөв тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” буюу нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/615 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Батсайханы бичсэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ  

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

               ШҮҮГЧ                                                            М.АЛДАР