Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/846

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,   

улсын яллагч Б.Дашням,

шүүгдэгч Э.Бэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2511014320853 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

           

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Бэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Э.Бэ нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М гийн 13 дугаарт давхарт байрлах М төрийн өмчит хувьцаат компанийн мэдээлэл, лавлагааны тасгийн шилэн хаалга, хувцасны шүүгээг өшиглөх, унагах зэргээр хууль бусаар гэмтээж, улмаар 1,890,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь хуудас/, гэрч Н.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх хуудас/, гэрч Д.Эийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь хуудас/,  Дүрс  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31-32 дахь хуудас/, Ашид билгүүн          хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-925-12338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-41 дэх тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-28 дахь тал/ болон шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Э.Бэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Монголын Иргэний Агаарын Тээвэр төрийн өмчит хувьцаат компанид 1,890,000 төгрөгийг нөхөн төлсөн буюу эд хөрөнгийг засварлаж хэвийн байдалд нь оруулан гомдол саналгүй болгосон байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

Иймд шүүгдэгч Э.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээв.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Бэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн нэг ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

            5. Энэ хэрэгт  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНХТҮВШИН