Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/01388

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      05        08                                           181/ШШ2023/01388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, Төрийн банкны төв байранд байрлах, “Т б” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, их тойруу гудамж, 13 дугаар байр, 87 тоот хаягт оршин суух, Д овогт Г У /РД:УУ89012007/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрханы 900 тоот хаягт оршин суух, Д овогт Б М /РД:ЗБ89072501/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,988,892.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П,

Хариуцагч Г.У /хариуцагч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Бум-Очир нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т б” ХХК нь хариуцагч Г.У, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 10,988,892.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Г.У, хамтран зээлдэгч Б.Мнар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус банкнаас Дугаар №109200200107 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000.00 төгрөгийг бичил бизнесийн зээлийн зориулалтаар сарын 2,2 хувь, жилийн 26,4 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан.

Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг /зээлийн гэрээний 2.2.1/ зээл олгогдсоны 2 дахь сарын хуваарьт өдрөөс хойш удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээл авсан бөгөөд дараа сараас нь эхлэн сар бүрийн 10-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийх гэрээтэй боловч гэрээний дагуу төлбөр төлөлт хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хуваарьт өдрөө төлөлт хийхгүй сар бүр хугацаа хэтрүүлэн сарын төлбөрөө сардаа багтаан төлөлт хийсэн. Түүнээс хойш 2020 оны 3-р сард 76,550 төгрөг, 04-р сард 196,950 төгрөг, 9-р сард 99,950 төгрөг, 2021 оны 9-р сард 259,800 төгрөг, 2022 оны 3-р сард 350,000 төгрөг төлсөн. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 2,605,884.56 төгрөг, үндсэн хүүнд 3,197,654.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 303,358.13 төгрөг, нийт 6,106,896,71 төгрөг төлсөн байна. Дээрх зээлийн гэрээний хүрээнд зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 109200200107 дугаартай “Барьцааны гэрээ”-ний дагуу дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан болно. Үүнд:

Автомашин /5519 УНХ улсын дугаартай, NCP600044338 арлын дугаартай 2002 онд үйлдвэрлэсэн, 2012 онд орж ирсэн Тоуоta ist маркийн мөнгөлөг өнгөтэй/, Бизнесийн бараа материал /жагсаалтаар/, Шкаф, зурагт, Ор, Буйдан, Хөргөгч, Шарах шүүгээ.

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 1030 хоног зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хийгдээгүй байна.

Мөн зээлдэгчтэй утсаар ярих, ажлын байранд очиж уулзах, банкны нэгж дээр дуудан уулзалт хийх, албан мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хүссэн.

“Т б” ХХК, зээлдэгч Г.У, Б.М нарын хооронд байгуулсан 109200200107 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссан тул Г.У, Б.М нараас үндсэн зээлд 6,394,115.44 төгрөг, үндсэн хүүнд 4,343,660.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 233,116.62 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 10,970,892,45 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 18,000 төгрөг, нийт 10,988,892.45 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.У хариу тайлбартаа “... миний бие нь Офицер тооцооны төвөөс нэхэмжилсэн зээлийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Б.М нь нялх хүүхэдтэй, хөдөө явсан, холбоо барих боломжгүй байгаа учир хамтран зээлдэгчээс банкны зүгээс татгалзуулж өгвөл нэхэмжилсэн зээл, зээлийн дүнг өөрөө бүрэн хариуцаж төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

 

3. Хариуцагч Б.М хариу тайлбартаа: Б.М нь Г.У хамтран зээлдэгчээр орж байсан болно. Тухайн зээлд би ямар ч хамааралгүй болно. Иймээс Г.У зээлийг нь бүрэн хариуцуулж уг хүнийг бүрэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Нотариатын зардал 18,000 төгрөг төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлдэгчийн өргөдөл, зардлын хураангуй мэдээлэл /сараар/, Зээл хүсэгчийн мэдүүлэг, Зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, Итгэмжлэл, Бараа материалын үлдэгдлийн жагсаалт, 9,000,000 төгрөгийн Мемориалын баримт, Орлогын мэдүүлэг, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Харилцах дансны харилцагчийн хуулга, “Ньюком проперти” ХХК-ийн 939 тоот албан бичиг, Борлуулалтын орлогын түүвэр, Зээлийн дансны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдлийг тус тус нотлох баримтаар гарган өгч, хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.У, Б.М нартай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №109200200107 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг бичил бизнесийн зээлийн зориулалтаар сарын 2,2 хувь, жилийн 26,4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Хариуцагч нар нь уг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тул үндсэн зээл 6,394,115.44 төгрөг, үндсэн хүү 4,343,660.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,116.62 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 10,970,892,45 төгрөг, хохиролд буюу нотариатын үйлчилгээний төлбөр 18,000 төгрөг, нийт 10,988,892.45 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч Г.У нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй бөгөөд хариуцагч Б.М тухайн зээлд хамааралгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй.

 

4. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, 9,000,000 төгрөгийн Мемориалын баримт, Орлогын мэдүүлэг, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Харилцах дансны харилцагчийн хуулга, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдлээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 109200200107 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 9,000,000 төгрөгийг жилийн 26,40 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож автомашин болон бизнесийн бараа материал, шкаф ком, зурагт, ор, буйдан, хөргөгч шарах шүүгээ зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.  

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6. Талууд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, 9,000,000 төгрөгийг хариуцагч Г.У хүлээн авсан үйл баримтад, мөн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд хариуцагч Б.М зээлд хамааралгүй гэсэн тайлбар гаргасан.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

8. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан 9,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч Г.У дансанд шилжүүлсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2.1-д “Зээлийн төлбөрийг зээл, хүү, эргэн төлөх хугацааны дагуу энэхүү гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх”, 3.2.4-д “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.6 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусжээ.

 

9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч нарын төлөгдөөгүй зээл, түүний хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

10. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №109200200107 тоот зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч Б.М хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

11. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар Б.М, Г.У нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул хариуцагч Б.М гаргасан “Тухайн зээлд би ямар ч хамааралгүй болно” гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

12. Иймд талууд үндсэн зээл 6,394,115.44 төгрөг, үндсэн хүү 4,343,660.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,116.62 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 10,970,892,45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл буюу зээлийн үлдэгдэл болон хүүгийн тооцооллыг үгүйсгэж маргаагүй тул хариуцагч нараас 10,970,892,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

13. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №109200200107 тоот барьцааны гэрээ байгуулсан хэдий ч барьцааны зүйлээр шаардлагаа хангуулахаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

 

14. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг нотариатаар батлуулахад гарсан зардалд 18,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 222.4-д “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна...”, 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нотариатын зардал 18,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нарт хариуцуулах үндэслэлтэй байна.

 

15. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,394,115.44 төгрөг, үндсэн хүү 4,343,660.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233,116.62 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 10,970,892,45 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 18,000 төгрөг, нийт 10,988,892.45 төгрөгийг хариуцагч Г.У, Б.М нараас гаргуулж, нэхэмжлэгч “Т б” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.У, Б.М нараас 10,988,892.45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т б” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,772.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 190,772.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.БАТХУЯГ