Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/875

 

 

   2025        10           08                                    2025/ШЦТ/875

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,

           улсын яллагч Э.Намуун /цахим/,

           шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

      Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2503****** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны *** сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач,*******ер мэргэжилтэй, *** *******-ний захирал, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн 2-р хороо *** тоотод оршин суудаг, урьд нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** сарын ***-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д овгийн Д-гийн Э /РД:****/

         Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Э нь 2025 оны *** сарын ***-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 08 сарын 22-ны өдөр 22:36 цагийн орчимд *** дүүргийн *** дүгээр хороо ***-н замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2025 оны *** сарын ***-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 08 сарын 22-ны өдөр 22:36 цагийн орчимд *** дүүргийн *** дүгээр хороо ***-н замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

         Дээрх үйл баримт нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 03 ху/, баталгаажуулалт хийсэн хуудсаар спиртийн агууламж 0.91% гэсэн баримт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс Д.Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1, 51 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны *** сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэвэр /хх 08-10 ху/, АСАП сангийн лавлагаа, яллагдагч Д.Э-гийн “Тэр өдөр би ***-ын ресторанд хүнтэй уулзаад хоол идээд 2 пиво 0,5 гр савлагаатай пиво ууж дуусаад тэр ресторанд ойролцоогоор 3 цаг орчим байж байгаад гарахдаа дуудлагын жолооч дуудсан боловч дуудлагын жолооч нь түгжрэл ихтэй байна та наашаагаа дөхөөч харуулын байр хүртэл гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ***-ын ресторанаас харуулынхан байр хүртэл тээврийн хэрэгслээ жолоодоод явсан, тухайн үед тэнд хамгаалалт гарчихсан байсан тэнд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч намайг зогсоосон. Тэгээд намайг үлээлгээд БЗД-ийн замын цагдаа руу авч очоод эрүүлжүүлэх байранд хийх гэсэн. Тухайн үед миний даралт их байсан болохоор эрүүлжүүлэх аваагүй” гэсэн мэдүүлэг /хх 16 ху/, шүүгдэгч Д.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Э-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

         Иймд шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Д овгийн Д-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

   4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

      5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

      6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЙГАЛМАА