Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

 

2025 оны 11 сарын 10-ны өдөр                            Дугаар 2025/ШЦТ/191                                           Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Арсланбаатар,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* өмгөөлөгч И.Оюунгэрэл,

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

            Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528001330284 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой ******* аймаг ******* сумын төвд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед зүүн чамархай, суурийн дунд хонхор дахь хугарал, зүүн чамархайн дэлбэн дэх тархины хатуу хальс дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би гэртээ 2 ширхэг лаазтай пиво уусан. Орой манай гэрт 22 цагийн үед ганцаараа халамцуу орж ирсэн. Тэгээд бид хоёр Мэргэний дэлгүүр орж 0.75 литрийн 2 шил архи авсан. Дэлгүүрт , хоёртой таарсан. Тэр хоёр нэг шил архи авсан байсан. Тэгээд бид 4 гараад дэлгүүрийн үүдэнд дэлгүүрээс авсан шил архиа задлаад бид хоёрт өгсөн. Тэрийг нь тойруулж уусан. Тэгээд удалгүй , хоёр яваад өгсөн. бид хоёр дэлгүүрийн гадаа үлдээд босохгүй хөлөө жийгээд газар сууж байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгнө гэж гээд бодож байсан. Би өөрөө тасарсан байсан. Нэг их сайн санахгүй байгаа. Ямар ч байсан нэг хүн ирсэн. Тэр хүн намайг өргөөд газар шидэж байсан. Өөр зүйл санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө нь гэртээ босоод ирсэн чинь толгой хагарчихсан, толгойгоо боолгочихсон, цус болчихсон гэртээ хэвтэж байсан. . ахыгаа авах гээд ирэхэд нь бид хоёр дэлгүүрийн гадаа хачин царайтай хоёр хүн байж байхаар нь уур нь хүрсэн байх. Тэгээд би дээрээс нь яасан гоё алхдаг залуу вэ гээд хэлэхээр дургүй нь хүрсэн байх. Тэгээд л уг хэрэг учрал болсон гэж бодож байна. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой эмнэлгээс над руу залгаад танай нөхөр чинь согтуу гэрээ мэдэхгүй байгаад байна. Хүргээд өгье гээд гэрийн хаяг асуугаад хүргээд ирсэн. Тэгсэн манай нөхөр шал согтуу орж ирсэн. Тухайн үед толгойгоо марлаар боолгочихсон байсан. Тэгээд өглөө нь нөхрөө архи уулаа чи гэж жаахан загначихаад ажилдаа явсан. Тэгээд дэлгүүр дээр ирээд хяналтын камераар шүүгээд харсан чинь манай нөхөртэй нийлээд 4 хүн байсан. Тухайн хяналтын камерт манай нөхрийг өргөж саваад унагаагаад цохиж байгаа харагдсан. Манай нөхөр гэдэг найзтайгаа муудалцсан л гэж бодоод найзыгаа өмгөөлөөд адилхан л уусан юм чинь гээд байсан юм. Үнэн хэрэгтээ бол дүү нь зодсон гэдгийг хяналтын камераас олж харсан. Тэгээд нөхөртөө хэлсэн чинь намайг цоо эрүүл хүн зодсон бол би гомдолтой гэсэн. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь мэдрэлийн эмч байхгүй байсан. БНХАУ-ийн Өвөр-Монголын өөртөө засах орны Алшаа аймгийн Далай-хөв аймагт очиж үзүүлж тархины зураг авхуулсан чинь чихний арын мэдрэлийн судас дарагдсан байна гэсэн. Цус бүлэгнэл ихтэй учир зүү тавьж болохгүй гээд эм өгөөд 15 хоногийн дараа ирж зүү тавиулаарай гэсэн. Буцаж ирээд эм тангаа уугаад одоогоор ******* аймгийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. /хавтаст хэргийн 39-41 дэх тал/

Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой би ганцаараа гэртээ архи уусан. Тэгээд гэрээсээ гараад гэдэг хүнтэй таараад архи уусан байсан согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэгсэн нэг мэдсэн өглөө гэртээ сэрсэн. Өөр юм санахгүй байна. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр ойрын дуудлагын жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Тэгэхэд 23 цаг орчмын үед Мөөг-6 дэлгүүрийн урд ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирж жижүүр сувилагч , Рентген техникч Мандах-Өнөрийн хамт очиход хүн нь ухаан орсон байсан. Тэгээд бид шууд яаралтай тусламж руу ыг авч ирж үзлэг хийж эхэлсэн. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд орчиндоо харьцаатай, асуултад хариулна, согтууралтай, Арьс салст бараан хөлстэй бохир байсан. Нүүрэнд мэдэгдэх хөхрөл няцрал байгаагүй харин дагзны ар хэсэгт 1 см орчим язарсан шархтай байсан. Би оёдол тавиулах тухай тухайн гэх хүнээс асуухад би оёдол тавиулахгүй ингээд харимаар байн гэж хэлсэн. Тэгэхээр нь шархийн цэвэрлэж боолт хийж өгсөн. Тухайн хүнээс гомдол санал байна уу? Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үү гэж асуухад зүгээр би одоо гэртээ харина гэж ганцаараа явах гэхэд нь Мандах-Өнөр нь зүс таних хүн гээд замаараа гэрт нь хүргэж өгчхөөд явъя гээд тэр хүнийг гэрт хүргэж өгөөд ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Би гэх хүнийг архиа гаргачихаад ирж үзүүлнэ гэж бодож байсан боловч тэр хүн огт амбулатори болон ойрын дуудлагаар огт үзүүлээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр 11 цаг орчмын үед гэртээ унтах гээд хэвтэж байсан. Манай нөхөр ын утас нь холбогдохгүй байсан. Тэгсэн чинь над руу танихгүй дугаар залгаж нөхрөө энэ Мөөг-6 дэлгүүр дээрээс ирээд ав. Энд архи уугаад тасарчихсан байна гэж хэлсэн. Би чи хэн гэж хүн бэ? Манай нөхөр хэнтэй хамт явж байна гэж асуухад чи намайг танихгүй чи ирээд аваа гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө ганцаараа өргөж дийлэхгүй учир ыг хамт явъя гэж хэлээд аваад явсан. Тэгээд очоод аваад ирэх байх гэж бодоод машин дотроо байж байхад руу нэг нь үг хэлээд тэд хоорондоо муудаад байсан. Тэгээд би буугаад очиход газар суучихсан. тэр гэх хүнтэй маргалдаж байсан. Тэр хооронд бид хоёр манай нөхрийг аваад явж байсан чинь нөгөө гэх хүн ын араас татаад байсан. Тэгэхэд нь ыг барьж аваад газар унагаачихсан. Тэгээд тэр хүн ухаантай хэрнээ газраас босохгүй байсан. Би сувилагч, эмчээ дуудсан. Сувилагч ирээд цагдаа дуудъя гэж хэлэхэд цагдаа дуудаад хэрэггүй би ямар ч гомдолгүй гэж байсан. ч гэсэн цагдаа дуудъя гэхэд цагдаа руу дуудуулахгүй байсан. Тэгээд тэр ыг эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Тэгээд би нөхрийг *******ай хүргэж өгчхөөд буцаад эмнэлэгт очиход толгой дээрээ 1см оёдол тавьмаар юм байна гэж хэлэхэд оёдол тавиулахгүй гэж хэлсэн. Эмнэлэг дээр байхдаа бас цагдаа дуудах ёстой гэж дуудлага өгөх гэхэд гомдолгүй, цагдаа дуудаж хэрэггүй гэж хэлсэн. Би ч тэгж хэлэхээр нь гурван хүүхэд унтаагүй байгаа би явлаа гэж гэх сувилагчдаа хэлээд гэр рүүгээ явсан. Би сүүлд гэртээ оччихоод юу болж байгаа талаар асуухад гэрт нь хүргэж өгөх гэхэд гэрээ мэдэхгүй байна. Эхнэр гэсэн дугаар руу залгахад блок хийчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд нэг таньдаг эгч рүү нь залгаж гэрийг нь заалгаад гэрт нь хүргэж өгсөн гэж хэлсэн. /хавтаст хэргийн 52-54 дэх тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед онцгойн зааланд Гоёотон малчид заал аваад тэр дээр тоглочхоод Мөөг 6 дэлгүүр рүү ундаа авахаар ахтай хамт явсан. Мөөг 6 дээр очоод ах бид хоёр ундаа авчхаад гараад ирсэн чинь , нэлээн согтуу зогсож байсан. Тэгээд ах нар нэг компанид ажилдаг байсан болохоор юм яриад үлдсэн. Тэгэхэд би машиндаа түрүүлээд суучихсан. Тэгээд 5-10 минутын дараа машинаасаа буугаад ахыг явъя гээд аваад машинд суулгаад аваад явсан. Өөр зүйл бол болоогүй. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед онцгойн зааланд тоглочихоод Мөөг-6 дэлгүүр рүү ундаа авахаар -тэй хамт явсан. Мөөг-6 дээр очоод ундаа аваад дэлгүүрээс гарсан чинь гадаа , хоёр тортой архи барьчихсан зогсож байсан. намайг дуудаад архи хамт ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи уухгүй ээ гэрт ажил төрөлтэй гээд тэр хоёр согтуугаас арайхийж аргадаж байгаад үлдээчихээд машинд суусан. Тэр үед машин дотроо суугаад хүлээж байсан. Тэрнээс өөр мэдэх зүйл надад байхгүй. /хавтаст хэргийн 61-62 дахь тал/

******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/122 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "******* биед зүүн чамархай, суурийн дунд хонхор дахь хугарал, зүүн чамархайн дэлбэн дэх тархины хатуу хальс дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 заалтаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна." /хавтаст хэргийн 65-67 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0525/733 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "******* биед зүүн зулай, чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Урьд гаргасан ӨМГ0725/122 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 78-80 дахь тал/

******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ0825/005 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 88-90 дэх тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/

*******аас авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 68-70 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 106 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлгүй” гэжээ. /хавтаст хэргийн 101 дэх тал/

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой ******* аймаг ******* сумын төвд иргэн ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед зүүн чамархай, суурийн дунд хонхор дахь хугарал, зүүн чамархайн дэлбэн дэх тархины хатуу хальс дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/, гэрч Ц.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч Ж.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0525/733 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* биед зүүн чамархай, суурийн дунд хонхор дахь хугарал, зүүн чамархайн дэлбэн дэх тархины хатуу хальс дээрх цусан хураа гэмтэл учирсан болох нь ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2025 оны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0525/733 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 78-80 дахь тал/-ээр тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ: “...Хохирогч ******* миний бие хохирол төлбөрт 16,542,730 төгрөг хүлээн авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нээлттэй үлдээх хүсэлтэй байна. Одоо өөр нэхэмжлэх зүйлгүй” /хавтаст хэргийн 150 дахь тал/ гэснээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан  цаашид гарсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  харин мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл  тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, *******ын эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдлаас нь шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,0000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул дээрх саналыг батлуулах” санал, дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч *******ын хувьд хохирогч ******* бие эрх чөлөөнд халдаж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийн тухайд манай үйлчлүүлэгчийн зүгээс нийт 16,542,730 төгрөгийн хохирол буюу сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цалин хөлс, эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Эдгээр хохирол төлбөрийг *******ын зүгээс бүрэн төлж барагдуулсан учраас нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөргүйд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас манай үйлчлүүлэгчийн биед хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээх” санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...манай үйлчлүүлэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн талаар хэлэх дүгнэлт байхгүй. Хохирогчийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үүнд сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эмчилгээтэй холбоотой зардал гээд нийт 16,542,730 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын зүгээс хэлэх зүйлгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 16,542,730 /арван зургаан сая таван зуун дөчин хоёр мянга долоон зуун гуч/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ