Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/01000

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023       04        04                                           181/ШШ2023/01000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 427 дугаар байр, 81 тоот хаягт оршин суух, Х Х овогт Э Д /РД:ЧР81081519/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг хаягт байрлах, “О т” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, “Оюу толгой” ХХК-ийн “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д нь “О т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх,

“О т” ХХК-ийн “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Д нь "О" ХХК-ийн Баяжуулах хэлтсийн засварын хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн механикийн супервайзераар ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сараас тус хэсэгт “төлөвлөгч” албан тушаалд томилогдон ажилласан болно. Компанийн удирдлагын зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б37 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ажил олгогч нь ажлаас халах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн боловч миний ажиллаж байсан “Төлөвлөгч” ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа юм. Түүнчлэн нэр бүхий удирдах албан тушаалтнуудын зүгээс хөдөлмөрийн харилцааны явцад удаа дараа ажлын үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулж, тушаал дэвших боломжийг хязгаарлаж байсан ба улмаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход ажил олгогчийн дээрх хувийн байдал нөлөөлсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн байх тул Э.Д намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... "О т" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай тушаалаар "О т" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталсан. Тус тушаалаар "О т" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгчийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Э. Д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 -д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх" гэж заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

"О т" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталсан тушаал, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б37 дугаартай тушаалаар Э.Д байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Э. Д нэхэмжлэлдээ миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа, удирдах ажилтны зүгээс ажлын үнэлгээг үндэслэлгүй бууруулж, тушаал дэвших боломжийг хязгаарлаж байсан гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Э.Д гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Д нь “О Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхэд гаргасан хариу тайлбараа тодруулан дараах тайлбарыг гаргаж байна.

"О Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б37 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтад нийцсэн хууль ёсны, үндэслэл бүхий тушаал юм.

1-р хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд авагдсан "О Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 53/20 дугаар "О Т" ХХК-ийн  бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай тушаал. Уг тушаалын 5-д “...энэхүү тушаалын хавсралтуудад заасны дагуу зарим газар, хэлтсийн орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлсүгэй" гэж шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 140, 145 дугаар хуудсанд авагдсан "О Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 53/20 дугаар тушаалын 16 дугаар хавсралт (англи, монгол хэл дээр)-д зааснаар Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн Төлөвлөгч ажлын байрны 1 орон тоог 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цөөрүүлэхээр шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан "О Т" ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1289/VND дугаар Тушаалд гарын үсэг зурах эрх олгох тухай итгэмжлэл. Уг итгэмжлэлд “... бүтэц зохион байгуулалт нийт ажлын байрны орон тоог шинэчлэн батлах тухай Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан тушаал болон Гүний уурхайн төслийг холбогдох хавсралтуудад Гүний уурхайн төслийн захирлыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг итгэмжлэн олгов" гэсэн байдаг.

2-р хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан "О Т" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 152 дугаар "О Т" ХХК-ийн гүйцэтгэх захирлын томилох тухай тушаал. Уг тогтоолын 2-р заалтаар Армандо Торресийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс гүйцэтгэх удирдлагын багт Гүйцэтгэх захирлаар томилсон.

2-р хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан "О Т" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 237 дугаар Гүйцэтгэх захирал, Гүний уурхайн төслийн захирлын гэрээний хугацааг сунгах тухай тушаал. Уг тогтоолын 1-р заалтаар Гүйцэтгэх захирал Армандо Торресийг уг албан тушаалд ажиллах хугацааг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар сунгаж, 2-р заалтаар Гүний уурхайн төслийн захирал Марко Пиресийн тус албан тушаалд ажиллах хугацааг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

2-р хавстаст хэргийн 17-24 дүгээр хуудсанд авагдсан "О Т" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №152 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Гүйцэтгэх удирдлагын гэрээ. Уг гэрээний 3.3-т “... Гүйцэтгэх удирдлага нь ... дараах үүрэг, бүрэн эрхтэй байна Үүнд: (д)-д ... компанийн бүтэц зохион байгуулалтыг батлах” гэж заасны дагуу Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес нар нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах эрхтэй буюу "О Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаар "О Т" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай тушаалыг батлан гаргах эрхтэй эрх бүхий этгээдүүд болох нь нотлогдож байна.

2-р хавтаст хэрэгт авагдсан "О Т" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67/20 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаал. Уг тушаалын үндэслэх хэсэгт “... Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн тухай Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар тушаалтай холбогдуулан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалтыг үндэслэн Тушаах нь" гээд Тушаах нь хэсгийн 1-т: "... О Т ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай” 53/20 дугаар хамтарсан тушаалын дараах хавсралтуудад дурдсан газар, хэлтсийн зарим ажлын байруудыг “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр хасах эсхүл цөөрүүлэх” гэснийг “2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр хасах эсхүл цөөрүүлэх” гэж өөрчилсүгэй: ... Хавсралт 16, Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэс" гэсэн байдаг. Энэхүү тушаалд заасны дагуу Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн Төлөвлөгч ажлын байрны 1 орон тоог 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү ажлын байрыг цөөрүүлэх өдөрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор “Тушаах нь” хэсгийн 2-т заасны дагуу орон тоог нь хасах, цөөрүүлэх албан тушаалтнуудад гардуулан өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгаж, сунгасан хугацааны үндсэн цалин болон зохих нэмэгдлүүдийг олгохоор шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл. Уг мэдэгдэлд “... О Т ХХК нь бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулан зарим орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлсэн тул 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу цуцлах болсныг танд дуулгаж байгаадаа харамсаж байна. Хөдөлмөрийн гэгээг цуцлах тухай энэхүү мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу урьдчилан хүргүүлж байгаа бөгөөд тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цуцлах болно. Энэхүү мэдэгдлийн хугацаанд таныг ажиллахыг шаардахгүй бөгөөд таны үндсэн цалин болон зохих нэмэгдлүүдийг Компанийн холбогдох журмын дагуу олгох болно" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацааны өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгч мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан болох нь уг баримтаар нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн гэрээ цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл. Уг мэдэгдэлд “... Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг танд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Тус мэдэгдэлд дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс гэснийг өөрчилж тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна. Танд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажилласан хугацааны үндсэн цалин болон зохих бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг холбогдох журмын дагуу олгох болно" гэсэн байдаг. Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан болохоо мэдэгдэл дээр тэмдэглэсэн болох нь уг баримтаар нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 65-66 дугаар хуудсанд авагдсан Ажлын гүйцэтгэх сайжруулах төлөвлөгөөнд хамрагдсан тухай баримт. Уг баримтаар нэхэмжлэгч Э.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд хамрагдсан болох нь нотлогдож байна. 11.       1-р хавтаст хэргийн 67-70 дугаар хуудсанд авагдсан Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам. Уг журмын 1.1-д “.. .энэхүү журмын зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу О Т ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт дахь адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж Хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ажилтныг тодорхой үндэслэл, шалгуургүйгээр, өөрийн үзэмжээр, ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хасах, цөөрүүлэх нөхцөл байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэхэд оршино", 8.1-д “Компани нь ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа дараах шалгууруудыг дарааллын дагуу баримтална” гээд ажилтан хүчинтэй сахилгын шийтгэлтэй эсэх, ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй, сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авч байсан эсэх, ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд хамрагдаж байсан эсэх зэрэг шалгууруудыг баримтлахаар заасан. Хариуцагч компани нь ажилтны тоог цөөрүүлэх шийдвэр гаргахдаа тодорхой үндэслэл, шалгуургүйгээр, өөрийн үзэмжээр ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлэхдээ журамд заасан тодорхой шалгуурыг баримталсан болох нь нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн НК/706 дугаар тодорхойлолт. Уг тодорхойлолтод “... О Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №Б37 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын тушаах нь хэсгийн 2-т заасны дагуу Баяжуулах үйлдвэрийн засварын үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгч албан тушаалд ажиллаж байсан Э овогтой Д 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуусах хүртэл хугацааны үндсэн цалин болон холбогдох бусад нэмэгдэлд нийт 27,970,991 төгрөг олгож, холбогдох суутгалыг хийсэн. Мөн тушаалын тушаах нь хэсгийн 3-т заасны дагуу нийт 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 18,804,335 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон болно" гэсэн байдаг. Хариуцагч компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ажилтанд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон болох нь нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 160-162 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.С мэдүүлэг. Уг гэрчийн мэдүүлэгт: “... Төлөвлөгч 9 байсныг 8 болгож цөөрүүлсэн ... захирлын тушаал гарсны дагуу 9 байсныг 8 болгож буюу нэгээр цөөрүүлсэн. Төлөвлөгч байсан Э.Д хамруулж цомхотгосон ... ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам байгаа. Энэ журмыг баримтлаад мэдэгдлийг өгсөн... Д ажлын байрыг санал болгосон нээлттэй зарлагдсан ажлын байрны талаар мэдээлэл өгөөд асуусан, .. .компанийн зүгээс та өөр ажлын байр сонирхох уу гэхэд өөрөө сонирхохгүй гэсэн ... компанийн зүгээс аль болох санал болгохыг эрмэлзээрэй гэдэг чиглэлтэй, тийм зүйлийг баримталж ажиллаж байгаагийн хүрээнд ажлын байр байна сонирхох уу гэж асууж байсан ... Захирлын тушаалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яаманд бичгээр бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн баталсан ажилтныг цөөрүүлж байгааг мэдэгдсэн... дотоод журмын дагуу аливаа нээлттэй ажлын байрыг бүгдэд нээлттэй тэгш байдлаар зарлаад оролцох боломжийг хангадаг” гэсэн байдаг.

1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудсанд авагдсан гэрч Э.Ц мэдүүлэг. Уг гэрчийн мэдүүлэгт: “... тийм 2 удаа. Эхнийх нь 2017 оны 11 сараас 2018 оны 2 сар хүртэл нийт 3 сараар, хоёр дахь нь 2019 оны 4 сараас 2019 оны 7 сар хүртэл хамрагдаж байсан ... Баяжуулах хэлтсийн төлөвлөгч нар дундаас Д өөр төлөвлөгөөнд хамрагдсан төлөвлөгч байсан уу гэхэд байгаагүй гэв ... Тухайн жилдээ ажлын гүйцэтгэл нь сайжруулах шаардлагатай эсхүл хангалтгүй гэсэн үнэлгээ авсан ажилтан заавал хамрагддаг. Д хувьд тэгээд хамрагдсан. ... ажлын гүйцэтгэлийг хариуцдаг тусдаа баг байдаг. Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээг шууд удирдлага нь үнэлээд менежерийн түвшинд эргэж хараад өөрчлөх боломжтой байдаг. Дараа нь ерөнхий менежер, гүйцэтгэх захирал дээр эцэслэгдэж дуусдаг ... ажлын гүйцэтгэл дээр зан хандлага заавал тусгадаг. Энэ утгаараа журам дээр ур чадвар болон зан хандлага нь хүрэхгүй байгаа тохиолдолд төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж бичсэн байгаа. Тэгэхээр зан хандлага нь өөрөө ажлын гүйцэтгэлийн нэг бүтэц бүрэлдэхүүн нь гэж явдаг" гэсэн байдаг.

1-р хавтаст хэргийн 185 дугаар хуудсанд авагдсан гэрч Э.А мэдүүлэг. Уг гэрчийн мэдүүлэгт: “... төлөвлөгч ажлын байранд 9 хүн ажиллаж байсан... Э овогтой Д нь 2019 онд ажлын гүйцэтгэл сайжруулах үнэлгээ авсан. Улмаар ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд 3 сарын хугацаатай хамрагдсан" гэсэн байдаг.

2-р хавтаст хэргийн 26-41 дүгээр хуудсанд авагдсан Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журам. Уг журмын 2.3.3-д “Ажлын гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөг ажилтны ажлын гүйцэтгэл эсвэл зан байдлыг хүлээгдэж буй түвшинд хүргэж сайжруулахад шаардлагатай өөрчлөлтийг баримтжуулахад ашиглана. Уг төлөвлөгөө нь алдаа дутагдалтай хэсэгт голчлон чиглэж, тэдгээрийн засахад шаардлагатай хугацааг төлөвлөхөд туслах зорилготой. Энэхүү төлөвлөгөө нь ажилтны өөрийн үйлдлээ хариуцаж, ажил үүргийнхээ шаардлагыг хангаж ажиллахад дэмжлэг болох ёстой. Ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд хамрагдсан ажилтанд ажлын гүйцэтгэл эсвэл зан байдлын дутагдлаа удирдах ажилтнаас тодорхойлсон хангалттай түвшинд хүртэл сайжруулахад нь зориулан хуанлийн 3 сар хүртэлх хугацаа өгнө ” гэж заасан. Нэхэмжлэгч Э.Д нь журмын 2.3.3-д заасны дагуу ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд хамрагдсан.

2-р хавтаст хэрэгт авагдсан О Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндонд хүргүүлсэн Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг. Уг албан бичигт “... Гүний уурхайн үйл ажиллагаанд ажилтнууд шаардлагатай байгаа хэдий ч шинэчлэн баталсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд зарим хэлтсүүд дэх орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж байгаа ... дээрх шийдвэрийн дагуу орон тоо нь хасагдаж байгаа болон цөөрч байгаа ажилтнуудыг тус компанийн өөр хэлтэс, нэгжид тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулахаар хичээн ажиллаж байна. Орон тоо нь хасагдаж байгаа болон цөөрч байгаа ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн’’ гэсэн байдаг.

2-р хавтаст хэрэгт авагдсан О Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.А хүргүүлсэн Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг. Уг албан бичигт: “... Гүний уурхайн үйл ажиллагаанд ажилтнууд шаардлагатай байгаа хэдий ч шинэчлэн баталсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд зарим хэлтсүүд дэх орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж байгаа ... дээрх шийдвэрийн дагуу орон тоо нь хасагдаж байгаа болон цөөрч байгаа ажилтнуудыг тус компанийн өөр хэлтэс, нэгжид тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулахаар хичээн ажиллаж байна. Орон тоо нь хасагдаж байгаа болон цөөрч байгаа ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн" гэсэн байдаг.

2-р хавтаст хэрэгт авагдсан О Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О Т ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг. Уг албан бичигт “... зарим ажилтны орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж буй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 болон 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтад заасан “бөөнөөр халах тохиолдолд”-д хамаарахгүй тул ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг шинээр хэлэлцээ хийн тохирч тогтоохгүйгээр “О Т” ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан “2018-2023 оны Хамтын гэрээ”-ний 2.20 дахь заалтад заасан хэмжээгээр олгох болно" гэсэн байдаг.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар Гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б37 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтанд нийцсэн хууль ёсны, үндэслэл бүхий тушаал болох нь нотлогдож байгаа болно. Тодруулбал, хариуцагч О Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь эрх хэмжээнийхээ хүрээнд, бизнесийн хэрэгцээ шаардлагадаа үндэслэн компанийн бүтэц, зохион байгуулалтаа шинэчилж 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 53/20 дугаар О Т ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай тушаал гаргаж, тушаалын хавсралтуудад заасны дагуу зарим хэлтсийн орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Э.Д нь компанийн Баяжуулах үйлдвэрийн засварын үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгч албан тушаалд ажиллаж байсан. О Т ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаар Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай тушаалын 16 дугаар хавсралт дахь шинэчилсэн бүтэц, орон тооны дагуу Баяжуулах үйлдвэрийн засварын үйлчилгээний хэлтсийн “Төлөвлөгч" ажлын байрны 9 (ес) орон тоог 8 (найм) болгож ажилтны тоог 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цөөрүүлэхээр шийдвэрлэсэн тул ОТ-НР-С-039: Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журмын 8 дугаар зүйлд заасан шалгууруудыг баримтлан Баяжуулах үйлдвэрийн засварын үйлчилгээний хэлтсийн “Төлөвлөгч" ажлын байранд ажилладаг 9 ажилтны мэдээллийг журамд заасан дарааллын дагуу шалгасан. Ийнхүү шалгахад Э.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд хамрагдсан байсан бөгөөд Э.Д адил албан тушаалд ажилладаг байсан бусад 8 ажилтан ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд хамрагдаагүй байсан тул Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журмыг үндэслэн Э.Д сонгож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр цуцлах тухай мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус танилцуулж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Э.Д байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Танай шүүхээр хянагдаж байгаа Э.Д нэхэмжлэлтэй "О т" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь “ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хариуцагч талын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн “нэмэлт хариу тайлбар”-тай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Э.Д нь "О" ХХК-ийн Баяжуулах хэлтсийн засварын хэлтэст 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн механикийн супервайзераар ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сараас тус хэлтэст төлөвлөгч албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “орон тоо цөөрүүлсэн” гэдэг боловч бодит байдал дээрээ орон тоо цөөрөөгүй учраас надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх ашиг сонирхлоо хамгаалж байсан. Гэтэл хариуцагч талаас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд хандаж нэмэлт хариу тайлбар гаргаж өгөхдөө Э.Д нь Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахад баримтлах журмын дагуу надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх агуулга бүхий тайлбар өгч байгааг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулдаг байхад 2019 оны 4 дүгээр сарын асуудлыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно гэжээ.

 

5. Хариуцагч ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Э.Д нэхэмжлэлтэй О Т ХХК-д холбогдох хэрэг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журмыг хөдөлмөрийн хууль зөрчсөн болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч, тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Э. Д шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тухайлбал Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журмыг хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн баталсан учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 30, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3150/21 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

7. Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаар “Оюу Толгой” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт-16, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Төлөвлөгч албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №Б37 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Э.Д ажлын гүйцэтгэл сайжруулах тухай төлөвлөгөөний загвар, Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам, “Оюу Толгой” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн HR/706 дугаар тодорхойлолт, Э.Д 2020-2021 оны цалингийн суутгалын мэдээлэл, Оюу Толгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1789 дугаартай “Итгэмжлэл”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын англи хэл дээрх хувийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын 16 дугаар хавсралтын англи хэл дээрх хувийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын 16 дугаар хавсралтын Англи хувийн баталгаат орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 799/1 дугаартай “Итгэмжлэл”-ийн англи хэл дээрх хувийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 799/1 дугаартай “Итгэмжлэл”-ийн монгол хэл дээрх хувийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 39/21 дугаартай Алдаа залруулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын 16 дугаар хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Ярилцлагын тэмдэглэл, Э.Д 2014-2020 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, Л.Г, Б.П нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гүйцэтгэх удирдлагын гэрээ, Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 152, 237 дугаар тогтоол, Ажлын гүйцэтгэлийн менежмент ба хөдөлмөрийн сахилгын тухай журам, Санал гомдол барагдуулах журам, Оюу Толгой ХХК болон Оюу толгой ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 208-2023 оны хамтын гэрээ, Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 52/20, 54/20, 51/20 дугаар тушаал, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1799/1, 1798/1 тоот мэдэгдэл, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1801/1 тоот мэдэгдэл, Оюу Толгой ХХК-ийн дүрэм, гүйцэтгэх захирлын Б3318 дугаар тушаал, "Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67/20 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” хамтарсан тушаал, "Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/22 дугаар “Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаал, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/22 дугаар “Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалын 18 дугаар хавсралтын хуулбар, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б3434 дугаар тушаалын хуулбар, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б3400 дугаар тушаалын хуулбар, “Оюу Толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2695/НR дугаар “Ажлын сонгон шалгаруулалтад оролцсон тухай” тодорхойлолт, “Оюу Толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2694/НR дугаар тодорхойлолт, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 52/21 дугаар “Оюу Толгой” ХХК-ийн зарим газар, хэлтсийн орон тоог нэмэгдүүлж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаал, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 40/21 дугаар “Оюу Толгой ХХК-ийн зарим хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаал, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9/21 дугаар “Оюу Толгой ХХК-ийн зарим газар, хэлтсийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тушаал, “Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 33/18 дугаар, хавсралт 16 нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Т.Б, Б.П, Л.Г, Ж.Б нарын ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал,  гэрч Л.Г, Б.С, Б.П, Т.Б, Э.Ц, Э.А нарын мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 дугаар тушаал, хавсралт 16, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/20 дугаар тушаал, хавсралт 1, 2, Б.П, Л.Г нарын нийгмийн даатгалын дэвтрийг эд мөрийн баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Д нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах нэхэмжлэлийг хангаж, “Оюу толгой” ХХК-ийн “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “орон тоо цөөрүүлсэн” гэдэг боловч бодит байдал дээрээ орон тоо цөөрөөгүй учраас надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахад баримтлах журам Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсгийг зөрчсөн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай тушаалаар "Оюу толгой" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталсан. Тус тушаалаар "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгчийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Э.Д “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ын дагуу ажлаас чөлөөлсөн. Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журмыг хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн баталсан учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Э.Д “Оюу Толгой” ХХК-ийн “Төлөвлөгч”-ийн албан тушаалд сарын 1,656.42 ам.долларын цалинтай ажиллуулахаар харилцан тохиролцсоноор талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсжээ. /1-р хх 49/

 

"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаартай тушаалаар "Оюу толгой" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталж, уг тушаалаар зарим орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Д ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдсэн байна. /1-р хх 4,5/

 

Улмаар “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №Б37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Э.Д байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /1-р хх56/

 

5. Ажилтны тоог цөөрүүлсэн эсэх, “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам” хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл байна.

 

6. Зохигчийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 21 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

 

7. Хариуцагчаас "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгчийн орон тоо 9 байсныг 8 болгож цөөрүүлсэн тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан 1 дүгээр хавтаст хэргийн 26, 138, 140, 144, 145 дугаар талд авагдсан "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 53/20 дугаар тушаал, түүний англи хэл дээрх 16 дугаар хавсралт, "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 39/21 дүгээр тушаалыг тус тус татгалзлын үндэслэлээ болгон маргасан.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд "Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгчийн орон тоог гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 33/18 дугаар тушаал /2-р хх 206/-аар “9” байхаар баталсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 дугаар тушаал /2-р хх 250/-аар “7” болгон баталжээ.

 

9. Нэхэмжлэгч Э.Д Төлөвлөгчөөр ажиллаж байх хугацаанд дээрх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 тушаал хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж хариуцагчаас тайлбарласан бөгөөд энэ хугацаанд "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаар тушаалаар "Оюу толгой" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталж, Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчлгээний хэлтсийн Төлөвлөгчийн орон тоог “9” гэж тооцож, түүнээс 1 орон тоогоор цөөрүүлж “8” байхаар баталсан болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон.

 

10. Өөрөөр хэлбэл, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/20 дугаар тушаалаар Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгчийн орон тоог “7” байхаар баталсан байсныг "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын хамтарсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 53/20 дугаар тушаалаар “8” болгон баталжээ.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгох бөгөөд 7 байсан орон тоог 8 болгож баталсныг орон тоо цөөрүүлсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн “орон тоо цөөрүүлсэн” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

12. Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй үндэслэлээ тушаал, шийдвэртээ тодорхой зааж, тухайн үндэслэлдээ тохирох хуулийн зохицуулалтыг баримталсан байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2021 оны Б37 дугаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан байх хэдий чаж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан”, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” аль үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй болохоо тодорхой зааж, тусгаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Э.Д ажлаас чөлөөлсөн “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021  оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №Б37 дугаар тушаал хуульд нийцээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

13. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлбол нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,681,626 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 303,710 төгрөг байна.

 

Иймд ажилгүй байсан хугацаа /2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04 өдөр хүртэл/-ны цалин хөлстэй тэнцэх олговорт олговол зохих 179,796,481 төгрөгөөс ажлаас халагдсаны тэтгэмжид олгогдсон 18,804,335 төгрөгийг хасаж, 160,992,146 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

14. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Оюу толгой” ХХК-ийн “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад 2019 оны 4 дүгээр сарын асуудлыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль бус” гэж тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ" гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан баримт бичгийг ойлгохоор зааснаас үзвэл “Оюу Толгой” ХХК-ийн “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам” хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар ажил олгогч, хөдөлмөрийн харилцааны асуудлаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоох эрхтэй.

 

“Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу Оюу Толгой ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт дахь адил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж Хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ажилтныг тодорхой үндэслэл, шалгуургүйгээр, өөрийн үзэмжээр, ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хасах, цөөрүүлэх нөхцөл байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг баталжээ. /2-р хх-15, 1-р хх 67/

 

Тус журмаар орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хүчинтэй сахилгын шийтгэлтэй, ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй, сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авч байсан, ажлын гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд хамрагдаж байсан эсэх зэргийг харгалзахаар заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд “Оюу Толгой” ХХК-ийн “Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар хариуцагч “Оюу Толгой” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 962,910 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д Оюу Толгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн Төлөвлөгч албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт нийт 160,992,146 төгрөгийг хариуцагч “Оюу Толгой” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.Д олгож, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “Оюу Толгой” ХХК даалгаж, нэхэмжлэлээс “Оюу Толгой” ХХК-ийн Ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримтлах журам”-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар хариуцагч “Оюу Толгой” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 962,910 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ