| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0388/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/365 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/365
2025 05 21 2025/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,
Улсын яллагч: Б.Солонго,
Шүүгдэгч: Д.Э*******, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Я******* овогт Д*******ын Э*******т холбогдох 2405016140466 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто угаалга ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо,******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Я******* овогт Д*******ын Э******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэрэлт гагнуур эмнэлгийн орчим машин дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Я*******ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Э******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэрэлт гагнуур эмнэлгийн орчим машин дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Я*******ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2405016140466 дугаартай хэргээс:
Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “манай эгч нөхөртөө зодуулаад байх шиг байна, цагдаа дуудаад өгөөч” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Я*******ын хохирогчоор өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим би ажил дээрээ байж байтал нөхөр болох Э******* гадаа ирээд намайг гараад ир гээд дуудсан би гараад очтол машинд нь суусан. Тэгээд бид 2 гэр бүлийн харилцааны асуудлаас болоод маргалдсан тэр үед нөхөр маань уурлаад намайг хэд хэдэн удаа алгадаж толгой руу цохисон. Одоо сайн санахгүй байна. Тэр үед би машинаас буугаад өөрийн төрсөн дүү болох Г******* руу утсаар залгаад ах чинь намайг зодоод байна цагдаа дуудаад өг гэсэн. Тэгээд бид 2 эвлэрээд гэртээ очоод байж байтал цагдаа ирсэн. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Эдгээр гэмтлүүдийг тухайн үед намайг зодох явцдаа нөхөр маань л надад учруулсан байх. Өөр хэн нэгэнтэй би маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Би гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Б*******ын гэрчээр өгсөн “...Э*******ын эхнэрийг Я******* гэдэг энэ 2 гэр бүл болоод 4-5 жил орчим болж байгаа. Дундаасаа хүүхэдгүй. Харин эхнэр нь 1 хүүхэдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ггийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Д.Э******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Гэрэлт чагнуур нэртэй эмнэлгийн гадна эхнэр Д.Я*******тай гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Д.Я******* нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 124,762 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Амин-Эрдэнэ гэх эрүүл мэндийн байгууллагаас 72,400 төгрөгийн нийт 197,162 төгрөгийн тусламж, үйлчилгээг тус тус авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5317 дугаартай “Д.Я*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э*******ын яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ учраа олсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Д.Э*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Э*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Э******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэрэлт гагнуур эмнэлгийн орчим машин дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Я*******ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5317 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Д.Э******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Э******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэрэлт гагнуур эмнэлгийн орчим машин дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Я*******ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Э*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э******* болон хохирогч Д.Я******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим би ажил дээрээ байж байтал нөхөр болох Э******* гадаа ирээд намайг гараад ир гээд дуудсан би гараад очтол машинд нь суусан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Э*******, хохирогч Д.Я******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Д.Я******* нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Э******* нь “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гэрэлт гагнуур эмнэлгийн орчим машин дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Я*******ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Д.Э*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Д.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 99 дүгээр тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д.Э*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Д.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я******* овогт Д*******ын Э*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******т оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.Э******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ