| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0974/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/891 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/891
2025 10 14 2025/ШЦТ/891
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,
улсын яллагч Л.Төгсжаргал /цахим/,
шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.А-д холбогдох эрүүгийн 2506***** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2006 оны *** сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 7, хойд эцэг, эх, 3 дүүгийн хамтаар *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ю овгийн Ш-ийн А /РД:*** /
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Ш.А нь 2025 оны *** дугаар сарын ***-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-тэй 3 настай дугуйтай явж байсан дүүг нь мөргөлөө гэх шалтгаанаар тухайн цаг хугацаанд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хоншоорын зүүн талын хөндийн урд хана, гадна хананд ухархайн доод мэдрэлийн ховилыг хамарсан зөрүүтэй нийлмэл, нүдний ухархайн доод хана зөрүүгүй, хацрын нумны зөрүүгүй хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь 2025 оны *** дугаар сарын ***-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-тэй 3 настай дугуйтай явж байсан дүүг нь мөргөлөө гэх шалтгаанаар тухайн цаг хугацаанд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хоншоорын зүүн талын хөндийн урд хана, гадна хананд ухархайн доод мэдрэлийн ховилыг хамарсан зөрүүтэй нийлмэл, нүдний ухархайн доод хана зөрүүгүй, хацрын нумны зөрүүгүй хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Э-гийн “Би 2025 оны *** сарын ***-ний өдөр 18 цагийн үед *** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн *** улсын дугаартай, хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд хүн аваад явж байсан. Тэгтэл хойд талд 3 настай дугуй унасан хүүхэд гарч ирээд машин руу мөргөчихсөн. Тэгэхээр нь би буугаад тухайн хүүхэд ганцаараа явж байсан болохоор ээжийг нь тэр хавийн хүмүүсээс асуугаад дуудуулсан. Тухайн хүүхдийн ээж болон ах гэх эрэгтэй нар гарч ирээд хүүхэд мөргөчихлөө, гээд над руу дайраад байхаар нь би танай хүүхэд дугуй унаж яваад миний машин руу мөргөчихлөө гээд өөрийн тээврийн хэрэгслээ хартал миний машины жолооч талын хойд дугуйны дээд хэсэгт зурагдчихсан байхаар нь тэр талаар хэлтэл ах нь гэх эрэгтэй чи муу одоо юу гээд байгаа юм хүүхэд дайраад алчихсан бол яах юм гээд надтай маргалдаад зууралдаад тэр эрэгтэй шууд миний зүүн нүд, хацар хэсэгт цохичихсон. Цус шууд урсаад гараад ирсэн, гартаа ямар нэгэн зүйлтэй байсныг нь би хараагүй, тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 08 ху/, хохирогчийн биед хоншоорын зүүн талын хөндийн урд хана, гадна хананд ухархайн доод мэдрэлийн ховилыг хамарсан зөрүүтэй нийлмэл, нүдний ухархайн доод хана зөрүүгүй, хацрын нумны зөрүүгүй хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн ЕГ0725/*** тоот дүгнэлт /хх 15-16 ху/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяагийн “...гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 245,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 245,000 төгрөгийг гэм буруутай этгээд Ш-А-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дах MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл /хх 45 ху/, яллагдагч Ш.А-н өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 36 ху/, шүүгдэгч Ш.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ш.А-ийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ш.А-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Ш.А-с хохиролд 3.000.000 төгрөг авахаар тохиролцсон. Одоогоор 1.500.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон” гэсэн байх ба шүүгдэгчийн хувьд уг нэхэмжилсэн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, мөн хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 245.000 төгрөгийн хөнгөлөлт, үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ю овгийн Ш-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 2-т зааснаар шүүгдэгч Ш.А-с 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, *** дүүргийн ***-р хороо *** тоотод оршин суух Б.Э /РД:****/-дй олгож, 245.000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд оруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА