Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/739

 

                                                             С.Б, Ч.Э, Б.А нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч С.Б, Ч.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б, Ч.Э, Б.А нарт холбогдох эрүүгийн 2016 2603 1548 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн С.Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засвар оношлогооны мэргэжилтэй, “Тэнгэрлэг наяд” ХХК-д ачилтын жолооч ажилтай, ..... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

2. Б овгийн Ч.Э , ... оны .. дугаар сарын ..ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... аймгийн Заамар суманд байрлах “Тулгаа” гэх бичил уурхайд хүнд машин механизм жолооддог гэх, .... дүүргийн ...дүгээр хороо, .....дугаар гудамжны ..тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

3. И овгийн Б. А, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа, /РД: ......../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

С.Б нь П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож ....дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны .. дүгээр орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор Ч.Э-той бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Ч.Э нь П.О, Б.А, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны .. дүгээр орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор С.Б-тэй бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Б.А нь  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....дугаар байрны ... дүгээр орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, С.Б, Ч.Э нарыг бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэх хэрэгт хамтран оролцсон хохирогчийг зааж өгсөн, гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Б, Ч.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Б.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ч-ын Э, Б овогт С-ийн Б нар нь бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэнд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Б.А нь П.О болон шүүгдэгч Ч.Э, С.Б, нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

    2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ч.Э, С.Б нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 15 жил 8 сар 18 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.А-н биечлэн эдлэх ялыг 19 жил 1 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож,

  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.А оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.А 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 198 хоногийг хоногийг, шүүгдэгч Ч.Э-н 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Бямбасүрэн цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг гольфийн цохиурын хугархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтэд шүүгдэгч Б.А-г бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусдыг өдөөн түлхэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч С.Б, Ч.Э нар нь бүлэглэж, хохирогчийн амь биед хүч хэрэглэж, эд хөрөнгө дээрэмдэх гэмт үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй зэргээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд тогтоох хэсэгтээ Б.А нь С.Б , Ч.Э нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Мөн шүүгдэгч Б.А-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан.

Энэ нь шүүгдэгч Б.А-г шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтээсээ өөрөөр гэм буруутайд тооцож ял оногдуулсан, мөн ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан мөртлөө 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж ялыг нэмж нэгтгэсэн зэрэг нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.А гэм буруутайд тооцохдоо 2 өөр гэмт хэргийн агуулгыг тогтоох хэсэгтээ оруулж өгсөн нь ойлгомжгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А хатгагчаар оролцсон гэж шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ бичсэн боловч тогтоох хэрэгтээ зөрүүтэй бичсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл гэж үзэж байна. Б.А нь найз нарыгаа дээрэмдэх гэмт хэрэг хийх гэж байгааг мэдээгүй. Дээрэмдэх гэмт хэрэг нь шууд санаатай шунахайн зорилготой үйлдэгддэг. Б.А-ын субъектив талын санаа зорилго үгүйсгэгдэж байна. Иймд Б.А гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид хуульд заасан үндэслэлээр ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйл, заалтыг хэрэглэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах боломжтой байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед болсон бодит зүйлийг мэдүүлсэн. Бид Э, Б, О бид нар пабад сууж байсан. О “Мөнгөтэй хүн байна уу, над дээр хэрэг үүсээд мөнгөний хэрэг байна” гэж хэлсэн. Миний 2017 онд үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Тухайн үед би прокурорт “Хан-Уул дүүрэгт үйлдэгдсэн дээрмийн хэргийг нэгтгэж өгнө үү” гэхэд “нэгтгэх шаардлагагүй” гэсэн. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед энэ 2 гэмт хэргийг нэгтгэх боломжтой байхад 5 жилийн дараа намайг дахин яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хэрэглэж байсан хуулийг хэрэглэх байсан. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Б-ийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 5-10 жилийн хорих ялтай. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай. Анхан шатны шүүх зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж миний үйлчлүүлэгчийг буруутгасан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэдгийг өөр агуулгаар тайлбарлаж хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг өршөөлд хамрагдаж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б, Ч.Э нарын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өршөөл үзүүлэх тухай хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамрагдаагүй хэдий ч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамрагдаж байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогч мэдүүлэхдээ тухайн үед над руу 2 хүн довтолсон гэж хэлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү . ... “ гэв.

Шүүгдэгч Ч.Э өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ч.Э болон С.Б нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарласан. Хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл ял нэмж нэгтгэхтэй холбоотой асуудлыг заавал хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугийн талаар маргаагүй. Тухайн үед гадагшаа явж ажил хийхээр билетээ авсан байсан. Явахаас 2 хоногийн өмнө Ч.Э болон Б.А нар над руу утсаар залгаж байсан. Би гадагшаа явах гэж байсан тул утсыг нь аваагүй. Гэм буруутай үйлдлээ ойлгож байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед Б.А хамт байгаагүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдалд хуулиас өөр өөр ял оногдуулсан. 2002 оны хуулийг хэрэглэж гэм буруутайд тооцсон атлаа 2015 оны хуулийг хэрэглэж ялыг нэмж нэгтгэсэн зэрэг нь хууль зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан. 2016 оны үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэхэд хууль буцаан хэрэглэх тухай ойлголт яригдахгүй. 2021 онд энэ хэргийг шийдэж байгаа тул 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

С.Б нь П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-г гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч Ч.Э-той бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулж түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Ч.Э нь П.О, Б.А, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-г гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч С.Бямбасүрэнтэй бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Б.А нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-г гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, С.Б, Ч.Э нарыг бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч  М.Э “... Намайг алхаж байхад ойр орчим ямар нэгэн хүн харагдахгүй байсан. Машинаас буугаад 10 орчим метр алхаад явж байхад араас нэг хар масктай нэг залуу ирээд гартаа барьсан гольфийн цохиураар миний баруун талын гуя руу цохисон. Тэгэхээр нь эргээд хартал миний баруун талын гуя руу цохиураар цохиод мөн зүүн талын гуя луу нэг удаа цохиураар цохисон. Тэгээд би тэр хүнээс холдоод зайгаа барьсан чинь араас нэг залуу гарч ирээд миний толгой орчим хатуу зүйлээр 2-3 удаа цохисон. Эргээд нөгөө хүний харах гэтэл миний нүүр лүү шүршдэг будаг цацаад байсан. Тухайн үед шүршдэг будагны дотор байдаг шаарик нь дуугарч байгаа нь сонсогдож байсан. Энэ үед би нүдээ аниад гартаа барьсан байсан цүнхээ хаясан байсан. Учир нь би толгойгоо хамгаалсан юм. Тэгээд араас 2-3 удаа цохиод тусламж гуйсан чинь миний авч явсан цүнхийг нөгөө хоёр залуу аваад зугтаасан. Энэ үед миний хөл өвдөөд явж чадахгүй байсан учраас орцны үүдэнд сандал дээр суугаад хэсэг манарч байгаад харсан чинь гольфийн цохиурны үзүүр нь хугарсан байдалтай байсан. ...” /1 хх 98-102/,

Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “... Энэ үед Отгонбаатар нэг хүнтэй утсаар ярьж байгаад А гэдэг залууг дуудаад авчирсан. Тэгээд бид 4 юм яриад нэлээд суусан. Нэг нь мөнгөний талаар ярьж байхад А гэдэг залуу “байнга бэлэн мөнгөтэй явдаг найз байгаа юм” гэсэн. Ингээд тэр залуугийн талаар бид дөрөв ярьсан. Тэр залуугийн талаар А-аас “яаж ирдэг юм, гэр нь хаана байдаг, хэзээ гэртээ ирдэг” талаар асуусан чинь А “энд гэр нь ойрхон байдаг” гэж байсан. Бид нар нэлээд ярьж сууж байгаад баарнаас гараад явах замдаа тэр залуугийн гэрийг нь А-аар заалгасан. ... Тэгээд хоёр хоногийн дараа О ах над руу нөгөө залуугийн мөнгийг нь очиж авах уу, яах уу гэж надаас асуухаар нь “юу ч гэсэн уулзъя, замаараа Б-г аваад очъё” гэж хэлсэн. Би өөрийн машинаар хөдлөөд замаараа Б-г аваад О-г Төмөр замаас аваад нөгөө хүний гэрийн гадаа очиж харъя гээд Б комбинатад байх хүнтэй утсаар яриад гольфийн цохиур авсан. Ингээд бид гурав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хажуу талд байх 5 давхар байрны гадна талд очиж зогсоод хүлээж байсан. Тэнд бид гурав 18-19 цагийн орчим очоод нэлээд хэдэн цаг хүлээж, юм ярьж суусан. Хүлээгээд сууж байхад О ах найзаасаа “нөгөө хүн чинь хаана явж байгаа юм бэ, ирж байгаа юм уу” гээд утсаар асууж байсан. Ингээд нөгөө хүнийг А ах “ажлаасаа гараад явж байна” гэж хэлсэн. ... Б бид хоёр маск зүүгээд, би гольфийн цохиур бариад, Б машинд байсан улаан өнгийн машин цэвэрлэгч бодис аваад буусан. Ингээд орц руу орох гээд явж байхад нь би тэр залуугийн гуя орчим нь нэг удаа цохисон чинь цохиур нь хугараад унасан. Тэгээд хугарсан хэсгээр нь дахиж нэг удаа нөгөө талын гуя руу нь цохисон чинь нөгөө ах “ёо ёо” гээд доошоо суухаар нь хаяад зугтаасан. Энэ үед араас Б араас цүнхийг нь аваад хүрээд ирсэн. ...” /1 хх 153-155/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Э-ын биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 14797 дугаартай дүгнэлт /1 хх 130/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 69-71/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 74-75/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 135, 139/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч С.Б, Ч.Э нар нь П.О, Б.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хохирогч М.Э-ын эд хөрөнгийг авах зорилгоор түүний биед хөнгөн хохирол учруулж, эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,  

шүүгдэгч Б.А нь уг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатгагчаар оролцсон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Э, С.Б нарт тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 15 жил 8 сар 18 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 19 жил 1 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Дээрх байдлаар анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрт ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт зааснаар буюу “гэмт хэрэгт үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ” гэсэн ерөнхий ангийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэгт хэрхэн оролцсоныг тодорхойлсон заалт юм.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн ... 147 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/ ...-т заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй.” гэх гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан боловч Б.А уг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, түүний үйлдлийг зүйлчлээгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа Б.А 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасныг баримтлан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй” гэж тусдаа бие даасан гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж хууль хэрэглээний шинжтэй алдаа гаргажээ.

Иймд дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, найруулгын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Тогмидоос “... Б.А-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасныг журамлаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ч гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх байдлаар биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохоор зохицуулсан.  

   Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх гэсэн ойлголт байхгүй болсон ба хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно, ингэхдээ хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй талаар хуульчилжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Б.А-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэснээр биечлэн эдлэх ялын нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрээгүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэж, ялуудыг нэмж нэгтгэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

Иймд шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... шүүгдэгч Б.А нь П.О болон шүүгдэгч Ч.Э, С.Б нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “... шүүгдэгч Б.А нь П.О, Ч.Э, С.Б нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...39 дүгээр зүйлийн 39.3, ...” гэснийг хасч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.      

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ  

ШҮҮГЧ                                                М.АЛДАР