| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2022/03874/И |
| Дугаар | 181/ШШ2023/00428 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2023/00428
2023 01 30 181/ШШ2023/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байр “Х х б” ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5-р хороолол, 22-р байр, 41 тоот хаягт оршин суух, М овогт Б Б /РД:ХГ83082870/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,159,489.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х х б” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,159,489.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Улаанбаатар хотын банк” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлдэгч Б.Б №КОДЭНГ1101/170926 тоот Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлж байсан боловч хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа буюу гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг бүхэлд нь буцаан шаардах үндэслэл бүрдсэн байна.
Зээлдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 9,994,741.94 төгрөг, үндсэн хүү 10,291,573.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 866,174.47 төгрөг, нотариатын зардал 7,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 263,747.44 төгрөг. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар №КОДЭНГ1101/170926 тоот “Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээг шүүхийн журмаар цуцлаж зээлдэгч Б.Б үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт 21,159,489.58 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч "Улаанбаатар хотын банк” ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, “Х х б” ХХК-тай нэгдсэн бөгөөд аливаа эрх, үүргээ шилжүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь уг өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл "Х х б” ХХК нь тухайн үеийн “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргав” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол, цалингийн барьцаат зээлийн өргөдөл, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын нэхэмжлэх.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №КОДЭНГ1101/170926 тоот Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлж байсан боловч хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа буюу гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг бүхэлд нь буцаан шаардаж байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч 3 жилийн хугацаанд шаардлагаа гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол, цалингийн барьцаат зээлийн өргөдлөөр дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №КДОЭНГ1101/170926 дугаартай Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Б 10,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн арилжааны банкууд дахь дансны орлогыг барьцаалж, №ЗБГ1101/170926 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байна.
5. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгийг хүлээн авсан болон үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй. Харин хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу зээлийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ байна.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхойлсон хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч, хариуцагч гэрээнд заасан хугацааны дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,994,741.94 төгрөг, үндсэн хүү 10,291,573.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 866,174.47 төгрөг гэж тооцоолсныг хариуцагчаас үгүйсгэж, маргаагүй болно.
8. Талуудын гэрээний хугацаа дууссанаар буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс нэхэмжлэгчид Иргэний хуулийн дээрх заалт болон гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрх үүссэн байх боловч өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргаж байгаагүй байх ба уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй.
Зохигчийн хооронд байгуулсан Картын дансанд овердрафтын эрх нээх гэрээнд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусжээ.
9. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул зээлийн гэрээний үүрэгт 21,159,489.58 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан “Х х б” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,159,489.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,747.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ