Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/00477

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      02        02                                           181/ШШ2023/00477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 18-р байрны 48 тоотод байрлах “Х” ХХК /РД:5424992/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам-81, “JS” цамхаг, 9 давхарт байрлах “Э Т Э С” ХХК /РД:5146313/,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,174,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э Т Э С” ХХКхолбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,174,125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны 8 сард "С ХХК-тай №19/05 дугаартай “Техникийн өрөөнд зай, тэжээл шинээр холбох ажлын гэрээ”-г байгуулж тоног төхөөрөмж суурилуулахад шаардлагатай цахилгааны монтажийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Манай компанийн зүгээс гэрээний дагуу хийгдэх бэлтгэл ажлууд болох кабель татах, тавиур хийх, шит суурилуулах, газардуулга, шал нүхлэх, ерөнхий тэжээлийн холболт зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээд хуучин дата центрийн төхөөрөмжийг нүүлгэж суурилуулах гэтэл “С” ХХК болон “Жемнэт” ХХК-ийн хооронд үүссэн маргааны улмаас нүүлгэж суурилуулах хуучин дата центрийн төхөөрөмжийг хуулийн байгууллагаас шилжүүлэхийг хориглосон захиалагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан уг ажил хийгдэхгүй тодорхой хугацаагаар хойшилсон. “С” ХХК-ийн зүгээс “Жемнэт” ХХК-тай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэсний дараа ажлыг эхлүүлнэ гэсэн хариуг 2022 оны 4 сард манай компанид өгсөн боловч маргаантай асуудал нь одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа.

Ажил гүйцэтгэгч “Х” ХХК-ийн тухайд гэрээний үүргээ зөрчөөгүй гэрээгээр тохирсон хугацаанд өөрөөс хамаарах бүхий л ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн ба захиалагчийн дотоодод үүссэн асуудлаас болж зарим харилцагч, хамтрагч байгууллагуудад гэрээний ажлын гүйцэтгэл дутуу, муу хийсэн мэт ойлгож байгаа нь дараагийн ажилд сөргөөр нөлөөлж байна.

Гэрээний нийт үнийн дүн 20,696,500 төгрөг бөгөөд төлөгдөөгүй ажлыг хөлсний үлдэгдэл 5,174,125 төгрөг байгаа. Уг үлдэгдэл төлбөрийг 2 тал тооцооны үлдэгдлийн баталгаагаар удаа дараа баталгаажуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 5,174,125 төгрөгийг “С” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “2019 оны 8-р сард манай компани Х ХХК-тай 19/05 тоот дугаартай гэрээ байгуулж шинээр байгуулах техникийн өрөөнд зай тэжээлийн холболт угсралтын ажил хийлгэхээр харилцан тохиролцсон. Учир нь манай компани Чингэлтэй дүүргийн Их тойруу-21 тоот хаягт байрлах барилгыг Кевико ХХК-иас Түрээсийн гэрээний дагуу түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тус компани нь маргаан үүссэний улмаас Түрээсийн гэрээгээ цуцалж шинэ оффис Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Эмпайр барилга руу компанийн оффис, тоног төхөөрөмжүүдээ нүүлгэхээр болсон тул уг гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, шинэ оффис Эмпайр барилгын 1-р давхрын 60 гаруй м.кв талбайд Интернэт үйлчилгээний Дата төвөө байршуулахын тулд шаардлагатай цахилгаан тэжээлийн кабель шугам татуулах, шалан доор тэжээлийн кабелын тавиур хийлгүүлэх, ерөнхий тэжээлийн шит болон хуваарилах самбар, зай тэжээлийн тоног төхөөрөмжүүдээ угсруулах, Дата төвийн сервер, тоног төхөөрөмжүүдээ авчирсны дараа тэдгээрийг цахилгаан тэжээлд холбуулах зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр байгуулсан болно.

Гэрээт ажлын төсвийг бараа материалын зардал 11,502,000 төгрөг, ажлын хөлс 7,253,000 төгрөг, тээвэр 60,000 төгрөг гээд нийт 18,815,000 төгрөг байхаар гэрээний Хавсралтад тусгасан. Үүн дээр НӨАТ нэмэгдээд 20,696,500 төгрөг болсон.

Гэрээ байгуулсны дараа манай компани Гүйцэтгэгч “Х” ХХК-д гэрээгээр тохирсон материалын үнэ 11,502,000 төгрөгийг 100%, ажлын хөлс 7,253,000 төгрөгөөс 4,020,375 төгрөгийг нийт 15,522,375.00 төгрөгийг Хаан банкны 5082037109 тоот данс руу шилжүүлэн төлсөн. Харин үлдэгдэл 3,292,625 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Их Тойруу-21 тоог хаяг бүхий барилгаас Дата төвийн тоног төхөөрөмжүүд, серверүүдээ нүүлгэн авчирч бүх тоног төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийг холболтыг хийлгэж дууссаны дараа төлөхөөр харилцан тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл манай компани Кевико ХХК-ийн эзэмшлийн барилгаас Дата төвийн тоног төхөөрөмжүүдээ гарган авч чадаагүйн улмаас нэхэмжлэгч Х ХХК манай тоног төхөөрөмжүүдийг цахилгаан тэжээлд холбох ажлыг хийж гүйцэтгээгүй байгаа болно.

Ажил гүйцэтгэх гэрээний Хавсралтад заасан гэрээт ажлын төсөвт ерөнхий тэжээлийн АС болон ЭС зогсуур, тог баригч тоног төхөөрөмжүүдийн зай тэжээлийн угсралт холболт, суурин генераторын холболт, 8 зогсуур бүхий төхөөрөмжүүдийн АС, 4 зогсуур бүхий тоног төхөөрөмжийн ЭС холболтыг хийх ажлын хөлсийг 6,340,000 төгрөгөөр тохиролцсон. Гэвч манай компани тоног төхөөрөмжүүдээ Х ХХК-иар кабель татуулж бэлтгэсэн техникийн өрөөнд авчирч чадаагүй учраас цахилгаан тэжээлд холбох тус гэрээт ажил огт хийгдээгүй. Гэрээт ажил бүрэн дуусаагүй болох нь Гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гүйцэтгэлийн урьдчилсан тайлангаар нотлогдоно.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан. Харин ч нэхэмжлэгч нь гэрээний дүнгийн 75 хувийг урьдчилж авсан бөгөөд түүний хийж гүйцэтгэх ажлын хөлсний тал хувь нь хийгдээгүй ажлын хөлс байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас бидний хооронд байгуулагдсан гэрээ 5 жилийн хугацаатай бөгөөд хэдийгээр манай компаниас үл хамаарах шалтгаанаар Нэхэмжлэгч компанийн бэлтгэсэн ажлын байранд тоног төхөөрөмжүүдээ байршуулах боломжгүй болсон ч өөр байршилд тоног төхөөрөмжүүдээ байршуулах тохиолдолд нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож хамтарч ажиллах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Техникийн өрөөнд зай, тэжээл шинээр холбох ажлын гэрээ, гэрээний хавсралт-1, “Э Т Э С” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22/41, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22/08 тоот албан бичиг, “Х” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/61 тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 29, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, Захиалгат ажлын гүйцэтгэлийн урьдчилсан тайлан,

хариуцагчаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "С ХХК-тай №19/05 дугаартай “Техникийн өрөөнд зай, тэжээл шинээр холбох ажлын гэрээ”-г байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 20,696,500 төгрөг бөгөөд төлөгдөөгүй ажлын хөлсний үлдэгдэл 5,174,125 төгрөгийг хоёр тал тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. Нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар хуучин дата центрийн төхөөрөмжийг нүүлгэж, суурилуулах ажил дутуу хийгдсэн тул үлдэгдэл ажлын хөлсийг шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Х” ХХК-д гэрээгээр тохирсон материалын үнэ 11,502,000 төгрөг, ажлын хөлс 4,020,375 төгрөг, нийт 15,522,375.00 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 3,292,625 төгрөгийг дата төвийн тоног төхөөрөмжүүд, серверүүдээ нүүлгэн авчирч бүх тоног төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийн холболтыг хийлгэж дууссаны дараа төлөхөөр харилцан тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү ажил хийгдээгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд №19/05 дугаартай “Техникийн өрөөнд зай, тэжээл шинээр холбох ажлын гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч “Х” ХХК нь гэрээний хавсралт 1-д заасан бараа материалаар АС, DC кабель татах, холболт хийх, фаз тохируулах, газрын кабель татах, гадна кабель татах, гадна кабель сүвлэж татах, шал цоолох зэрэг ажлыг нийт 20,696,500 төгрөгийн хөлстэйгөөр гүйцэтгэх, захиалагч “Э Т Э С” ХХК-иас гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 1 хоногийн дотор 75 хувийн урьдчилгаа төлбөрийг, ажлын үр дүнг актаар хүлээн авснаар үлдэгдэл 25 хувийн төлбөрийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Гэрээ байгуулсан он, сар, өдрийг гэрээнд тусгаагүй ч талууд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан талаар тайлбарласан.

 

Гэрээний 2.1-д “Гэрээний үйлчлэх хугацаа: 5” гэж заасныг нэхэмжлэгч 5 сар, хариуцагч 5 жил гэж харилцан өөрөөр тайлбарласан бөгөөд гэрээний дагуу хийгдэх бэлтгэл ажлууд болох кабель татах, тавиур хийх, шит суурилуулах, газардуулга, шал нүхлэх, ерөнхий тэжээлийн холболтын ажлуудыг гүйцэтгэгч 14 хоногийн дотор хийсэн, хуучин дата центрийн төхөөрөмжийг нүүлгэж, суурилуулж холболт хийх ажил дутуу үлдсэн талаар талуудын хэн алин маргаагүй зөвшөөрч байх тул ажлыг гүйцэтгэхэд зарцуулж буй хугацаа, ажлын шинж зэргээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээний хугацааг “5 сар” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх явцад хариуцагчийн бусадтай үүсгэсэн маргааны улмаас ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжгүй болж, ажил зогссон болох нь “Э Т Э С” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22/41, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22/08 тоот албан бичиг, “Х” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/61 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон.

 

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч гэрээний урьдчилгаа төлбөрт 15,522,375 төгрөг төлсөн, АС болон DC кабель холболтын ажил хийгдээгүй үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгчээс хамааралгүй шалтгаанаар ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгах боломжгүй болсон ч хариуцагч ажлын хөлсийг бүрэн төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

“Техникийн өрөөнд зай, тэжээл шинээр холбох ажлын гэрээ”-ээр нэхэмжлэгч нь өөрийн материалаар АС, DC кабель татах, холболт хийх, фаз тохируулах, газрын кабель татах, гадна кабель татах, гадна кабель сүвлэж татах, шал цоолох зэрэг ажлыг гүйцэтгэх, хариуцагчаас ажлын хөлсөнд нийт 20,696,500 төгрөгийг буюу урьдчилж 75 хувийн төлбөрийг, ажлын үр дүнг хүлээн авснаар 25 хувийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч компани болон гуравдагч компанийн хооронд үүссэн маргааны улмаас хуулийн байгууллагаас хуучин дата төвийн төхөөрөмжүүдийг нүүлгэж шилжүүлэхийг хориглосон талаар “Э Т Э С” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22/41, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22/08 тоот албан бичигт тус тус дурдсан ба талууд үүнийг үгүйсгээгүй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “захиалагчийн дотоод асуудлаас болж ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгах боломжгүй болсон тул гэрээнд заасан ажлыг хөлсийг захиалагч бүрэн төлөх үүрэгтэй, дутуу ажлыг гүйцэтгэх боломжтой болсон үед ажлыг дуусгаж өгөх учир нэхэмжлэгчээс үлдэгдэл буюу гүйцэтгээгүй байгаа ажлын хөлс 5,174,125 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгчээс хамаарахгүй шалтгаанаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх хэдий ч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй ажлын хөлсийг төлөх үүрэг, үр дагаврыг хариуцагчид үүсгэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан АС болон DC кабель холболтын 6,340,000 төгрөгийн ажил хийгдээгүй байх тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 5,174,125 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20,696,500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,522,375 төгрөгийг хасаж, үлдэгдэл ажлын хөлс 5,174,125 төгрөгийг гаргуулахаар шаардсан, гэрээнд заасан АС болон DC кабель холболт хийх 6,340,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд үйлдэгдсэн 2022 оны 01 дүгээр сарын 29, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,174,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан “Х” ХХК-ийн 5,174,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ